сонин mn
Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
 
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.10.19) хуралдаан 9 цаг 9 минутад 11 гишүүний ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Засгийн газраас эдийн засгийг сэргээх, нийтийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсэн төдийгүй халдварын эрсдэлийг бууруулах боломжит бүхий л арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж ирсний дотор зорилтот бүлгийн хүн амыг бүрэн, нийт хүн амын 65.5 хувийг вакцинжуулаад байгааг танилцуулгад дурдав. Энэ нь ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 0.4 пунктээр нэмэгдүүлэхээр байгаагийн зэрэгцээ цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар сэргээж, дунд хугацаанд өсөлтийг тогтворжуулахад чиглэсэн төсөв, санхүү, шинэчлэлийн бодлогын багц арга хэмжээг ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг өөрчлөх нөлөөлөлтэй байгааг Сангийн сайд танилцуулсан.
 
 
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамтаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсан хараа 2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээг хэрэгжүүлж, хүүхдийн хуримтлал бий болгоход шаардагдах тогтолцоог бүрдүүлнэ гэж заасан байдаг. “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээг Ирээдүй өв санд төвлөрөх тухайн жилийн орлого, арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлал хэлбэрээр байршуулахаар төлөвлөж, Ирээдүй өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа ба уг төсвийг нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд хамааруулах зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
 
Түүнчлэн 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад оруулах зарим өөрчлөлтийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм. Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад оруулах өөрчлөлтийн талаар Ш.Раднаасэд гишүүн тодруулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн 2021 оны нийт эх үүсвэр 228 тэрбум төгрөг байсан, одоо эх үүсвэрт нь өөрчлөлт оруулж байгаа хэмээн тайлбарласан. Тодруулбал, дотоодын НӨАТ-ын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрт тооцдог байсан бол энэ удаа уул, уурхайгаас орох орлогыг нь нэмэгдүүлээд, дотоодын НӨАТ-ын эх үүсвэрийг хассан гэлээ. Урьд нь АМНАТ-ын орлогын 5 хувь Орон нутгийн хөгжлийн санд ордог байсан бол одоо 10 хувь болж нэмэгджээ. Ингэснээр нийт эх үүсвэр  40 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 253 тэрбум төгрөг болж байгаа гэлээ. Хуваарилалтын хувь, өмнө нь Төсвийн тухай хуулиар хүн ам, нутаг дэвсгэрийн алслалт, нягтрал, орон нутгийн хөгжлийн индекс, татварын идэвх, санаачилга гэсэн 4 төрлийн итгэлцүүрээр тооцдог байсан бол шинэ хуулиар 3 итгэлцүүрээр тооцож, хуваарилахаар болсныг тайлбарлав. Ингэснээр аймгуудад өмнө нь хуваарилагдаж байсан хувь хэмжээ буурахгүй гэдэг тайлбарыг Сангийн яамнаас өгсөн.
 
 
Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн сүлжээний өөрчлөлтийн талаар хэд хэдэн гишүүн тодруулга авсан. Төрийн албан хаагчдын 60-70 хувь нь эрүүл мэнд, боловсролын салбарт байдгийг Л.Энх-Амгалан сайд хэлсэн. Боловсролын салбарын тухайд энэ жилийн төсвийн шинэчлэлийн хүрээнд хувьсах зардал дээр өөрчлөлт орж байгаа гэдэг хариулт өглөө. Тодруулбал, өмнө нь боловсролын хүртээмжийн асуудалд ихээхэн анхаардаг байсан хандлагыг өөрчилж, чанарт анхаарал хандуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Сурагчийн, багшийн, сургуулийн чанар болон амжилтын дэвшлийг үндэслэж гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу шилжүүлэх болно гэлээ. Боловсролын салбарын ажилтнууд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн авдаг цалин буурахгүй, харин хувьсах зардлын шинэ өөрчлөлтөөр урьд нь цалин дээрээ нэмж авдаг байсан орлого, үр дүнгийн урамшууллууд цалингийн нэг хэсэг болж нэмэгдэх бололцоо нээгдэж байгаа юм байна. Цаашдаа, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу шилжих болно гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд тайлбарласан.
Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, төрийн өмчит компаниудаас авахаар төлөвлөсөн ноогдол ашгийн талаар болон НӨАТ-ын хувь хэмжээ, буцаан олголтын талаарх бодлогын талаар тодруулж, Сангийн сайдаас дэлгэрэнгүй хариулт авсан. Нийт 50 мянга орчим төрийн үйлчилгээний албан хаагчдын гүйцэтгэдэг зарим төрлийн ажил, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр холбогдох тооцооллыг хийсэн байгааг Ц.Сандаг-Очир гишүүн тодотгоод, энэ арга хэмжээний зохион байгуулалт, үр нөлөөний талаар лавлав. Засгийн газар эдийн засгийн хүндрэлтэй, цар тахлын нөлөөлөлтэй ийм цаг үед нэг ч албан хаагчийг ажилгүй болгох эрсдэлтэй алхам хийхгүй гэдгийг Сангийн сайд хэллээ. Дээрх тооцоолол, мэдээлэл нь дунд болон урт хугацааны зорилго, хөдөлмөр эрхлэгчид хамгийн ээлтэй байх загварыг сонгож, бодлогын шинэчлэлийг эхлүүлнэ гэдгийг онцлон тайлбарласан. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төсвийн зардал, Засгийн газрын өрийн хэмжээний талаар байр сууриа илэрхийлж, алт, зэс, нүүрсний борлуулах үнийг багаар төсөөлж, төсвийн орлого бүрдүүлэх тооцоог дутуу төлөвлөж байгааг шүүмжилсэн. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, Б.Жавхлан сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм.  
 
 
Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, төслүүдийг дэмжиж байгаагаа Д.Тогтохсүрэн гишүүн илэрхийлээд Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг өмнө нь тэгшитгэн хуваарилдаг байсныг өөрчилж буйг дэмжиж байгаа гэлээ. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аймагт байгаль орчны нөхөн сэргээлт хийж иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогоос тодорхой хэсгийг тухайн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа аймгуудад нэмэлтээр тус тус хуваарилахаар өөрчлөлт оруулж байгаа нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас сумдын Орон нутгийн хөгжлийн санд хийх шилжүүлгийн суурь дүн 30 хувь байсныг 50 хувь болгон нэмэгдүүлсэн гэдгийг онцоллоо. Төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хангахад тал бүрдээ анхаарах шаардлага байгааг Ж.Батжаргал гишүүн тэмдэглэсэн. Үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний худалдан авалтыг дэмжих, зах зээлийг нь хамгаалах, борлуулалтыг дэмжих чиглэлд төр засгаас анхаарах, бодлогын арга хэмжээ авах шаардлага байгааг тэрбээр хэлж байлаа. Түүний энэ байр суурийг Х.Булгантуяа гишүүн дэмжиж, цар тахлын энэ хүнд нөхцөлд бизнес, аж ахуй эрхлэгчдээ дэмжих шаардлагатай, төрийн худалдан авалтыг дотоодоосоо хангах бодлогыг авч хэрэгжүүлэх хүлээлт бий. Харин төслүүд дээр энэ талаар огт дурдаагүй байгааг хэлж, цаашид энэ чиглэлээр бодлогын түвшинд зорилт тавьж, арга хэмжээ авч ажиллах шаардлагатай гэдэг саналыг хэллээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Сандаг-Очир, Б.Пүрэвдорж нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ийнхүү гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулж үг хэлсний дараа санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 9 нь 69.2 хувийн саналаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
 
Төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв
 
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн 25 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 3 тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Энэ хуулийн 20.1, 20.2-т заасны дагуу хууль, тогтоолын төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авах үндэслэлээ тусгасан албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авсанд тооцно” гэж заасны дагуу Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг татан авсан гэдгийг танилцууллаа. Ингээд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа.
 
Засгийн газар ирэх оны төсвийн жилд гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг бий болгох, шинэчлэл хийхээр  төлөвлөөд байгаа аж. Энэ хүрээнд гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс шаарддаг баримт бичгийн тоог бууруулах, биет үзлэг, шалгалтын давхардлыг арилгах, барааг улсын хилээр шуурхай нэвтрүүлэх зорилгоор хилийн мэргэжлийн хяналтын албыг гаалийн байгууллагатай нэгтгэхээр төлөвлөжээ.  
Үүнтэй холбогдуулан Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ургамал хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувиргасан амьд организмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг тус тус боловсруулсан байна.          
 
 
Эдгээр хуулийн төсөл батлагдсанаар гадаад худалдаа эрхлэгчийн гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллагад бүрдүүлэн өгөх бичиг баримтын тоо буурч, тэдний улсын хилээр нэвтрүүлэх бараа бүтээгдэхүүний үзлэг шалгалтыг нэг дор, түргэн шуурхай хийх боломж бүрдэнэ. Улмаар бараа бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрэхэд шаардагдах цаг, зардал буурч, бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болно хэмээн тооцжээ.
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүд болох “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээ хэрэгжүүлж, хүүхдийн хуримтлал бий болгоход зарцуулах тогтолцоог бүрдүүлнэ гэж тус тус заасан. Энэ дагуу нийгмийн халамжийн тогтолцоогоор дамжуулан олгож байгаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг “Хуримтлалтай Монгол хүүхэд” хөтөлбөрт шилжүүлэхээр тооцож, Нийгмийн халамжийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсон тооцох тухай, Ирээдүй өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүй өв сангийн 2022 оны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг мөн боловсруулныг Сангийн сайд танилцуулсан.
 
Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг 2021 онд эхлүүлсэн бол 2022 оноос боловсрол, соёл урлаг, нийтийн биеийн тамирын байгууллагыг санхүүгийн хувьд хагас бие даалгаж, үр дүн, чанар, бодит гүйцэтгэлд үндэслэн санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
Төрийн албаны тухай хуульд төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан.  Ийнхүү төрийн үйлчилгээний албан хаагчийн цалинг хатуу тогтоосноор тэдэнд гүйцэтгэлийн үр дүнгээр нь тооцож үндсэн цалинг нь нэмэгдүүлэх асуудал хязгаарлагдаж байгаа тул Төрийн албаны хуулиар эдгээр албан хаагчдын цалингийн доод хэмжээ, сүлжээг батлах эрхийг Засгийн газарт өгөх зохицуулалт хийх замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж холбогдох төслийг боловсруулсан байна.
 
Хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх зураглал, жишиг тарифыг нарийвчлан тооцож санхүүжилтийг 2022 оноос оновчтой хуваарилах зорилгоор холбогдох зохицуулалтыг багтаасан журмуудыг хүүхэд хамгааллын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах шаардлагатай байгаа тул Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч  санхүүжилтийн үр ашиг, үр дүн дээшилнэ хэмээн шүсэн байна.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлж зорилгоор Зээлийн батлан сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газар давхар даатгалын компанийг үүсгэн байгуулагчийнхаа хувьд төрөөс оруулах хувь нийлүүлсэн хөрөнгө болон даатгалын хохирлыг нөхөн төлөхөд зориулсан Алдагдлаас хамгаалах санг бүрдүүлэн ажиллаж байна. Энэхүү зохицуулалт нь шинээр байгуулагдсан компанийг санхүүгийн хувьд тогтворжих хүртэл Засгийн газраас үзүүлж байсан дэмжлэг үзүүлж байсан бөгөөд тус компанийн санхүүгийн тайлангаас харахад сүүлийн 4 жилд нийт 16.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Иймд даатгагчийн эрсдэл хүлээх түвшнээс давсан эрсдэлийн дээд түвшин дэх давхар даатгалын хураамжийг Давхар даатгалын компанид өөрт нь хариуцуулах зорилгоор Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэв. Түүнчлэн 2022 оны төсвийн жилээс боловсролын шинэчлэлийг ирэх онд хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Боловсролын ерөнхий газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зохицуулалтаар хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийг өөрчлөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн судалгаа, хөгжлийн газар болгон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд тус тус байгуулахаар төлөвлөж, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулсан байна.  
 
 
Засгийн газрын гадаад зээл, тусламж авах, хэлэлцээр байгуулахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах, мөн гадаад улс, олон улсын байгууллагаас авах өрийн хэрэгсэл болон зээл тусламжийн хөрөнгийг авч ашиглах зориулалт нэмэгдсэн тул Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулснаа Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Түүнчлэн Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг /Цаашид “стратегийн баримт бичиг” гэх/-ийн зорилтуудыг үндэслэн Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 74 дүгээр тогтоолоор “Төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн засаглал, ногдол ашиг төвлөрүүлэх бодлогыг боловсронгуй болгож төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн талаарх эрх зүйн орчныг шинэчлэх хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаас өмнө өргөн мэдүүлэх”, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн 5.2.19-т “Төрийн компанийн засаглалыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэн, өмч хувьчлалыг үе шаттай, үр дүнтэй явуулна” гэж тус тус заасныг үндэслэн “Төсөв батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зохицуулалтын хуваарилалтыг оновчтой болгох зорилгоор Төсвийн тухай болон Газрын тосны тухай хуулийн нэр томьёоны зөрүүг арилгахаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан байна.
 
Сангийн сайд Б.Жавхлангийн танилцуулсан илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж, Ж.Батжаргал, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, Сангийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн 25 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 3 тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх санал хураалтыг нэгбүрчлэн явуулсан. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын даргын 2021 оны 82 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар тус ажлын хэсгийг  ахалж ажиллах бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Т.Аубакир, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Х.Булгантуяа, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганбат, Б.Жаргалмаа, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, М.Оюунчимэг, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Ц.Цэрэнпунцаг, С.Чинзориг, Б.Энхбаяр нар ажиллах юм байна. Дээрх ажлын хэсгийн үйл ажиллагаа Төсвийн байнгын хорооны гишүүдэд нээлттэй байх тул Байнгын хорооны гишүүд идэвхтэй хамтран ажиллахыг Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар урив. Үүгээр Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.