sonin.mn
Овертоны цонх
 
Овертоны цонх гэж юу вэ? Нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй эсхүл нийгмийн цөөнхөд хамааралтай ойлголтыг олонход хүлээн зөвшөөрүүлж хуульчлах арга гэж үздэг. 1990 оны дундуур Америкийн сэтгэл зүйч Жозеф Овертоны боловсруулсан технологи бөгөөд анхны зорилго нь нийгмийн судалгаа, дүн шинжилгээний байгууллагуудын ач холбогдлыг хүлээн зөвшөөрүүлэхэд оршиж байсан гэх. Түүнийг нас барсны дараа тухайн технологийн нийгэмд нөлөөлөх ач холбогдлыг хүчжүүлэхийн тулд Овертоны цонх гэж нэрлэх болжээ. 
Овертоны цонхны мөн чанар нь дурын үзэл санааг олон нийтийн ухамсарт суулгаж, үзэл бодлыг нь өөрчлөх боломжтой гэж батлахыг чармайдагт оршдогт. Маш аюултай технологи юм. 
 
Нийгмийн олонхын хувьд хүлээн зөвшөөрөх нь байтугай сонсоход ч ой гутам төсөөлшгүй зүйлсийг 6 үе шаттай технологи ашигласны дараа нийгмийн стандарт болгох төдийгүй бүр хуульчлах хэмжээнд хүрдэг.   
 
Сүүлийн үед манайд яригдаж эхлээд байгаа энэ олон гаж үзэгдлүүдийг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн оролдлого нь хөгжлөө дагасан жам ёсны үзэгдэл гэхээсээ илүүтэй харийн улс орнуудын улс төр, эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалж байдаг үе шаттай төлөвлөсөн ажлуудын үр дүн юм. Дэлхийн том гүрнүүд жижиг улс орнуудыг өөрсдийн эрх мэдэлд бүрэн оруулж, баялагт нь эзэн суухын тулд тухайн улс орны үндэсний аюулгүй байдлын дархлаа болсон тулгуур багануудыг эвдэх, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх зэрэг боломжит бүх хувилбараар довтолдог. Энэ бүхнийгээ амжилттай хэрэгжүүлэхийн тулд Овертоны цонх гэгч технологийг амжилттай ашигласаар ирсэн. 
 
Овертоны цонх технологи нь: 
1. Төсөөлшгүй
2. Эрс тэс 
3. Хүлээн авч болохуйц
4. Бодлоготой 
5. Стандарт
6. Улс төрийн хэм хэмжээ гэсэн үе шатуудыг дамжин зорилгодоо хүрнэ.
1990 оноос хойш манайд шинээр орж ирж байгаа маш олон нийгмийн үзэгдлүүд Овертоны цонхны тусламжтайгаар хэрэгжиж ирсэн гэдийг жирийн иргэд тэр бүр мэддэггүй. Тухайлбал, жендерийн асуудал, ижил хүйстнүүдийн асуудал, хувийн өмчтэй холбоотой асуудлууд, эрүүл хооллолт, сүлжээний маркетингууд, шашны сектүүд гэх мэт. 
 
Энэ технологи яаж ажилладаг вэ? Манайд маш амжилттай хэрэгжиж байгаа хоёр жишээ татъя. 
 
Нэг: Үеийн үед Монгол улсын үндэсний аюулгүй байдлын гол багана болсон газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангаж байсан уламжлалт дархлааг тэд яаж устгасан бэ? 
 
Иргэдэд нь газрыг нь өмчлүүлэх замаар устгасан. Тэд үүнийгээ үе шаттай хийсэн. 
Түүхэндээ Монголчууд газар зарж байгаагүй. Монгол хүний оюун бодолд ч тийм сэдэл огт байдаггүй байв. 1990-ээд ихээр Монголчуудын хувьд огт төсөөлшгүй зүйлийг тэд ярьж эхэлсэн. Монгол хүн л юм болохоор иргэдийн дийлэнх нь эсэргүүцэж байсан. Харин тэд яриад л байсан. Эсэргүүцлээ илэрхийлж байсан олонх масс залхаад орхисон. Харин тэд ярьсаар л байсан. Ярихдаа хүний хамгийн атгаг муу хүсэл болох шунал дээр нь дөрөөлж маш логиктой кейсүүдээр тархийг нь угаасан. Газар бол жинхэнэ үл хөдлөх эд хөрөнгө. Та өөрийнхөө газрыг зарж болно, банкны барьцаанд тавьж болно, ойр дотны хүмүүстэй бэлэглэж, өвлүүлж болно, бусдын газрыг худалдан авч бүр том газрын эзэн болж болно гэх мэт тархи угаалт сайн хийсэн. Өөрөөр хэлбэл, Овертоны цонхны эхний үе шат маш амжилттай хэрэгжсэн.  
Хоёрдугаар шатанд олонд танигдсан хүмүүс буюу улс төрчдийг ухуулга сурталчилгаандаа ашиглаж эхэлсэн. Тэд хамгийн их мөнгөнд дуртай, шуналтай, урвахад бэлэн улс төрчдийг зорилгодоо ашигласан байдаг.
 
1992 Үндсэн хуулийн Газрын тухай  хэсгийг хэлэлцэж байх үед Газар өмчлөлийн зохицуулалтыг  Үндсэн хуулинд суулгахыг эсэргүүцэж байсан М.Зэнээ, О.Дашбалбар нарын эсрэг Баабар, М.Энхсайхан, С.Баярцогт, Лу.Болд тэргүүтэй ардчилсан намын хэдэн шуналтай залуучуудыг хөдөлгөсөн. М.Зэнээ, О.Дашбалбар нар  хичнээн хашгирсан ч газраа өмчилчихвөл амархан баяжчихаж магадгүй гэж том төөрөлдсөн олонх масс нь тэднийг дэмжээгүй. Овертоны цонх ажилласаар... 
 
Дараа нь тэд эрдэмтэд, салбарын мэргэжилтнүүдийг нь хөдөлгөсөн. Иргэдээ өмчтэй болгож, газрыг жинхэнэ утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн уриатай бүхэл бүтэн бодлогын баримт бичиг, хуулийн төслүүдийг зүтгүүлж эхэлсэн. Тэдний ярьж ухуулсан зүйл нэгэнт өмчлөх нь зөв гэсэн нийгмийн стандарт болчихсон байв. Улмаар 2003 онд Газар өмчлөлийн хуулийг батлуулж чадсан. Гадныхны хэрэгжүүлсэн Овертоны цонх технологи бүрэн ажиллаж, зорилгодоо хүрсэн нь энэ. 
Харин бид яасан бэ? Хожсон уу, хохирсон уу? Бид газраа зардаг болсон учраас газар арилжаа, наймааны хэрэгсэл болсон. Үүнийг нь далимдуулаад төр засаг 2003 оны Газрын тухай хуулинд эзэмшлийн газрыг барьцаалж, шилжүүлдэг болгосон. Энэ зохицуулалтаар эрх мэдэлтнүүдийн газрын наймаа цэцэглэсэн. Ашигт малтмалын хуулинд лиценз нэртэй хуульчилсан хулгайн зохицуулалт хийж өгсөн. Өнөөдөр өмчийн газар зарна гэхээс гадна барилга барих эзэмшлийн газар, уул уурхайн лиценз зарна гэсэн зар сурталчилгаанууд ил тод тавигдах болсон. Үр дүнд нь уул уурхайн лицензийн дийлэнх нь гадныхны мэдэлд очоод байна. 
 
Иргэдийн дийлэнх олонх нь газар  нутгийн бүрэн бүтэн байдал алдагдаж байгаа гол шалтгааныг уул уурхайн замбараагүй ашиглалттай холбон ойлгодог. Үгүй юмаа. Бид эх орон газар  нутагтаа эзэн нь байх эзэн эрхээ алдчихаад байгаа гол шалтгаан нь газар өмчлөлийн бодлогод нуугдаж байдаг. Гадныхан суурийг нь эвдэх замаар алсын зорилгодоо хүрэхээр тооцоолдог. Газар өмчлөлийн хууль хэрэгжсэнээр иргэд газар зарах эрхтэй болно. Бид газраа зарж байгаа учраас алдаж байгаа юм. Иргэн нь өмчийн газраа зарж болдог учраас аж ахуйн нэгж, хувь хүмүүс нь эзэмшлийн газар, уул уурхайн лицензийг зарж болж байгаа юм. Зарж болж байгаа учраас гадныхан эзэн суугаад байгаа юм. Логик нь ерөөсөө энэ. 
 
Одоо асуулт? Овертоны цонх технологи хэний төлөө ажилласан байна вэ? Мэдээж, эздийнхээ төлөө л ажилласан. Тэдэнд хэн үйлчилсэн бэ гэвэл МАН, АН гэсэн 2 улс төрийн хүчин. Хариуцлагыг нь энэ хоёр улс төрийн хүчин үүрэх ёстой. 
 
Хоёр:   Саяхан хотоор дүүрэн ЛГБТТ-ийн сурталчилгаа хадсан самбарууд олон нийтийг маргаанд уриалаад авсан. Сурталчилгааны явц, агуулгыг нь ажвал Овертоны цонх аль эрт ажиллаад эхэлсэн нь илэрхий байна.  
 
2-р шатандаа явж байна. Ижил хүйстэн байх нь нийгмийн шалтгаантай олдмол зүйл биш харин ч жам ёсны төрмөл зүйл бөгөөд нийт хүн амын 10 хүртэлх хувь нь ижил хүйстэн байх магадлалтай нтр гэсэн кейс явж байна. Тэдний зорилго нь маш тодорхой.
 
Монгол улсын хүн амын 10 хувийг ижил хүйстэн болгоно гэсэн зорилго тавьж байгаа юм байна. Удахгүй 3-4 дахь шатандаа тэд олны танил хүмүүсийг сурталчилгаандаа ашиглана. Ижил хүйстэн олон алдартнууд байдаг юм байна гэсэн кейс ажиллана.
 
Дараа нь тэд төрийн байгууллагуудыг сурталчилгаандаа ашиглана. Эцэст нийгмийн салбарын мэргэжилтнүүдээр нь стандарт тогтоолгоод хууль санаачилж баталгаажуулна. Өөрөөр хэлбэл, өөрсдийнх нь гараар могой бариулна. Овертоны цонх ингэж ажилладаг. 
 
Бэлгийн цөөнхийн чиг хандлага төрмөл үү, олдмол уу? Барааны дефект гэдэг шиг манин хүмүүс байдаг л байсан. Монголчууд ч ийм хүмүүсээ өрөвдөж, хүндэтгэлтэй хандаж ирсэн уламжлалтай. Харин энэ бэлгийн гаж чиг хандлага бол олдмол зүйл. Гадныхны зорилтот бодлогын золиос байх нь их. Сэтгэл зүйчдийн хийсэн судалгаа ч байдаг. Цэвэрхэн гудамжинд нэг хүн хог авчраад хаячихвал дараачийн хүн нь энд одоо хогоо хаяад байхдаа яадаг байнаа гэж дургүйцлээ илэрхийлдэг. Гуравдахь хүн нь хэн нэгэн хүн хог хаячихсан байхад би яагаад хаяж болдоггүй юм бэ гэдэг. Дөрөв дахь хүн нь энэ чинь хогийн цэг юм байна гээд л хогоо хаяна. Ижил хүйстний ч асуудал ижил. Ижил хүйстний асуудал олдмол гэдэг нь Өмнөд Солонгос, Хойд Солонгос хоёрын жишээн дээр батлагддаг. Эл асуудлыг хорьж, цензур тавьдаг Хойд Солонгост ижил хүйстэн бараг байхгүй гэж хэлж болно. Харин хүний эрх нтр гэж хамгаалж, сурталчилдаг Өмнөд Солонгост маш их байдаг. Уг нь бол адилхан л Солонгос хүмүүс. 
ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин “ОХУлс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлахыг эсэргүүцэж байгаа нь НҮБ-ийн хүний эрхийн конвенцийн тунхагийг зөрчиж байгаа бус уу? гэсэн барууны сэтгүүлчийн асуултад “Энэ асуудал танайд яаж зохицуулагддаг нь бидэнд хамаагүй. Би орос бүсгүйчүүд хүүхэд гаргадаг байхыг хүснэ” гэж товч тодорхой хариулт өгсөн байдаг. Харин манайд энэ асуудлыг ил тод сурталчилж байгаа нь асуудал нилээд хурцадсаныг илтгэнэ. Энэ талаар ерөнхийлөгчийнхөө албан ёсны байр суурийг сонсох юмсан. 
 
Тэгэхлээр Овертоны цонхыг хэн ажиллуулдаг вэ? Эрх нь зөрчигдөөд байгаа хүмүүс  үү? Огт тийм биш. Нөгөө л НҮБ, Дэлхийн банк, Соросын сан, АНУ-ын элчин сайдын яам зэрэг хуйвалдааны эздийн гар хөл болсон олон улсын байгууллагууд шүү дээ.Тэдний захиалгыг гардан гүйцэтгэгчид нь МАН-ын залуучуудын байгууллага болох НАМЗХ, АН, ХҮН гэсэн улс төрийн хүчнүүд. Хариуцлагыг нь тэд үүрэх ёстой. 
 
Монгол хүний ой тоонд ч байгаагүй энэ мэт гадны бохир бодлогуудаас яаж улс орон, ирээдүй хойч үеэ хамгаалах вэ? Ганцхан зам байгаа нь Үндэсний үзлээ сэргээх буюу жинхэнэ Үндэсний сэхээтнүүдээ төрдөө залахаас л эхлэх байх. 
 
Шагдарсүрэнгийн Гантулга