sonin.mn
Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхийг шаардан, АН-ын гишүүд Улсын Дээд шүүхийн гадаа жагсаж эхэллээ.
 
Энэ үеэр АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга И.Мөнхжаргал: "3 дахь зунаа АН удирдлаггүй мэт байна. АН-ын 113 мянган гишүүний саналаар сонгогдсон намын даргаа бүртгүүлэх материалаа бид Улсын дээд шүүхэд өгсөн байгаа.
 
 
Бид Дээд шүүхээр ямар нэг хэрэг, маргаан хянан шийдүүлэх гэж хандаагүй. АН-ын ямар нэг гэм бурууг шүүлгэх гээгүй. АН хууль ёсны дагуу сонгогдсон даргаа л бүртгүүлэх гэж хандсан.
 
 
Бид өнөөдрийг хүртэл Дээд шүүхийн шийдвэрт харьцангуй хүндэтгэлтэй хандаж ирсэн. Өнөөдөр АН-ын гишүүд үнэхээр итгэл алдарч, санаа зовж жагсаж байна. Өнөөдрийн жагсаал, цуглаан тайван явагдана. Бид эмх замбараагүй байдал үүсгэхгүй. Мөн бид АН-ын даргын бүртгэлийг гэрчилгээнд тэмдэглэхийг Улсын Дээд шүүхээс шаардан, шаардлага хүргүүлж байна. АН-ын даргаас С.Эрдэнэ огцорсон гэдгийг тэмдэглэх ёстой. Бид шүүхэд нөлөөлөх гээгүй. Бүртгэлийн үйл ажиллагаа хийхийг л шаардаж байна" гэв.
 
Мөн энэ үеэр АН-ын ХЭГ-ийн зарим албан тушаалтнууд:
 
 
"С.Эрдэнэ бол дарга биш огцорсон дарга. Дээд Шүүх 220 мянган гишүүнийг маш их тамлалаа. Бухимдууллаа. Бид нар л зохион байгуулж, тайван байлгаж байгаа болохоос биш намын гишүүд бол энэ байшинг шатаахад ч бэлэн байгаа.
 
 
Дээд шүүх АН-ын даргыг шууд бүртгэх ёстой. Улсын Дээд шүүхийнхэн МАН-ын захиалгаар л явж байгаа. Энэ дээр нэг их соёлтой юм яриад байх шаардлаггүй " хэмээсэн юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
М.Чой