sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн ээлжит сонгууль болж, МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх ялалт байгуулав. Шинэ Ерөнхийлөгч гурав хоногийн дараа тангараг өргөх гэж байна.
Ийн найм дахь сонгуулиар тодорсон У.Хүрэлсүх Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч болж байгаа юм.
Мөн тэрээр Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зургаан жил суух анхны Ерөнхийлөгч боллоо.
Тэрбээр саналаа өгсөн 1216246 сонгогчийн 823326-гийнх нь саналыг авчээ. Энэ нь сонгогчдын 67.69 хувь нь болж байна.
2021 оны Ерөнхийлөгчийн энэхүү ээлжит сонгуульд У.Хүрэлсүх урьд байгаагүй өндөр санал авч сонгогдов.
Өмнөх долоон сонгуулийн түүхэнд ийм өндөр хувиар ялалт байгуулж байсан Ерөнхийлөгч байхгүй.
Анх 1993 онд МАХН-аас Л.Түдэв, МҮАН, МСДН-аас П.Очирбат нэр дэвшсан. Тэр жил 1025970 сонгогч санал өгсөн. П.Очирбат 592836 буюу 57.8 хувийн санал авч сонгогдсон.
1997 онд МАХН-аас Н.Багабанди, МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо эвслээс П.Очирбат, МУНН-аас Ж.Гомбожав нар нэр дэвшиж, Н.Багабанди ялсан. Тэр сонгуульд 982640 сонгогч санал өгснөөс 597573 буюу сонгогчдын 60.8 хувь нь Н.Багабандийг дэмжиж сонгосон.
2001 онд МАХН-аас Н.Багабанди, АН-аас Р.Гончигдорж, ИЗН-аас Л.Дашням нар нэр дэвшиж өрсөлдсөн. Нийт 1000110 сонгогч санал өгсний 581381 буюу 58.13 хувь нь Н.Багабандид саналаа өгсөн.
2005 онд МАХН-аас Н.Энхбаяр, Эх орон-Ардчилал эвслээс М.Энхсайхан, Эх орон намаас Б.Эрдэнэбат, БНН-аас Б.Жаргалсайхан нар нэр дэвшсэн. Тэр жилийн сонгуульд 930976 сонгогч санал өгсөн. Тэдний 497491 нь буюу 53.43 хувь нь Н.Энхбаярыг дэмжиж сонгосон.
2009 онд МАХН-аас Н.Энхбаяр, АН-аас Ц.Элбэгдорж нэр дэвшиж өрсөлдсөн. 1098875 сонгогч санал өгсөн. 562718 буюу 51.2 хувь нь Ц.Элбэгдоржид саналаа өгч сонгосон.
2013 онд МАН-аас Б.Бат-Эрдэнэ, АН-аас Ц.Элбэгдорж, МАХН-аас Н.Удвал нэр дэвшсэн. Тэгэхэд 1223737 сонгогч санал өгсөн. Тэдний 622794 буюу 50.89 хувийн саналаар Ц.Элбэгдорж сонгогдсон.
2017 онд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар хэр дэвшиж өрсөлдөөд Х.Баттулга ялалт байгуулсан. Энэ сонгууль хоёр шаттай явагдсан. Х.Баттулга хоёр дахь шатны санал хураалтаар 1207787 сонгогчийн 611 226-гийнх нь буюу 50.6 хувийн саналыг авч сонгогдсон.
Харин энэ жилийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нэр дэвшив. Энэ сонгуульд 1216246 сонгогчийн 823326 нь МАН-ын У.Хүрэлсүхийг, 246968 нь ХҮН-ын Д.Энхбатыг, 72832 нь АН-ын С.Эрдэнийг дэмжсэн юм.
Өнгөрсөн сонгуулиуд, ялангуяа сүүлийн хоёр сонгуулиас нэг зүйл ажиглагдаж байна.
 
 
 
2021 оны ялалт 2017 онд ч ирж болох байв. Өөрөөр хэлбэл, М.Энхболдод Ерөнхийлөгчөөр сонгогдох боломж байсан.
 
 
 
МАН, МАХН угшил нэгтэй. Хоёр намын нэгдлийн асуудал 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө хүчтэй яригдаж байлаа. Тэр үед М.Энхболд МАН-ын дарга байв. Гэвч хавраас хойш үргэлжилсэн нэгдэх процесс сонгууль дөхөөд “унаж” орхисон. Тэгээд тус тусдаа сонгуульд оролцсон.
Улмаар жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАН-аас М.Энхболд, МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшив. Харин АН-аас Х.Баттулга гарч ирсэн.
 
 
 
Тэр сонгуулийн санал хураалт болоход 1357788 сонгогчийн 411748 нь МАН-ын М.Энхболдод, 517478 нь АН-ын Х.Баттулгад, 409899 нь МАХН-ын С.Ганбаатарт санал өгсөн байв. Ингээд хоёр дахь шатны санал хураалт гарч, М.Энхболд, Х.Баттулга хоёр өрсөлдөөд Х.Баттулга 1207787 сонгогчийн 611226-гийнх нь саналыг авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
 
 
 
Эндээс “...Хэрвээ М.Энхболд МАН-ын дарга байхдаа МАХН-тай нэгдэж чадсан бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялах боломжтой байсан” гэх дүгнэлтийг судлаачид, ажиглагчид хийдэг.
 
 
Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин