sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.01.14/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.08 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн уншиж сонордуулав.
Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэлээ хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Н.Алтанхуяг, С.Чинзориг, Д.Тогтохсүрэн,  нар асуулт асууж, хариулт авсан.
 
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан гарах зардал, хүн судлалын салбарын талаар асуусан.
 
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, хүн судлалын хөгжил арагшаа ухарсан, хариуцсан нэгж байхгүй болж орхигдсон салбар болоод байна. Монгол хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх, Монгол хүний удмын сангийн  аюулгүй байдлыг хадгалан хамгаалах чиглэлээр Үндэсний хөтөлбөр боловсруулж, хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тогтоолын төсөлд тусгасан гэсэн хариулт өгсөн.
 
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, цус ойртолтын асуудал санаа зовоож байгаа. Цус ойртолтын аюултай түвшинд очсон хэдэн сум байгаа вэ. Энэ чиглэлээр ямар арга хэмжээ авахаар тогтоолын төсөлд тусгасан бэ. Бид ургийн бичиг хөтлөлтөөр энэ асуудлыг шийдэж чадахгүй. Үүнээс сэргийлэхийн тулд зарим төрлийн захиргааны арга хэмжээ авах ёстой гэж бодож байна. Монгол хүний удмын санг цэвэр ариун байлгая гэж бодож байгаа бол тодорхой захиргааны арга хэмжээ байх ёстой. Энэ талаар мэргэжлийн хүмүүс ямар бодолтой байна вэ гэсэн асуулт тавьсан.
 
Ажлын хэсгээс, хүн судлаач эрдэмтэд 40 гаруй жилийн судалгааны үр дүнд популяцийн генетикийн тооцооллын аргаар хүн амын цус ойртолтын түвшнийг тооцоолж гаргасан. Цус ойртолтыг илэрхийлсэн F коэффицент 0-тэй тэнцүү байвал цус ойртолт байхгүй гэсэн үг. 0-ээс 1 рүү тэмүүлж эхэлбэл цус ойртолтын түвшин нэмэгдэж буйг илэрхийлдэг. 21 аймгийн уугуул хүн амд цус ойртолтын түвшинг тодорхойлоход F коэффицент 0-тэй тэнцэж буй аймаг байхгүй. Тооны хувьд хоорондоо ялгаа бий. Гэхдээ өнөөдөр тэр аймаг хэцүү байна, энэ аймаг арай гайгүй гэж гэж хэлэх аргагүй түвшинд хүрчихээд байгаа. Үндэсний эв нэгдлээ бодолцох үүднээс тэр аймаг өндөр түвшинд байгаа гэх мэтээр зарладаггүй.
 
Угийн бичиг хөтлүүлэх, ургийн овог хэрэглэх, хүн амын хөдөлгөөнийг тэтгэх энэ гурван арга хэмжээ нь хүн амынхаа удмын сангийн аюулгүй байдлыг хангах, цус ойртолтоос сэргийлэхэд хэрэглэдэг үндсэн гурван арга. Энэ гурван аргаа сэргээн хэрэгжүүлье гэдэг асуудал тогтоолын төсөлд тусгагдсан байгаа гэсэн хариулт өгсөн.
 
 
Түүнчлэн Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн, ургийн бичиг хөтлөхөөс гадна захиргааны арга хэмжээ авах туршлага гадны олон оронд байдаг хэмээн онцолсон. Гадаадын ихэнх улсад хүн амын удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл болж буй цус ойртолтыг гэмт хэрэг гэж үзэн Эрүүгийн хуульд тусгайлан заах, эсвэл Иргэний болон Гэр бүлийн тухай хуулиар удам доторх гэрлэлтийг хууль бус гэж үзэн хориглох, биеэ даасан хуулиар зохицуулсан туршлага байна гээд Монгол Улсад ч цус ойртолттой холбоотой гэрлэлтүүдийг захиргааны аргаар хориглох заалтууд зайлшгүй хэрэгтэй байгаа юм хэмээн нэмж хариулсан.
Гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг эцэслэн баталлаа. 
 
Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав
 
Мөн хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
 
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулав.
Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 11 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаар ахлуулан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Н.Учрал нарын бүрэлдэхүүнтэйгээр хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах дэд ажлын хэсэгт холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажилласан байна.
 
Хууль зүйн байнгын хороо 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн болно гэлээ.
 
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цагдан хорих байранд хүний эрх зөрчигдөж байгаа талаар, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан үйлчлүүлэгч төлбөрийн чадваргүйгээ хэрхэн тодорхойлох талаар, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өмгөөллийн үйлчилгээ авсан иргэдийн хэдэн хувь нь улсын өмгөөлөгчөөр өмгөөлүүлсэн тухай тоон мэдээллийн талаар, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир улсын өмгөөлөгчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа хэрхэн хангагдаж байгаа талаар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ажлаас үндэслэлгүй халагдсан өмгөөллийн үйлчилгээ авах боломжгүй хүмүүс тус хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах эсэх талаар асуулт асууж, хариулт авсан бол УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан улсын өмгөөлөгч нь хуулиар хориглоогүй хандив авч болохоор төсөлд заасан бөгөөд энэ нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй талаар саналаа илэрхийлжээ.
 
Ажлын хэсгээс хуулийн төсөлтэй холбогдуулан ялгаварлан гадуурхах, хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогчоос гадна шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага, нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч хүсэлт гаргах, түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн төлбөрийн чадваргүй иргэдийг хамруулж, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх хамрах хүрээг өргөжүүлэх зэрэг зарчмын зөрүүтэй 11 санал болон найруулгын шинжтэй 3 санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
 
Улсын өмгөөлөгчийн эрх зүйн байдал, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилгоор улсын ахлах өмгөөлөгч, улсын өмгөөлөгчийн албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Засгийн газар батлах зарчмын зөрүүтэй 1 саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.
 
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалттай холбогдуулан нийслэлээс алслагдмал дүүрэгт ажиллаж байгаа улсын өмгөөлөгчийг аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа улсын өмгөөлөгчийн нэгэн адил ажиллах нөхцөл, нийгмийн баталгаанд хамруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
 
Түүнчлэн ажлын хэсгээс Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 1 санал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 1 санал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 1 санал тус тус боловсруулсныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, улсын өмгөөлөгчийн нийгмийн баталгааны асуудал хуулийн төсөлд хэрхэн туссан бэ. Орон нутагт, аймгуудад хууль зүйн туслалцаа авах иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа. Гэтэл хөдөө орон нутагт ажиллах өмгөөлөгч хангалтгүй учир нийслэлээс томилогдоод очдог. Тэд орон нутагт очоод амьдрах орон байр байдаггүй. Улсын өмгөөлөгчдийг орон байраар хангах талаар тусгасан уу хэмээн лавласан. Түүнчлэн ИТХ, Засаг даргын эрх хэмжээнд ямар зохицуулалт хийх, цалин хөлсний асуудал хэрхэн туссан, орон байраар хангах эсэхийг лавлаж байлаа.
 
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, 2013 онд Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль батлагдсан. Бид энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа өмнөх хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийхэд сая Н.Наранбаатар гишүүний хэлсэн асуудлууд улсын өмгөөлөгчдөд тулгардаг гэдэг нь тогтоогдсон. Ялангуяа улсын өмгөөлөгч орон нутагт ажиллахад нийгмийн баталгаа, ажиллах нөхцөл, цалингийн хэмжээ гээд олон асуудал тулгардаг. Энэ асуудал шийдэгдэхгүй байснаараа орон нутаг дахь иргэд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрх нь зөрчигдөхөд хүрч байна. Хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд дээр дурдагдсан асуудлуудыг шийдэхээр нэлээд хэдэн заалтуудыг оруулж ирсэн. Жил бүр эмнэлгийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд төрийн зардлаар үнэгүй хамрагдах, аймгийн төвд тасралтгүй ажиллаж байгаа улсын өмгөөлөгчид зургаан сарын, суманд тасралтгүй ажиллаж байгаа улсын өмгөөлөгчид 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг таван жил тутам олгох, улсын өмгөөлөгчийн ажиллах нөхцөлийг хангахтай холбоотой аймгийн ИТХ, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тусгах гэх мэт. Бүх шатны ИТХ, Засаг дарга нь иргэний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын салбарын өмгөөлөгч ажилтныг орон сууц, тээврийн хэрэгслээр хангах, улсын өмгөөлөгч, түүний гэр бүлийн гишүүнд дэмжлэг үзүүлэхэд шаардагдах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж болно хэмээн төсөлд тусгасан гэлээ.
 
Өнөөдөр улсын хэмжээнд 72 улсын өмгөөлөгч ажилладаг бөгөөд дунджаар 800 мянган төгрөгийн цалинтай аж. Ийм болохоор улсын өмгөөлөгчөөр ажиллах хүн олдох нь ховор байдаг гэж Төрийн нарийн бичгийн дарга хэллээ. Шинэ хуулийн төсөлд улсын өмгөөлөгчөөр ажиллах хүний цалинг шүүх, прокурортой дүйцүүлэх итгэлцүүрээр Засгийн газар тогтоох байдлаар саналын томьёолол боловсруулан оруулж байгаа. Энэ асуудал дэмжигдвэл улсын өмгөөлөгчид 1.5-2 сая төгрөгийн цалин авах боломж бүрдэнэ гэлээ.
 
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн болоод дэмжээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Ингэхдээ хуулийн төслийн зарим заалтыг илүү нарийвчлан тодорхойлохыг хуралдаан даргалагчийн зүгээс чиглэл болгосон юм.
 
Д.Жавзандорж, Н.Онон нарыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо
 
Мөн хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай саналаа 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.
 
Нэр дэвшигчдийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа.
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Галаарид, Ж.Соёл-Эрдэнэ нарын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэгт заасны дагуу түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Д.Жавзандорж, Н.Онон нарыг нэр дэвшүүлж, УИХ-д өргөн мэдүүлсэн байна.
 
Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хүүхдийн эрхийг хамгаалах, соёл урлагаар дамжуулан хүмүүжил олгох, үндэсний соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах талаар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, одоогийн нөхцөл байдлын талаар, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нийгмийн аль бүлэгт чиглэсэн нэвтрүүлгийн бодлогод анхаарч ажиллах талаар, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх чиг үүргээ бүрэн биелүүлж ажиллаж чадах эсэх талаар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан гэлээ. 
 
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн гол чиг үүрэг бол ард түмнийг соён гэгээрүүлэх асуудал тул иргэдийн хөдөлмөр эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэх ухамсар, соёлыг төлөвшүүлэх бодлогыг баримтлах талаар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хүүхэд, залуучуудыг соёл урлагаар дамжуулан хүмүүжүүлэх, үндэсний соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, залуу үед эрүүл мэнд, хүмүүнлэгийн боловсролыг олгоход анхаарч ажиллах талаар, УИХ-ын гишүүн Н.Энхболд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, шаардлагатай бол холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах шаардлагатай талаар, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт болон Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсох, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, хариуцлагажуулах талаар, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз улс төрийн нөлөөллөөс ангид ажиллах, олон нийтийн дуу хоолойг илэрхийлэх талаар саналаа илэрхийлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Д.Жавзандорж, Н.Онон нарыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Д.Жавзандорж, Н.Онон нар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдлоо. 
 
Түүнчлэн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Б.Галаарид, Ж.Соёл-Эрдэнэ нарыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөллөө.
 
Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томиллоо
 
Дараа нь Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. 
 
Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийг үндэслэн Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комиссоос сонгон шалгаруулсан Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулах санал ирүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ хэмээн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан юм.
 
Тэрбээр, Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 25-ны 10 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журмын 2 дахь заалтад  “…төрийн албан хаагчийн төлөөлөлд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн, дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг Төрийн албан хаагчийн төлөөллөөс сонгон шалгаруулна” гэж заасан.
 
Нэр дэвшигч Цэнддаваагийн Амартөгс нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эдийн засагч мэргэжилтэй, төрийн удирдлага болон бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, төрийн албанд 21 жил, удирдах албан тушаалд 14 жил /эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 13, тэргүүн түшмэлийн албан тушаалд 1 жил/ ажилласан туршлагатай. Цэнддаваагийн Амартөгс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын даргаар ажиллаж байсан бөгөөд одоо Төрийн албаны зөвлөлд хэлтсийн дарга, Ажлын албаны даргын албан тушаалыг хашиж байна.
 
Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комиссоос сонгон шалгаруулсан Ц.Амартөгсөөс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, төрийн жинхэнэ албанд тушаалд түр орлон гүйцэтгэгчээр шууд томилон ажиллуулж байгаа асуудлын талаар асуулт асууж, хариулт авсан бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, Ж.Мөнхбат нар нэр дэвшигчдэд хандан үг хэлж, дэмжиж буйгаа илэрхийлсэн болно гэлээ.
Нэр дэвшигч Ц.Амартөгсийг Төрийн албаны тухай хуульд заасан болзол шаардлагыг хангасан гэж үзэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулах нь зүйтэй гэсэн саналыг дэмжсэн гэж танилцуулгадаа дурдсан.
 
УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томиллоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.