sonin.mn
Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргаатай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул иргэдийн төлөөлөл 2021.10.21-нд хүсэлт хүргүүллээ. Байгаль орчны сайд Н.Уртнасан Зүүн гарын говийн дархан цаазат газар гэдэг хуулинд байхгүй нэршлийг бий болгон Хамгаалалтын захиргааг Ховд аймаг руу нүүлгэх шийдвэр гаргасныг нутгийн уугуул иргэд эсэргүүцэж байгаа юм. Дархан цаазат газрын нэрийг хуучин цагт Ардын Их Хурал баталгаажуулан тогтоож өгч байв. Энэ эрх өнөө цагт  УИХ-д л бий. Гэтэл дурын сайд ийм нэр нэршил үүсгэн дархан цаазтай, улсын хил орчмын бүсийн асуудлыг толгой мэдэн шийдэж байгаа нь цаашид ийм завхрал газар авахын эхлэлийг тавьж өгч байгаагаа ноцтой аюул юм. Ер нь Байгаль орчны сайдын энд яригдаж буй тушаал нь:
 
 
-Ковидын үеийн эдийн засгийг сэргээхийн тулд дархан цаазтай, тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал олборлох эрхийг Засгийн газраас өгч болох тухай хуулийн төсөл яригдаж байгаа;  
-Говь-Алтай аймгийн нутаг дахь Наран Сэвстэйн боомтыг нээх тухай асуудал олон жил үе шаттай яригдаж, энэ боомтыг нээвэл Говь-Алтай аймгийн хилийн дагуу болон нутгийн гүн рүү чиглэсэн гурван чиглэлийн хатуу хучилттай замыг хятадын талын хөрөнгө оруулалтаар тавьж, олборлосон ашигт малтмалаа тээвэрлэх төсөл боловсрогдож байгаагийн нэгд нь Бугат сумын нутаг болох Хөвчийн нуруу, Алаг хайрхан хамаарч байгаа; 
-Тахийн тал буюу Бижийн амны сууринг цахилгаанаар хангах, услалтын системийг нь сэргээх, газар тариалангийн талбайг нь сэргээн ашиглах талаар төр засгийн зүгээс анхаардаггүй; хязгаар нутгийг санаатайгаар эзэнгүйдүүлэх, суурьшлын бүсийг холдуулах холын бодлого хэрэгжиж байгаа;
-Тахийн уугуул нутаг Тахийн талаас Хамгаалалтын захиргааг 130 км-ээр холдуулж, мөн Алагхайрханы байгалийн нөөц газрыг хамгаалах асуудлыг хөсөр орхиж байгаа;
-БНХАУ-тай 140 км газраар хиллэдэг, өмнө нь ноолуур, спиртийн хулгайн тээвэр хамгийн ихээр гардаг байсан Бугат сумын хил орчмын бүсийг улам эзгүйрүүлж, хараа хяналтыг бүдэгрүүлж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа; 
-Говь-Алтай аймгийн хэмжээнд олгогдсон ашигт малтмалын 140 гаруй лицензийн цаана ямар хэмжээний баялгийг хэр бага зардлаар хааш нь хурдан түргэн борлуулах вэ гэдэг маш том ашиг сонирхол зайлшгүй гарч ирэх хэтийн төлөв байгаа зэрэг олон хүчин зүйлийн дам нөлөө туссан, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой шийдвэр гэж  үзэж болохоор байгаа юм. Мэргэжлийн хүмүүсийн нарийвчилсан дүн шинжилгээ энэхүү таамгаас хол зөрөхгүй гэдэгт итгэлтэй байна. 
Харамсалтай нь Говь-Алтайгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан энэ асуудлаар Асуулга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд тушаалаа өөрчлөх Шаардлага Байгаль орчны сайдад хүргүүлсэн (Сайдыг тушаалаа өөрчил гэж УИХ-ын гишүүн шаардах ёсгүй) гэдгээ тус тус мэдэгдсэнээс өөр дорвитой алхам хийхгүй байна. 
Алтайн нуруу Өмнөговиос Баян-Өлгий хүртэлх уудам орон зайг эзэгнэн оршдог. Энэ ариун дагшин газрын эрдэнэ баялагт шунасан улс төр, бизнесийн өндөр түвшний мафижсан тогтолцоо, түүнийг турхирагч гадаадын зөөлөн хүчний бодлого, монгол төрийн сул дорой байдал гэсэн гурамсан сүлжээ Алтайн нурууны онгон дагшин байдал  төдийгүй Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай хамаарал бүхий асуудал болоод байна. Алтайгаа ухна гэдэг аавынхаа амийг өөрийн гараар егүүтгэхтэй адил асуудал.  
 
Тийм учраас л Бугат сумын уугуул МУСГЗ, зохиолч Д.Жамъян, МУ-ын гавъяат агрономич О.Дүгэрсүрэн, хурандаа С.Бямбадорж, Д.Батсуурь, Л.Ганболд, дэд хурандаа Г.Доржготов, Г.Лхачинжав, бизнесмен Р.Лхагвадорж, Х.Батбаатар болон миний бие энэ асуудалд анхаарал хандуулж өгнө үү хэмээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүсч байгаа юм.  
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах, уг бодлогыг хэрэгжүүлэх асуудлыг уялдуулан зохицуулах, хяналт тавих нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуулиар хүлээсэн үүрэг учраас тус зөвлөлийн Тэргүүний хувьд  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бидний хүсэлтэд анхааралтай хандана гэж найдаж байна. 
 
 
Урианхан Б.Галаарид
 
2021.10.26.