сонин mn
Монгол Ардын Нам УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө хүний эрхтэй холбоотой хэд хэдэн заалтыг дэвшүүлсэн бөгөөд үүнийг бодит ажил  болгох үүднээс “Хүний эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлого”-ыг хэрэгжүүлэхээ зарласан билээ. Эрх баригч МАН-аас “Хүний эрхийн нөхцөл байдал – тулгамдсан асуудал – шийдвэрлэх арга зам” сэдэвт суурь судалгаануудыг хийж дуусгаад байгаа гэдгээ мэдэгдсэн.Мөн хүний эрхийн чиглэлээр өмнө хийсэн 150 гаруй судалгааг эмхэтгээд  байгаа билээ.
 
 
 
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 797 хууль бий. Үүнээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, өдөр тутмын амьдралд түгээмэл хэрэглэгддэг 318  хуулийн 11 900 заалт нэг бүрийг судалж, 800 заалтаас хүний эрхийн зөрчил байгааг эрх баригч МАН, судлаачдын баг илрүүлжээ. Эдгээр зөрчлүүдийг арилгах, хүний эрхийг шинэ түвшинд гаргах томоохон бодлогыг МАН 30 дахь Их хурлын төлөөлөгчдөөрөө хэлэлцүүлэн бодлогын баримт бичиг баталж, түүнийгээ хэрэгжүүлэх, бодитой үр дүнд хүргэх зорилготой ажиллаж байгаа аж. 
 
 
 
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хүний эрхийг хамгаалж дээдэлдэг, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийн төлөө эрх баригч намын хувьд илүү санаачлагатай ажиллана. Ижил тэнцүү гараанаас гарсан бусад улсуудтай харьцуулахад бид харьцангүй илүү амжилттай яваа мэт боловч яг хүний эрхийг дээдэлсэн, хамгаалсан хөгжсөн нийгэм болж уу гэвэл бас хангалтгүй байна. Ялангуяа хууль эрх зүйн орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлээр тусгагдаагүй зүйлс олон байна. Энэ санаачилга нь эрх барьж буй улс төрийн нам санаачлан эхлүүлэх гэж буй анхны тохиолдол юм. Ингэснээр хүний эрхийг хамгаалж, дээдэлдэг, хуулийн дор ижил тэгш эрхтэй амьдардаг нийгмийг бүтээнэ. Энэ ажил хий хоосон уриа лоозонгийн төдий болох учиргүй. Тийм ч учир МАН хүний эрхийн төлөв байдалд иж бүрэн дүн шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 800 орчим хууль бий. Үүнээс тухайлан зохицуулдаг, өргөн хэрэглэдэг 318 хууль үйлчилж байна. Эдгээр хуулиудын нийт 11 900 орчим заалтыг, заалт  нэг бүрчлэн хүний эрхэд нийцэж байгаа эсэхийг судалж, дүгнэлт хийх ажлуудыг Монголын шилдэг хүний эрхийн хуульчид, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийлээ. Хүний эрхийг зөрчсөн хуулийн 800 заалт бүрийг бид өөрчилнө. Эрх баригч нам хүний эрхийн зөрчлөөс тойрч гардаг байсныг МАН болиулна. Монгол Улс цаашид дэлхийд хүний эрхийг хууль, эрх зүйн орчинд бүрэн хамгаалж чадсан улс гэж цоллогдох боломжийн төлөө бид том амбицтайгаар зүтгэх болно. Энэ бодлогын үндсэн дээр цаашдаа улс төрийн намууд эмнэлэг, цэцэрлэг барихын төлөө өрсөлддөг биш Монгол дахь хүний эрхийн орчин нөхцөлийг сайжруулах, авлига хүнд суртал, хээл хахуультай холбоотой асуудалтай хэрхэн тэмцэх тухайд бодлого гарган өрсөлддөг байхын эхлэл суурийг МАН тавьж байна” хэмээн мэдэгдсэн юм.