sonin.mn
Барууны эдийн засагт “хэт халалт”- ын шинж тэмдэг мэдрэгдэж эхэллээ. Энэ нь Ковидтой улбаатай, удаан хугацааны “хөл хорио”-ны дараа АНУ, Европт эдийн засаг хурдацтай сэргэж эхэлсэнтэй холбоотой юм. Энэхүү өсөлт сайн уу, муу юу. Томоохон шинжээчид санхүүгийн ноцтой хямрал болж магадгүй талаар ам нээж эхлэв. Эдийн засгийн хэт халалт гэдэг нь эдийн засгийн өсөлтийн хурд тэсрэлттэй, хяналтгүй болж, хувийн хэвшлийн болон төрийн салбарын бүхий л нөөцүүдийг “ховх сорж” улмаар тогтвортой өсөлт саарч, огцом уналт эхлэх нөхцөл байдал үүсэж байна гэсэн үг юм.
 
 
 
Германы нэрт эдийн засагч Хенрик Мюллер барууны орнуудад санхүүгийн хямрал ойртож байгаа гэдэгт итгэлтэй байгаа аж. Тэрээр, «Менежер мэгэзин» (Manager Magazin) сэтгүүлд хямралын өмнөх нөхцөл байдлын шинж тэмдгүүд үүссэн талаар тодорхой тайлбарлаж анхааруулжээ.
 
 
 
Хэдийгээр Америк, Европын Төв банкууд болон Засгийн газрууд аливаа нэг хямрал болохгүй, иргэд аж ахуй нэгжүүд тайван байж болно гэж мэдэгдэж байгаа хэдий ч эдийн засагт “халалт”-тай холбоотой олон баримт дурдаж болохоор байгаа юм. Үүний эхний шинж тэмдэг нь инфляцын өсөлт бөгөөд энэ нь цаашид даамжирвал санхүүгийн хямралд хүргэх аюултай.
Цаашид дэлхийн эдийн засаг хэрхэн өрнөх талаар хоёр хувилбар бий гэж Мюллер бичжээ. Эхнийх нь өөдрөг хувилбар. Томоохон банкууд, засгийн газруудын сурталчилж байгаагаар удахгүй санхүүгийн зах зээл "хэвийн байдал"-даа эргэж орно. Короновирусийн улмаас барууны орнуудын эдийн засаг ихээхэн суларсан тул банкуудад засгийн газрын дэмжлэг асар их шаардлагатай гэж тэд үзэж байгаа юм. Инфляцын түвшин улам бүр нэмэгдэж байгаа боловч Eвропын Төв Банкны Ерөнхийлөгч Кристин Лагард энэ нь түр зуурын үзэгдэл гэж олон нийтийг тайвшруулж байна. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн(Төв банк) тэргүүн Жером Пауэлл ч мөн түүнтэй ижил байр суурь илэрхийлж буй. Тэрээр, "бүх асуудал удахгүй, хэвийн байдалдаа очно”, “инфляц түр зуурынх бөгөөд шинэ ажлын байр олноор бий болгосноор түүнийг хазаарлаж чадна” гэж үзэж байна. Лагард, Пауэллийн мэдэгдлүүдийн цаад санаа маш ойлгомжтой.
 
Энэ нь “Ямар ч тохиолдолд эдийн засагт төрийн зүгээс дэмжлэг авах ёстой. Төв банкууд, Сангийн сайд нар цаашид ч их наядаар хэмжигдэх доллар, еврог эдийн засагт нийлүүлэх нь зөв” гэсэн үндсэн санааг илэрхийлж байна. Хоёрдахь илүүтэй анхааруулж болгоомжилсон хувилбар. АНУ-ын Сангийн сайд асан Ларри Саммерс саяхан Атланта хотод болсон төв банкуудын тэргүүнүүд оролцсон бага хурал дээр барууны эдийн засаг хэт халах аюулд орлоо гэж мэдэгдсэн юм. Энэ нь удаан хугацаанд түгжигдэж зогсонги байдалтай байсны дараа АНУ-д эдийн засгийн огцом сэргэлт ажиглагдах болсонтой холбоотой юм. Иргэд бараа бүтээгдэхүүнийг идэвхтэй худалдан авч эхэллээ. Жо Байдены засаг захиргаа зах зээлд мөнгө нийлүүлэх замаар эрэлтийг өдөөж байгаа. Энэ нь АНУ-ын хувьд урьд өмнө хэзээ ч байгаагүй төсвийн том алдагдал бий болгожээ.
Өнгөрсөн жил төсвийн алдагдал ДНБ-ий 16.5% хүрсэн юм. Саммерс, “хэрэглэгчийн хэт их эрэлт хэрэгцээ инфляцыг нэмэгдүүлэх нь дамжиггүй. Нэг өдөр л Холбооны нөөцийн сан "тоормосоо гишгэж", үнэт цаасны худалдан авалтаа бууруулж, бодлогын хүүгээ өсгөхөөс өөр аргагүй болно. Ийм огцом өөрчлөлт нь Холбооны нөөцийн сангийн бага хүүтэй бодлого урт хугацаанд тогтвортой байна гэдэг тооцоо хийж, хэтэрхий "тайван" байгаа санхүүгийн зах зээлийг “бужигнуулж” таарна. Ингэж санхүүгийн хямрал эхэлдэг. 
 
 
 
Өөрөөр хэлбэл, инфляцын өсөлтийг дагаад Төв банкны зайлшгүй авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ нь хөрөнгийн зах зээлийн уналтыг өдөөх юм. Хенрик Мюллер уг хувилбар хэрэгжих маш өндөр магадлал бий гэж тооцож байна.
 
 
 
Харамсалтай нь, одоохондоо энэ асуудлын явц, логик дарааллыг бүх түвшинд нухацтай үнэлэхгүй байгаа аж. Энэ нь ялангуяа АНУ-д илт ажиглагдаж байгаа юм. Вакцинжуулалтын кампанит ажил амжилттай явагдаж эдийн засгийн огцом өсөлт мэдрэгдэж эхэлсэн Европт эдийн засгийн “хэт халалт”- ын нөхцөл байдал аль хэдийнээ илэрч эхэлжээ. Мюллер өнөөгийн эдийн засгийн үсрэнгүй хөгжилд онцлог шинж чанар байгаа гэж тодорхойлов.
Дэлхийн 2-р дайны дараах дэлхийн эдийн засгийн уналт, сэргэлтийн эдийн засгийн мөчлөг харилцан адилгүй байсан нь дэлхийн эдийн засаг өөрийгөө зохицуулах боломжийг бий болгож байж. Харин энэ удаа ковид-19 цар тахалтай холбоотойгоор эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг улс бүр нэгэн зэрэг авсан. Иймээс санхүүгийн тогтолцоо хямарвал бүгдэд зэрэг нөлөөлнө гэсэн үг юм. Улс орнуудын төв банкууд эдийн засагт асар их мөнгө нийлүүлж, үүнийг нь парламент, засгийн газрууд нь дэмжиж байна. АНУ болон Европын холбоо 2020-2021 онд эдийн засагт 2008 оны санхүүгийн хямралтай харьцуулахад дөрөв дахин их мөнгө нийлүүлжээ. Энэ бодлого ирэх жил ч үргэлжлэх бололтой. 
 
 
 
АНУ-д дэд бүтэц, нийгмийн бусад төслүүдэд их хэмжээгээр доллар нийлүүлэх бол Европын Холбооны сэргээн босголтын сангаар дамжуулан эрэлтийг дэмжих зорилгоор их хэмжээний зээлийн санхүүжилт хийх төлөвлөгөө гаргажээ.
 
 
Ийнхүү зохиомлоор бий болгосон эрэлт хэрэгцээ нь аль хэдийн түүхий эд, үйлдвэрлэлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүний хомстлыг бий болгож эхэллээ. Мюнхений Эдийн засгийн IFO- хүрээлэнгийн хийсэн судалгаагаар Германы үйлдвэрлэгч компаниудын 45% нь түүхий эд, материалын хомстолд оржээ. Энэ нь сүүлийн 30 жилийн хугацаанд байгаагүй өндөр үзүүлэлт. Тухайлбал, өнөөгийн байдлаар мод, компьютерын чип, далайн тээврийн чингэлгийн хомстол бий болжээ. Х е н р и к М ю л л е р и й н тооцоолсноор АНУ-д төдийгүй евро бүсэд санхүүгийн хямрал маш ойрхон ирсэн аж. Хэрэв бүх зүйл Ларри Саммерсийн анхааруулж буй хувилбарын дагуу өрнөх аваас өнөөгийн найдвартай хэмээн дүгнэж байгаа санхүүгийн загвар нурж унах шиг амархан зүйл үгүй. 
Өөрөөр хэлбэл, дампуурал, санхүү, эдийн засгийн шил шилээ харсан хямралын давлагаа эхэлнэ. Ийнхүү эдийн засгийн огцом өсөлт санхүүгийн ноцтой хямрал болж хувирах нь нэн амархан гэнэ. Санхүүгийн зах зээл дээр ч төв банкуудын “өөдрөг хувилбар”-т эргэлзэх байдал ажиглагдаж эхэлжээ.Сүүлийн хэдэн сар АНУ-д хөрөнгийн зах зээл дээрх урт хугацааны зээлийн хүү өсөлттэй байна. Европт ч ялгаагүй, ийм дүр зураг ажиглагдаж байгаа юм. Хөрөнгө оруулагчид инфляц өсөж, улмаар бодлогын хүү нэмэгдэх төлөвийг харгалзан үзэж, ашиг орлогоо тогтвортой байлгах арга зам сүвэгчилж эхэллээ. Одоогийн байдлаар бодлогын хүү бага байгаа боловч зээлийн хүү аажмаар нэмэгдэж байгааг хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлийн хямралаас болгоомжилж байна гэж дүгнэж болохоор байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлээс мөнгөө татаж банкны болон санхүүгийн бусад салбарт оруулж эхэлсэнтэй холбон үзэж болно. 
Лондон дахь Кингстоны их сургуулийн профессор Стив Кин (Steve Keen) санхүүгийн хямрал зайлшгүй болох бас нэг шалтгааныг нэрлэлээ.
Тэрээр, дэлхийн эдийн засгийн хөгжлийн сүүлийн хагас зуун жилийн туршлага дээр тулгуурлаж ийм дүгнэлт хийжээ. Түүний үзэж байгаагаар санхүүгийн хямралд хүргэх урьдчилсан нөхцөл байдал нэгэнт бий болсон. Энэ нь улс орнууд болон иргэдийн хэт их өрийн дарамт, мөн их наядаар хэмжигдэх долларыг зохиомлоор нийлүүлэх замаар эдийн засгийг хэт халааж буй асуудал юм. Энэ нийтлэлд дурдагдсан дэлхий дахинд яригдаж буй санхүүгийн нөхцөл байдал манай улсын санхүүгийн салбарт аль хэдийн бий болсон. Энэ талаар дараагийн нийтлэлд тоо баримттайгаар тодорхой өгүүлэх болно. 
 
 
ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР Р.ДАВААДОРЖ