sonin.mn
Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойтой холбогдуулан УИХ-ын дарга асан Д.ЛҮНДЭЭЖАНЦАНТАЙ ярилцлаа. Түүний хувьд Монгол Улсад хууль тогтоох байнгын ажиллагаатай парламент үүсэж бий болсон цагаас хойш тасралтгүй 30 жил төрийн түшээгээр сонгогдон ажилласан нэгэн билээ.
 
-МАН-ын 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тантай ярилцаж байна. Ууган намын түүхэнд гүйцэтгэсэн үүргийн тухайд олон зүйлийг ярьж болох байх. Та хувьдаа энэ тэгш түүхэн ойн өдрүүдэд чухам юуг онцолмоор байна вэ?
 
-Монгол Улс түүхэндээ дөрвөн Үндсэн хууль баталсан нь бүгд МАН болон түүний гүйцэтгэсэн үүрэгтэй салшгүй холбоотой юм. Ялангуяа хамжлагат ёсыг халж, бүгд найрамдах ёсыг тогтоож, тусгаар тогтнолоо бататгаж бэхжүүлснээрээ анхдугаар Үндсэн хууль түүхэн ач холбогдолтой байсан. Энэ хуульд гаднын шахалт дарамтын нөлөөгөөр ангийн эрх ашиг буюу зарим хэсгийнх нь эрхийг хязгаарласан ганц нэг заалт багтсан хэдий ч анхдугаар Үндсэн хуулийн үндэсний ардчилсан үзэл санаа, нийгэм, төрийн байгууллын үндсийг бэхжүүлсэн зэрэг нь одоогийн Үндсэн хуультай хүйн холбоотой гэж үздэг. Энэ бүхэнд тухайн үеийн МАХН, одоогийн МАН оройлон манлайлсан. 1940, 1960 оны Үндсэн хуулийн хувьд онцлогтой. Тухайн үедээ бидний сонголт, социалист нийгмийг эх орондоо байгуулах зорилтыг тавьсан Үндсэн хууль байсан учраас зарим талаар социалист хэв маягийн гэж нэрлэдэг. 1992 оны Үндсэн хууль бол Монголын ард түмний түүхэн сонголтын үр дүн байсан. Үүнийг хошуучлан манлайлсан нь мөн л МАН байлаа. Өөрөөр хэлбэл, монгол орны өнцөг булан бүрээс сонгогдсон 430 депутатын дийлэнх нь, мөн анхны байнгын ажиллагаатай парламентыг бүрдүүлсэн хүмүүсийн олонх нь МАН-ын гишүүд байв. 1992 оны шинэ Үндсэн хууль бол эх орноо төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийнхэд шилжүүлэх, эрх зүйт төрийг эх орондоо төлөвшүүлэх, хүний эрх, эрх чөлөөг жинхэнэ утгаар нь бэхжүүлэх, өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрч, хуулиар хамгаалах зэрэг нийгмийн олон чухал өөрчлөлтийг Үндсэн хуулиар баталгаажуулснаараа МАН түүхэнд үнэмлэхүй үүрэг гүйцэтгэсэн юм.
 
-Монгол Улс шинэ цагт, нийгмийн шаардлагаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад удаагүй байна. Энэ өөрчлөлтөд МАН-ын баримталсан гол зарчим юу байв. Тухайн үед голлох үүрэгтэй ажилласан хүний хувиар та асуултад хариулж өгөөрэй?
 
-Бид Үндсэн хуулийнхаа ололт, амжилт, сургамжид дүгнэлт хийснээр 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ удаад мөн л УИХ-д олонхыг бүрдүүлж байсан МАН-ын бүлэг, түүний гишүүдийн оролцоо, санаачилга өндөр байсныг онцлон хэлье. Өнгөрсөн 20 дугаар зуунаас өнөөг хүртэлх 100 жилийн хугацаанд Монгол Улсад тусгаар тогтнолыг асар их үнээр манай ахмад үеийнхэн авчирсан. Түүнийг хэмжээлшгүй их үнээр хамгаалж ирсэн. Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг авч үлдэхийн тулд 1930, 1940-өөд оны зарим хэлмэгдүүлэлт, дайн тулаан зэрэг бүхий л зовлон бэрхшээлийг амсаж, үүрч, улсынхаа тусгаар тогтнолыг нүдний цөцгий мэт хамгаалж ирсэнд МАН-ын эх орныхоо өмнө байгуулсан гавьяа оршиж байгаа юм. Мөн хоцрогдсон буурай орноос нийгмийн дэвшилд хүргэж, ард түмнээ хөл хөсөр, амар амгалан байлгах нийгмийн чиг баримжаатай бодлогыг манай нам тууштай хэрэгжүүлж ирсэн. Тийм ч учраас манай ард түмэн “Миний өвөө, эмээгийн нам, бидний, бидний үр хүүхдийн нам” гэж ярьдаг. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн манлайлагч, хошуучлагч, баталгаа болсон улс төрийн хүчин гэж ойлгож явдаг. Нам өөрөө амьд организм. Тийм учраас хөшүүн тогтонги байж болохгүй. Алдаа оноо мэдээж хэрэг байдаг. Энэ утгаараа үргэлж хөгжиж, өөрчлөгдөж явдаг. Өнөөгийн даяаршлын нөхцөлд монгол орны хөгжлийг цааш олон жилээр харж, улс орныхоо ирээдүйд маш идэвхтэй хошуучлагч нь байж улс орны бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд МАН урдын адил идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэдэгт 1979 оны намын гишүүний хувьд би бүрэн итгэлтэй байдаг.
 
“МАН-ын 100 жил бол Монгол Улсын түүхийн 100 жил юм” гэдэг тодорхойлолтыг өнөөгийн залуус хэрхэн ойлгож, хүлээж авах ёстой юм бэ. Ерөөсөө МАН бол Монгол Улс юм уу гэдэг асуултад та ямар хариулт өгөх вэ?
 
-Энэ хоёрыг салгаж ойлгох ямар ч аргагүй юм. 1990 оны дөрөвдүгээр сар хүртэл / 1960 оны Үндсэн хуульд заасанчлан МАН /тухайн үеийн МАХН/ нийгэм, төрийг удирдан чиглүүлэгч хүчин байв. Харин МАН энэ тодорхойлолтоос өөрөө сайн дураар татгалзсан байдаг. Ингэснээр эх орондоо олон намын тогтолцоо, олон ургальч үзлийг бий болгохыг өөрөөсөө эхэлсэн түүхтэй юм. Үүнээс өмнө МАН-ын бүх үйл ажиллагаа улс орондоо бүтээн байгуулалтыг удирдах, боловсон хүчний бодлогыг шилж сонгож хуваарилах, нийгэм, төрийн үйл ажиллагаа, хөгжлийн бодлогыг тодорхойлох зэрэгт зангидагдаж байсан. Тэгэхээр өмнөх 70-аад жилийн түүх бол МАН-тай салшгүй холбоотой болж байгаа юм. Сүүлийн 30-аад жилийн түүхэнд МАН-ын идэвх, оролцоо маш өндөр хэвээр байсан. Байнга парламентын нам байж ирсэн. Мөн парламентад олон удаа олонхыг бүрдүүлж ирсэн. Улс орны зах зээлийн шинэ тогтолцоонд манлайлагч байж чадсан. Ардчилсан шинэ нийгмийг цогцлоох гэдэг амаргүй зүйл байлаа шүү дээ. Тухайн үедээ өргөн хэрэглээний барааг картаар авдаг, дэлгүүрийн лангуунд давс, гоймонгоос өөр зүйлгүй байх цаг үед Монголын ард түмэн сонголтоо хийсний үндсэн дээр МАН олонх нь байж, удирдан зохион байгуулснаар шилжилтийн хүнд үеийг давсан байдаг. Өнөөдөр харахад амархан санагдаж магадгүй, хэзээнээс ийм байсан юм шиг бодогдож ч болох юм. Үнэн хэрэгтээ энэ шилжилтийг маш хүнд нөхцөлд даван туулсан.
 
 
 
Олон намын тогтолцоо, чөлөөт өрсөлдөөний үед МАН өөрийнхөө байр суурийг алдахгүйгээр буюу өөрийгөө ч шинэчлээд улс орныхоо хөгжил, шинэчлэлийг удирдахад гол үүрэг гүйцэтгэсэн. Ийм л учраас Монгол Улсын 100 жилийн, тэр дундаа тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн түүх бол ололт амжилт, алдаа сургамжтайгаа МАН-ын түүх мөн.
 
 
 
-Монгол хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахад МАН-ын манлайлал, санаачилга өндөр байсан гэдэг. Энэ тухайд та зарим баримт, жишээг дурдах уу?
 
-МАН Азидаа анх удаа эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангасан, хамжлагат ёсыг халсан гэх мэтээр олон чухал эрхийг анхдугаар Үндсэн хуулиараа бэхжүүлж өгсөн юм. Гэхдээ эдийн засгийн баталгаагүй нөхцөлд хуулиар тунхагласан эрхүүд хий хоосон зүйл болж хувирдаг. Тиймээс 1992 оны шинэ Үндсэн хуулиар хүний эрхийг баталгаатай хангах, бодитоор хэрэгжүүлэх үндсийг тавьж өгсөн. Тухайлбал, өмчтэй байх, иргэнийхээ халдашгүй байх эрх, эрх чөлөөг хангалаа. Хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, шашин шүтэх гэх мэт олон эрх болон улс төр нийгэм, эдийн засаг, соёлын эрхийг Үндсэн хуульдаа бүхэл бүтэн бүлэг /хоёрдугаар бүлэг/ болгон оруулсан. Ингэж баталгаатай нь хамт Үндсэн хуульдаа зааж өгснөөрөө олон улсын хүний эрхийн стандартын түвшинд хүрсэн эрхийн баталгаа болж чадсан юм. Мөн хүний амин чухал бөгөөд салшгүй жам ёсны эрхүүдийг яг олон улсынх нь жишиг номын дагуу дэвшүүлж өгсөн. Ийм ч учраас Монгол Улсын иргэд чөлөөтэй зорчих, оршин суух газар нутгаа сонгох эрхийг эдэлж байна. Энэ эрхийг хүмүүс Улаанбаатар хотод төвлөрөл үүсэх эхлэл болсон гэж шүүмжилдэг боловч хуучин цагт гэр бүлийн хүмүүс хоёр өөр газар амьдрахад хүрдэг байлаа шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөлд бид хүний эрхийг хангаж өгөхөөс аргагүй. Саяхныг болтол шашин шүтлэг ямар хаалттай байсныг та бүгд мэдэж байгаа байх. Олон намын тогтолцоо, олон ургальч үзэл буюу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрхийг бид нээж өгсөн. Ингэснээр ард түмэн итгэл үнэмшилтэй байх эрх, эрх чөлөөгөө тууштай эдэлж байна шүү дээ.
Хүний эрхийг тунхаглаж болно, гагцхүү амьдралд хэрэгждэг байх ёстой. Энэ тухайд миний хувьд сэтгэл зовоосон нэг зүйл нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх доголддог гэж үздэг. Тийм ч учраас хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сүүлийн жилүүдэд юу хийж байгааг ард түмэн харж байгаа байх. Энэ мэтээр иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангахын төлөө улам их зүйл хийхийг төрөөс цаг үе шаардаж байна. Өнөөдөр өмчийн олон хэлбэр зэрэгцэн оршиж, Монгол Улсын эдийн засгийн секторыг бүрдүүлж байна. Өмчлөх эрхийг хуулиар хамгаалж байна шүү дээ. Мөн сүүлийн 30-аад жил яригдсан нэг зүйл нь эрх, үүргийн нэгдлийн тухай ойлголт. Энэ тухайд эрхээ яриад байдаг атлаа үүргээ хангалтгүй биелүүлж байна гэх яриа, шүүмжлэл их өрнөх болсон. Тиймээс хууль эрх зүйгээс гадна иргэдийнхээ ёс суртахуун, эх оронч үзэл, хүмүүжил, хүнлэг энэрэнгүй зан төлөвийг төлөвшүүлэхэд 2050 он хүртэлх хөгжлийн бодлого үүнд чиглэж байгааг онцолъё.
 
-Төдийгөөс өдийг хүртэлх улс орны, МАН-ын түүхэн дэх ололт амжилттай холбоотой олон баримт, түүхийг та дурдлаа. Нөгөө талд энэ хүртэл дардан зам туулаагүй байх. Өнгөрсөн зуунд төдийгүй шинэ цагт туулсан сорилт, бэрхшээлийг та хэрхэн тодорхойлох вэ?
 
-Маш олон бэрхшээлийн дундуур бид явж ирсэн. Жишээлбэл, 1990 оноос өмнөх 70 жилд хэдийгээр тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэж Үндсэн хуулиараа бэхжүүлж, НҮБ-ын гишүүн орны хувиар үйл ажиллагаа явуулдаг ч социалист системийн бүрэлдэхүүнд багтаж байсан учраас тухайн үед ЗХУ тэргүүтэй социалист нөхөрлөлийн орнуудын адилаар нэг нот-оор дуугардаг буюу нэг ёсондоо гаднын шахалт, дарамтаар хязгаарлагдмал хүрээнд бодлого явуулдаг байлаа. Тэгвэл бид 1990 оноос хойш олон тулгуурт гадаад бодлого явуулсны үр дүнд өвөг дээдсийн үеэс уламжилж ирсэн Монгол Улсынхаа нэр хүндийг сэргээж чадсан төдийгүй Дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт, идэвхтэй гишүүн гэдгээ нотлон харуулж чадсан. Энэ тухайд нэг жишээ татахад, гадаад бодлогын салбарт манай улс өөрийн байр суурийг эзэлж чадсан юм. Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн салбарт мэдээж хүндрэл бэрхшээл олонтаа тохиолдож байсан. Өнөөдөр ч баян, ядуугийн ялгаа мэдэгдэхүйц түвшинд байна. Ийм учраас иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, дундаж давхаргыг нэмэгдүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох чиглэлд төдийлөн санасан хэмжээнд хүрч чадахгүй байгаа тал бий. Тиймээс л төрийн байгууллагууд өөр өөрсдийн байр сууринд эзэн байж, хариуцлагын тогтолцоог бий болгох чиглэлээр төрийн эрх мэдлийн зөв тэнцэл, хяналтыг бий болгох үүднээс Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эцсийн эцэст төр нь төр шиг ажиллаж байж сая хүний эрх, эрх чөлөө баталгаажна. Улс орны аюулгүй байдал улам бэхжиж, ард түмний аж амьдрал дээшлэх учиртай. Түүний үндэс суурь болсон Үндсэн хууль, өнгөрсөн хугацааны зарим сургамждаа дүгнэлт хийсний үндсэн дээр өөрчлөлт хийсэн явдал нь УИХ-д олонхыг бүрдүүлж буй МАН-ын өнгөрсөн дөрвөн жилийн ажлын үр дүн юм. Харин одоогийн УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах их ажил хэрэгтээ ороод явж байна. Үүний илрэл нь Засаг захиргааны болон Шүүхийн тухай хуулийн шинэчлэийг хийгээд эхэлчихлээ. Товчхондоо, Монгол Улсын тусгаар тогтнолыг асар их хүч чармайлтаар олж авсан, түүнийгээ хэмжээлшгүй их үнээр хамгаалж ирсэн гэдгийг онцлон хэлье.
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин