sonin.mn
Хоёр хуваагдсан АН-ынхны дотоод тэмцэл өдгөө өлсгөлөн болж хувираад байна. Харамсалтай нь тэд дотоод зөрчлөө төрд  гаргаад зогсохгүй иргэдийг турхирч эхэллээ. Өнөө өглөө эхлэн хатуу хөл хориог сулруулахтай зэрэгцэн Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл тэргүүтэй өлсөгчдийн талаас урьдчилан бэлтгэсэн жагсаалаа төв талбайд эхлүүлсэнтэй холбоотойгоор  М.Тулгат даргатай АН-ын удирдлага, гишүүд цуглаж, мэдээлэл хийлээ. 
Тэдний зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулга талбай дээр жагсаал хийж буй бүлгийн гишүүдтэй очиж уулзахдаа “Манай тэр, энэ хаана байна” хэмээн өөрийн хүмүүсээ бүртгэсэн үйлдэл нь түүнийг Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч Төрийн тэргүүний үйлдэл биш гэдгийг илэрхийллээ.
 
Мөн Ерөнхийлөгчийн энэхүү үйлдэл нь ардчилалд аюул учруулж байгаагийг илрэл хэмээн тодорхойлоод Монгол Улсад барууны үзэл баримтлалтай нам гэж байхгүй болохын эхлэлийг тавьчихлаа гэв.
 
Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл : “АН-аас нэр  дэвшиж Ерөнхийлөгч болсон Х.Баттулга ардчилсан 30 жилийг “Завхарсан 30 жил” гэж хэлж байсан” гэдгийг онцлов.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшээд буй С.Эрдэнэ: “Нэг зүйлийг та бүхэнд товчхон анхааруулж хэлье. Өнөөдөр ардчиллыг устгах, АН-ыг устгах төлөвлөгөөтэй, тодорхой зорилготой улстөрийн үйл ажиллагаа эртнээс эхэлсэн юм аа. Өнөөдөр эхлээгүй. 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн Газрыг огцруулах торгон мөчид АН-ын бүлгээс 3 хүнийг өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга зориуд зохион байгуулалттайгаар урвуулж, эсрэг санал өгч, АН-ын Улстөрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг тэр үед унагаж байсан.
 
Тэр үед Ерөнхийлөгчид би АН-ын даргын хувьд хэлж байсан. Энэ асуудал танд эргээд өөрт чинь гай болно. Хэзээ нэгэн цагт энэ алхамынхаа шанг хүртэх болно гэж өөрт нь анхааруулж байсан.
 
Харамсалтай нь тухайн үед эрх мэдэл, албан тушаалдаа толгой нь эргэсэн Х.Баттулга үүнийг ойлгоогүй. Өнөөдөр тэр хүн үүнийхээ шанг хүртээд байж байгаа. Тэр үед хэрэв У.Хүрэлсүхийн Засгийн Газартай хариуцлага тооцож чадсан бол, тэр үед хэрэв АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч ардчиллаасаа, үнэт зүйлээсээ, үзэл бодлоосоо, журмын нөхдөөсөө урваагүй байсан бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан юм. Хэт үнэмлэхүй олонхи 65 суудалтай МАН-ын эрх баригчидтай бид тууштай тэмцэж, хариуцлага тооцож чадсан. 2016-2020 оны УИХ-д бид 9-хөн суудалтай байсан. Гэлээ гээд бид өнөөдрийн байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, захиалгаар гарч ирсэн, УИХ-д АН-ын нэр зүүсэн 11 гишүүн гэх хүмүүсийн дэргэд бид амьд ажиллаж байсан юм. Бид амьд дуу хоолойгоо хүргэж чаддаг байсан юм аа. Өнөөдөр энэ 11 гишүүн хэний төлөө, юуны төлөө Сүхбаатарын талбай дээр өлсөж цангаж байгаа нэртэй хэвтэж байгаа юм бэ? Яг үнэндээ эдгээр хүмүүс өнөөдрийн эрх барьж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АН-аа тухайн үед нулимаад, орхиод, урваад гараад явсан, АН-ыг худалдаж, АН-аар улстөр хийж УИХ-д орж ирсэн Н.Алтанхуяг гэдэг нөхрийг, олон нам дамжиж, өөрийгөө улстөрийн ямар хүн бэ? гэдгээ тодорхой харуулсан С.Ганбаатар гэдэг хүнийг АН-ын нэр дээр дэвшүүлхийн тулд, энэ бүлэглэлийн, МАН-ын, тэр ЖАН гэж нэрлээд байгаа АН-ын нэрийг барьж гутааж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн зорилгыг хангах гэж тэр хүмүүс тэнд байгаа юм аа. Ковид цар тахал тархаж байх үед тэр хүмүүс хаана байсан юм бэ? Иргэд чинь өчнөөнөөрөө үхэж үрэгдэж байхад тэр хүмүүс хаана байсан юм бэ? Энэ асуудлыг бид нухацтай сайн ойлгож авах ёстой юм аа. Монгол улсын иргэний чиг үүрэг, хариуцлагыг ухамсарлаж чадаагүй, УИХ-ын гишүүний нэр зүүсэн хүмүүсийн үйлдэл, өнөөдрийн эрх барьж байгаа МАН-тай дөрөө нийлж харшиж байгаа энэ алхмуудыг та бүхэн харж байгаа. Бид ард түмэн, улс орныхоо эрх ашгийн төлөө тууштай зогсох болно.
 
Бид Монголд ардчиллыг устгуулахгүйн төлөө тууштай зогсох болно. Улсын Дээд Шүүх яагаад өнөөдөр албан ёсоор АН-ын даргаар сонгогдсон М.Тулгатыг бүртгэхгүй байгаа юм бэ?
 
Шүүх хуулийн байгууллага асуудлыг шударгаар шийдэхгүй байгаа юм бэ? Яагаад төрийн бүх шатны байгууллагууд улстөрийн захиалгатайгаар үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ? Энэ асуудлыг хөндөх гэж бид өнөөдөр энд цугласан юм. Бид өнөөдөр тэмцэнэ шүү, ардчиллаа хамгаална шүү гэдгээ сануулах зорилгоор энэ сануулах цуглааныг хийж байгаа юм. Шаардлагатай гэж үзэх юм бол улс орон даяар, Улаанбаатар даяар бид эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаал цуглаан зохион байгуулж, тэмцэх болно гэдгийг хариуцлагатайгаар хэлье. ” гэв.
 
 
 
М.Чойжал