сонин mn
“Дорнын түншлэл” Монгол-Хятадын бизнесийн зөвлөлийн зөвлөх, судлаач Б.Дашравдантай ярилцлаа.
 
Сүүлийн үед та БНХАУ-тай холбоотой бизнес хийх боломжийн тухай твиттер хуудсандаа бичиж, цөөнгүй хүмүүсийн анхаарлыг татаж байна.
Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
 
Би 2010 онд МУИС-ийг төгссөн. Философи, шашин судлаач, санхүүч мэргэжилтэй. Улмаар БНХАУ-ын Жөжян мужийн Жэүнжоны Үйлдвэр Худалдааны Их Сургуульд “Засаг захиргааны удирдлага” мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Ингэхдээ ухаалаг хотын удирдлага гэдэг ерөнхий сэдвийг сонгож авч судалсан юм. Twitter дээрх жиргээнүүдийн тухайд гэвэл  ер нь Хятадад их, дээд сургууль төгссөн болон тэнд ажиллаж амьдарч байсан, бизнес хийж байсан залуучуудаас  танилууд, ойрын хүрээллийнхэн нь их асуудаг л даа. Тэр нь ихэвчлэн “Хятад хөрөнгө оруулагч олж өгөөч, Хятадаас тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн авах гэсэн юм. Тэр бүү хэл Tabao сайтаас   хувцас захиалах гэсэн юм, туслаач” гэх мэт агуулгатай байдаг.
Өөрөөр хэлбэл хүмүүст ийм төрлийн хэрэгцээ байна. Тийм учраас хүмүүст тус тусад нь хариулах хүндрэлтэй санагдсан учраас твиттерт бичиж эхэлсэн. 
БНХАУ-аас яаж бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг юм? Манай улстай хиллэж буй хамгийн том боомт болох Эрээн хот гэдэг чинь ямар үүсэлтэй хот юм,,Эрээнд бизнес эрхэлж байгаа Хятадууд бүтцийн хувьд хэн юм, цаашлаад Гуанжоу, Бээжинд очиход, Жөжян мужийн Жин Ху хотын Юүэ худалдааны хотод очиход нөхцөл байдал нь ямар байдаг юм? гэх мэт асуултанд өөрийнхөө мэдсэн, дуулсан уншсан болон гол нь уулзаж ярилцаж байсан хүмүүсийнхээ бодит жишээг аль болохоор өгүүлье гэж бодоод твиттерт ийм цуврал жиргээнүүд хийж эхэлсэн. Би өмнө нь Монголын нийт худалдааны бараг 80 орчим хувь нь Хятад улстай хийгдэж байна. Ер нь Хятадад сурсан, Хятадад бизнес хийдэг, Хятадаар дамжаад Ази, Африк руу гарч байгаа маш олон бизнес байгаа шүү дээ. Иймээс ч энэ чиглэлийн мэдээлэл Монголд илүү нээлттэй, хүртээмжтэй байдаг юм болов уу гэж боддог байсан. Гэвч үнэндээ мэдээлэл маш хангалтгүй байна.
 
 
 
Ер нь манай Монголчууд гадаадад хэрхэн бизнес эрхэлж байгаа бодит туршлага, алдаа оноогоо хуваалцдаггүй юм байна гэж ажигласан.
 
 
 
Миний туршлага тийм арвин биш л дээ. Гэхдээ л өөрийнхөө хэмжээнд мэдээлэл хуваалцъя гээд энэ ажлыг эхлүүлсэн. Энэ нь тодорхой хэмжээнд хүмүүст хүрч байх шиг байна. Дэмжиж, сонирхож, уншиж байгаа хүмүүстээ баярлалаа.
 
Та: “Монголчууд бид нар Хятадын барааг Ази, Европ  бусад улс руу экспорт хийе” гэж ярьж, бичдэг. Үүнийгээ тодруулахгүй юу?
 
Монгол Улсын хувьд алт, зэс, нүүрс гээд уул уурхайн түүхий эдээ, мөн малын махыг хагас боловсруулаад л урагшаа гаргаж байгаа шүү дээ. Өнөөдөр дэлхий нийтээрээ Хятадыг маш том боломж гэж харж байна. 2021 оны 1-р сард гарсан статистикаас үзвэл Хятадын хүн амын дундаж орлого 23.000 юань хүрчихлээ.  Зарим томоохон хот буюу Шанхай, Бээжинд бол  дундаж орлого 50.000 юаниас давчихсан. Миний амьдарч байсан Жөжян мужид гэхэд л нэг хүний жилийн дундаж орлого 41.000 хүрсэн.  Өөрөөр хэлбэл пундаж орлого нь жил ирэх тутам өсч байна.Энэ том орлогын өсөлт, боломжоос дэлхийн олон улс орон “шанагадахыг”, “халбагадахыг” хүсэж буй нь нууц биш.Хятад улс 20 гаруй жилийн өмнө copy/paste хийдэг хуулбарлагч-үйлдвэрлэгч орон байсан. Тайпингийн бослого 1850 онд гарсаны дараа Хятад үндэстнүүд Ази, Африк, Европ руу маш олноороо гарсан. Ингэж нэгдүгээр урсгал нь гарч явсан. Дараа нь БНХАУ байгуулагдахаас өмнө Чан Кайшийг дагаж Тайван руу дүрвэхтэй  холбоотойгоор хоёрдугаар урсгал нь гарсан. 1990-ээд оноос хойш гуравдугаар урсгалын Хятадууд дэлхий өндөр хөгжилтэй олон орон луу явсан. Энэ гуравдугаар урсгалын Хятадууд  маш олон шинэ боломжийг эх орондоо бий болгосон. Жишээлбэл Жан гэдэг оюутан Харвардад очло. Жан хичээн, зүтгэсээр Харвардад тэнхимийн эрхлэгчийн туслах багш профессор болоод явдаг.Улмаар сургуулийнхаа тэтгэлгүүдэд ихэвчлэн өөрсдийнхөө Хятад оюутнуудыг санал болгоно. Тэгээд бүлгээрээ болж байгаад бүхий л төрлийн нөү хау, бизнесийн туршлага, барууны технологийг сураад авчихдаг. Хажуугаар тэндээсээ мөнгөө босгож, кофе шоп юм уу, үйлдвэр ч юм уу янз бүрийн байдлаар “Чайна таун”- даа ажиллаад хуримтлал бий болгоно. Энэ мөнгөний урсгал буцаад Хятадад хөрөнгө оруулалт болж ирдэг. Энэ туршлагын дагуу Хойд Солонгос хөгжих гээд байна гэдгийг би Хятадын судлаач Жоу Ган гэдэг хүний судалгааны материал дээр үндэслээд твиттер дээр жиргэсэн. Жоу Ганы уг материалд:  “2025-2030 оны хооронд Хойд Солонгос  эх газар, Хятадтай хиллэдэг боомт дээрээ болон Шар Тэнгис, далайн боомт дээр хоёр боомт бий болгох гэж байна. Үүний тулд 2015 оноос эхлээд 5 жил тутамд 500-1000 залуучуудыг албан бусаар гаргаж буй аж. Гадныхан харахдаа тэр хүмүүсийг улс төрийн дүрвэгч гэж дүгнэдэг.  Яг үнэндээ бол дотооддоо сайтар бэлтгэгдсэн, маш сайн Англи хэлтэй, Хятад хэлтэй, тэр бүү хэл маш сайн Испани, Франц хэлтэй, сошиал медиаг маш сайн ашигладаг, барууны капитализм ямар вэ? гэдгийг мэддэг хүмүүс Засгийн Газрынхаа зохион байгуулалттайгаар гараад байна” гэж бичсэн байдаг.
Тэдгээр Хойд Солонгосчууд Хятад, Индонез, Малайз, Сингапур, Зүүн Өмнөд Азийн орнуудаар хүртэл тарчээ. Тэдгээр улс орнууддаа нэгдүгээр зэрэглэлийнх нь нөхдүүд ажил олж хийж байна. Хоёрдугаар зэрэглэлийн хүмүүс нь менежерийн түвшинд ажиллаж байгаа. Цаашилбал жижиг дэлгүүртэй, бизнестэй болж байна. Жил ирэх тутам тэд өсөн дэвжиж байна. Учир нь тэд бэлтгэгдчихсэн хүмүүс. Та санаж байгаа байх. Араб бил үү? Англид ч билүү байсан Хойд Солонгосын Элчин Сайдын Яамны хоёрдугаар хүн нь Өмнөд Солонгос руу гарсан.  Тэр хүн өнгөрсөн жил болсон Солонгосын Парламентын сонгуулиар Ганнам дүүрэгт нэр дэвшин, сонгогдлоо.
Гэтэл тэр хүн капитализм, барууны ертөнц, Өмнөд Солонгосын тухай маш өндөр мэдлэгтэй, боловсролтой, ер нь бол бэлтгэгдчихсэн хүн байсан..Өнөөдөр Солонгосын Парламентын хамгийн идэвхтэй хууль санаачлагч болоод байна. Ийм жишээ маш олон.
5-10 жилийн дараа чөлөөт бүсэд Хойд Солонгосын бүсүүд бий болоход тэр Хойд Солонгос залуучууд чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч, компанийн эзэд болж орж ирнэ. Энэ үед Хойд Солонгосчууд Хятадуудад юм уу, Өмнөд Солонгос, Япон, Америкийн хөрөнгө оруулагчдад итгэхгүй ээ гэсэн санааг жиргэсэн. Яг үүнтэй ижилхэн Хятадыг дэлхий нийтээрээ боломж гэж харж байна. Өнөөдөр Узбекстан залуучууд, Казахстан Киргиз, түүнчлэн Тайланд, Вьетнам, Индонези, Малайз, мөн Хойд Африкийн, Марако, Тунис, Алжер гээд, Латин Америкийн Мексик, Гветамал, Европоос бол Серби, Монтенегро, Румын залуучууд маш олноороо БНХАУ-д оюутан болж очдог. Хажуугаар нь хэдийгээр БНХАУ-д гадаад оюутан ажил эрхлэх хориотой ч гэсэн яаж ийгээд Хятад найзтай, Хятад түнштэй болоод тэндээ ажил эрхэлдэг. Зарим нь бүр жижиг хоолны газар, ресторан ажиллуулж байна. Ялангуяа Узбек Туркменүүд бол Турк хоолны газруудыг маш ихээр ажиллуулдаг.Энэ бол боломжийг тухайн орноос нь бий болгож байгаа хэрэг. Харин бид Монголд үйлдвэрлэсэн ямар нэгэн бараа бүтээгдэхүүнээ хүчээр Хятадад аваачиж зарах тухай л юм яриад байна.
Гэтэл Монголчууд бид яагаад залуучуудаа системтэйгээр бэлтгээд, тэндээс нь өөрийнх нь анхны капиталыг нь хуримтлуулж, тухайн оронд нь ямар нэгэн байгууллагын менежер болгон, улмаар эзэн, хөрөнгө оруулагч болгох бодлогыг  хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ? Яагаад энэ мэдээллээ хуваалцахгүй байгаа юм бэ гэдэг тал дээр харамсаж явдаг.
 
-Монгол улс Хятадаас эдийн засгийн хувьд хамааралтай байна. Гэхдээ нүүрс, зэс, төмрийн хүдэр зэргийг экспортлоод, ихэвчлэн барилгын материал импортлож байгаа. Таны бодлоор Монгол, Хятадын худалдаа, эдийн засагт их хэмжээний тэлэлт авчирч болохуйц ямар хамтын ажиллагаа бий болгох боломжтой вэ?
 
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд зэрэг төрийн өндөрлөгүүдийн БНХАУ-д хийж байгаа, мөн БНХАУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудын Монголд хийж байгаа  айлчлалуудын хүрээнд л ихэвчлэн гол бизнес уулзалтууд болдог.Гэхдээ бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. БНХАУ өнөөдөр дэлхийд эдийн засгаараа  хоёрдугаарт орж байна. Хүн амаараа нэгдүгээрт орж байна. Манайх хэдэд ордог билээ.
 
 
 
Дэлхийн улс орнуудыг жагсаагаад үзэхэд Монгол Улс эдийн засгаараа бараг 133 дугаарт орж байгаа шүү дээ. Дээр дурьдсан бизнес форумуудын үеэр Хятадын аварга том компаниудтай манайдаа л том гэсэн компаниуд уулзаж, ярилцаж хамтран ажиллах санамж бичиг байгуулдаг. 
 
 
 
 Гэтэл манай том компаниуд маань үнэндээ Хятадын тэр аврага том компаниудын хажууд ЖДҮ эрхлэгчид шүү дээ. Хятадын старт ап компанийн хэмжээний л  түвшинд байгаа. Тэгсэн атлаа бид дандаа том том бизнес ярьдаг. Төмөр зам, нүүрс, алт гэх мэт том бизнес их ярьцгаадаг. Түүнчлэн би ер нь ОХУ-ын хөрөнгө оруулалт Монголд нэмэгдээсэй, Монголчууд  Орос руу бизнес эрхлээсэй гэж боддог. Яагаад гэвэл Монгол Улс хоёр том хөрштэй учраас  энэ хоёрын харьцаа тэнцвэртэй байх ёстой. Мөн гуравдагч хөршийн бодлого маш хүчтэй байх ёстой, барууны хөрөнгө оруулалт Монголд орж ирэх ёстой. Гэхдээ нэг зүйл байгаа. Энэ бүх хөрөнгө оруулалт, бизнес хүнээр л дамжиж явна. Ямар нэгэн том дарга очоод гэрээ байгуулснаар төдийлэн урагшлахгүй. Хүн хоорондын ойлголцол бий болохгүйгээр явахгүй.Бид гуравдагч хөрш орны хөрөнгө оруулалтыг татахын тулд бас нэг гарц байгаа. Тэр нь юу вэ гэхээр жишээ нь Монгол залуучууд  Индонезийн “Лувак” гэдэг кофег Индонезиос Шанхай руу оруулж ирдэг сувагтай болчихсон байна.
Улмаар Хятадаас Индонези руу электрон бараа, дэлгэц, угаалгын машин оруулж зардаг. Энэтхэгт ажилладаг бас нэг залууг би танина. Тэр залуу Энэтхэгээс Хятад руу  сонгино оруулж ирдэг. Буцаагаад янз бүрийн Хятад хоолны амтлагчийг Энэтхэг рүү оруулдаг. Мөн Африкийн нэг оронд манай зээлийн Лэнд.мн гээд аппликэйшн шиг хөгжүүлэлтийг хийх гээд явж байгаа Монгол залуучууд хүртэл байна. Тэдний дийлэнхи нь Хятадад очиж, боловсрол эзэмшээд тэндээсээ боломж хайгаа. Хятадад танилцсан Африк найзтай, Энэтхэг найзтай, Индонез найзтай болж, ре-экспорт хийж байна. Би ирээдүйд энэ гадаадад капитал үүсгэсэн залуучууд Монгол эх орон руугаа хөрөнгө оруулаасай гэж хүсдэг. Улмаар энэ залуучуудаар Монголчууд бахархаасай, ийм залуучууд бор зүрхээрээ яваад өөрөө өөрийгөө бүтээж байгаа шүү гэдгийг бага багаар мэдээсэй, эх орон, төр засаг нь тэр залуучуудаа сонсдог байгаасай гэж хүсдэг. Тэгээд ер нь бол хоёрхон л асуудал байгаа юм. Төр нэг их  дэмжээд байхаасаа илүү хааж боохгүй байх ёстой. Элдэв татвар, тусгай зөвшөөрөл, лиценз гэх мэт зүйлээр хааж боохгүй байх хэрэгтэй. Ядаж Хятадын старт ап компаниудаа дэмжиж байгаа шиг эхний 5 жил татваргүй, хоёр дахь 5 жил нь 50 хувийн татвартай, гурав дахь 5 жилээсээ эхлээд 100 хувь төлөөд явдаг ийм жишгийг нэвтрүүлээсэй. Хоёрдугаарт нэгэнт Монголд хөлөө олсон том компаниуд жижгүүдийгээ дээрэмддэг, гадаадаас дөнгөж мөнгөтэй орж ирээд санаагаа бизнес болгох гэж байгаа залуучуудын санааг том компаниуд маань хулгайлдаг, дээрэмддэг. Энэ соёлгүй хандлагаасаа татгалзаасай  гэж хүсэж байна. Би нэг зүйлд маш их итгэдэг. Тэр юу вэ гэхээр Монгол хүний авьяас чадвар  арван Хятад хүнээс илүү. Энэ маань арьс өнгөний үзэл, расисзм биш. Гэхдээ энэ бол үнэн. Монгол хүний хувь чадварт нь итгэдэг. Юу нь болохгүй байна вэ гэхээр манай систем л болохгүй байна. Төр нь, том компаниуд нь шинэ санаа нутагшуулах гэж байгаа, гаднаас хуримтлал үүсгээд орж ирж байгаа залуучуудыг, Монголоос ч гэсэн босож ирж байгаа жижиг бизнесүүдийг бол арай л хаан боогдуулах алхам хийж байна. Энэ бол манай системийн согог гажиг.
 
-Таны сая өгүүлсэн жишээнүүд их сонирхолтой санагдлаа? 
 
Өөр нэг жишээ дурьдья л даа. БНХАУ-ын Юань ч Зимбабве улсын мөнгөн тэмдэгт боллоо шүү дээ. Учир нь тус улсын мөнгөн тэмдэгт гипер инфляцид орсон. Гэтэл Зимбабве улсын Караа гэдэг хотод  валютын ченж хийж байгаа Монгол эмэгтэй хүртэл байна. Дахин хэлэхэд ямар нэг байдлаар боломж олж, Хятадаар дамжин, Хятадын бараа бүтээгдэхүүнийг дахин дамжуулж рекэкспорт хийн, гуравдагч орны барааг Хятад руу оруулж ирэх зэрэг Монголтой огт хамааралгүй бизнес хийж байгаа залуучууд олширч байна.  
Мөн бас нэг зүйлийг хэлмээр байна.
 
Махны бизнес дээр ярья л даа.Хятадын Laopodaren 老婆大人 “Тэр бол одоо эхнэр, их хүмүүн, эхнэр, ноён” гэсэн утгатай нэртэй дэлгүүр байна.
 
Энэ дэлгүүр бол Хятадын хамгийн өндөр ашигтай ажилладаг жижиглэнгийн дэлгүүр. Уг дэлгүүрт дандаа нэг нэгээр нь савласан бараа бүтээгдэхүүн, хүнс байдаг. Мах гэхэд л тахианы нэг сарвуу, нугасны нэг ширхэг хошуу, нугасны хүзүү, гахайн тагалцгийн жижигхэн хэсэг, гахайн ганц зүсэм өөх, тэр бүү хэл нэг ширхэг талхыг савлаад зардаг. Махны бизнес дээр л гэхэд манай бизнес эрхлэгчид маань хэдэн арван тонноор нь зарж, гаргахыг хүсдэг. Тэгээд  хэт их хэмжээний мах Хятадын зах зээл рүү нийлүүлчих гэхээр дотоодын зах зээл дээр нь махны хомсдол үүсчих гээд байдаг. Улмаар үнэ хөөрөгддөг. Яг энэ үед нь Засгийн Газар ард түмэндээ таалагдах гээд өнөөх махан дээр нь квот тогтоочихдог. Хэмжээ хязгаар тогтоогоод, хаалт тавьчихдаг.
Хаана хязгаар, квот, лиценз байна, тэнд авлига байх нь зайлшгүй. Энэ бол хууль. Ингээд л буцаад нэг хэсэг нь бизнес хийх гээд мах цуглуулж байсан бол албан хүчээр, төрийн хүчээр дотоодын зах зээлд борлуулах болдог. Энэ тохиолдолд тэр хүний хоёр, гурван жилийн төлөвлөгөө, төсөөлөл, хамтрагчдынх нь итгэл найдвар бүх зүйл унтарна шүү дээ. Бид нар Хятадын хилийн хорио цээр хэцүү, Хятадад бараа нийлүүлэх хэцүү гэж ярьдаг. Үнэхээр хэцүүгүй зүйл  амьдрал дээр байхгүй ээ. Амархан байдаг байсан бол бүгдийг л хэн ч хамаагүй хийгээд баяжчихсан байгаа. Тиймээс бид нар аргыг нь олох ёстой. Монголд юм уу? Эсвэл арга ядахад Эрээнд Хятадуудтай хамтарсан, 50/50 хувийн компаниудыг нээе л дээ. Тэнд юу хийх вэ гэхээр хонины хоёр ширхэг нүдийг нь нэг уутанд хийгээд, чих, хэлийг нь бүтнээр нь биш нэг нэгээр нь зүсээд,  шийрээ мулталж авч байгаад зарж болно. Хятадууд шүд муутай хүмүүс учраас маш зөөлөн, амархан идэж болдог маханд их дуртай. Мөн жил ирэх тутам Хятадуудын махны хэрэглээ өсөж байгаа. Өнөөдөр Хятадууд өдөрт Монгол хүнээс илүү хэмжээний махны хэрэглээтэй болох цаг ойрхон байна. Тэгэхээр бид нар юуг өөрсдөө зарах тухай асуудал биш, тэр гаднын хүмүүс юу сонирхож байна, тэр эрэлтэд нь нийлүүлэх дайвар бүтээгдэхүүн, махыг яг Хятад хүний онцлогт нь тааруулж боловсруулахад боломжтой зах зээл гэж харж байгаа юм. 
 
Монголд гуяны мах үнэтэй байдаг бол Хятадад ястай байх тусмаа үнэтэй байдаг.
 
Яс нь махнаасаа илүү үнэтэй. Энэ мэт гарц гаргалгааг бид нар хоорондоо ярьмаар байгаа юм. Гэхдээ нэг том гажиг нь юу вэ гэхээр Хятад, Монголын хооронд бизнес жуулчлал хийж байгаа хүмүүсийн ихэнх нь БНХАУ-ын Хэнан мужийнхан, Хэбэй мужийн Жанжакоү орчмынхон байна. Мөн Ю.Цэдэнбал даргын үед Хятад гаралтай хүмүүсийг Монголоос маш олноор нь хөөсөн шүү дээ.Тэр хүмүүс эргээд 1990 онд Монголд орж ирээд, Зуун айл орчмоор суурьшчихсан.
Мөн Өвөр Монголчууд маш ихээр орж ирэн, Монгол, Хятадын хооронд бизнес жуулчлал хийж байна. Энэ хүмүүсийг анхааралтай судлаад үзвэл Хятаддаа өндөр дээд боловсрол эзэмшсэн хүмүүс маш цөөхөн байгаа. Дандаа практикаар, хар аргаар наймаа хийгээд явчихсан хүмүүс байдаг, эсвэл бүр сургууль завсардчихсан ч байдаг ч юм уу? Монголын бизнес эрхлэгчид эдгээр хүмүүсийн амаар л Хятадын зах зээлийг төсөөлдөг. Энэ хүмүүс болохгүй байна гэвэл болохгүй л гэж ойлгодог.  Гэтэл Монгол залуучууд Хятадад сураад, тухайн улсаа судлаад, ойлгоод хуримтлал үүсгээд бизнесийн эзэд болоод ирчихлээ шүү дээ. Монгол хүн Монгол хүндээ итгэе л дээ. Ийм л мессежийг өгмөөр байна.
 
-Монгол хүн, Хятад хүний ялгааны талаар та твитертээ бичсэн байсан шүү дээ. “Зогсоолын ногоон” гэдэг залуугийн жишээг иш татсан байсан.Тараах материал тараадаг хэрнээ маш их хөрөнгөтэй, гэтэл Монгол хүн 3000 юанын оюутны цалингаараа шоуддаг тухай бичсэн байсан?
 
Монгол залуучууд хичээлдээ идэвхтэй, зүтгэлтэй байгаасай, дэлхийн хаана ч байсан хамгийн өнгөлөг нь байгаасай, онц сурдаг нь байгаасай, авхаалжтай сэргэлэн байгаасай гэж би хүсдэг. 
Ийм залуучууд ч маш олон бий. Ханжөү хотод гэхэд л Жэүнжоны их сургууль гээд Хятадын  топ 5 сургуулийн нэг байна. Энд манайхаас жил болгон 30 орчим залуучууд суралцдаг. Эдэн дунд Монголд хөрөнгө оруулалт босгоод ажиллаж буй сайн бизнесмен, сайн хуульч, сайн эдийн засагч, Монгол, Хятадын нүүрсний худалдааг шинжлээд Хятадын оны шилдэг дипломын ажлыг бичсэн оюутан хүртэл бий.
Манайх социализмын жилүүдэд ч юм уу? эсвэл сүүлийн 30 жилд Монгол хүний үнэт зүйл гэж юу вэ? гэдгийг байхгүй болгочихсон. Харин Хятадууд Күнзийн соёлынхоо дагуу Хятад хүнийг бэлддэг. Америк, баруунд бол протестант шашнаараа дамжуулаад долоо хоног болгон сүмд очиж байна. Энэ барууныханы зөв шүү дээ. Бурхандаа итгэл үнэмшлээ даатгаж байна.Нэг итгэл үнэмшилтэй хүмүүстэй хамт байж байна. Өвөө эмээ, аав ээжтэйгээ хамт тэр бурхандаа мөргөж байна, залбирч байна. Тэр мөргөл нь Америк хүнийг, Франц хүнийг, Герман хүнийг бий болгож байна. Япончууд гэхэд л бушидо шашныхаа уламжлалаараа л Япон хүнийг бэлддэг. Гэтэл бид нар өнөөдөр Монгол хүн гэж яг хэн бэ? гэдэг  нэгдсэн итгэл үнэмшил байхгүй хэвээр л байна. Тиймээс л хувь өөрийгөө олж авахад маш хэцүү. Таны асуудаг жишээ бол “Зогсоолын ногоон” гээд манай сургууль дээр байсан жишээ л дээ. Манай оюутны хотхоны үүдэнд өглөө болгон зун, өвөлгүй ногоон цувтай юм уу, ногоон цамцтай зогсож байдаг нэг залуу байсан. Тэр газарт бороо их ордог учраас голдуу ногоон цувтай л зогсож байна даа. Ногоон цувтай тэр залуу  цаасан дээр хэвлэсэн танилцуулга тараагаад л явж байдаг. Түүнийг оюутны байрны ихэнх залуучууд “Зогсоолын ногоон” гэж нэрлэдэг. Бүгд хараад л “Зогсоолын ногоон”гараад ирчихсэн байна гээд шоолдог. Би нэг өдөр өнөөх залуугийн тарааж байгаа материалыг сонирхдог юм. Гэтэл манай сургуулийн кемпээс 500 орчим метрийн зайтай, Ханжөү хотын Шаша дүүргийн Инхай нанлуу гээд метроны буудлаас 200 орчим метрийн зайтай “Ханжөү Сингапурын үйлдвэр, инноваци технологийн парк” баригдаад бүрэн ашиглалтад ороогүй байсан юм. Тэнд ажиллаж байгаа компаниудын форум, уулзалт цугларалт болно гэсэн зар байсан. Тэр нь таксгүй, босоо хүлээн авалттай мөн орой нь үдэшлэгтэй гэсэн байсан. Тэгээд би эргэн тойрныхоо хүмүүсийг хамт явъя гэсэн л дээ. Учир нь 10 хүн хамт очвол тодорхой  урамшуулалтай гэсэн байсан. Би Бангладеш, Балба, Конг ззэрэг 10 орчим залуучуудтай хамт очсон.
Тэгсэн чинь “Ханжөү Сингапурын үндэсний инноваци технологийн парк” дахь 10 шилдэг компанийн захирлууд гарч ирээд, нэг нэгээрээ ярилцлага хийхээр болсон.
 
Тэр дунд  нөгөө “Зогсоолын ногоон” маань яг Стив Жобс шиг цэнхэр, жинс, хар цамцтай гараад ирсэн. Танилцуулгаа хийсэн чинь хоёр тэрбум юанийн үндсэн үнэлгээтэй блокчэйний компанийг үүсгэн байгуулсан залуу байж таарсан.25-хан настай. 
 
Би гэтэл тэр үед 30 хүрчихсэн байсан. Гэтэл тэнд хориодхон настай хоёр тэрбум юанийн эргэлттэй компани байгуулчихсан атлаа өөрийнхөө компанийн танилцуулгыг өглөө болгон тараагаад явж байдаг. Энэ бол маш том хандлагын ялгаа.
Юу харагдаж байна вэ гэхээр бид үндэстнийхээ хувьд хэн бэ гэдгээ мэдэхээ больчихсон. Хөдөлмөрч хүнийг, энгийн хүнийг, даруу хүнийг, баялаг бүтээдэг хүнийг хүндлэхээ больчихсон. Зүгээр л брэндийн костюм пиджактай байна уу, гоё цагтай байна уу? гэдгийг л хардаг болохоос мөн чанар руу нь орж чадахаа больчихсон юм уу даа гэж хааяа боддог. Энэ ёс зүйн үнэлэмжийг Монголчууд бид хоорондоо ярьж байж бий болгоно. Төр уг нь чиглүүлэн манлайлах үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлэх эсэхийг нь би бас мэдэхгүй байна. Намайг ухаан ороход ийм болохгүй, бүтэхгүйгээ ярьсан, урагшилдаггүй нийгэм байсан. Өсвөр үеийн оюутан наснаас өнөөдөр амьдралын талбарт гараад ирэхэд өөрчлөгдсөн юм огт алга. Өөрчлөгдөөсэй л гэж найдаж байна.
 
-Таны бодол, үнэлэмжээр БНХАУ-д сураад ирж байгаа оюутнуудын чанар хэр байна?
 
Өнгөрсөн 2020 оны 6 сард гарсан тооцоогоор бол Хятадад  сурч байгаа гадаад оюутны тоогоороо манай улс 5-рт жагссан шүү дээ.
Нэгдүгээрт Вьетнам, дөрөвдүгээрт Казахстан, тавдугаарт нь Монгол Улс. Монгол Улсын 10600 орчим залуучууд тэтгэлгээр болон хувийн зардлаараа БНХАУ-д суралцдаг. Мөн Эрээний  бага, дунд сургуульд сурч байгаа 500 орчим хүүхдүүд нэмэгдэнэ. Хангалттай мэдлэг, туршлага хуримтлуулаад сайн сайхан явж байгаа маш олон залуу байгаа. Цаг нөхцөөж байгаа залуучууд ч маш олон бий. Ялангуяа Хятадад очоод Англи хэлээр суралцдаг явдлыг би үнэндээ ойлгодоггүй.
Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шүү дээ. Хятадын профессорууд хэлийг нь сайн мэдэхгүй ч гэсэн чармайж байгаад Хятадаар суралцаж байгаа оюутнууддаа маш сайн . ханддаг. Мэдэх чадах бүхий л зүйлээ хэлж өгдөг. Ялангуяа мастер, докторын түвшинд суралцаж буй оюутнууддаа маш сайн байдаг. Харин Англи хэлээр сурч байгаа гадаад оюутнуудыг Хятад багш нар, сургууль нь ч бараг тоодоггүй.Урсгалаараа явж байгаад л төгсөөд л ирдэг. Ер нь Хятадын багш нарынх нь Англи хэлний чадвар ч тийм сайн биш. Манайхаас очиж байгаа зарим оюутнуудын англи хэлний мэдлэг ч гэсэн сайн биш. Тэгэхээр багш хагас мэдлэгээ олгож, шавь хагас ухаанаар хүлээж авч байна. Үр дүн нь мэдээж хүний уншсан, дуулсан юм нь  100 хувь үлдэхгүй.25 хувьтай л байдаг юм болов уу гэж боддог. Хятадад сургууль төгсөгчдийн холбоо гэж байгаа. Тэр холбооноос, бусад бизнесийн  нийгэмлэгүүдээс яг орчинд нь очоод суралцахад ямар бэрхшээл тулгардаг вэ гэдгийг залуучуудад явахаас нь өмнө маш сайн зааж өгөх ёстой. Монгол бол маш их боломжтой орон. Хятадад очоод та англи эсвэл  Хятад хэл суръя гэвэл маш үнэтэй. Монголд бол харьцангуй хямд үнээр сурах боломжтой. Иймээс ч ядаж анхан, дунд түвшний хэлний мэдлэгтэй болчхоод явдаг болоосой л гэж бодож байна. 
 
Эцэст энэ сэдвээр миний асуугаагүй үлдсэн зүйл байвал та хэлэхгүй юу?
 
Хүн болгон алдаа оноотой. Хүн болгоны мэдсэн сурсан зүйл ч хязгаартай. Миний  мэдсэн, сурсан, дуулсан ч хязгаартай учраас би Монгол залуучууддаа нэгдээд “Худалдаачин үндэстэн” гэсэн клуб байгуулья. Хамтраад мэдээллээ солилцоод явъя гэж уриалж байна.
 
 
 
Ярилцсан Н.Энхдэлгэр