sonin.mn
Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын ЕНБДарга Б.Тулга, МАХН-ын Гүйцэтгэх Товчооны гишүүн З.Баянсэлэнгэ нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд МАХН-ын ЕНБДарга Б.Тулга өчигдөр хуралдсан МАХН-ын бага чуулганаар хэлэлцсэн асуудлын тухай мэдээлэл өгч,: " МАХН-ын ээлжит 11 дүгээр бага чуулган хуралдаж шийдвэрээ гаргалаа. Энэ шийдвэрийг танилцуулья. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг  дэмжих тухай тогтоолыг уншиж танилцуулья.
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг  дэмжих тухай:
МАХН-ын дүрмийн 14.10.5, 14.10.7 дахь заалт, 15.15 дахь заалтийг тус тус үндэслэн МАХН-ын бага чуулганаас тогтоох нь.
1. МУ-ын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч, МУ-ын 30, 31 дэхь Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг дэмжиж оролцохыг шийдвэрлэсүгэй.
2. Сонгуулийн ажилд МАХН-ын бүх шатны гишүүд, дэмжигчдийг идэвхи, санаачлагатай оролцохыг уриалсугай. 
гэсэн ийм тогтоол гарсан байгаа. Мөн уг бага чуулганаар МАХН-ын ээлжит бус их чуулганы товыг тогтоож, төлөөлөгчдийн тоо, журмыг баталсан. МАХН-ын дүрмийн 10.3, 10.5.3 заалт, 12.12.1 заалт, 15.15.8 заалтыг тус тус үндэслэн МАХН-ын бага чуулганаас тогтоох нь.
1. МАХН-ын ээлжит бус их чуулганыг 2021 оны 05 сарын 16-ны өдрийн 11.40 цагаас хуралдуулсугай. 
2. МАХН-ын ээлжит бус чуулганы төлөөлөгчдийн тоог хавсралтаар баталсугай. Ээлжит бус чуулганы төлөөлөгч сонгох журмыг 2-р хавсралтаар баталсугай. гэсэн ийм тогтоол гарлаа. 
МАХН, МАН цаашдаа зорилгоо нэгтгэж, нэгдэн нэг нам болж байгаа. Энэ ажлын хүрээнд уриалга гаргаж, намын гишүүд дэмжигчдийн дунд хэлэлцүүлэг явуулсан байгаа. Уг хэлэлцүүлгийн үр дүн бол 90 орчим хувиар хоёр нам нэгдэж, том зорилгын төлөө явах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Уг шийдвэрийн үр дүнг бага чуулган, их чуулган хуралдаж баталгаажуулж байгаа гэж ойлгож болно." гэв.
Мөн энэ үеэр байр сууриа илэрхийлсэн Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр: "Бид энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн нэр дэвшигчгүй, харин МАХН, МАН нэгдэн нийлэх үйл ажиллагаа явагдаж байгаа учраас улстөрийн өндөр соёл үзүүлж, ард түмнийхээ эв нэгдлийг бодож, Монгол төрийн тэргүүнийг сонгох сонгуульд МАН-тай хамтран оролцьё. МАН-аас нэр дэвшсэн Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг дэмжихээр шийдвэрлэсэн юм.
 
МАХН, МАН нэгдэн нийлэх үйл ажиллагаа нь гэрээн дээр тулгуурласан байгаа. Уг гэрээг 04 сарын 29-ний өдөр гарын үсэг зурж баталсан.
 
Нэг угшил гаралтай, нэг үзэл баримтлалтай МАХН, МАН нэгдэн нийлэх үү? Эсвэл эвсэл болох уу? Хамтран сонгуульд оролцох гэдэг асуудал байнга яригдаж ирсэн нэг сэдэв. Энэ удаа бид ярилцаад хоёр нам нэгдэн нийлэх нь зүйтэй гэж үзэж, хоёр том зарчмын асуудлыг урьдчилж тохироод хэрэгжүүлсэн юм.
1. Зөвхөн дарга нар ярих асуудал биш хоёр намын жирийн гишүүд хэлэлцээд, дэмжиж зөвшөөрөх юм бол энэ үйл явцыг явуулья гэсэн. МАХН-ын гишүүд, МАН-ын гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулсан. Хамтарсан уриалга гаргаж, 10 том зорилтыг дэвшүүлсэн байгаа. Уг уриалгыг намын гишүүд дэмжсэн. Уг уриалгыг хэрэгжүүлэх гэрээ байгуулсан байгаа. 
Уг гэрээнд шинэ Үндсэн хуультай болно гэж байгаа. Энэ төрийн гаж тогтолцоог засаж залруулж, зөв тогтолцоог бий болгоё гэсэн санал бодлоо солилцож байгаа. 
2. Байгалийн баялаг ард түмний өмч болох ёстой гэж үзэж байгаа. 
3. Нийгмийн чиг баримжаатай Бүгд Найрамдах Улс байгуулна гэх мэт олон зорилтууд байгаа.
 
Та бүхний олон жил шүүмжилж, асуудаг нийгмийн шударга бус зүйлийг хэзээ өөрчлөх юм бэ? гэдэг олон асуудлыг хоёр намын нэгдлийн үндсэн дээр шийдье гэсэн ийм эр зоригийг үзүүлж байгаа юм. Энэ нэгдэл бол Монголын эрх ашгийн төлөө нэгдэл гэж ойлгож, үүнийг залйшгүй хийх ёстой. Ерөнхийлөгч нь Засгийн Газар, УИХ-тайгаа зөрчилдөөд, нэгнийгээ тараана гэсэн мэдэгдэл талбай дээрээ гарч ирж уншаад, хууль шүүхийн байгууллагуудыг талцуулж, эвгүй байдалд оруулаад байгааг бид Монголын өнөөгийн гаж тогтолцооны сүүлчийн илэрхийлэл гэж бодож байгаа. Ийм байдлыг таслан зогсоож, Ерөнхийлөгч нь ЗГ, УИХ-тайгаа хамтран ажиллаж чаддаг, үр дүнд нь маш том зорилтуудыг шийдэж чаддаг Ерөнхийлөгч байж чадах болов уу гэж энэ асуудалд идэвхитэй оролцож байна. МАХН, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг ялуулахын тулд намын бүх албан тушаалтнууд, ажилтнууд идэвхитэй ажиллана аа. Ард түмэн минь дэмжээрэй гэж уриалж байна. Энэ ялалтын цаана нэг хүн биш , нэг нам биш бүхэл бүтэн ард түмэн, бүхэл бүтэн улс орон ялах учраас бид ийм зоригтой хэлж байна
 
Хамгийн гол нэгдэл бол Үндсэн хуулийг өөрчлөх, шинэ Үндсэн хуультай больё гэж байгаа. Тодорхой хэлэх юм бол 5 дахь Үндсэн хууль. Дэлхий дээрх үндсэн хуулиудыг судлаад үзэхээр нэг Үндсэн хууль 20-25 жилийн настай байдаг юм байна. АНУ-ын Үндсэн хууль 200 гаруй жил өөрчлөгдөөгүй гэж ярьдаг боловч маш олон өөрчлөлт орсон байдаг. Зарим тохиолдолд өмнөх Үндсэн хуульд зохицуулагдаагүй, бараг шинэ Үндсэн хуулийн дайтай өөрчлөлтүүд орсон байдаг. Наад хэлбэр нь 200 жил өөрчлөгдөөгүй боловч утга агуулгаараа хэд хэдэн шинэ Үндсэн хууль шиг өөрчлөлт орчихсон юм шиг байгаа юм. Францын Үндсэн хууль бол 5 дахь Үндсэн хууль гээд явж байгаа. Ард иргэдийн хүсэл тэмүүллийг үндсэн хуульдаа суулгаж өгч байж тэр улс орон хөгждөг. Тийм учраас тавдугаар Үндсэн хууль боловсруулж батлах нь энэ тохирооны хамгийн гол зүйл нь. Мөн улстөрийн намуудын хуулийг өөрчлье гэж байгаа. Улстөрийн намуудыг чанартай, ард түмний хүсэл зорилгыг илэрхийлж чадсан, тодорхой үзэл баримтлалтай, итгэл үнэмшилтэй, багаар ажиллах чадвартай, зөв зүйтэй хүмүүсийн эв нэгдэл гэж үзэж, энэ чиглэлээр хамтран ажиллая гэсэн зорилтуудыг бодож байгаа.
 
Дэд бүтцийн асуудал дээр мянганы төмөр зам гэсэн том төслийг хэрэгжүүлья гэж байгаа. Уул уурхай дагасан богино төмөр зам тавьснаа бүтээн байгуулалт гэж ярьдаг хоцрогдлоосоо салаад, яг хүмүүсийн амьдарлыг хооронд нь холбодог, суурин газрыг хооронд нь холбодог, Монгол Улсыг дэд бүтцээр нэгдмэл байлгах шинж чанартай асар том бүтээн байгуулалт буюу мянганы төмөр зам гэсэн төслийг хэрэгжүүлье гэсэн зүйл дээр тохирсон.
 
Амьдрал баян учраас Ерөнхийлөгчийн сонгуулиар ямар ч дүн гарч магадгүй. Бид ялагдсан, ялагдаагүй энэ тэмцэлд тууштай байгаа. Энэ нэгдлийг зогсоохгүй. Үүнийг хэрэгжүүлнэ. Хэлсэндээ байх ёстой. У.Хүрэлсүхийн нэг давуу чанар бол хэлсэндээ байдаг хүн. Бид ч хэлсэндээ байдаг. Ард түмэн маань дэмжих байх гэж найдаж байна. Оюутолгойн асуудал дээр байгалийн баялаг ард түмний өмч гэдэг зарчмаараа шийдэх байх. Оюутолгойн гэрээг засаж таарна. Муу гэрээ гэдгийг бүх хүн мэддэг болсон. Үүн дээр эргэлзээ байхгүй. Дубайн гэрээг хүчингүй болгох ёстой. 
МАХН-д маш олон чадвартай боловсон хүчин байгаа. Тэдгээр хүмүүс шаардлагатай бол ажиллаж болно шүү дээ. Гэхдээ МАН-тай яг энэ хүн тэр албан тушаал дээр очно гэж тохирсон зүйл байхгүй. Жишээ нь би шинээр байгуулагдаж байгаа намын ямар нэг удирдах бүрэлдэхүүнд орохгүй. Сайн дураараа татгалзаж байгаа. Үүн дээр албан тушаал наймаалцаад Н.Энхбаяр, Б.Тулга нэг албан тушаал, ажил авах гээд байгаа зүйл байхгүй. СХДүүргийн нөхөн сонгуульд тухайн тойрог дээр ялах магадлалтай хүн л нэр дэвшинэ. Тэр хүн нь МАХН, МАН угшилтай хэн гэж хүн байхыг ярьсан зүйл байхгүй. Бидний бүх анхаарал ерөнхийлөгчийн сонгууль дээр л байгаа. 
 
МАН-ын удирдах зөвлөлд МАХН-аас 8 хүн оруулна. Бага хуралд 110 хүн, аймаг нийслэлийн тэргүүлэгчдэд 6 хүн, дүүрэг сумын тэргүүлэгчдэд 4 хүн, нийслэл дүүргийн намын хорооны тэргүүлэгчдэд 4 хүн гэх мэтээр дандаа намын албан тушаалд дүрмээрээ очиж ажиллах ёстой учраас ийм тоо тохирсон. Яг тэр хүн гэж тохироогүй. МАХН-аас 5 хүн, МАН-аас 5 хүнтэй ажлын хэсэг улирал бүр уулзаж намуудын тохирсон тохироон дээр ярилцах зарчим тохиролцсон байгаа. 
 
С.Ганбаатар гишүүн бид хоёр олон удаа уулзсан. Өөрөө юу гэж ярьсан бэ гэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байсан. Тэгээд би хэлсэн л дээ. Санхүүжилтийн хувьд хэцүү байна. Мөн ялах магадлал харьцангуй сул байна. Тийм учраас хоёулаа арай ухаантай хандвал яасан юм бэ? Байгалийн баялгаа ард түмэндээ өгөхийн төлөө явалгүй яахав. Энэ гаж тогтолцоог засахын төлөө явалгүй яахав. МАН энэ зүйлийн төлөө явья гэж байна. Тэгэхээр бид нар л хийвэл зөвшөөрнө. Өөр хүн хийвэл зөвшөөрөхгүй гэдэг маягаар хандвал болохгүй ээ. Нэгэнт хоёулаа том хүмүүс учраас маш хариуцлагатай хандаад, улс орноо бодоод, тэр хүмүүс хийе гэж байхал хамтраад баг болоод МАН-тай хамтраад хэрэгжүүлье. Яагаад гэвэл МАН УИХ дээр 62 гишүүнтэй, Засгийн Газраа дангаараа байгуулсан учраас бидний яриад байгаа зүйлийг хэрэгжүүлэх хамгийн магадлалтай нам байна. АН-тай хамтарлаа гэхэд үзэл баримтлал өөр, үнэт зүйл өөр, үүх түүх өөр.
Тийм учраас АН эдгээр зүйлүүдийг хийхгүй гээд байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр эргэлзэж байгаа. Байгалийн баялаг дээр, Оюутолгойн гэрээн дээр эргэлзэж байгаа. Залуучуудын сургууль, эмнэлгийн асуудал дээр эргэлзэж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс МАН-аас огт өөр байр суурь барьж байгаа, хоорондоо хагаралдсан, ЗГ-т төлөөлөлгүй учраас цагаа хэмнээд энэ том ажлын төлөө зүтгэе гэсэн. Харамсалтай нь С.Ганбаатарт одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга маш их нөлөө үзүүлж байна. Тэгээд С.Ганбаатар маань Ерөнхийлөгч Х.Баттулгын нуугдаж толгойлж байгаа АН-д орчихлоо. Бид их харамсаж байна. Алдаатай зүйл хийсэн гэж би бодож байна. Өөрөө бол зөв зүйл гэж тайлбарлах байх. МАН-ыг хэзээ нэгэн цагт ялахын төлөө гээд ойлгомжгүй юм ярьж байгаа. Бид бол яг одоо ард түмний хүсэж байгаа зүйлийг шийдхийн төлөө нэгдэж байгаа. Ийм том 2 ялгаа байгаа. 
Ерөнхийлөгч Х.Баттулга ингэж юм юмны ард нуугдаж, намын эв нэгдлийг хагалж байгааг би шүүмжилж байгаа. Өөрийнхөө ч намыг бүтэн байлгаж чадахгүй мөртлөө хаа хамаагүй манай нам руу хүртэл шургаж орж ирж байгаад нь би маш их шүүмжлэлтэй хандаж байгаа. " хэмээсэн юм.
 
М.Чойжал