sonin.mn
МАН хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэл хийхээ зарласан бөгөөд энэ сарын 6-нд болох  30 дахь Их хурлаараа тусгайлан хэлэлцэхээр болсон. Үүнтэй холбогдуулан хүний эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт  бодлогыг олон нийтэд танилцуулах цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны дарга Б.Гомбо  болон хүний эрхийн чиглэлээр олон талт судалгааг хийж ажилласан хуульч, судлаачдын төлөөлөл өчигдөр  ахмадуудтай уулзлаа.
 
 
 
Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “МАН-аас санаачлан хэрэгжүүлж байгаа дэвшилтэт олон бодлогын нэг нь хүний эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах хөтөлбөр. Энэ хэлэлцүүлэгт ахмадуудаа урьсан нь учиртай. Та бүхний маань өнгөрсөн хугацаанд төр, нийгмийнхээ төлөө зүтгэж, өнөөдрийн Монгол Улсыг бүтээхэд оруулсан гавьяаг хойч үе үнэлж, хүндэтгэж, залгамж чанарыг алдагдуулахгүйн төлөө бодож, хичээж явдаг. Ялангуяа  МАН засгийн эрх барьж байх хугацаандаа ахмад үеийнхээ бүтээж, бий болгосон бүхнийг олон нийтэд зөвөөр ойлгуулж таниулах, улмаар хоногшуулж нутагшуулахад онцгойлон анхаарч явдгаа та бүхэндээ хэлмээр байна. МАН сүүлийн хоёр удаагийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцсон. Эдгээр сонгуулийг амжилттай удирдан зохиож байгуулж, анхан болон дунд шатны сонгуульд ахмадуудын маань оруулсан хувь нэмэр их. МАН энэ дараалсан ялалтаа зөвхөн гишүүдийнхээ баяр бахдал болгохоос илүү Монгол Улсад хөгжил дэвшлийг авчрах, цаашлаад монгол хүний хөгжлийг бий болгох, чинээлэг амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломж болгож гэж хувиргахын төлөө  хичээн зүтгэж ажиллаж байна. Нөгөөтэйгүүр нэг нам дангаар засаглахын ач холбогдол маш өндөр байдаг гэдгийг Монголынхоо ард түмэнд ойлгуулж, тэднийхээ итгэл, хүндлэлийг авах нь бидний нэн тэргүүний зорилт юм. Үүний үндсэн дээр МАН засгийн эрх барих хугацаандаа илүү төвлөрөн ажиллаж байна. 
Үүний хүрээнд олон нийтээс болон МАН-ын гишүүд дэмжигчдийн зүгээс ирүүлсэн саналд үндэслээд нийгэмд тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлыг барьж авч, ажил хэрэг болгох нь бид бүхний томоохон даалгавар гэж үзэж байна. Олон нийтийн дунд явуулсан социологийн судалгаа, намын гишүүдийн дунд  өрнүүлсэн хэлэлцүүлэг, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан баг 21 аймаг, есөн дүүргээр ажиллах явцад гарсан санаачилга, саналуудад үндэслэн томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байна гэж ойлгож болно. Энэ зорилт маань өнөөгийн нийгмийн амьдралаас гарч ирсэн, яг өнөөдөр та бидэнд учирч байгаа хүндрэлтэй зүйлс байгаа юм. Үүний хүрээнд хүний эрхийн асуудлыг нэн тэргүүнд тавьж байна” хэмээн онцолсон.
 
 
 
Монгол Улс ардчилалд шилжээд 30 гаруй жил болсон ч яг хүний эрхийг хамгаалах орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан уу гэдэг асуудал ихээхэн хөндөгддөг. Ижил гараанаас гарсан буюу пост коммунист улсуудтай харьцуулахад Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, бизнесийн эрх зүйн орчныг бүрдүүлж буй байдлаараа харьцангуй өндөр. Гэхдээ яг хөгжилтэй орнуудтай харьцуулахад тэдний хэмжээнд хүрэх болоогүй дүр зурагтай байгаа учраас МАН-аас явуулсан олон талт судалгаагаар хүний эрх манай улсад ямар түвшинд байгаа нь  харагдсан байна. 
 
Тухайлбал, хүний эрх гэдгийг ард иргэд хэрхэн хүлээн авав, хүний эрхийн тухай ярихдаа өөрийнхөө үүргийг хэр зэрэг ойлгож ухамсарладаг юм бэ гэдгийг ч танадаж судалсан. Цаашлаад хүний эрх гэдэг нь өөрөө нийтийн, үндэсний эрх ашгаас дээгүүр юмуу эсвэл нийтийнхээ эрх ашигт нийцүүлсэн хүний эрх байх ёстой юм уу гэх мэтээр олон талаас нь судалсан юм.Үүний үндсэн дээр Монгол Улсад 797 хуулийг мөрдөж байгаагаас процессын болон материаллаг шинж чанартай буюу өдөр тутамд хүний эрхийг зохицуулдаг  318 хуулийг сонгон авч судалсан байна. Эдгээр хуулийн 11900 орчим заалтад дүн шинжилгээ хийж үзэхэд  800 орчим заалт нь хүний эрхийн зөрчилтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс МАН засгийн эрх барьж байх хугацаандаа олон улсын түвшинд хүрсэн, ардчилсан нийгмийн хууль эрх зүйн орчныг бүрэн бүтэн болгох нь зүйтэй гэж үзэж байна. “Хүний эрх гэдэг бол нэг удаад засчих асуудал биш учраас цаг  тутамд, өдөр тутамд, жил болгонд  шинэчилж, сайжруулах ёстой гэж үзсэн учраас эдгээр 800 заалтыг ирэх жилүүдэд засч сайжруулж, цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх нь эрх баригч намын хувьд хийх ёстой маш том даалгавар.
Засгийн эрх барьж байгаа нам сонгуульд дэвшүүлж орсон мөрийн хөтөлбөрөө байнга хянаж, хэрэгжилтэд нь анхаарал тавьж, шат шатанд нь шаардлагаа тавьж  ирсэн. Цаашдаа ч энэ чиглэлд онцгой ач холбогдол өгч ажиллах үүднээс Их хурлаараа тухайлан хэлэлцэх гэж байна.
 
 
 
 
Ахмадуудтай хийсэн хэлэлцүүлгээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор профессор О.Мөнхсайхан, “Отгонтэнгэр” их сургуулийн багш, судлаач Р.Очирбал нар хүний эрхийн төлөв байдал, хууль эрх зүйн орчин, нөхцөлтэй холбоотойгоор хийсэн томоохон судалгааны дүнг танилцуулсан юм. Ингэснээр ахмадууд өөрсдийн байр сууриа илэрхийлж, намын удирдлагуудад  захиа, даалгавраа хүргэсэн юм. Тэдний зүгээс МАН эрх барьж байгаа хугацаандаа хүний эрхийн асуудлыг өндөр түвшинд авч хэлэлцэхээр болсныг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд зогсохгүй өнгөрсөн хугацаанд улс төрийн шалтгаанаар хүний эрх зөрчигдсөн олон тохиолдол гарсныг дурдаж байлаа.
Тухайлбал, Баянгол дүүргийн ахмад настан  Л.Дашбал “Их хурлаар хүний эрхийн асуудлыг онцгойлон авч хэлэлцэх гэж байгаа нь МАН-ын түүхэнд өндөр ач  холбогдолтой санаачилга байсан гэж тэмдэглэгдэх байх. Үүнээс өмнө тусгайлан хэлэлцэж байсныг санахгүй байна. Маш чухал асуудлыг, маш чухал үед гаргаж ирлээ. Манай нам бодлогоо маш зөв авч яваа юм  байна гэж харж байна. Энэ талаар олон ч судалгаа хийж, эрдэмтэн судлаачдаа ч сайн дайчилжээ. Хүний эрх бол төр, иргэний харилцааны асуудал. Тиймээс хүний эрхийн хангалт ямар байгаад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр юм л бол “Хүний эрх зөрчлөө” гэдэг болжээ.  Гэтэл хүний эрх гэдэг хаалтын цаана бусдын эрхийг зөрчих тохиолдол их гарах болсон учраас үүнд анхаараарай. Хаана, хаанаа хариуцлагын асуудал чухал болсон шүү. Товчхондоо хүний эрхийн боловсролд сайтар анхаарах хэрэгтэй” хэмээв.
 
 
 
ХУД-ийн ахмад Д.Совдоо “Хүний эрх гээд ярихаар хэний эрхийг, хэн зөрчсөн гэдэг бодит жишээ ярих нь чухал. Ялангуяа  ахмадуудыг 1937 оны хэлмэгдүүлэлтийг хүлээ гэж бусад улс төрийн намууд илэрхийлдэг нь нууц биш. Гэтэл бид төрөөгүй байсан юм шүү дээ. Энэ мэт жишээ олон бий. Тиймээс хүний эрхийн асуудлыг хөндөж байгаа бол энэ эрхийг гажуудуулсан хүмүүстэй хариуцлага ярих хэрэгтэй” гэлээ.
 
 
 
ХУД-ийн ахмад настан Н.Сосорбарам “УИХ-аар батлан гаргаж буй хуулийг  амьдралд хэрэгжүүлж, хүний эрх талаас нь сайтар тайлбарлан таниулах ажлыг сайн хийх шаардлагатай байна” гэдгийг хэлээд ард иргэд бүх хуулийг цээжлэх албагүй ч шаардлагатай тохиолдолд эрхээ ч, үүргээ ч  мэддэг байх хэрэгтэйг сануулсан юм. Эрх гэдэг бол даврахын нэр биш учраас  эрх тэгш нийгмийг бүтээхэд дан ганц төр, эрх баригч нам биш иргэдийн ухамсар чухал үүрэгтэй гэдгийг ахмадууд тодотгож байлаа.
Түүнчлэн ахмадуудын зүгээс  цахим орчны хөгжилтэй  холбоотойгоор төрийн нэр хүнд унах болсонд сэтгэл дундуур явдгаа илэрхийлж байлаа.  Жишээлбэл, төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүдийг хэн дуртай нь, элдвээр доромжилдог байдал газар авсан учраас цахим орчинд хүний эрх зөрчих явдал гаарсныг сануулаад шаардлагатай зохицуулалтыг хуулийн хүрээнд хийх шаардлага бий гэдгийг  сануулж байлаа.