сонин mn
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хятад судлаач, орчуулагч Ц.СҮРЭНЖАВТАЙ ярилцлаа.
 
ХЯТАДЫН КОММУНИСТ НАМ МОНГОЛ АРДЫН НАМААС ДӨРВӨН САРААР ДҮҮ
 
-Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын 100 жилийн ой энэ жил тохиож байна. Мөн хөрш зэргэлдээ БНХАУ-ын Коммунист нам 100 жилийнхээ ойн баярыг удахгүй тэмдэглэнэ. Эдгээр улс төрийн нам шиг зуунаар яригдах түүхтэй нь Ази тивд хэд байдаг вэ?
 
-Монгол Ардын Нам байгуулагдсаныхаа 100 жилийн ойг өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд хөл хорионы нөхцөлд ч гэсэн бололцооны хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү баярыг зөвхөн Монгол Ардын Намын гишүүд тэмдэглэсэнгүй. Улс орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Ардын Нам бол Ази тивд байгуулагдсан улс төрийн анхны нам юм. Зуун жил бараг тасралтгүй эрх барьсан нам Ази тивд байхгүй. Хятадын Коммунист нам Монгол Ардын Намаас дөрвөн сараар дүү. Тэр байтугай Ардын намыг үндэслэн байгуулж, ардын хувьсгалыг удирдсан их жанжин Д.Сүхбаатар, Хятадын Коммунист намыг байгуулсан Мао Зедун хоёр нас чацуу. Нэг нь 1893 оны хоёрдугаар сард, нөгөө нь арванхоёрдугаар сард төрсөн байдаг юм. Энэ жилийн долоодугаар сарын 1-нд Хятадын Коммунист намыг үүсгэн байгуулсны 100 жилийн ой болно. Тэгэхээр Монгол Ардын Нам Хятадын Коммунист намаас ах юм. Саяхан БНХАУ-ын “Хоёр чуулган” болсон. Одоо Хятадад Коммунист намын 100 жилийн ойг тэмдэглэх өргөн хүрээний бэлтгэл ажлыг хийж байна.
 
-Олон улсын анхаарлын төвд байдаг БНХАУ-ын “Хоёр чуулган”-аар ямар асуудлыг авч хэлэлцсэн талаар сонирхуулна уу?
 
-Хятадад жилийн гуравдугаар сарын эхээр “Хоёр чуулган”-аа зохион байгуулдаг. Хоёр чуулган гэдэг нь, нэг нь Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулган, жилд нэг удаа болдог. Нөгөө нь Бүх Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн чуулган юм. Хятадын 14 дэх таван жилийн төлөвлөгөө энэ жилээс эхэлж байна. Мөн Хятад улсад хэд хэдэн шинэ хууль баталлаа. Тухайлбал, Хонконгийн аюулгүй байдлын тухай хоёрдугаар дагалдах хуулийг хэдхэн хоногийн өмнө баталсан. Өөрөөр хэлбэл, “Хоёр чуулган”-ы үеэр хэлэлцсэн асуудлын баримт бичиг нь одоо гарч байна гэж ойлгох хэрэгтэй юм. Чуулганы дараа Ерөнхий сайд уламжлал ёсоор хэвлэлийн бага хурлаа хийсэн. Энэ хуралд Бээжинд ажиллаж байгаа гадаадын бүх сэтгүүлч, сурвалжлагч оролцжээ.
 
-БНХАУ-ын 14 дэх таван жилийн төлөвлөгөөнд бүс нутаг дагасан эдийн засгийн талаар хэрхэн тусгасан бол. Энэ талаар судалж, сонссон зүйл танд байгаа байх?
 
-Хятадад 100 жилийн хоёр ой тэмдэглэнэ. Нэг нь ирэх долоодугаар сарын 1-нд болохыг өмнө нь хэлсэн. Нөгөө нь 2049 онд БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой болох юм. Хятадууд “Хоёр чуулган”-аар ядуурлаас ангижирснаа зарласан. Хятадын нийгмийг хээл хахуулиас ангижрууллаа. Өмнө нь тавьсан эдгээр зорилтдоо хүрлээ. Тиймээс 2049 он гэхэд Хятад улсыг хөгжингүй орон болгоё гэсэн зорилтыг дэвшүүлээд байна. Хятад одоогоор өөрсдийгөө хөгжиж байгаа орон гэж үздэг. Тиймээс 2049 он гэхэд нийт ард түмнээрээ чинээлэг болъё гэж зорьж байна. 14 дэх таван жилийн төлөвлөгөө 2026 он гэхэд дүнгээ гаргана. Энэ үед “Нэг бүс-Нэг зам” төслийн явцын үр дүн мөн гарах юм. Тэр үед Монгол Улс энэ том төслөөс хүртэхээ аваад, оролцсон байх боломж бий. Ингэж чадвал ашгийг нь Монголын ард түмэн хүртэнэ шүү дээ.
Би хоёр жилийн өмнө зургаадугаар сард Төвөдийн хөгжлийн хоёрдугаар форумд Хятадын Коммунист намын Төрийн зөвлөлийн урилгаар оролцсон. Тухайн үед Жан Жан Гуо гэж Хятадын Коммунист намын Төв хорооны Үзэл суртлын хэлтсийн эрхлэгч надад нэг зүйл хэлсэн нь “Хятадын эргэн тойрон хуурай газраар 14 улстай хиллэдэг. Тэдгээрийн нэг нь Монгол Улс. Монгол, Хятад улс хамгийн урт хилийн шугамаар холбоотой, нийт урт нь 4660 км. Ингэж урт хилийн шугамаар холбоотой газар дэлхий дээр өөр байхгүй. Тэгсэн мөртлөө манай “Нэг бүс-Нэг зам” дэлхийн хэмжээний том төслөөс ашиг тусаа авч чадахгүй байгаа манай хөрш гурван орон байна. Өөрөөр хэлбэл, Монгол, Киргиз, Балба гурван орон байна” гэж хэлсэн. Жан Жан Гуо үргэлжлүүлэн танай гурван орон бидэнтэй хамтран ажиллавал бид бүх талаар туслахад бэлэн байна гэсэн юм. Тэгэхээр “Нэг бүс-Нэг зам” гэдэг дэлхийн хамгийн том төсөл чинь өнөө маргааш, эсвэл ирэх жил дуусчихгүй. Товчоор бол, бид хамтдаа хөгжиж, дэлхий дээр хүн сайн сайхан орших нөхцөлийг бүрдүүлье гэж байгаа хэрэг юм.
Бас нэг дурдах ёстой зүйл бол, ОХУ-ын Сибирээс Хятад руу хүрэх байгалийн хий дамжуулах хоолойг Монголоор дамжуулахаар болсон. Нийлүүлэгч болон хэрэглэгч тал хоёул зөвшөөрч, зураг хөргийг нь гаргаад ажил эхэлчихсэн байна. Хий дамжуулах хоолой Булган аймгийн Тэшиг сумаар орж ирээд Эрдэнэтээр дайрч, Дархан ороод тэндээсээ төмөр замаа дагаад урагшаа суурин газруудаар өнгөрнө. Тэгэхэд хийн хоолой дагаж байгаа суурин газрууд цахилгаанаар бус байгалийн хийг ашиглаж болно. Тиймийн тулд одооноос тэдгээр дамжин өнгөрөх суурин газруудад барилга байшин барих гэж байгаа бол энэ талыг бодолцох ёстой юм.
 
 
 
Гагцхүү байгалийн хийг хэрхэн ашиглахыг нийтээрээ одооноос эхлэн суралцах хэрэгтэй. Ахуйн хүрээнд гаазтай хэрхэн харьцах, ашиглах сургалтыг одооноос эхлүүлэх шаардлагатай байна. Бидэнд гааз хэрхэн хэрэглэх талаар туршлага дутмаг. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч гэсэн энэ талын мэдлэг мэдээллийг түгээх нь чухал юм.
 
 
 
Цагийг нь тулгачихаад өдөр шөнөгүй хичээл заагаад хэрэггүй шүү дээ.
 
ДЭЛХИЙ ДЭЭР ХАМГИЙН ХОВОР ШОРООНЫ НӨӨЦ МОНГОЛД Л БАЙНА
 
-Түүнээс гадна ирэх таван жилд Хятад улс экологийн асуудалд анхаарал хандуулахаар болсноо зарласан шүү дээ?
 
-Хятад агаарт буй хорыг бууруулна гэж дэлхий нийтийн өмнө зарласан. Түүхий нүүрсний хэрэглээг багасгах талаар дурдсан. Түүхий нүүрсийг түлэхээр агаарт хүлэмжийн хий ялгарснаар дэлхийн дулааралд нөлөөлж байна. Ийм шалтгаанаар Америкийн Ерөнхийлөгч Жо Байден хүртэл Парисын хэлэлцээртээ буцаад орно гэж хэлсэн. Тэгэхээр Хятад манайхаас нүүрс авахаа больчихвол бид эдийн засгаа хэрхэх вэ гэсэн асуулт урган гарч ирнэ. Бидэнд нүүрснээс хэд дахин илүү үнэтэй асар их баялаг бий. Жишээлбэл, газрын ховор элемент байна. Би “Байдрагийн голоос Байтагийн нуруу хүртэл” гэж бичиж байсан. Дэлхий дээр хамгийн ховор шорооны нөөц Монголд л байна. Дээр нь гянтболд байна. Баян-Өлгий аймгийн Цагаан нуур, Ногоон нуур зэрэг газарт гянтболдын асар их нөөц байдаг. Түүнээс гадна зэсийн маш их нөөц Алтайн нуруунд байна шүү дээ. Гэхдээ энд нэг зүйлийг хэлмээр байна. Ши Жиньпин дарга хэдэн жилийн өмнө “Бидэнд алт, мөнгөн уул нь гол биш” гэж хэлсэн. Алт, мөнгөн уул гэдэг нь ариун тунгалаг ус нь цэвэрхэн, ургамал нь бохирдолгүй буюу экологийн цэвэр байдлыг хэлж байна. Энэ бол бүх Хятадын нийгмийн уриа дуудлага болсон үг юм л даа. Алтан уул байгаад хажуугаас хэлтэлж аваад чанаж идэх үү. Гэтэл тэр уул цэвэр байвал тэнд хүний идэх зүйл ургана, усыг нь ууна, агаараар нь амьсгалж болно. Бид аливаа зүйлийг хийхдээ үүнээс санаа авч суралцах хэрэгтэй.
 
 
 
Хөгжил гэж байшин барьж, мөнгө хувааж идэхийн нэр биш. Хөгжил тэнцвэртэй байх хэрэгтэй. Нийслэл нь хөгжөөд орон нутаг нь доройтоод байх нь хөгжиж буй хэрэг биш юм.
 
 
 
-Хөгжил ярьсан дээрээ нэг зүйлийг нэмж тодруулъя. Сансарт монгол хүнийг дахин нисгэхэд Хятад улсыг түшиглэх боломжтой гэж та бодож байна уу?
 
-Улс орнуудын хөгжлийн төлөөх уралдаан бол дэлхийгээс халиад сансрын уудам руу явчихлаа. Сарыг аль улс нь түрүүлж эрхшээлдээ оруулах вэ гэдэг асуулт урган гарч ирсэн. Америк мэтийн орнууд сансрын армитай болно гэж ярьж байна. Улсын болон цэргийн төсөвтөө хөрөнгө нэмээд оруулаад эхэллээ. Энэ сансар судлалын уралдаанд Орос, Америк, Хятад, Энэтхэг, Саудын Араб оролцож байна. Чанадын чанд утгаар нь яривал, хэрвээ газар дэлхий дээр хүн амьдрах аргагүй болбол өөр нэг гараг эрхэс дээр очих нь томоохон улс гүрнүүдийн Засгийн газрын зорилго юм. Энэ ташрамд хэлэхэд, сүүлийн 20-оод жил Америкийн холбооны хиймэл дагуулууд Хятадад захиалга өгч байна. Өргөн утгаараа шинжлэх ухааны хандлага бол бодисын гүн рүү биш, гадаад ертөнц рүү чиглэх ёстой байжээ гэж Английн эрдэмтэн Стивен Хокинг хэлсэн. Эйнштейн хүртэл “Бид буруу явжээ. Дэлхийн гүн рүү биш, гадаад ертөнц, хүний оюун ухаан руу явах байжээ” гэж хэлсэн байдаг. Эйнштейн насан эцэслэхдээ нэг шашныг магтсан нь Буддын шашин юм. Шинжлэх ухаантай зэрэгцээд цааш явах зүйл байсан бол тэр нь үйлийн үргүй Бурхны шашин байх байжээ гэсэн байдаг.
 
-ДЭМБ Хятадын Ухань хотод ажилласнаа тайлагнасан ч бусад улс оронд эргэлзээ дагуулж байна. Энэ талаар та Хятадын мэдээллийн агентлагуудаас ямар мэдээлэл сонсов?
 
-Коронавирус дэлхий нийтэд тархаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Гэтэл эхнээсээ өнөөдрийг хүртэл энэ халдварт вирусийг улстөржүүлсэн. Одоо бүгдээрээ вакцины асуудлыг улстөржүүлж байна. Энэ бол явуургүй, бүтэлгүй улстөржилт мөн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гол мэргэжилтнүүд Хятадын Ухань хотод ажилласан. Би өмнө нь ч гэсэн коронавирус анх хаана гарсан талаарх мэтгэлцээн цаашид ч үргэлжилнэ гэж хэлж байсан. Энэ маргаан мэтгэлцээн он цагийн аясаар зарим хүний хувьд дурсамж болоод өнгөрнө гэж би хувьдаа бодож байгаа юм. Гэтэл үнэндээ коронавирус хаанаас анх гарсан нь тийм чухал юм уу. Энэ халдварт вирусээс яавал салах вэ гэдэг нь мянга дахин чухал юм шүү дээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн гарал үүслийн араас яваад байгаа нь цаанаа барууны орнуудын шахалтаас үүдэлтэй. Энэ асуудлын цаад талд улс төр, эдийн засгийн ашиг сонирхол давхар яваад байгаа юм. Цар тахал гарснаас хойш жил дөрвөн сар болох гэж байна. Манай улс дотооддоо халдвар тархаахгүйн тулд маш их хичээж ажилласан. Үүнд манай улсын засаг, төрөөс гадна онцгой байдлынхан, эмч нар их хичээсэн. Харамсалтай нь, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард коронавирусийн халдварыг дотооддоо алдаж, түүнээс хойш бид хэд хэдэн удаа хөл хорионд орлоо. Аливаа халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд бид вакциныг гарган авдаг. Гэхдээ вакцин тариулсан гээд тухайн өвчний халдварыг авахгүй гэсэн үг биш. Зарим вакцин тухайн өвчнөөс 10 сар хамгаалах бол өөр нэг нь гурван жил ч халдвараас хамгаалж болно. Энэ бол нарийн мэргэжлийн хүмүүсийн ярих асуудал. Харин би өөрийн мэдсэн зарим зүйлийг хуваалцмаар байна болох уу.
 
ВИРУС ГАРСАН ХУГАЦААНААСАА ЖИЛ ХАГАСЫН ДАРАА ААЖМААР АЛГА БОЛНО ГЭЖ ВАНГА ЗӨГНӨСӨН
 
-Болно оо.
 
-Хүн төрөлтхөн аюултай вирусийн өмнө ойртож ирсэн гэдгийг Болгарын их зөнч Ванга 26 жилийн өмнө хэлсэн байдаг. Тэр талаар Оросын телевизээр хэдэн арван удаа гаргасан. Түүнээс гадна нэг зүйл хэлсэн нь, вирус гарсан хугацаанаасаа жил хагасын дараа буюу дараа жилийнх нь орлио тахиа сард анх ирсэн шигээ аажмаар алга болно гэж Ванга хэлснийг сар хагасын өмнө Оросын TV1 телевизээр харуулсан. Орлио тахиа сар гэдэг нь дөрөвдүгээр сар юм. Миний ойлгож байгаагаар Монгол дахь коронавирусийн оргил үе нь яг одоо үргэлжилж байна. Цаашид халдвар буурсаар аажмаар ирсэн шигээ алга болно гэж ойлгосон. Монголчууд бид ирэх долоодугаар сард Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тэр цагт бид амны хаалтаа аваад эрийн гурван наадмаа хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ үүнийг би мэдээд хэлж байгаа хэрэг биш. Болгарын их зөнч Ванга хэлсэн юм. Харин одоо их зөнчийн хэлсэн үнэн эсэхийг харах л үлдэж байна даа.
 
-Коронавирусийн эсрэг хаанахын вакцин хийлгэснээр дүгнэх, хил нэвтрүүлэх зэрэг асуудал олон улсад асуудал дагуулах нь. Өөрөөр хэлбэл, эв түнжин тааруу байгаа хүчирхэг гүрнүүдийн дунд вакцины өрсөлдөөн даамжирчихлаа?
 
-Энэ бол аль хэдийнэ эхэлчихсэн асуудал. Үүний цаана эрх ашиг бий. Харин энэ үед яаж явахыг төр засаг маань бидэнд зааж өгөх ёстой юм.
 
-Төгсгөлд нь та юу хэлэх вэ?
 
-Баярлалаа. Энэ жил торгуудууд Ижил мөрөн дээрээс эх нутагтаа эргэж ирсний 250 жилийн ой болно. Миний хувьд хамгийн том ой бол энэ юм. Цар тахал намжаад сайхан болохоор нутагтаа очиж, баяраа тэмдэглэнэ гэж бодож байна. Тиймээс тэр үед танай сониноор эргэн уулзъя.
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин