сонин mn
Ийм лут бүтээлийн цаана гарсан эрхэм хоёр шавь Н.Доржсүрэн, Ж.Оргил-Эрдэнэ нарт багшийн зүгээс халуун талархал дэвшүүлье! Номын хур буух болтугай! Хэсгээс нь Weekend-ээр baabar.mn; sonin.mn сайтад тавьж сонирхуулна–гэснээрээ номын хэсгээс уншигчиддаа хүргэе.
   
    Д.Баярхүү
 
 
 
 
 
 
 
 
 
Төв Ази, Зүүн хойд Ази, Алс Дорнод, БНХАУ, ОХУ-ыг дамнасан уулзвар цэгт орших Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий газар зүйн байршил нь их гүрнүүдийн анхаарлыг гарцаагүй өөртөө татдаг. Түүхэн үүднээс авч үзвэл Монгол Улс нь хэдийгээр АНУ-ын уламжлалт холбоотон биш боловч бүс нутгийн Хятад, Орос, Япон зэрэг орнуудын Зүүн хойд Ази дахь стратеги, бодлогод олон арван жил чухал орон зайг эзэлсээр ирсэн юм. 
ЗХУ-ын дагуул улс гэгдэж байсан, далайд гарцгүй Монгол Улс нь 70 жилийн түүхтэй социалист дэглэмээ устгаж, чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжиж, ардчиллын үнэт зүйлсийг нэвтрүүлэх үйл явцыг нэгэн зэрэг хэрэгжүүлсэн нь “Хүйтэн дайн”-ы дараа үлдсэн цорын ганц дэлхийн хүчирхэг гүрэн болох АНУ-ын анхаарлыг татах болж, Монгол руу чиглэсэн бодлогоо идэвхжүүлэх болсон билээ. 
 
Азийн хөрш орнуудынхаа эдийн засгийн хөгжлөөс тусгаарлагдмал байдалтайгаар олон долоон 10 жилийг туулсны дараа 1990 оноос Монголын бодлого боловсруулагчид сая нэг эдийн засгийн шинэчлэл хийх замаар үсрэнгүй хөгжиж буй Азийн бүс нутгийн зах зээлтэй интеграцад орсноор дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж, үр шимийг нь хүртэх боломжтой хэмээн тооцоолсон юм.
 
Гэвч тэдний хувьд хамгийн чухал нь үндэсний улс төрийн аюулгүй байдлаа хадгалах асуудал байсан бөгөөд хөрш хоёр орныхоо аль нэгэнд аюулгүй байдлаа даатгаж ирсэн уламжлалт бодлогоосоо салах нь шинэ боловч эрсдэлтэй алхам хэмээн үзсэн байдаг. Тиймээс Монгол Улс энэ үеэс эхлэн “Гуравдагч хөршийн бодлого” хэмээх гадаад бодлогын шинэ үзэл баримтлалыг хөгжүүлэх болсон юм. Энэхүү стратеги нь анх АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жэймс Бэйкэрийн 1990 онд Монголд хийсэн айлчлалын үеэр танилцуулагдсан бөгөөд Монголын хоёр хөрш орон болох Хятад, Оросын зүгээс Монголын гадаад болон дотоод улс төр, эдийн засагт өөрийн нөлөөг тогтоох гэсэн бодлогыг тэнцвэржүүлэх арга зам хэмээн тодорхойлогдсон юм. 
Өнгөрсөн жилүүдэд “Гуравдагч хөршийн бодлого” нь АНУ, Япон, Өмнөд Солонгос, Британи, Герман зэрэг өрнө дорнын аж үйлдвэржсэн орнуудтай харилцаагаа бэхжүүлж, эдгээр орнуудаас зах зээлийн эдийн засгийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх замаар дэлхийн эдийн засагтай холбогдохыг зорьж буй Монголын эдийн засгийн шилжилтийн үйл явцыг хурдасгах үндэс суурь болсон уян хатан бөгөөд олон тулгуурт бодлого болон төлөвшжээ. “Гуравдагч хөршийн бодлого” нь 2010 оноос хойш утга агуулгын хувьд өргөжиж дахин тодорхойлогдсон бөгөөд ингэснээр Энэтхэг, Бразил, Кувейт, Турк, Мьянмар, Иран зэрэг эдийн засгийн төдийгүй соёлын түнш орнуудыг хамруулан ойлгох болсон. Гэсэн хэдий ч Монголчууд улс төр, эдийн засгийн аюулгүй байдлын хувьд гадаад худалдааны гол түнш бөгөөд томоохон хөрөнгө оруулагчид болох Хятад, Орос гэсэн шууд хиллэдэг хоёр хөрштэйгөө тэнцвэртэй бөгөөд тогтвортой харилцах нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг үргэлж онцолсоор ирсэн юм. 
 
Монголын бодлого боловсруулагчид 2014 оноос хойш Хятад-Оросын харилцааны дулаарлаас ашиг хүртэх зорилгоор эдгээр орнуудтай харилцах харилцаагаа шинээр томьёолох болсон нь “Хөрш орнуудын гурвалсан хамтын ажиллагаа” байсан юм. Монгол Улс нь ардчилсан хувьсгалын эхний 10 жилд шилжилтийн үйл явцыг цаашид идэвхжүүлэхийн тулд гадаад орнуудын бодит хөгжлийн тусламжид найдахаас өөр аргагүй амаргүй он жилүүдийг даван туулсан байдаг. Шинэ Мянган Монгол Улсаас гадаадын мэргэжилтнүүдийн зөвлөмжөөр макро эдийн засгийн бодлого, төлөвлөлтөө шинэчилж, эрдэс баялгийн салбараа гадаадын хөрөнгө оруулалтад тулгуурлан хөгжүүлэхийг шаардах болсон. Дэлхийн банкнаас 2012 онд “Монгол Улс нь эрдэс баялгийн арвин их нөөцийнхөө олборлолтод тулгуурласан үсрэнгүй хөгжлийн зааг дээр байна” хэмээн зарласан юм. Монголын эдийн засгийн өсөлт 2011 онд 17.3 хувь, 2012 онд 12.3 хувь (2010 онд 6.1 хувьтай байсан)-д тус тус хүрч огцом өссөн нь олон улсын эдийн засаг, санхүүгийн бодлого боловсруулагчдын анхаарлыг ихээр татах болж, зогсолтгүй өсч буй Хятадын эдийн засагт хэрэгтэй байгаа гол түүхий эдээр тогтвортой хангаж, мөн цаашлаад Япон, Солонгосын хөгжингүй зах зээлтэй холбогдох зэрэг Монголын боломж чадавхийг судалж мэдэхийг хүсэх болсон. 
Сүүлийн жилүүдэд Торгоны замын санаачилгууд хэмээн нэрлэгдэх болсон бүс нутгийн эдийн засгийн болон дэд бүтцийн олон талт хамтын ажиллагааны стратеги бодлогуудын нөлөөгөөр эрчимтэй идэвхжиж буй Евразийн интеграцчлалыг дагаад Монгол Улсын олон улс дахь нэр хүнд мөн өсөх болов.  Дэлхийн зах зээл дээрх олборлох салбарын түүхий эдийн үнийн тогтворгүй байдал, Хятадын эдийн засгийн удаашрал болон Монголын гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчны тогтворгүй байдал зэрэг хүчин зүйлсийн улмаас сүүлийн жилүүдэд Монгол Улс нь дотооддоо хэмнэлтийн он жилүүдийг туулж байгаа ба үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол мөн буураад байна. 
Хэрвээ судлаач ажиглагчдын зүгээс Монгол Улс хаашаа явж байна вэ хэмээн асуувал тэдэнд магадгүй Монгол Улсын ардчилсан улс төр, эдийн засгийн тогтолцоонд өнөөг хүртэл тулгарч буй тэрхүү ойлгомжгүй нөхцөл байдлыг үнэлэхэд амаргүй байх болов уу. Америк зохиогч миний хувьд анх 1975 онд коммунизмын үеийн Монгол Улсад хөл тавьж байсан. Улмаар 1987 онд АНУ-Монгол Улсын хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоохын өмнө буюу 1985-1986 онуудад Токио хотноо өрнөж байсан урьдчилсан шатны яриа хэлэлцээнд оролцож байсан бөгөөд үүнээс хойш сүүлийн 30 жилийн турш Монголын гадаад, дотоод асуудлыг тогтмол ажигласаар ирлээ. 1990-ээд оны эхээр Улаанбаатар хотноо АНУ-ын ЭСЯ-нд дипломат ажилтнаар томилогдон ирээд байхдаа С.Зориг, Ц.Элбэгдорж нарын монгол залуусын тэргүүлсэн ардчилсан хөдөлгөөний гудамжин дахь тайван жагсаал цуглааны сүүлийн саруудыг нүдээрээ үзсэн юм. Энэхүү жагсаалын үр дүнд 70 жилийн турш төрийн эрхийг барьж ирсэн коммунист Засгийн газар огцорч, улс төр, эдийн засгийн тогтолцоогоо бүхлээр нь өөрчлөн шинэчлэх ардчилсан хувьсгалын он жилүүд эхэлсэн билээ. 
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд дипломатч, бизнесч эмэгтэй, судлаач, тоймчийн хувьд Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төрийн болон иргэний нийгмийн салбарын бодлого боловсруулагчидтай сайн танилын харилцаатай болжээ. Монголын асуудлыг авч үзэх энэхүү гүн гүнзгий бөгөөд өргөн хүрээний ойлголт маань миний өөрийн нэрлэснээр “Чонын стратеги” гэгдэх Монголын орчин үеийн гадаад бодлогын онцлог хэлбэр шинж бүхий томьёоллын талаарх бодит бөгөөд олон талт судалгааг хийхийг оролдоход хүргэсэн юм. 1990 оноос хойших өөрчлөлт шинэчлэлтийн эхний 10 жилийн дотор миний бие Монгол Улсад судалгаа шинжилгээ, бизнесийн төслийн шугамаар ойролцоогоор 15 удаа зорчсон байдаг ба энэхүү аяллын төлөв маань шинэ мянганд ч мөн адил давтамжтайгаар үргэлжилсэн юм. Эдгээр аяллын туршлага маань өнөөгийн харьцангуй эмх замбараагүй мэт харагдах ардчилсан нийгэмтэй Монгол болон социалист ертөнц дэх хүнд хэцүү үеийг туулсан Монгол орны аль алиныг нь нүдээрээ үзэж харьцуулан дүгнэлт хийх боломжийг надад олгосон билээ.
 
Орчин үеийн монгол судлаачдад тулгарч буй нэг сорилт бол бодит үндэслэл бүхий нарийвчилсан дүн шинжилгээ хийхийн тулд социализмын үеийн судалгааг бүхлээр нь үгүйсгэхгүйгээр хувийн чанартай мэдээ, баримт сэлт бүхий шинэ эх сурвалж, технологийг хэрхэн судалгаандаа нийцүүлэн ашиглах арга замыг олох явдал юм. Миний бодлоор өнөөгийн ардчилсан Монгол Улсыг судалж буй гаднын ихэнх судлаачдын гаргадаг түгээмэл алдаа бол тус улсын түүхийн талаар үнэн бодит ойлголт муу байгаатай холбоотой. Тиймээс тэд ихэвчлэн тодорхой нэг зурагт тайлбар өгч байгаа мэт тухайн үеийн анхаарал татсан үйл явдлуудад дүн шинжилгээ хийж, мэдээлэх хандлага түгээмэл байдаг. Энэ төрлийн судалгаа шинжилгээ нь Монголын асуудал бэрхшээлийг улам том харагдуулж, бодит ололт амжилтыг нь бууруулж байдаг. Ардчиллын эрин үеийг эхлүүлэхэд нөлөөлсөн түүхэн хүчин зүйлс, түүний шууд үр дагаврууд гэх мэт орчин үеийн Монголын түүхийн суурь нөхцөлүүдийг бүрэн дүүрэн ойлгохгүйгээр тус улсын ирээдүйн бодлогын талаар таамаглал дэвшүүлнэ гэдэг боломжгүй зүйл юм. 
 
- Үргэлжлэл бий