сонин mn
1.ОРШИЛ БУЮУ АСУУЛТ
 
Монгол Улсын Үндсэн хуулийн эхний догол мөрт буюу удиртгал хэсэгт Монголын ард түмэн “хүмүүнлэг, иргэний ардчилсан” нийгэм байгуулах эрхэм зорилготой гэсэн байдаг. Ардчилсан, ардчилал гэх ойлголтын талаар дэлхий нийтээр төр эрх зүйн хангалттай тодорхой агуулга, хэмжүүр, шалгуурууд бий. Ардчилсан үзэл баримтлал бол Үндсэн хууль болон төрийн засаглалын суурь зарчим болон Монгол улсад хөгжсөөр ирлээ. Тэгвэл “хүмүүнлэг” гэсэн үг нь Үндсэн хуульд байгаа нь тохиолдлын хэрэг биш ч ердийн тунхаглалын төдий үг мөн үү, эсвэл Үндсэн хуулийн үзэл баримтлал уу. Хууль зүйн хувьд ямар ач холбогдолтой, ямар утга агуулгатай юм, үндсэн хуульт бие даасан норматив хэм хэмжээ, зарчим байж чадах эсэх, тийм бол түүнийг үзэл санааг хэрхэн тайлбарлах вэ. Нэгэнт бие даасан үндсэн хуульт зарчим юм бол төр хууль батлах замаар хэрхэн хэрэгжүүлэх вэ эсвэл хэрэгжүүлж ирэв. Үндсэн хуулийн цэц нь “хүмүүнлэгийн” зарчим, агуулгаар хэрхэн Үндсэн хуулийг тайлбарлах, хөгжүүлэх вэ. Яагаад энэ сэдвийг тухай эргэцүүлэх болов.
 
Монгол Улс нь 1990 онд хүмүүнлэг, ардчилсан нийгмийг байгуулах зорилт тавин өдгөө 30 гаруй жил боллоо. Энэ хугацаанд хүний эрх, эрх чөлөө, төрийн байгуулал зэрэг нийгэм, эдийн засгийн олон чиглэлээр алдаа оноотой ч урагшилж буй, өөдөлж буй нь их бий. Нөгөө талаас бодит байдал дээр 1990 оноос хойшхи ядуурлын түвшин байнга хүн амын 30 хувьтай буюу тогтвортой буурахгүй байна. Үүний зэрэгцээ хүн амын 15 хувь нь ядуурлын шугамаас ялимгүй дээгүүр буюу ямар нэг хямрал учрахад ядууралд халтиран орох эрсдэлтэй амьдарч буй нь цар тахлын үед бүр ч хүндээр туссан. Хэдийгээр уул уурхайн салбараас үүдсэн эдийн засгийн өсөлт байсан ч энэ нь иргэдийн амьжиргааны түвшинд дорвитой нөлөөлөхгүй, дундаж давхрагын эзлэх хувь нэмэгдэхгүй, нийт баялгийн дийлэнх буюу 80-90 хувийг л, хүн амын ердөө таван хувь маш цөөн хүнд хэт төвлөрсөн хэвээр байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн нийтлэг дүр зургийн хувьд хэт их орлого маш цөөхөн хүнд төвлөрч, дийлэнх нь ядуу, баян хоосны ялгаа асар ихтэй нийгэм бий болсон нь, нийгмийн энэхүү ялгарал хуваагдал бүх салбарт нэн ялангуяа эрүүл мэнд, боловсрол, амьдрах орчинд хүчтэй мэдрэгдэж, цаашдаа улам гүнзгийрэх хандлагатай байгаа. Нийгмийн энэхүү хэт ялгарал, хуваагдал нь эдийн засгийг хүчирхэгжүүлэх биш харин эсрэгээрээ улам бүр доройтуулдаг. Иргэдийн хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөхөөс авахуулаад цаашлаад мэдээлэл, боломж, баялагийн хувьд тэгш болон тэгш бус иргэдийн хооронд нийгмийн гүн гүнзгүй үл ойлголцол, шударга бус нийгмийн гажуудал зөрчлүүд олноор бий болсоор байна.
 
 
2. НИЙГМИЙН ЧИГ БАРИМЖААТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТОЛЦОО (SOCIAL STATE, SOZIAL-STAAT)
 
Дани, Финлянд, Швед зэрэг Скандинавын болон Европын орнуудын аз жаргалын индекс нь тогтвортой, хамгийн өндөр байгаагийн гол шалтгаан нь нийгмийн баялгийн тэгш хуваарилалт гэсэн байдаг. Нийгмийн баялгийн хуваарилалт нь шударга, тэгш, иргэддээ тэгш боломжийг олгодог, төр нь иргэдийнхээ нийгмийн болон эдийн засгийн хангалуун амьдралыг хангадаг, хэрэгцээт иргэддээ нийгмийн халамж тусламжийг үзүүлдэг улс орныг нийгмийн чиг баримжаатай улс буюу welfare state, social state гэж нэрлээд байдаг. Энэ нь нэг эдийн засгийн холимог загвар бөгөөд социологч Т.Маршалл хэлснээр “капитализм, нийгмийн сайн сайхан, ардчилал” гурвын онцгой нийлбэр гэжээ. Нийгмийн чиг баримжаатай улс орныг орчин үеийн аж үйлдвэрийн улсын агуулгаар нь анх байгуулсан нь XIX зуунд Германы Отто фон Бисмарк канцлерийн үед юм. Тэрээр анхлан орчин үеийн нийгмийн халамжийн хуулиудыг батлан гаргаж, нийгмийн даатгалын, ослын, тэтгэврийн сан гэх мэт тогтолцооны суурь тавигдсан. ХБНГУ нь Дэлхийн II дайны дараагаар нийгмийн чиг баримжаатай зах зээлийн эдийн засгийн загварыг хөгжүүлж, тэрхүү загварыг Европын ихэнх улс орнууд хуулбарлан авсан байдаг. Эдийн засгийн тус загвар нь иргэн бүр ажилтай орлоготой байх, өрсөлдөөний улмаас бага, тогтвортой үнэ тогтох, эдийн засгийн байнгын өсөлтийг хангах, нийгмийн баялгийн, орлогын шударга хуваарилалт гэсэн зорилтуудыг тавьдаг.
 
Европын олон улс орнууд нийгмийн чиг баримжаатай улс байгуулах тухай Үндсэн хуульдаа заасан байдаг нь Португали, Испани, Франц, ХБНГУ нар юм. Ялангуяа, нийгмийн чиг баримжаатай улсын арвин уламжлал, амжилттай бодлогыг хэрэгжүүлж, түүхийг бүтээж байгаа ХБНГУ-н жишээг энд дэлгэрэнгүй авч үзье. Тус улсын Үндсэн хуулийн 20.1-д “ХБНГУ нь ардчилсан, нийгмийн баримжаатай холбооны улс” (Social 2 https://en.wikipedia.org/wiki/Welfare_state#Modern state,Sozialstaat) гэсэн байдаг. Энэхүү нийгмийн баримжаатай, нийгмийн шударга ёс дээр суурилсан төр гэдэг нь тус улсын үндсэн хуульт зарчим болж хөгжсөн. Өөрөөр хэлбэл, нийгмийн чиг баримжааны зарчмыг (sozial-staatlichkeit, sozialstaatprinzip) тус улсын Үндсэн хуулийн шүүхээс хүлээн зөвшөөрсөн буюу 1949 онд Холбооны Бүгд Найрамдах улс болсноос хойш шүүхийн нийт 120 орчим шийдвэрт нь дурьдагдсан байдаг. Тодруулбал, Үндсэн хуулийн шүүх нь ХБНГУ-н Үндсэн хуулийг нийгмийн чиг баримжааны зарчимд нийцүүлэн тайлбарлах үүрэгтэй байхаар, энэхүү зарчим нь “чөлөөт зах зээлийн зарчмаас” эрэмбийн хувьд илүү бөгөөд түүгээр хязгаарлагдахгүй байхаар, мөн уг зарчим нь “улс орны тэргүүлэх зорилт” байхаар, нэн ялангуяа “уг зарчим нь шууд хэрэглэдэг хууль” байхаар шийдвэрүүддээ тусгасан байдаг.
 
 
3.МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ЗАРЧИМ БА ТҮҮНИЙ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГА
 
Тэгвэл Монгол Улсын Үндсэн хууль дахь “хүмүүнлэг"-н тухай ойлголт нийгмийн чиг баримжаатай улсын агуулга, зарчимтай дүйцэх үү гэдэг асуудлыг одоо харъя. Нэг талаас “хүмүүнлэг” гэх үг нь Үндсэн хуулийн удиртгал хэсэгт хамаарах, ард түмний хүсэл эрмэлзлийг тусгасан үг гэдгийг тэмдэглэх ёстой. Хэдий тийм боловч удиртгалд хамаарах үг нь хуулийн бусад үг, үсэг, зүйл заалтын адил хуулийн хүчинтэй эрх зүйн норматив-хэм хэмжээ гэж үздэг. Тиймээс “хүмүүнлэг” гэх үгийн тухай Үндсэн хуулийн бусад зүйл заалтын адилаар сайтар ойлгож, судалж, утга агуулгын хувьд Үндсэн хуулийн хэмжээнд, үзэл баримтлалын хэмжээнд тодорхой, бодитой хууль зүйн агуулгатай болгох зайлшгүй шаардлага бий гэж харж байна. Монгол Улсын нийгэм эдийн засгийн хэтийн зорилт нь юу юм, түүнд хүрэх нийгэм эдийн засгийн хэтийн зорилт нь юу юм, түүнд хүрэх нийгэм эдийн засгийн загвар, төрийн бодлого нь ойлгомжгүй, тодорхойгүй явсаар өдий хүрсэн бөгөөд үр дүн нь өнөөгийн маш гажуудсан нийгэм байх боломжтой юм. Улс төрийн үзэл баримтлалын чиг шугам нь тодорхойгүй намуудын ээлж ээлжээр төр барих, мөн сонгуулиас сонгууль хүртэлх богино зайны, маш явцуу улс төр төрийн бодлогыг тодорхойлж ирлээ.
 
Гэтэл ХБНГУ-д Үндсэн хуулийн шүүхээс эхлээд нийгмийн чиг баримжаатай эдийн засаг, зарчмын талаар бодитой шийдвэрүүдийг гаргаж, шүүх нь нийгэм эдийн засгийнхаа бодлого чиглэлийг хамгаалах, зөв тайлбарлах хэрэглэх талаар бодитой хувь нэмэр оруулж байгаа нь харагддаг. Өнгөрсөн хугацаанд улс төр, төрийн засаглалын хувьд бодитой тулгарсан хямралыг засч залруулах оролдлого хийгдсэн нь Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлт болсон. Харин уг нэмэлт өөрчлөлт нь нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, тэр дундаа баялгийн тэгш бус хуваарилалт, нийгмийн баян хоосны ялгаа, хагарал хуваагдлын шалтгааныг цогц байдлаар нь буюу улс төрийн, нийгмийн, эдийн засгийн, хууль эрх зүйн шалтгаант өнцгөөс нь судалж, хариу өгөөгүй гэхэд болно. Монгол Улс нийгэм эдийн засгийн бодлогын хувьд Үндсэн хуулийн ямар үзэл баримтлалтай улс вэ гэсэн асуудал тавигдаж байна. Үндсэн хуулийн хүрээнд бодлого чиглэл нь тодорхой эсхүл тодорхой бус байхаас шалтгаалан бусад хууль тогтоомж, төрийн бодлого сайн эсвэл муугаар нөлөөлж уялдах нь гарцаагүй.
 
Монгол Улс эдийн засгийн бодлогоо Үндсэн хуулийн тавдугаар зүйлд “дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай” байхаар заажээ. Сонирхолтой нь гавьяат хуульч Б.Чимид эдийн засгийн зорилго болон төрийн нийгэмшлийн бодлогыг “Төрийн эрх мэдэл ард түмнээс үүсмэл байх, түүний гол зорилго нь нийгмийн эрх тэгш байдал, шударга ёсыг хангах явдал мөнийг тодорхойлон заасан.
 
Энэ нь өргөн хүрээнд авч үзвэл хүн амын эрүүл мэнд, нийгмийн хөгжлийг хангах зорилгын дор эдийн засгийг зохицуулах, нийгмийн халамж, хамгааллыг тогтоон хангах, хөдөлмөр капиталын зөрчлийг зөв зохицуулах, ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх зэрэг нь төрийн нийгэмшлийн үндсэн бодлогын бүрэлдэхүүн хэсэг мөн” гэж тодорхойлсон байна.
Түүнчлэн, нийтийн болон хувийн өмчийг хүлээн зөвшөөрч, үндэсний аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг төр зохицуулах үүрэгтэй байна. Хувийн өмчийг хүлээн зөвшөөрч хамгаалах талаар заалт байгаа нь бусад орны зохицуулалттай ижил байна. Харин эдийн засгийн чиг баримжааны хувьд нийгмийнх үү (Европын орнуудын загвар) эсхүл цэвэр зах зээлийнх үү (АНУ-н либерал загвар) гэдэг дээр тодорхойлоогүй, ерөнхий, эдийн засгийн аль загвар нь ойлгомжгүй байна. Цаашилбал, Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцахаар байгаа.
 
Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхээр заасан байна. Б.Чимид “Үндсэн хуулийн үзэл баримтлал”-даа “Хүнийг дээдэлж, хүний эрх чөлөөт байдлыг хүлээн зөвшөөрч эрхэмлэсэн нь Үндсэн хуулийн язгуур үзэл баримтлалын нэг юм” гэжээ. Б.Чимид, Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс, 74 (2006) Монгол Улсын Үндсэн хуулийн “хүмүүнлэг” гэх агуулгыг гол төлөв энэрэнгүй ёсыг эрхэмлэх гэсэн утгаар ойлгож тайлбарлаж ирсэн нь тухайлбал, “хүмүүнлэг, энэрэнгүй нийгэм гэхийн учир нь иргэдийн амар (тайван амьдрах, хувь хүний хөгжих орчин, боломжийг бүрдүүлж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг нь хангах төрийн үйлчилгээг тэгш шударгаар хүргэхийг ойлгоно”. “Хүмүүнлэг” (анг.humane) гэж үг нь монгол хэлээр үгийн шууд утгыг харвал “хүнээ дээдлэх, хүнлэг энэрэнгүй байх, ёс суртахуунтай зарчимч байх, үнэт зүйлтэй, зохистой хандлага” гэсэн утга илэрхийлж байна. Англи хэлний “humane” гэсэн үгийн орчуулгыг Cambridge-н англи хэлний тольд хүнлэг байх, энэрэнгүй нинжин сэтгэл, бусдын зовлонг ойлгох, бусдыг энэрэх, өрөвдөх буюу “kindness,care, sympathy” гэсэн байдлаар тайлбарласан байна.
 
Хюманизмын философийн үзлийн хувьд барууны орнуудад эрт дээр үеэс, сэргэн мандлын үед хөгжиж байсан түүхтэй. Орчин үеийн үндсэн ойлголтууд нь хүнийг дээдлэх, хүний эрхэм чанарыг дээдлэх, тэр нь явсаар хүний эрх, хүний хөгжил, тэгш эрх, хүний эрхэм чанарыг дээдлэх гэсэн агуулгаар тайлбарладаг. Улс төрийн онолын хувьд хюманизм нь хувь хүний эрх эрх чөлөө, ардчилал зэргийг дээдэлдэгээрээ либерализм болон социализмтай холбогддог. АНУ-д либерализм нь хюманист зарчмуудтай нийцдэг гэж үздэг бол Европт хюманизмыг эдийн засгийн агуулгатай холбон хардаг. Дээрхээс харвал, Монгол Улсын Үндсэн хуулийн “хүмүүнлэг”-н агуулга нь хүний эрх, эрх чөлөө, тэгш эрх, ёс суртахуун, хүнлэг байдал зэрэг ойлголтыг өөртөө багтааж байна. Түүгээр ч үл барам “хүмүүнлэг" нь хийсвэр, тунхаглалын төдий ойлголт бус бодитой, хууль зүйн утга агуулгатай Үндсэн хуульт зарчим байх бүрэн боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, “хүмүүнлэгийн” зарчим нь зөвхөн нийгмийн төдийгүй хууль зүй, эдийн засгийн, экологийн гэх мэт агуулгыг өөртөө багтаах үндэстэй юм. Учир нь хүмүүнлэгийн зарчмын цаана нийгмийн хамтын хариуцлага, нийгмийн хамгааллын зарчим, нийгмийн баялгийн тэгш хуваарилалтын буюу эдийн засгийн, тогтвортой хөгжлийн буюу байгаль экологийн, тэгш боломжийн зарчим зэрэг хамаарч байна гэж үзэхээр байна.
 
Тухайлбал, ХБНГУ-н нийгмийн баримжааны зарчим нь иргэний субьектив эрхүүдээс хүний эрхэм чанар, эрх чөлөө, амьжиргааны доод баталгаа, тэгш эрх болон тэгш боломжтой шууд холбогддог. Өнөөдөр Монгол Улсын төр нь иргэнийхээ эдийн засаг, нийгмийн баталгааг хангах Үндсэн хуульт үүргийнхээ хүрээнд Монгол Улсад нийгмийн бодлого, халамжийн тогтолцоог бүрдүүлэн ажилладаг. Хүн ам, хөгжлийн асуудлаар Хөдөлмөрийн тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах, Ахмад настны нийгмийн хамгаалаллын тухай гэх мэт нийгмийн бодлогын эрх зүйн орчинг хөгжүүлсэн. Нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн шинжтэй үйлчилгээг улс даяар үзүүлэх, зорилтот бүлгийг тэжээн тэтгэж тэтгэх, нийгмийн халамжид хамрагдах иргэдийн амьдралын наад захын хэрэгцээг хангах, ядуурлаас гарахад нь дэмжлэг үзүүлэхэд зэрэгт нийгмийн бодпого чиглэдэг. Энэ хүрээнд нийгмийн халамжийн сан байгуулах, сангийн хөрөнгө зарцуулах, нийгмийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж болон бусад нийгмийн халажийн үйлчилгээг эмзэг буюу зорилтот бүлэгт хүргэх зэргээр тогтолцоог байгуулахад тодорхой үр дүнд хүрсэн. Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хуулийг харвал улсын төсвийн багагүй хувь хэмжээг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, нийгмийн салбарт зарцуулж байна. Үүнээс дүгнэвэл, Монгол Улсын нийгэм эдийн засгийн тогтолцоо нь бодит байдал дээр холимог төрлийн буюу цэвэр либерал зах зээлийн биш, нийгмийн чиг баримжаа, нийгмийн халамж жинтэй хувь эзэлж байгаа нь харагдаж байна. Улс төрийн онол, нийгэм эдийн засгийн тогтолцооныхоо хувьд Монгол Улс нь нийгмийн чиг баримжаатай улс буюу Европын орнуудын загвартай дүйцэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн оршилд тавьсан “хүмүүнлэг”-ийн эрхэм зорилго нь цэвэр билэгдэл, тунхаглалын шинж чанартай биш, түүний утга, үзэл санаа нь Үндсэн хуульдаа ч, бусад хуульд ч тусгалаа олсон байна. Гэхдээ “хүмүүнлэг” нь зөвхөн нийгмийн халамжийн тухай ойлголт бус, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн, хууль зүйн гээд өргөн агуулгатай болох талаар хөгжүүлэн тайлбарлах ач холбогдолтой юм.
 
4. ДҮГНЭЛТ, САНАЛ
 
ХБНГУ-ын нийгмийн чиг баримжааны зарчим нь хууль зүйн хувьд хоосон, эсвэл цэвэр бэлгэдлийн шинжтэй үг биш бөгөөд төрийг эерэг, нийгмийн чиг баримжаатай байхыг үүрэгжүүлдэг. Энэ хүрээнд төр нь нийгэм, эдийн засгийн баталгааг хангах, зохицуулах, шударга дэг журмыг сахиулах, тэгш бус байдлыг тэнцвэржүүлэх үүрэг хүлээдэг. Төр нь нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын судалж, үнэлэх болон үүссэн тэгш бус байдлын хариуд эрх хамгаалах арга хэмжээ авах эрхтэй. Ингэснээр нийгмийн баялгийн тэгш хуваарилалт илүү оновчтой явагддаг. Нийгмийн чиг баримжааны зарчим нь үндсэн хуулийн бус чөлөөт зах зээл болон иргэний эрх, эрх чөлөөг хязгаарлах хэмжээний зарчимд гэж тооцогддог гэхээр эрэмбийн хувьд их дээгүүр тавигддаг нь харагдаж байна.
 
Эдийн засгийн хувьд нийгмийн халамж хамгаалал нэн шаардлагатай иргэдийг хамгаалах бодлогыг явуулах нь төрийн тохируулах болон тэнцвэржүүлэх чиг үүрэгт хамаардаг. Энэ талаас нь харвал нийгмийн чиг баримжааны зарчим бол өргөн агуулгатай ч тодорхой байдлаар илэрдэг, хүний эрхүүдтэй уялддаг зарчим аж. Нийгмийн баримжаатай гэдэг нь хүний нийгмийн эрх, эрх чөлөөтэй холбоотой бөгөөд эдгээрт нэн ялангуяа эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, нийгмийн халамж, тусламжийн эрхүүд зэрэг хамаардаг. Товчоор хэлбэл, чөлөөт зах зээл эсхүл либерализм нь нэг талдаа, нөгөө талдаа нийгмийн баримжааны зарчим, хүмүүнлэгийн зарчим хоёр зэрэгцэн өрсөлдөх биш, харин бие биенээ нөхсөн, харилцан хамаарал байх нийгмийн хөгжлийн тулгуур болж байгаагийн бодит жишээ нь, Европын улс орнууд байна. 
 
Эцэст нь хэлэхэд, хэдийгээр өдгөө хүмүүнлэгийн ойлголтын тухай Үндсэн хуулийн Цэц тайлбарлаагүй, эсхүл бие даасан зарчмын хувьд судлаагүй ч, Монгол Улс нь обьектив байдлаараа нийгмийн баримжаатай улс байна. Гэхдээ үүнийгээ тодорхой ойлголтын хувьд хөгжүүлээгүй, тодорхойлоогүй буюу бодит хууль, зарчим, бодлогын түвшинд хэрэгжүүлэх нь хомс байна. Тиймээс Монгол Улс Үндсэн хуульдаа тунхагласан “хүмүүнлэгийн” зарчим, агуулгыг цэвэр тунхаглалын шинжтэй гэж орхих биш харин үндсэн хуульт бие даасан зарчмын хувьд хүлээн зөвшөөрөх, Үндсэн хуулийг энэ зарчмын үүднээс нь тайлбарлах, хууль зүйн агуулгыг тодорхойлон, баяжуулан хөгжүүлэх, төрийн бодлого, шийдвэрийг уг зарчимд нийцүүлэх, хэрэгжүүлэх саналыг уг өгүүллээрээ дэвшүүлж байна. Хүмүүнлэгийн зарчмыг хууль зүйн агуулгынх нь цаашдаа хир бодитой ойлгож, төр эрх зүйн үүднээс оновчтой тодорхойлж, хөгжүүлж чадна уу тэр хэмжээгээр төрийн бодлого, хууль, тогтоол шийдвэрт “хүмүүнлэг” зарчим тусгалаа олох боломжтой юм. Ялангуяа Үндсэн хуулийн Цэц батлагдаж буй хуулиуд, гарч төрийн шийдвэрүүдийг “хүмүүнлэг’’-ийн зарчимд нийцэж буй эсэхийг хянах, хуулийг тайлбарлахад чухал үүрэгтэй байх нь. Ялангуяа, Европын орнуудын нийгмийн чиг баримжаатай эдийн засгийн загвар шиг хүмүүнлэгийн зарчим нь эдийн засгийн агуулгатай болгох, нийгмийн баялгийн шударга тэгш хуваарилалтад төрийн бодлогыг чиглүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай болов уу. Нийгмийн чиг баримжаат эдийн засаг бол нийгмийн баялгийн тэгш хуваарилах, зохицуулах төрийн үүргийн эрх зүйн чухал үндэслэл болдог. Гэхдээ энэ үүргээ биелүүлэхдээ татварыг байнга нэмэх эрсдэлд хүргэдэг тул эдийн засгийн тэгш хуваарилалтыг татварын бодлоготой зөв зохистой уялдуулах цогц байдлаар харах хэрэгтэй болно.
 
"Боннын" Т.Алтангэрэл