sonin.mn
АН-ын даргын сунгааны санал хураалт өнөөдөр болж байна. Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Хан-Уул дүүргийн ЕБС-ийн 60-р сургуульд байрлах санал хураах цэгт очих, Ардчилсан намын даргын сонгуульд саналаа өглөө. 
 
 
 
 
Энэ үеэрээ тэрээр: "3-р сарын 16-наас АН-ын даргын сунгаа явагдаж эхэлсэн. Ингээд 21 аймаг, 9 дүүргийн гишүүд, дэмжигчидтэй уулзаад, өнөөдөр буюу 4-р сарын 3-нд санал хураалт болж байна. Би ч өөрийнхөө оршин суудаг Хан-Уул дүүрэгт ирж саналаа өгч байна. АН-ын гишүүд намын даргаа сонгох сунгаанд маш идэвхтэй оролцож байгаа дүр зураг  харагдаж байна. Үнэхээр сэтгэл их хөдөлж байна. АН маань сэргэж байна. Сая 14 хоногт 21 аймгаар тойрох явцад үнэхээр нүүр тулсан сайхан уулзалтууд их боллоо. Одоо бидэнд ухрах зам байхгүй. АН-ын гишүүддээ уриалахад өнөөдрийн намын даргын сонгуульд бүгдээрээ идэвхтэй оролцож, үүсээд буй нөхцөл байдалд зөв дүгнэлт хийх нь ирээдүйн ялалтын эхлэл шүү.
 
Улсын дээд шүүх бол зөвхөн бүртгэх үүрэгтэй. Тэрийг үйлчилнэ, энэнд үйлчилнэ гэх мэт ойлголт байх ёсгүй. Энэ бол улс төрийн башир арга.
 
Гэхдээ Монголчууд бид нар бие биентэйгээ хэмлэлдэж боллоо. Одоо амьдралаа бодъё, ахуйгаа бодъё. Бидний дайсан бол ажилгүйдэл, ядуурал. 
 
Улсын дээд шүүх сонгуулийн үр дүнг бүртгэх ёстой. Энэ бол бүртгэлийн л ажиллагаа. Хүн төрөхөд гэрчилгээ олгодог шиг, гэр бүл болоход бүртгэдэг шиг л үйл явц. Бүртгэх үйл явцыг битгий улс төржүүлээрэй. Ж.Батсуурь нэрээ татсан нь тэр хүний л асуудал. Гэхдээ тухайн байгууллагын дүрэм журмын дагуу бид сунгаанд оролцсон. Дүрэм журмаа мөрдөх нь тухайн нэр дэвшигчийн үүрэг.
 
АН-ын даргын сонгуулийн ирц өндөр болоод, асуудал шийдэгдчихнэ гэдгээс айсан юм уу? яасан юм өөр нам байгуулах гэж байна гэдэг цуурхлыг өчигдрөөс эхлээд тарааж байна. Тийм зүйл байхгүй. Энэ олон дэмжигчдээ хаяад дахиад өөр нам байгуулна гэдэг бол толгой нь эргэсэн хүний л ажил" гэв.
 
О.Чулуут