sonin.mn
КРАСНОЯРСК. /TASS/. Тува улсыг Красноярскийн хязгаартай холбох "Кызыл-Курагино" төмөр замыг Хятад, Монгол руу ачаа тээвэрлэхэд чиглүүлнэ гэж “Енисейн Сибирийн хөгжлийн корпорац”-ын ерөнхий захирал Сергей Ладыженко ТАСС агентлагт мэдээлжээ. Ийнхүү өнгөрсөн жил дахин түр зогсоосон уг төслийг хориг арга хэмжээ, ложистикийн шинэ чиглэл бий болгох шаардлагатай холбоотойгоор дахин сэргээж магадгүй байна.
 
“Энэ төсөлд дахин онцгой анхаарал хандуулж эхэлсэн. Холбооны улсын эрх баригчид сонирхож байгааг бид харж байна, Красноярскийн хязгаар, Тува, тэр ч байтугай хакасчууд идэвхтэй оролцож байна. Төсөл анх төлөвлөж байсан хуваарийн дагуу хэрэгжих бүх боломж байгаа гэж бид үзэж байна. Гэхдээ зарим өөрчлөлттэйгөөр Тувагаас Транссибирийн төмөр замтай нийлэх бус Монгол, Хятад руу хүрэх хэтийн төлөвтэй хэрэгжих боломж бий” гэж “Енисейн Сибирийн хөгжлийн корпорац”-ын ерөнхий захирал Сергей Ладыженко хэлжээ. 
 
“Төмөр замын энэ төслийг өөр тийш чиглүүлэх ёстой” гэж тэрбээр онцлон хэлээд одоо концепцийн зураг төсөл хийгдэж байгааг нэмж хэлсэн байна. Гэхдээ Сергей Ладыженко барилгын ажлыг хэдийд дахин эхлүүлэхийг хэлж чадаагүй бөгөөд юуны түрүүнд төслийн шинэ ТЭЗҮ, санхүүгийн үндэслэл шаардлагатай гэдгийг тодотгов. “Үүний дараа л бид барилгын ажлыг дахин эхлүүлэх цаг хугацааны талаар ярьж болно, гэхдээ энэ бол мэдээж богино хугацааны төсөл биш, дунд хугацааны төсөл, гэхдээ маш чухал" гэж тэрбээр хэлсэн байна. 
 
Эргэн сануулахад, “Кызыл-Курагино” төмөр замын төслийг бүр 2011 онд эхлүүлсэн. Тухайн үед ажил эхэлсэнтэй холбогдуулан 1 км орчим төмөр зам тавьсан боловч санхүүжилтийн асуудлаас үүдэн гацаад байсан ч 2019 онд концессын гэрээгээр тавихаар шийдэж, дахин сэргээсэн. Тухайн үед холбогдох гэрээг Росжелдор буюу ОХУ-ын төмөр замын тээврийн агентлаг, Тувагийн эрчим хүчний аж үйлдвэрийн корпорацын хооронд байгуулжээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн жил ОХУ-ын Засгийн газраас төслийг 5 жилээр царцаахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, уг төмөр замын төслийн концессын гэрээг 2026 он хүртэл хойшлуулсан. 
 
Энэхүү төмөр замын шугамыг анх Тувагийн нутаг дахь Элегестийн нүүрсний ордыг иж бүрнээр нь ашиглах зорилгоор тавьж, хэтдээ Транссибирийн төмөр замтай холбохоор төлөвлөж байжээ. Гэвч Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ, ложистикийн шинэ чиглэл хайж байгаатай холбогдуулан энэ оны дөрөвдүгээр сард Тувагийн тэргүүн Владислав Ховалыг уг төслийг Хятад, Монгол руу чиглүүлэн дахин эхлүүлэхийг санал болгосон байна.
 
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг