sonin.mn
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл, МУГЖ Д.Сосорбарам тэргүүтнүүд өнөөдөр "Амаа нээх эрх чөлөөг олго!  Дарангуйлагчид огцор!" эсэргүүцлийн цуглааныг зохион байгууллаа.
 
Цуглааны үеэр Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл: "Путины ташуур намайг ташуурдана гэсэн учраас каск зүүсэн. Бид Путины ташуурыг хугартал тэмцэнэ. "Москвагийн" Бээжин тэргүүтэй хүмүүс ардчиллын үнэ цэнийг уландаа гишгэж байна. Үндсэн хуульд иргэд тайван жагсаал цуглаан хийж болно гэж заасан. Гэвч өнөөдөр Монголчууд үзэл бодлоо ч илэрхийлэх эрх чөлөөгүй амьдарч байна. Ардчилсан нам Монгол хүн, тусгаар тогтнолыг ташуурдуулахгүйгээ ам бардам хэлье.
Монголын Ардчилсан нам эрхэм үнэт зүйлийн суурь үндэсний эх оронч үзэл юм болохыг, мөн түүхийн эгзэгтэй цаг мөч ирснийг ард түмэндээ сануулж, сонордуулга гаргасан. Өнөөдөр та бүхэнд түүнийг дахин сануулъя.
 
Путины Украин руу халдсан түрэмгийлэл дэлхийн ардчилалд зарласан дайн, хөрш зэргэлдээ ардчилсан жижиг улсуудын ардчиллыг устгах зорилготой болох нь өдөр ирэх бүр тодорхой болж байна.
 
Тиймээс Монголчууд улс эх орноо Беларусь шиг болгохгүйн тулд хатуу тэмцэх нь зүйтэй. Бидний тэмцэл ардчилал, үнэт зүйлийн төлөөх тэмцэл. Гэвч үүнийг эсэргүүцэж байгаа нь Х.Баттулга тэргүүтэй хүмүүс. Х.Баттулга эрх ашгийнхаа төлөө олон Путиныг сөрөг хүчин болгож ашиглаж байна. Путины гар, хөл болсон Х.Баттулгыг Ардчилсан намаас зайлахыг бид шаардсаар байх болно. Эрх ашгийнхаа төлөө өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүмүүсийг ажлаа өгөх хүртэл бид тэмцэнэ." гэв.
 
Цуглаанд иргэн Х.Бээжин ирсэн ч Э.Бат-Үүлийг ташуурдсангүй, харин өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн юм.
 
Харин АН-ын гишүүн А.Цэрэнбат: "Иргэд тайван замаар жагсаж, цуглах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй болсон. Өнөөдөр иргэн Д.Монголхүүд холбогдох хэргийн шүүх хурал болж байна. Цагдаагийн удирдлагууд ч иргэдэд үзэл бодлоо илэрхийлж болохгүй талаар сануулга өгч буйг бид эсэргүүцэж байна. Жирийн иргэд эрхийнхээ төлөө тэмцэж болохгүй нийгэмд өнөөдөр бид амьдарч байна. Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг дээдлэхээ больсон ч АН үүнийг хатуу эсэргүүцэж болно. Тиймээс өнөөдрийн цуглаанаар ЦЕГ-ын дарга Ж.Болд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга н.Отгонжаргал, Нийслэлийн прокурор н.Ариунболд, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга н.Чинбат нарыг огцрохыг шаардаж байна.
 
Биднийг Беларусь болгох Х.Баттулгын үйл хэргийг гүйцэлдүүлэхэд бэлэн төрийн тусгай албан хаагчид прокурорын болон цагдаагийн байгууллагын удирдлагад ажиллаж буй нь Монголыг доромжилж байгаа хэрэг.
 
Тэдгээр алба хаагчид удирдаж, Путины түрэмгийллийг эсэргүүцсэн залуусын үйл ажиллагааг мөрдөн мөшгиж, байцаан дарамтлаж байгаа нь харагдаж байна. Үүнийг бид эсэргүүцэж, нэгдэх хэрэгтэй. Улс орны ардчилсан байдлыг гартаа авахаар санаархаж байгаа хүмүүсийн үйл хэргийг сөнөөхгүй бол эрсдэлд ороход бэлэн байна" гэсэн бол
 
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: "Монголын төр яаж жижгэрсэнийг хулгайчид нь хууль дээр гарч сууснаас харж болно. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өндөр байшинд заларч, иргэдээ үл тоомсорлож байгаа улс дэлхийн өөр хаана ч байхгүй. Цагдаагийн дарга хүний эрх, эрх чөлөөг дээдлэх гэж дарга болдог болохоос генерал цол авах гэж болдоггүй юм. Монголын бүх яам нэг л байшинд байх ёстой. Тэгэхгүй бол өнөөдөр эрх баригчид өөрсдийнхөө тухай хууль баталж байна. Өөрийг нь шүүмжилсэн хүн бүхнийг Эрүүгийн хуулиар яллах оролдлогыг ямар ч ардчилсан улс хийхгүй. Тиймээс Х.Нямбаатар сайдыг дарга нартаа хариуцлага тооцохыг шаардаж байна." гэв.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
М.Чой