сонин mn
Хятадын CCTV-ийн тоймч судлаач Ду Вэнлун хэдэн жилийн өмнө “Одоогийн ОХУ дэлхийд ноёлж чадахгүй, гэхдээ түүний сүйтгэгч хүчийг дутуу үнэлэж болохгүй!” гэсэн нэгэн  санааг хэлж байв. Түүний үгийг одоогийн нөхцөл байдалтай уялдуулж бодоход “ОХУ-ын сүйтгэгч хүч яагаад сэдрэв?”, “Цаашид яаж ямар байдлаар зогсоох вэ?”, “Уг сүйтгэгч хүчтэй зохицож, буулт хийж амьдрах уу, эсвэл сөрж тэмцэж өөрчлөх үү?” гэдэг нь дэлхий нийтийн асуудал болоод байна. ОХУ-ын сүйтгэгч хүч ямар хүчтэйг манай дотоодод сүүлийн хоёр сар гаран өрнөж байгаа маргаан зөрчил тодорхой харуулж байна.
 
 
ОХУ бол бидний “ах” биш, зүгээр л сайн харилцаатай хөрш. АНУ болон барууны орнууд ч “ариухан амьтад” биш зүгээр л бидний “Гуравдагч” гэж нэрлэсэн “хөршүүд”. Одоогийн асуудал зөрчил тэдний хооронд өрнөж байгаа. ОХУ бол хөрш орон, гэхдээ ахан дүүс үндэстэн рүүгээ халдан довтолсон нь бодит үнэн.
 
Бодит үнэн гэвэл тусгаар тогтносон, бүрэн эрхт нэг хөрш рүүгээ Орос түрэмгийлсэн, Украин нь түрэмгийллээс өөрийгөө хамгаалан дайтаж байна. Нэг нь түрэмгийлж байна, нөгөөх нь эх орноо хамгаалж байна. Юу үнэн, энэ л үнэн!
 
 
Нөгөө талаар АНУ ба Өрнөдийн орнууд ч “сахиусан тэнгэр, шударга ёсны хэмжүүр” биш, тэд ОХУ-ын “сүйтгэгч хүчийг” өдөөсөн, бусдыг зөөлөн хүчээрээ татдаг “өдөөн турхирагчид”. Харин монголчууд бид бусдын зөрчил дунд дотооддоо хагаралдах нь “сүйтгэгч хүчнүүдэд” л боломж олгож байгаа л зүйл. Монголд ОХУ-ыг дэмжих болон эсэргүүцэх чимээ хэдий чинээ чанга байна төдий чинээ бидний хагарал зөрчил хурцдаж байна гэсэн үг, энэ зөрчилд Монгол ялахгүй. 
Бид угаасаа Хятадаас болгоомжилдог, заримдаа хэт болгоомжилдог, харин ОХУ болон барууны орнуудын талаархи ойлголт хэт туйлширсан эрс тэс хоёр талтай байдаг. Харин бид энэ удаагийн олон улсын харилцааны зөрчлийг хөрш орнуудаа, “гуравдагч хөршөө” илүү бодитоор харах, гадны “сүйтгэгч хагалагч хүч” хэрхэн бий болдогийг мэдрэх, Украин болон бусад орны алдаанаас суралцах “сургамж хичээл” болгож болох юм. 
 
Одоогийн болж байгаа үйл явлыг зүйрлэбэл, бүдүүлэг хөрш айл маань бусад айл амьтныг үймүүлэхийг дэмжихдээ өөрийн амьдардаг байраа (дэлхийгээ) шатаалгахыг хүсэх ёсгүй бөгөөд түүний дараагийн хохирогч нь өөрөө ч байж магадгүй. Нөгөө талаар юу ч хийхээс буцахгүй улангассан тэр хөрш рүүгээ дургүйгээ илэрхийлж шүүмжилж чарлаад байвал нөгөөдөх нь “хана цөмлөж” орж ирээд өрх тусгаар гэр орныг маань хагалаж сүйтгэчихэж магадгүй байна. 
 
Ерөнхийдөө бол манай улс бол олон улс харилцааг шийдвэрлэгч улс биш, үр дагаварыг нь хүлээн авагч улс, тиймээс бид үйл явдлын өрнөлийг харж байгаад тухайн цаг үеийн Монгол Улсын эрх ашигт нийцсэн байр суурийг л нэгдсэн байдлаар илэрхийлэх хэрэгтэй гэж бодож байна. Харин иргэдийн гадаад бодлогын талаархи үзэл бодол нь “Тийм байгаасай, ийм байх ёстой” гэсэн эмоци сэтгэл хөдлөл дээр бус, олон улсын харилцааны зарчим, улс орныхоо аюулгүй байдлын “улаан шугам”-д тулгуурласан, тэр талаар мэддэг мэдэрдэг байх хэрэгтэй болов уу. Аль ч их гүрэн бидний эрх ашгийг бодохгүй (төлөөлөхгүй) учраас монголчууд хоорондоо туйлширахгүйгээр үзэл бодлоо зөв соёлтой илэрхийлж мэтгэлцэж харилцан ойлголцолд хүрээсэй л гэж хүсэх юм.
 
 
                           Докторант Б.Анхбаяр