sonin.mn

Эх оронч, тусгаар тогтнолын бэлгэдэл гэж өөрийгөө магтан дуулдаг улс төрийн ууган нам маань сүүлийн үед сүг төдий болж, дарга нар нь Өмнөд Солонгост цугларан хуралдсан мэдээ тарлаа. Эх орноосоо дүрвэн гарсан дарга нь энэ тэндээс цуглаж, одоохондоо Монголоос дүрвээгүй байгаа хэд нь эндээс очиж уулзацгааж өнөөгийн нөхцөл байдал дүгнэж, цаашдын төлөвлөгөөгөө ярилцсан юм байх. Эх орон нь дайны байдалд байгаа юм шиг л юм болж л дээ.

 


Эх оронч гээд байсан нам нь харийн оронд хуралдаж, өөрсдийгөө Монголын авч явж байгаа хэмээн хөөрдөг байсан хүмүүс гадаадад дүрвэн гарсан энэ намыг яаж эх оронч нам гэж хэлэх вэ дээ. Улс орныг удирдахдаа ууж идэхээ урьтал болгож, эзэн болсон ард түмнээ элгээр нь хэвтүүлсэн нүгэлтэй. Замбараагүйтэл, задгайрлыг авчирч, эх орныхоо өнгөтэй өөдтэй баялгийг гадаадынхантай хуйвалдаж идсэн бас нэг нүгэл тэдэнд бий.

 

Нүгэл нь нүдээрээ гарч, үнэн нь илчлэгдэх цаг удахгүй биз дээ. Харийн оронд хуралддаг МАН-ын дарга нар Монголын ард түмний нүүрийг харж чадахаа больсон юм болов уу? Эсвэл хийсэн гэмт хэргүүд нь илчлэгдчих гээд эсвэл баривчлагдчих гээд зугтаад байна уу? Намын экс дарга С.Баяр АН-ынхантай нийлж Оюу Толгойг Канадуудад өгчихөөд АНУ руу зугтсан бол экс генсек У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс татгалзаад “эхнэр өвчтэй” гэсэн шалтгаанаар Солонгос руу ниссэн.

 

Хоёулаа сураг тасарсан хоёр экс лийдер Монголд байгаа намынхандаа ямар даалгавар өгсөн юм бол доо. Биднийгээ л бодооррой гэсэн юм болов уу эсвэл Монголоо бодоорой гэж сүүлийн үгээ хэлсэн юм болов уу? Эрх барьж байгаа намын удирдлагууд гадаад оронд хуралдана гэдэг эх орноосоо урваж буй хэрэг биш үү. Мөн манай орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлж буй үйлдэл биш үү.

 

Манай хууль хяналтын байгууллагынхан үүнийг шалгах хэрэгтэй л баймаар. Монгол улс муу ч үгүй тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгийг МАН-ынхан ойлгоосой. Хоёр сая долоон зуун мянган борчууд /Өөрсдөө ингэж нэрлэдэг/-ыг яасан ч болно хэмээн басамжилан харьцаж байгаа л өөдөөс чинь та нарын үе дууссан гэдгийг ард түмэн хэлж байна.

 

Та бүхний сүүлчийн хоргодох байр гадаад орон болж байх шиг байна. Уул нь шоронгийн хүйтэн шал байх ёстой байлаа. Манай шүүх, хуулийн байгууллагынхан авлигалд идэгдээгүй бол тэднийг баривчилж ирээд хийсэн хэрэгт тохируулаад ял өгчих байсан юм. Гэхдээ үнэн заавал ялдаг хойно тэд хариуцлага хүлээх цаг ирнэ биз дээ. Экс дарга нар харийн оронд амьдарч, хааяа Солонгост хуралдаж байхад энд үлдсэн хэд нь нүд үзүүрлэгдэн сууцгааж байна.

 

Гаргасан шийдвэр нь онигоо, ярьсан яриа нь хошин шог болжээ. Мэдлэгтэй ч хүн  алга, туршлагатай ч хүн алга. Хэрүүлээр улс төр хийн голоо зогоож байна. Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэвшүүлэхээ мэдэхгүй уймарцгааж байна. Мэдээж ерөнхийлөгчид үзэх сонирхолтой дааж давшгүй их мөнгөтэй хүмүүс энэ намд бий л дээ. Даана ч ард түмэн тэднийг нь нэг нүдээрээ ч үзэхгүй. Хөөрхий намын хэдэн улаан фэн нь ичихгүй бялдуучилна. 90 жилийн түүхтэй МАН БНСУ-ын нам болоо юу даа. Монголын төлөө гэсэн эрхмүүд минь Америк, Солонгосын иргэн болоо юу даа.

Б.Сэргэлэн