sonin.mn
Шатахууны нөөц багасав. Оросууд өгөх ёстой шатахууныхаа талыг л өгнө хэмээн айлгаж, Хятадаас авах болонгуут бүр юу ч өгөхгүй хэмээн “шантаажлав”. Бүгд л бухимдаж, хямарч, бас зарим нь шатахууны хомсдол дээр дөрөөлөн улс төрийн шоу хийж байна. Энэ зовлонг монголчууд анх удаагаа ч амсаж байгаа юм биш.  Одоогоос 100 гаруй  жилийн өмнө 1912 оны эхээр Хятадын Тяньжин хотноо ажиллаж байсан Америкийн худалдааны нэгэн пүүсээс  Монгол улсын Богд хаанд  суудлын авто машин нэгийг захиалжээ. Машиныг хөлөөр нь Хүрээний зүг хөдөлгөхөөс хоёр долоо хоногийн өмнө Хаалганаас хэрэгцээт шатахууныг урьдчилан тэмээн хөсгөөр гаргаж, цахилгаан шуудангийн төвийн ойролцоо цэг бүрт 10 галлон /40 орчим литр/ бензин байрлуулж байсан юм гэнэлээ. Энэ үеэс эхлэн Монголчууд шатахуун гэгч зүйлийн эрэлд гарсан. Социализмын үед Орос ах нараасаа хараат байсан  Монгол Улс шатахууны үйлдвэр,  том чадлын ганц  цахилгаан станц бариагүй. Бариагүй ч гэж дээ...Барих боломж олдоогүй биз. Орос ах нар биднийгээ цахилгаан, шатахуун хоёроор гартаа атгаж байхыг, өөрөөрхэлбэл өөрсдөөсөө хамааралтай байлгахаар чөдөрлөж орхисон энэ. Сүүлийн 30 жил Эгийн голын усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станц, 5-р цахилгаан станц зэрэг хэд хэдэн том чадлын станц баригдах болсон ч улс төрчид орж ирж хэрэлдэж, эсвэл оросууд өөрсдөө бойкот тавьж, тендерт ялсан компани нь гэнэт гэрээгээ цуцалж бид ганц том чадлын станц барьж чадаагүй. Улс төрчид хэрүүл ам босгож, хэл ам дэгдээсээр зарим нь бүр баригдах боломжгүй болсон. 
 
Зөвхөн 2011 оноос хойшх найман жилийн хугацаанд газрын тос боловсруулах үйлдвэр барих таван удаагийн шийдвэр байлаа. Харамсалтай нь газрын тос  боловсруулах үйлдвэр баригдах тухай асуудал яригдангуут дахиад л том хэрүүл босдог. “Их мөнгө үрж үйлдвэр барьж байхаар  оросын шатахуун түгээх станцуудыг Монголд оруулж ир” гэж зарим улс төрчид шахдаг, үйлдвэрийн сургаар оросууд үнээ нэмж эхэлдэг. Ойрын энэ зовлонгоосоо салж чадахгүй байсаар, хоорондоо хэмлэлдэж хэрэлдсээр бид өнөөдөртэй золгож байна.
 
У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Дорноговь аймгийн Алтанширээ сумд газрын тосны үйлдвэр байгуулахаар зоригтой хөдөлж, хамтрагчаараа  Орос, Хятадыг бус Энэтхэгчүүдийг сонгосон.
 
Энэхүү төслийн хүрээнд Сайншанд өртөөнөөс үйлдвэрийн байршил хүртэл тус бүр 20 км төмөр замын салаа болон хүнд даацын авто зам барих, мөн цахилгаан дамжуулах шугам тавих ажлыг зохион байгуулах талаар Засгийн газрын 2018 оны 2 дугаар тогтоол гарсан бөгөөд мөн Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт орших 150 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэж, дэд бүтэцийг барьж байгуулаад эхэлсэн. 
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Багануурын 400 Мвт, Эрдэнэбүрэнгийн 90 Мвт, Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт-ын суурилагдсан чадалтай цахилгаан станц тус тус барихаар шийдвэрлэж гэрээ хэлэцээрт гарын үсэг зурсан. Мөн Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар, Дарханы дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар Дулааны 4 дүгээр цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 89 МВт-аар тус тус өргөтгөлөө.   Дорнодын дулааны цахилгаан станцыг 50 МВт-аар өргөтгөх ажлыг эхлүүлээд байна. Өөрөөрхэлбэл Монголчууд цахилгаанаа өөрсдөө үйлдвэрлэж, шатахуунаа өөрсдөө нэрэх гэж оролдож байна. Мэдээж, үүнд Оросууд ч, Хятадууд ч таагүй байгаа. Монголчуудын амин зуулга болно гэсэн итгэл найдвар төрүүлж байгаа Оюутолгойн уурхай зөвхөн 2020 онд 1.4 тэрбум цахилгаан эрчим хүчийг Хятадаас импортоор авсан байна. Өөрөөрхэлбэл 400 орчим тэрбум төгрөг хятад руу урсан орж байна гэсэн үг. 
 
“Ахаа, шатахуунаа битгий тасалчихаарай, манай тогийг салгаж болохгүй шүү. Бид чинь хэцүүднэ ш дээ” гэж гуйж явдаг хүүхдүүд гэнэт эрчим хүч, шатахуунаа бид өөрсдөө үйлдвэрлэнэ гээд эхлэхээр ах нарын дургүй нь хүрч байгаа биз. Оросууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шатахууны крантаа хааж, Хятадууд мөнгөө төлчихөөд байхад өгөх ёстой шатахууныхаа ачилтыг  удаашруулж байна. Үнэндээ тэд дээрэлхэж, бас биднийг басамжилж байна. Монголчууд яаж хэрэлдэж, талцаж, улс төржиж, Засгийн газраа хүртэл огцруулахаар талбай руугаа гарч гүйж байгааг хараад тэд шоолж бас алгаа ташин инээж суугаа. “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорно. Дараагийн Ерөнхий сайд гарч ирэнгүүтээ биднээс айж өнөөх газрын тос боловсруулах үйлдвэр, том чадлын цахилгаан станцууд барих ажлаа зогсооно, тэд дахиад л бидний хараат үлдэнэ” гэдэг тооцоог бүгд л хийж байгаа. Тэд биднийг зодож байна. Бид зодуулчихлаа гэж хоорондоо зодолдож уйлж суух цаг бидэнд байхгүй.  Жижиг асуудлаас гарч чадахгүй байсаар том зовлонд унаж үеийн үедээ бусдын хараат байхыг хүсээгүй л юм бол жаахан тэвч. 
 
Д.Дандархүү