sonin.mn
Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурал баталсантай холбогдуулан өнөөдөр (2021.05.10) Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Г.Тэмүүлэн нар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Д.Батмөнх нарын хамтаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ” хэмээн тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, зохицуулах харилцаа, хамрах хүрээ, харилцан уялдааг хангах байдлаараа хоршоо нь бусад хуулийн этгээдийн төрлөөс ихээхэн онцлогтой бүтэц юм. Хоршооны үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжих зохицуулалтыг хуульчилснаараа Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлогтой гэдгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хэвлэлийн бага хурлын эхэнд тэмдэглэв. Хоршооны талаарх төрийн, нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын бүрэн эрхийг шинээр томьёолон, хуульд тусгаснаар хоршоогоор дамжуулан түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалтын кластер сүлжээг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, хоршооны хөгжлийн үнэлгээг хоёр жил тутам хийж, нэгдсэн удирдлага, мэдээллээр хангах замаар хоршооллын хөдөлгөөнийг хоршоодын холбоо болон хоршооллын нэгдсэн холбоогоор дамжуулах зэргээр Хоршооны талаарх төрийн байгууллагын эрх хэмжээг тогтоосон болохыг тэрбээр дэлгэрэнгүй танилцуулсан юм.
 
 
Өмнөх хуулиар хоршооны гишүүний оруулсан хөрөнгийг гишүүдийнх нэр дээр бүртгэдэг зохицуулалттай байсан учраас хоршоо өөрийн хөрөнгөгүй, барьцаа хөрөнгөгүй учраас зээлийн харилцаа үүсгэх боломжгүй, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хүндрэлтэй байсан юм. Харин Улсын Их Хурал 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр баталсан Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгад, хоршоо хуулийн этгээдийнхээ хувьд Иргэний хуульд тодорхойлсон өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл байх боломж бодитойгоор нээгджээ. Ингэснээр хоршоо зээлийн харилцаа үүсгэх боломж бүрдэж байгаа юм байна. Хоршооны өөрийн хөрөнгийн зохицуулалтыг тодорхой болгосноор хуулийн этгээдийнхээ хувьд арилжааны банк болон бусад зээлдэгчдээс зээл авах эрх зүйн үндэс бүрдэж буй нь цоо шинэ эрх зүйн зохицуулалт. Ийнхүү хоршоо бие даан хөгжиж, үр дүнд нь ажлын байр нэмэгдэхийн зэрэгцээ хоршоодын үйл ажиллагаагаар дамжуулан орон нутагт хоршооллын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэхэд түлхэц болох ач холбогдолтой гэдгийг С.Чинзориг гишүүн мэдээлэв.
Хоршооны эрсдэлийн удирдлагыг шинэ төвшинд гаргасан хоёр заалтыг мөн тэрбээр онцлон танилцууллаа. Хоршоо үйл ажиллагаа явуулахдаа гишүүдийнхээ дундын эд хөрөнгөнд хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх явцад үүсэж болох аливаа санхүүгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад бодлогоор дэмжих зорилгоор “Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан” болон “Хоршооны хөгжлийн сан”-д тодорхой хөрөнгө төвлөрүүлэх боломжтой болсон байна.
Хоршооны хариуцлагын тогтолцооны шинэчлэлтийн талаар С.Чинзориг гишүүн тайлбарлав. Хоршоо нь гишүүдийнхээ бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй мөн хоршооны гишүүн нь хоршооны хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү хоршоонд оруулсан хувь хөрөнгөөрөө хариуцлага хүлээх зохицуулалт оруулжээ. Эдгээр зохицуулалт нь хоршооны хөгжлийг дэмжих ач холбогдолтойг дэлгэрэнгүй мэдээлсэн.
Татварын таатай орчноор үйл ажиллагааг дэмжснээр хоршоо хөгжлийн шинэ шатанд гарна хэмээн хууль тогтоогчид үзэж, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг холбогдох хуульд тусгасан байна. Тодруулбал, хоршоо гишүүдийнхээ барааг дотоодын үйлдвэрлэгчдэд “зуучлан борлуулсан” бол “дамжуулан борлуулсанд” тооцохгүй байхаар зохицуулалтыг нэмж оруулжээ. Ингэснээр хоршооны татвар ногдох орлогыг илүү тодорхой болгоод зогсохгүй, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хоршоодын хөгжлийг дэмжих ач холбогдолтой болохыг тэрбээр мэдээлсэн.
Монгол Улсад хоршоолох хөдөлгөөн үүссэний 100 жилийн ой тохиож байгааг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн тэмдэглээд “Энэ ойн хүрээнд 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгож, хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт үүрэг чиглэл болгосон” гэлээ.
 
 
 
Манай улсад 4700 гаруй хоршоо бүртгэлтэй байдгийн 86 хувь нь анхан шатны, 13.5 хувь нь хадгаламж зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Нийт хоршоодын 50-60 хувь нь өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй хоршоодын дийлэнх нь хөдөө орон нутагт, идэвхитэй гишүүдийн ихэнх нь малчид байдаг аж.
 
 
 
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд хоршоог дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тусгах асуудлыг Улсын Их Хурлаас чиглэл болгосон гэдгийг тэрбээр онцоллоо. “Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын талаар тэрбээр үргэлжлүүлэн мэдээлэл өгөв.
 
Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурал баталснаар орон нутаг дахь малчид, тариаланчид үндэсний үйлдвэрлэгчдэд ямар нэг дундын зуучлалгүйгээр борлуулж, үүний үр дүнд үндэсний үйлдвэрлэгчид аль болох хямд бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлэх, худалдаалах боломж бүрдэж байгааг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан хэлж байв. Сум орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих зорилгоор 2011 оны 134 дүгээр тогтоолоор Сум хөгжүүлэх санг байгуулсан. Засгийн газраас 2019 онд улсын үзлэг зохион байгуулж, үүний дүнд Сум хөгжүүлэх санг Хоршоо хөгжүүлэх сан болгон өөрчлөх нь зүйтэй гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсан байна. Монгол Улсын бүх суманд байх Сум хөгжүүлэх сан нь дунджаар 0.5-1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дээрх хуулийг баталснаар тус санг Хоршоо хөгжүүлэх сан болгон өөрчлөх, холбогдох журмыг боловсруулан, батлах ажлыг хийж байгааг тэрбээр мэдээлсэн.
Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаар баталж, хэрэгжүүлснээр хоршооны хөгжлийг шинэ түвшинд гаргахад эрх зүйн тулгуур болж, олон улсын хоршооллын хөдөлгөөнийг улс орон даяар дэлгэрүүлэхэд хөшүүрэг болоод зогсохгүй, хоршоо бие даан хөгжих нөхцөл хангагдах, хоршин, хамтарч ажиллах замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, улмаар орон нутгийн хөгжлийг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулах боломжийг олгож байгаагаараа онцгой ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.