сонин mn
О.Цогтгэрэл даргатай АН-аас ирэх оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд АН-ын улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Буяндэлгэр, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа болон иргэний нийгмийн төлөөллүүд оролцов.
 
Тус нам дэргэдээ "Хөгжлийн бодлого, стратеги судалгааны хүрээлэн" байгуулж, З.Нарантуяаг  даргаар нь сонгосон байна.
 
Энэ үеэр З.Нарантуяа: " Коронавирусын тархалтын эсрэг, өвчлөлийг бууруулах, эдийн засгаа унагаахгүй авч явах улс орнуудын үйл ажиллагааг харахад маш эмх цэгцтэй, төлөвлөсөн бодлогууд хэрэгжүүлж байна. Монгол Улсын хувьд бусдын жишигтэй харьцуулахад санхүү мөнгөний хувьд харьцангуй ихийг зарсан боловч эргээд харахадэрүүл мэндийн салбарт, иргэдийн бодит амьдрал дээр эдгээр шийдвэрүүд байгаа оноогүй нь ажиглагдаж байна. Тийм учраас АН-ын зүгээс эрх баригч намд бодлогоо тогтвортой шинэчилж байх, алдаатай бодлогоо засаж залруулах шахалт, шаардлагыг үзүүлж ажиллах хэрэгтэй байгаа. УИХ дахь АН-ын бүлэг цөөхөн гишүүнтэй учир ард нь судалгааны академик байгууллагууд дэмжиж ажиллах шаардлага бий. Энэ хүрээнд олон ажил хийнэ гэж бодож байна. Улстөрийн хүчтэй үйл ажиллагаа явуулах ямар шаардлага байгаа вэ? гэдгийг цөөн хэдэн жишээн дээр хэлье.
 
 
Цар тахлын өвчлөл буурч байгаа хэдий ч өдөр бүр 10 гаруй иргэнийхээ амийг аварч чадахгүй байна. Эрүүл мэндийн тогтолцоо маань иргэдийн хүссэн хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байгаа. 2019 онтой харьцуулахад 2020 оны төсөвт эрүүл мэндийн салбарт зарцуулах хөрөнгийг 3,1 хувиар бууруулсан . Гэтэл төрийн анхаарал, төсөв эрүүл мэндийн салбар руу чиглэж байх ёстой.
 
 
Гэтэл энэ хүнд хэцүү үед эрүүл мэндийн салбарын төсвийг 22,7 тэрбумаар хассан байна. Энэ хэмнэгдсэн мөнгө барилга  байгууламж, хөшөө дурсгал руу буюу тэвчиж болох зардал руу орсон байх жишээтэй. Эдийн засгаа эрчимжүүлэх хуулийн бодлого явж байгаа нь сайшаалтай ч төрийн албаа өргөтгөж, 4 яам, 2 агентлаг шинээр байгуулж, үүнд зориулж 70 гаруй тэрбум төгрөг хувиарлах ямар ч шаардлагагүй. Эрүүл ухаанаар бодоход төр өнөөдөр бүсээ чангалж, хэрэггүй зардлаа танаж байх ёстой байтал эсрэгээрээ төрийн албыг данхайлгаж, хийх гэж байгаа ажлаасаа илүү олон хүнийг төсвийн урсгал зардал шаардсан ажилд байршуулахаар төлөвлөөд байгаа нь үнэхээр оновчгүй байгаагийн нэг илрэл юм." гэв.
 
 
 
 
М.Чойжал