sonin.mn
Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Пүрэвдагватай ярилцлаа.
 
Таньд юуны өмнө Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын Холбоо үүсэн байгуулагдсаны 24 жилийн ойн мэнд дэвшүүлье. Байгууллагын түүхээс яриагаа эхлэе?
 
-Манай байгууллага өдгөө 24 жилийнхээ ард гарч байна. Одоогоос 24 жилийн өмнө 1997 оны дөрөвдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд тухайн үеийн МАХН-ын Залуу гишүүд дэмжигчдийн гуравдугаар чуулган зохион байгуулагдаж байсан.1996 оны 5-р сард байгуулагдсан “Залуус” хөгжлийн төвийн захирлаар У.Хүрэлсүх дарга ажиллаж байгаад жилийн дараа буюу 1997 оны дөрөвдүгээр сарын 5-нд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо нэртэйгээр манай Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын Холбоо байгуулагдсан түүхтэй. Тэр цагаас хойш 8 хүн энэ холбооны Ерөнхийлөгчөөр ажиллажээ.
 
Дурьдвал У.Хүрэлсүх дарга 2 удаа, мөн У.Уламбаяр, Г.Занданшатар, Л.Оюун-эрдэнэ, Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн, одоо УИХ-ын гишүүн Н.Учрал гэсэн хүмүүс өөр өөрсдийн түүхийг бүтээж, өөр өөрийн legacy-г үлдээж, манай холбоог удирдсан байдаг. 
 
Бид  ерөнхийдөө холбоогоо 4 generation буюу 4 үед хувааж үзлэг. Тухайн үеийнхээ онцлогт таарсан ажлуудыг манай холбооны үе үеийн удирдлагууд залуу байхдаа хийж байсан.Жишээлбэл: Эхний legacy-тай үе бол манай У.Хүрэлсүх даргын үе.Анх энэ холбоог үүсгэн байгуулж шанг нь татсан. Дараагийн generation бол Г.Занданшатар даргын үе байдаг. Эдгээр хүмүүс  манай холбоог 21 аймаг 330 суманд салбартай болгож үндэсний хэмжээний институт болгож хөгжүүлсэн.Дараагийн том шилжилт бол Л.Оюун-Эрдэнэ сайдын үед хийгдэж байсан. Монголын Ардчилсан Социалис Залуучуудын Холбоог Нийгмийн Ардчилал Залуучуудын Холбоо болгож өөрчлөн шинэчилж, өнгө будаг, лого, уриа нь хүртэл өөрчлөгдөж шинэ нийгмийн өөрчлөлт шинэчлэлтэд тохирсон байдлаар шинэ форматад оруулсан. Одоо ингээд 4 дэхь generation буюу Н.Учрал Ерөнхийлөгчийн үе.Манай 80-аад оны дунд үеэс 90-ээд оны эхэн үеийнхэн гэсэн үг. Бидний өмнө  Z generation буюу дижитализм, мэдээллийн хурдацтай байдал, өөрчлөлт, шинэчлэлт, короновирус гэх мэтчилэн олон давуу тал болон бэрхшээлүүд байгаа. Иймээс ч дээрх зүйлүүдтэй тохирсон үйл ажиллагаа, бодлого статыг явуулж ажиллаж байна. 
    
-Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо хөгжлийнхөө түүхэнд олон үе шат, магадгүй хэцүү бэрх сорилтуудыг ч туулсан байх.Энэ байгууллагын өнөө цагийн удирдлагуудын нэг болохын хувьд та Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын Холбооны нийгэмд үзүүлсэн нөлөөг юу гэж тодорхойлж байгаа вэ?
 
-24 жилийн түүхэнд үе хэрхэн шилжиж ирснийг би дээр өгүүлсэн. Ер нь манай холбоо бол шинэ гишүүнээр элсэж байгаа залуустаа гуравхан зүйлийг л амладаг.Нэгт нөхөрлөл амладаг. Нөхөрлөл гэдэг бол хүрээлэл, networking сайжирч нэмэгдэнэ гэсэн үг.
Хоёрт хөгжлийг амладаг. Манай холбоонд орсноор олон төсөлт хөтөлбөрт оролцдог. Сургалт workshop-уудад оролцдог, өөрийгөө нээдэг, туршлага хуримтлуулдаг.
Гурав дахь нь  бодлогын дэмжлэгийг бид нар амлаж чаддаг.Чи одоо яг өөрийнхөө хийж чадах зүйлээ бид нарт харуул, байр сууриа эзэл, хүлээн зөвшөөрөгд. Тэгвэл хийж чадах газар луу нь бид нар бодлогын дэмжлэг үзүүлнэ гэдэг.
24 жилийн түүхэнд улс орон даяар хийсэн маш олон ажлууд байдаг. Өнөөдөр манай холбоо бол намын гэлтгүй төрийн хүний нөөцийг бэлддэг институц  болж хувирсан. Анхан шатан дээр, хөдөө орон нутаг, сум дүүрэг, аймаг, нийслэл бүр одоо төрийн төвшинд дор дороо бэлтгэгдэж явдаг. Манай холбооноос төрөн гарсан маш олон нийгмийн болон төрийн зүтгэлтнүүд байна. Жишээ нь Монгол Улсын гучин нэг дэх Ерөнхий сайд 32 дахь Ерөнхий сайдад тамгаа гардуулж байхад манай холбооы анхны Ерөнхийлөгч холбооныхоо 6 дахь Ерөнхийлөгчид тамгаа гардуулж байх жишээтэй.Тэгэхээр энэ нь хэр хэмжээнд манай институц хүний нөөцөө бэлддэг вэ гэдгийн нэг жишээ.Мөн Залуучуудын Хөгжлийн тухай хуулийг 2017 онд манай холбооноос сонгогдсон УИХ-ын гишүүд идэвхийлэн ажиллаж, батлуулахын сацуу залуучуудын агентлагийг байгуулснаараа хөдөө орон нутагт байгаа залуучуудад төртэй харьцах харилцаа, үйлчилгээ хөгжих боломжийг үүсгэсэн гэж боддог.
 
    -Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо 24 жилийнхээ ойн хүрээнд ямар ямар ажил төлөвлөөд байна вэ?
 
-Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр бид нар өөрийнхөө холбооны хуудсаар дамжуулан 4 ангитай блог цацсан. Тэр нь энэ холбоо нь юу хийдэг юм, дотор нь ямар улсууд байдаг юм, юу зорьдог юм, юу руу тэмүүлдэг юм, яах гэж бид нар энд ажилладаг вэ гэдгээ энгийн байдлаар дамжуулж байгаа юм. Үүн дээр  бид нар яг энэ 24 жилийн хугацаанд хийсэн ажлынхаа хэсгийг ярилцаж байгаа хэсэг байгаа, үүнийг та бүхэн сонирхож үзээрэй.
Короновирустай холбоотойгоор олон залуу цуглуулах, төвлөрсөн арга хэмжээ хийх боломжгүй болчихсон байна. Уг нь бол залуучуудын ажил бужигнаж, уулзаж байхдаа л сайхан байдаг. Даан ч бид нарын энэ боломжийг өвчин зовлон боомилж  байна. Тийм учир аль болох цахимаар, сошиал медиа, виртуал маягаар арга хэмжээнүүдээ зохион байгуулж байгаа.
4 сарын 5-ны өглөө бид 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумаас бүх холбооныхоо салбар зөвлөлийн гишүүд, дэмжигч, зөвлөгч, тэргүүлэгчдийг оролцуулсан баярын хурал цахимаар зохион байгуулсан. Нийтдээ 1560 залуу манай улс орны өнцөг булан бүрээс оролцлоо. Манай холбооны Ерөнхийлөгчийн биеийн байдал 4 сарын хугацаанд сайнгүй байж байгаад гадагшаа явж эмчлүүлээд эх орондоо ирчихсэн байгаа. 4 сарын дараа холбооныхондоо хандаж Ерөнхийлөгч маань ил гарч ирэн мэндчилгээ дэвшүүлсэн нь бид нарт бас нэг том сюрприз байлаа, залуучуудад маань урам зориг өгсөн явдал боллоо. Мөн холбооны анхны Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дарга хуралд оролцож, мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу анх хэрхэн үүсгэн байгуулж байсан тухай үүх түүхээсээ хуваалцсан. Мэдээж одоо энэ корона цар тахалтай үед залуу бизнесменүүдийг яаж дэмжих вэ гэдэг асуудал нийгэмд тулгамдаад байна. Энэ startup компаниуд сөхөрлөө. Залуучууд халаасандаа мөнгөгүй боллоо, түрээсийнхээ мөнгийг төлж чадахаа байлаа, цалин байтугай хоолны мөнгөгүй болж байгаа тохиолдол ч байна. Энэ үед манай холбоо залуустаа яаж бодлогын дэмжлэг ч үзүүлэх вэ гэдэг том бэрхшээлийн өмнө тулгарч ирээд байна. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулж, стратегийн төлөвлөгөөнүүд хийгдээд явж байна.
 
    -Нийгэмд намын дэргэдэх залуучуудыг байгууллага гэхээр албан тушаал хөөцөлдсөн цүнх баригчид ч гэдэг юм уу? сөрөг хандлага бас цөөнгүй байдаг шүү дээ?
 
Тийм ээ, бид нарыг цүнх баригчид гэж их шүүмжилдэг. Ер нь бол муухай холбоо, муу улс төрийн нам ч гэж байхгүй.Түүн дотор нь байгаа муухай улсууд л гэж байгаа, тэд нь л тухайн нам, холбоогоо муухай харагдуулдаг.
Түүхийг харахад янз бүрийн тохиолдол гарч байсан.Холбоогоо муухай харагдуулахуйц зарим улсууд орж ирж байдаг. Тэгэхээр бид нар энэ дотор байгаа бүрэлдэхүүнийг яаж зөв байлгах, хэрхэн зөв амбицтай байлгах вэ, хэрхэн зөв зүйлийн төлөө яаж эв нэгдэлтэйгээр хамт явах вэ гэдэг дээр маш их анхаарч явдаг. Цүнх баригч гэдэг их муухай нэр л дээ.
 
Тэгэхдээ цүнх барьж туршлагажидаг тохиолдол байдаг. Олон шийдвэрүүдийг гаргахад тэр хүмүүсээс суралцах, том том процесст оролцох, мэдлэг мэдээллээ өргөжүүлэх, networking-оо тэлэх гээд олон давуу талууд байдаг.
 
Бид хийж байгаа төсөл хөтөлбөрүүдээрээ энэ хүмүүс чинь цүнх баригчид биш шүү. Харин залуучуудын хөгжлийн төлөө залуучуудын оролцоог хангах үйл ажиллагааг явуулдаг байгууллага юм байна шүү гэдгийг харуулахыг зорьдог. Мэдээж хүмүүсийн туслахаар ажиллаж дагаж явах нь залуучуудад нээлттэй. Үүнд маш их давуу тал байдаг шүү гэж хэлье.
 
Холбоонд гишүүнчлэлгүй залууст танай холбооны үйл ажиллагаанд оролцох боломж хэр байдаг вэ?
 
-Манай холбооны үүд хаалга залууст үргэлж нээлттэй байдаг: Нэгдүгээрт манай вэбсайтаар дамжуулж элсэх боломжтой. “Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын Холбоо” гэсэн фэйсбүүк хуудастай.
Мөн Тусгаар Тогтнолын Ордны 201 тоотод ирж, бидэнтэй хамтарч ажиллах боломж бүрэн нээлттэй. Манай холбоо 16 хорооны системээр ажилладаг, гишүүнчлэлийн хороо гэж байгаа. Манай холбооны дэд ерөнхийлөгч н.Батцэцэг энэ ажлыг маань хариуцаж явдаг. Гишүүнчлэлийг нэмэх, хүрээгээ тэлэх, орж ирж байгаа залуучуудаа шат шатанд бэлдэх, цаашид дэмжлэг үзүүлэх стратеги төлөвлөгөө гарчихсан байгаа. Бид нарын цацаж байгаа влог дээр манай дотоод гишүүнчлэлийн систем яаж явагддаг вэ гэдэг талаар тодорхой харагдана. Тиймээс та бүхэн энэ 4 сарын 6-нд тавигдсан манай влогын 2 дугаар ангиас манай гишүүнчлэлийн бодлогыг үзээрэй гэж хүсье.
 
   -Залуус танай байгууллагын дэмжлэгийг яаж авч болох вэ? 
 
-Төсөл хөтөлбөрт оролцоно. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих 10 эмэгтэй, 100%-ийн боломж гэдэг төсөл жишээ нь байдаг.
Мөн бид нийгмийн эерэг нөлөөллийн төслүүдийг шалгаруулдаг “Алтан сарнай” манай санд байна. Нийгэмд эерэг импакт үзүүлсэн төслүүдэд бид “Алтан Сарнай” цомын хамт 30 сая төгрөгийн шагнал олгодог. 30 сая төгрөгийг бид нар өөрсдөөсөө биш нийгмийн үнэ цэнийг бүтээгч байгууллагуудаас босгодог. Энэ шагнал нь хамтын үнэ цэнийг бүтээж, тэдгээр залуучуудыг дэмжих, дараа дараагийн ажилд нь урам зориг өгөх, улам өргөжүүлэх боломж бололцоог үүсгэдэг.
 
   -НАМЗХ-ы ирээдүйг та хэрхэн төсөөлж байгаа вэ? Энэ байгууллага цаашдаа ямар байгууллага болж, хөгжих ёстой гэж боддог вэ?
 
-Бид нарын зорилго холбооны үйл ажиллагааг аль болох хүртээмжтэй болгох.
Цөөхөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулаад тэрүүхэн тэндээ ажиллаад байдаг биш, нийгэмд өргөн хүрээтэй, ялангуяа хөдөө орон нутагт байгаа залуучууд болон нийслэлд байгаа залуучуудын боломжийн ялгааг ойртуулах чиглэлээр ажиллана.Хөдөө орон нутагт  мал маллаж байгаа залуучуудаа яаж хөгжүүлэх вэ? Яаж хөгжлийн бодлогын ард үлдээхгүйгээр бүгдийг  авчрах вэ гэдэг дээр гол анхаарлаа хандуулж ажиллаж байна.Цаашилбал короновирусын дараах амьдрал дээр дэлхийн олон улсын харилцаанд НАМЗХ нэлээн их хүч гаргаж ажиллахаар төлөвлөж буй юм.
 
Баярлалаа.
 
Ярилцсан Г.Мөнхбаяр