sonin.mn
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр АН-ын тамгатай холбоотой маргааныг өнөөдөр 13:30 цагт хэлэлцэнэ. 
С.Эрдэнэ АН-ыг 2020 оны сонгуульд ялагдуулсан хариуцлагаа хүлээж, намынхаа дэд дарга Ц.Туваанд ажлаа хүлээлгэн өгч, тамгаа шилжүүлсэн билээ. Уг нь тус нам Их хурлаа хийж, намын даргаа сонгох ёстой ч намынхаа дүрмийн дагуу өнгөрсөн оны долдугаар сарын 8-нд ийнхүү Ц.Туваанд намын даргын эрх, тамгатайгаа очсон юм. С.Эрдэнэ уг нь хэн нэгэнд тийм амар итгэж тамгаа өгөх учиргүй. Гэхдээ тэрбээр өөрөө сонгож дэд даргаараа ажиллуулсан Ц.Туваанд итгэжээ. Харамсалтай нь, түүний итгэлт хүн гэгддэг УИХ-ын гишүүн Ц.Туваан Ерөнхийлөгч Х.Баттулгын дохио зангаагаар хөдөлж, дүрэмд төрийн тэргүүнийг өрсөлдөгчгүйгээр дэвшүүлэх заалт оруулахыг санаархсан нь өнөөдрийн маргааны үндэс болоод байгаа билээ. 
Тиймээс С.Эрдэнэ өмнө нь намынхаа Их хурлаар дарга болсон “зангараг”-аа санан тамгаа буцааж авахыг хүссэн ч Ц.Туваан өгөөгүй бөгөөд хариуд нь С.Эрдэнэ албан ёсны даргын хувьд УБЕГ-т хандаад шинэ тамгатай болсон.
С.Эрдэнийн хүсэлтийн дагуу УБЕГ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд шинэ тамга хийж өгсөн бөгөөд ингэхдээ Ц.Тувааны барьж байгаа хуучин тамгыг хүчингүй болгосон юм.
 
Тамгаа хүчингүй болгуулсан Ц.Тувааны тал УБЕГ-ын дээрх шийдвэрийг  Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, ХЗДХ-ийн сайдын 2018 оны А/216 журмыг зөрчсөн гэж үзэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Уг гомдлыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны хоёрдугаар сарын 2-нд хэлэлцээд УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг түдгэлзүүлсэн. Ингэснээр шинээр хийлгэсэн С.Эрдэнийн тамга ч хүчингүй болчихоод байгаа. 
 
 
 
Саяхан хоёр АН хоёулаа Ерөнхийлөгчийн сонгуульд тус тусдаа нэр дэвшигч тодруулсан гэхээр аль аль нь хүчингүй тамгаар бичиг баримтаа хүргүүлсэн гэсэн үг. 
 
 
 
Яг энэ асуудлыг өнөөдөр  Захиргааны хэргийн давж заалдах шүүхээр хэлэлцэж, хайнааг хагалах гэж байна. Шүүх хэний ч талд шийдсэн бай улс төрд өнөөг хүртэл төрийн бодлого тодорхойлолцож явсан АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжийг хангах ёстой. Үүнийг АН-ын гишүүд дэмжигчид болон олон нийт ч хүсэж буй. 
 
 
Г.Наран