sonin.mn
Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхтэй эсэх маргаан ид өрнөж эхэллээ. 
Тэр дундаа одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга  дахин дэвших боломжтой юу гэдэг асуулт хуульч, судлаачдын  төдийгүй олон нийтийн дундах маргааны сэдэв болоод  байгаа юм.
Учир нь Монгол Улс өнгөрсөн 2019 онд Үндсэн хуулиа өөрчилсөн бөгөөд Төрийн тэргүүнээр сонгогдох шалгуурыг өөрчлөн хуульчилсан юм. Ингэснээр  Ерөнхийлөгчийг  дөрвөн жилийн хугацаатайгаар улираан сонгох боломжтой байсныг “50 нас хүрсэн Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгоно” хэмээн өөрчилсөн. Хэдийгээр энэ асуудлыг тухайн үед  дахин дэвших боломжгүй гэх агуулгаар томьёолсон ч одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ба түүний талынхан дахин дэвших асуудлыг хөндсөнөөр олон нийтийн дунд маргаан үүссэн нь энэ. 
Тэгвэл энэ тухайд  хуульч Ж.Эрхэмбаатар тайлбар хийлээ. Тэрбээр “Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгох, сонгогдох эрхтэй холбоотойгоор зөвхөн нэг удаа сонгогдоно гэх заалтыг оруулсан. Мөн насны хязгаар 45 байсныг 50 болгосон.  Ингэснээр  Монгол Улсад байгаа 45-50 насны 100 гаруй мянган иргэн ба одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар дахин дэвших эрхгүй болчихсон юм. 
 
Харин нөгөө талд Х.Баттулга гэдэг хүн улираан сонгогдох  боломж бүхий Үндсэн хууль хүчин  төгөлдөр байх  үед Ерөнхийлөгчөөр сонгогдсон учраас эрх зүйн байдлыг нь доруулж болохгүй гэх тайлбар бас үүсдэг. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга  Үндсэн хуулийг өөрчлөхдөө зөвхөн нэг удаа сонгогдоно гэдэг заалтыг хүлээн зөвшөөрөөд, улс төрийн манлайлал  үзүүлээд ёсчилсныг бүгд мэдэж байгаа шүү дээ.
 
Мөн Үндсэн хуулийн 30.2 буюу 50 нас хүрсэн хүнийг зөвхөн нэг удаа сонгоно гэх заалтыг мөрдөх хугацааг 2025 оноос мөрдөхөөр  төсөлд тусгасан байсан.
Энэ нь  Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Х.Баттулга гэдэг хүний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй гэдэг үүднээс хугацааг нь хойшлуулсан шийдэл байсан. 
Гэтэл Ерөнхийлөгч өөрөө Ажлын хэсгийн дарга байх үедээ энэ заалтад өөрчлөлт оруулаад хүчин төгөлдөр мөрдөх хугацааг 2021 он болгоод наашлуулчихсан. Ингэснээр Үндсэн хуульд оруулсан бусад заалтын дагуу одоо хүчин төгөлдөр болсон. Энэ бол Ерөнхийлөгч өөрөө хүлээн зөвшөөрөөд энэ заалтыг оруулсан гэж харж байгаа юм. 
Үндсэн хуулийн 30.2 дахь заалт бол одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэж заасан.  Учир нь эдгээр хүмүүс дахин дэвшбэл нэг удаа гэдэг заалт хангагдахгүй учраас зөвхөн  гэдэг хүч нэмэгдүүлсэн үгийг хэрэглэж бичсэн хэрэг. Нөгөө талаас Үндсэн хуульд зургаан жилээр сонгогдоно гэж заасан учраас одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2023 онд дуусах нь байна гэдэг.
Гэтэл энэ нь Үндсэн хуульд харш тайлбар.Х.Баттулга гэдэг хүнд ард түмэн 2017 онд итгэл үзүүлсэн.Ингэхдээ дөрвөн жилийнх нь мөрийн хөтөлбөрт итгээд, энэ хугацаанд биднийг төлөөлөөрэй гэж сонгосон шүү дээ.Дөрвөн жилд  хийсэн ажлаа тайлагнахыг нь хүлээж байна, тэр хугацаа нь энэ он. Хэрвээ сонгогддог албан тушаалыг хуульд өөрчлөлт оруулах замаар  хугацааг нь сунгачихаж болдог юм бол УИХ-ын гишүүдийг дөрөв биш арван жил гээд өөрчилчихвөл 10 жил суух нь байна. Энэ бол ардчилал биш, бид ийм ардчиллыг сонгоогүй.Ийм байдлыг хүлээн зөвшөөрвөл юу болдог вэ гээд харахаар түүхэнд маш олон дарангуйлагч бий болсон байдаг. Тийм ч учраас  хуульд заасан хугацаагаар буюу Ерөнхийлөгчийг зургаан жилээр иргэд л сонгох учиртай. Улираан сонгогдож болох буюу одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхтэй гэдэг заалтыг хүчингүй болгочихсон. Үндсэндээ Үндсэн хуулийн 30.2  бол хоёрдмол утгагүй заалт”  хэмээн тайлбарлалаа. 
 
 
Д.Дандархүү