sonin.mn
АНКАРА. /Bloomberg/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган иргэний хөдөлгөөний тэмцэгч, бизнес эрхлэгч Осман Кавалаг суллахыг шаардсан 10 улсын Элчин сайдыг нутаг буцаах шийдвэрээ өөрчилжээ.  
“Al Jazeera” телевизээр мэдээлснээр, Элчин сайд нар суугаа орныхоо дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг дипломат ажилтнуудаас шаарддаг Венийн Конвенцийн 41 дүгээр зүйл заалтыг дагаж мөрдөхөө амлах мэдэгдэл хийсний дараа Туркийн Ерөнхийлөгч зөрчилдөөнийг дууссанд тооцсон байна.  
Элчин сайд нарын шинэ мэдэгдэл нь тэд “манай улсыг гүтгэхээсээ ухарсан” гэдгийг  харуулж байна гэж Эрдоган мэдэгдсэн байна. "Одоо тэд илүү болгоомжтой байх болно" гэж Туркийн Ерөнхийлөгч нэмж хэлжээ.
Өмнө нь Турк улсад суугаа Герман, Дани, Канад, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, АНУ, Финланд, Франц болон Шведийн Элчин сайд нар хамтарсан мэдэгдэл гаргаж, Туркийн эрх баригчдад хандан “Кавалагийн асуудлыг аль болох хурдан, шударгаар шийдвэрлэхийг уриалсан юм. Кавала нь 2013 онд Засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон, 2016 онд Туркт цэргийн эргэлт хийхийг завдсан хэрэгт буруутгагдаж, дөрвөн жил ялгүй шоронд хоригдож байгаа юм.
 
Элчин сайд нарыг Туркийн Гадаад хэргийн яаманд дуудаж, тэдний мэдэгдэл нь дипломат ёсонд харшилж байгааг мэдэгджээ.
Харин Эрдоган Гадаад хэргийн яамандаа Кавалаг дэмжсэн 10 орны Элчин сайдыг нутаг буцаахыг өнгөрсөн бямба гарагт  үүрэг болгосон юм.
Эрдоганы засаг захиргаа Туркийн эдийн засагт учирч болзошгүй үр дагавартай холбогдуулан Элчин сайд нарыг Туркээс хөөхөөс зайлсхийх арга замыг хайж байна гэж "Bloomberg" агентлаг урьд нь эх сурвалжаас эш татан мэдээлж байжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг