сонин mn
 
 
 
   Д.Моломжамц
 
УИХ, Засгийн газрын гишүүн, МАН-ын даргаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин сүүлийн 30 жилийн улс төрийн үйл явдлын тухай ном бичиж байгаа юм байна. Уг номын хэсгээс нийтэлж байна.
 
Нам, засгийн дээд удирдлагад 33 жил, түүнээс 25 жилд нь НТХ-ны нарийн бичгийн даргаар ажиллан эдийн засаг, санхүү, төлөвлөгөө, гадаад эдийн засгийн харилцааны асуудлыг голлон эрхэлж байсан туршлагатай, нөлөөтэй удирдагч гэдгээр нь мэднэ. Намайг нарийн бичгийн дарга байх үед нам дээр болдог уулзалт, арга хэмжээнд “Мо” дарга тогтмол ирдэг байсан. Орж ирээд байнга, хамгийн урд талын эгнээнд сууна. Ажиглаад байхад, ойр хавийн хүмүүстэйгээ бараг ярихгүй. Зөвхөн илтгэгчийг маш сайн сонсоно.
 
Үе үе хүмүүс алиа хошин юм ярьж хөгжилдөхөд огт юу ч сонсоогүй юм шиг, царайны хувирал ч үгүй сууна. Би инээж байхыг нь хараагүй. “Одоо ийм сүрдмээр байгаа юм чинь, том дарга байх үедээ хэр баргийн хүнийг ойртуулдаггүй байсан биз” гэж би заримдаа боддог байв. 
 
Сүүлдээ сонсгол нь муудсан юм болов уу гэмээр чихээ дэвсэж чагнана. Ялангуяа өөрт нь таалагдахгүй зүйл яривал чихээ бүр ойртуулж “яасан, яасан гэнээ” гэж лавлана. Д.Моломжамц дарга надтай гурван удаа биечилж уулзахдаа ганц л зүйл ярьсан, шаардсан. Тэр нь түүний талаар Намын онц их хурлаас байгуулагдсан комиссын өгсөн үнэлэлт. Д.Моломжамц гуай “Та нар Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлэгчид гэсэн бүлэглэл гэж байгаагүй хэмээн үзэж алдаагаа зассан юм бол онц их хурлынхаа шийдвэрийг тэр чигээр нь өөрчлөх ёстой. Тухайлбал миний талаар “Хөрөнгө оруулалтын болон улс ардын аж ахуйн бүтцийн бодлого алдагдаж, төвлөрсөн төлөвлөлтийг үндэс болгосон, эдийн засгийн үрэлгэн механизмыг хөгжүүлж ирсний бурууг Д.Моломжамц хүлээх ёстой” гэж буруутгасан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг ганц Моломжамц бодож олоод тулгаад байсан юм уу. ЗХУ, бусад социалист оронд тэр үед зах зээлийн эдийн засагтай байсан хэрэг үү? Одоо тэгээд хөрөнгө оруулалтын бодлого оновчтой болоод үрэлгэн механизм арилчихсан уу?” гэхчлэн шалгааж над руу удтал ширтэн хардаг байлаа.
 
 Онц их хурлаас өгсөн байгуулагдсан комиссын дээрх дүгнэлтийг “Мо” дарга бүр үг үсгийн зөрөөгүй чээжээр хэлдэг байсан. Комиссын материалыг уншихад Д.Моломжамц дарга тэр үедээ ч буруугаа огт хүлээгээгүй юм билээ. Тухайлбал, Б.Сумъяа даргын илтгэлд “Д.Моломжамц тус комисст ирүүлсэн бичигтээ өөрийн хариуцаж байсан салбарыг өөдрөг сайн байсан гэж батлахыг хичээсэн. Тэрээр комиссынхонтой хийсэн ярилцлагадаа Ю.Цэдэнбалын шадар дотны хүн, тойрон хүрээлэгч, аялдан дагалдагчийн аль нь ч байгаагүй хэмээн булзаж байв” гэжээ.
Мо дарга Онц Их Хурлын шийдвэрийг ээлжит XXIII дугаар Их хурлаар эсхүл бага хурлаар өөрчлүүлэх санал, шаардлагыг уйгагүй тавьж байсан нь ганц нарийн бичгийн даргын шийдэх зүйл биш, дэндүү ахадсан асуудал тул тодорхой хариулт өгч чадахгүй байлаа. Дотроо бол “энэ хүний ярьж байгаа зүйл огт буруу биш” гэж тал өгөх боловч “Таны зөв, зөв” гэж намирч бас болохгүй байв. Эсхүл “тэгнэ, тэгнэ” гэж амлаж настай хүнийг хуурвал нүгэл болно. Үнэхээр нэхэл хатуу хүн байсан. 
 
Үргэлжлэл бий...
 
Өлзийсайханы Энхтүвшин