sonin.mn
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ТВ-9 телевизийн захирал, доктор Т.Баасансүрэнтэй ярилцав.
 
 
 
 
 
-Танай телевиз сүүлийн өдрүүдэд Монголд улс төрийн хүчин үүсч байгуулагдсаны 100 жил, МАХН-ын Онц их хурал хуралдсаны 10 жилийн ойд зориулсан нэвтрүүлгүүд гаргаж байна. Цуврал нэвтрүүлэг юм уу?
 
-Тийм ээ, энэ бол тэмдэглэхгүй байхын аргагүй чухал үйл явдал. МАХН үүсэн байгуулагдаад 100 жил, Онц их хурлаа хийгээд 10 жил болж байна. Бид монголын түүх судлалын хэсэг эрдэмтэдтэй хамтран Монголд улс төрийн хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан цуврал хөтөлбөр гаргана. Өнгөрсөн 100 жилийг арав арван жилээр базаж нэгтгэн нэг нэг нэвтрүүлэг, нийтдээ арван нэвтрүүлэг бэлтгэнэ. Өнгөрсөн түүх рүү үнэний нүдээр өнгийж харна.
Өнөөдрийг хүртэл нүдээ аниад дуугүй өнгөрч байсан зарим толбо сорвид анхаарал хандуулж үйл явдлыг үнэнээр дэлгэн тавина.
100 жилийн түүх ямар байсан, яг тэр чигээр агуулгыг гаргах зорилготой. Нэгэнт болоод өнгөрснийг эдүгээчлэн засч залруулах учиргүй. Ийм зүйл харамсалтай нь өнгөрсөн түүхэнд нэг биш удаа гарч байж. МАХН байгуулагдсаны 100 жилийн ойд барих бидний хамгийн том бэлэг. Эхний хэсэг нь гуравдугаар сарын 1-нд дэлгэцнээ гарна.
 
-Танд болон танай үеийнхэнд баяр хүргэе. Та нар чинь намын ахмад гишүүдэд орно биз дээ. Монголд улс төрийн нам үүссэний ач холбогдлыг яаж үнэлэх нь зөв юм бол?
 
-Баярлалаа, би намын ахмад гишүүний нэг мөн. Улс нийгэмд 47 жил тасралтгүй хөдөлмөрлөж байна. МАХН-ын гишүүнд элсээд 45 жил болжээ. МАХН-ын Төв хорооны улс төрийн Товчооны орлогч гишүүн, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Алтангэрэлийн гарын үсэгтэй намын гишүүний бат илэрхийлэхийг 45 жил хадгалж явна.
Монголд улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой бол нэг намын баяр, тэмдэглэлт үйл явдал биш, Монголын бүх улс төрийн нам хүчний хамтын баяр, тэмдэглэлт үйл явдал мөн гэж би бодож байна. Улс төрийн нам гэдэг бол эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бататган хамгаалж, улсаа хөгжүүлэх, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө сэтгэл санаатай, тодорхой үзэл баримтлалыг тойрч нэгдсэн нийгмийн доторх нэг хэсэг бүлэг хүмүүсийн өөрөөр хэлбэл, эх орончдын амьд нэгдэл юм.
 
Энэ утгаар ойлгох юм бол 1921 оны гуравдугаар сарын 1-нд үүсч байгуулагдсан МАХН буюу МАН-ын 100 жилийн ойг Монголд улс төрийн хүчин үүсч хөгжих эхлэлийг тавьсан чухал үйл явдлын эхлэл цэг гэж ойлгох ёстой юм. Эх булаг, эх ундарга нь юм. Энэ завшааныг ашиглаж хэлэхэд Монголд улс төрийн анхны бүлгэм, дугуйлан бүр 1920 онд байгуулагдсан байдаг юм билээ. 1921 оны гуравдугаар сарын 1  бол тэдний нийлж нэгдээд нэг нам болж хуралдсан өдөр юм.
 
Энэхүү үйл явдлын үнэт үргэлжлэл нь өнгөрсөн зууны ерээд онд Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд олон намын систем тогтсон явдал. 1992 оны шинэ Үндсэн хуулиараа бэхжүүлж баталгаажуулсан. Өнөөдөр Монголд 30 гаруй нам хүчин байгаа. Олон ургальч үзлийн ил тод илэрхийлэл болсон тэдгээр хэсэг бүлэг хүмүүсийн нэгдлүүд бол бүгдээрээ л Эх орныхоо төлөө цохилох зүрхтэй, улс нийгмийнхээ хөгжил дэвшилд санаа зовнисон, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх арга чаргыг эрж хайсан эх орончид юм.
Тэдний санал санаачилга, дэвшүүлэн тавьж буй зорилго зорилт, шүүмжлэлийг нийгэм анхааралтай ажиглан сонсож, эрх баригчид эргэцүүлэн бодож авах, гээхийн ухаанаар хандаж ажиллавал Монгол Улс хөгжинө. Улам хүчирхэгжинэ. Нэг намын явцуу бодлогыг нийтэд тулган хүлээлгэж болохгүй, тэгвэл алдана. Ухаан бодлыг уралдуулж ажиллавал бусдын хэлж ярьж буй зөв зүйтэй зүйлс, өнөөдрийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлээд байгаа давс шиг шорвог ч гэсэн гашуун үнэнийг хүлээж авах чадвартай байх хэрэгтэй юм.
 
-Та 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг нийлж нэгдсэн өдөр гэж нэрлэлээ. 10 жилийн өмнө хоёр хуваагдсан МАН, МАХН эргэж нийлэх юм гэнээ гэсэн яриа Цагаан сарын өдрүүдийн ярианы гол сэдэв байлаа. Энэ үнэн болов уу. Тээр жил нэг удаа нийлж нэгдэх гэж оролдоод чадаагүй биз дээ?
 
-Тийм ээ, ийм яриа нийгэмд их хүчтэй тархаж байна. Нийлж нэгдчих вий гээд дайрч давшилж ч эхэлж байх шиг байна. Нийгэмд, хүмүүсийн дунд ийм яриа гарч байгаа бол түүнд заавал нэг үндэслэл байж таарна. Тэр үндэслэлийг олж харах ёстой.
Анх удаа гарч байгаа яриа ч биш л дээ. Эдүгээгээс таван жилийн өмнө 2016 онд МАХН-ын нэр бүхий 43 гишүүн хоёр намын удирдлагад /Намбарын Энхбаяр, Миеэгомбын Энхболд нарт хаяглаж/ хандан ил захидал хүртэл бичиж байсан удаатай. Тэдний нэг нь би өөрөө байна. Намын удирдлагууд бидний саналд хүндэтгэлтэй хандаж гуравдугаар сарын 1 буюу Эх орончдын өдрийг Соёлын төв өргөөнд хамтдаа хуралдан тэмдэглэж, Дамдины Сүхбаатарын хөшөөнд хамтдаа цэцэг тавин хүндэтгэл үзүүлж байсан юм. Хоёр талаас нэр хүндтэй хүмүүс оролцсон Ажлын хэсэг гарч нэгдэж хуралдаад МАН, МАХН хоёр нийлж нэгдэх нь зүйтэй гэсэн үндсэн дүгнэлт гаргаж байв. Тэр үеийн сонин хэвлэлд нийтлэгдсэн, байж л байгаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн болсон үйл явдал шүү дээ. Харамсалтай нь М.Энхболд, Н.Энхбаяр хоёр УИХ болон орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хоёр намаас нэр дэвшүүлэх хүмүүсийн тоон дээрээ тохиролцож чадаагүй гэдэг юм билээ. Алтан боломжийг алдсанд одоо хүртэл харамсаж явдаг.
 
-2016 онд нийлж чадаагүй юм чинь одоо нэгдэж чадах уу?
 
-Салж болсон юм, нийлж бас болно. Салсан учир шалтгаан нь юунд байсан юм бэ гэвэл эхлээд үзэл баримтлал дээрээ зөрөлдсөн юм. МАХН үүсэн байгуулагдахаасаа зүүний чиглэлийн үзэл баримтлалтай явж ирсэн улс төрийн хүчин. Тэгтэл Сү.Батболдын үед “Тэрэлжийн тунхаглал” гэдэг баримт бичиг гараад ирсэн. Социал демократ үзэл баримтлалаасаа ухарч баруун төвийн нам болж хувирахаар санаархсан. Ихэнх гишүүн, дэмжигчид нь дэмжээгүй л дээ. Ингээд МАН барууны нам болох гэж нэг зүтгээд гишүүд дэмжигчид нь зөвшөөрөөгүй тул зүүний чиглэлийн үзэл дээрээ үлдсэн.
 
Бас МАНАН гэдэг үзэгдэл. Н.Энхбаяр нар түүнтэй эрс шийдвэртэй тэмцсэн, эцэст нь хэлмэгдсэн. Оюутолгой, Тавантолгойгоос үүдэлтэй улстөрийн тэмцэл. Оюутолгойн гэрээг засч сайжруулах хэрэгтэй гэсэн. Сүүлд Дубайн гэрээг цуцал гэж шаардсан. Эрдэнэтийн 49 хувийг улсад ав, ашгийг нь ард түмэндээ хүртээ гэж хүсэцгээсэн. Шударга бусын хонгил байна, үүнийгээ нураагаач гэж тэмцэлдсэн. Энэ мэт хэтэрхий олон асуудал дээр санал зөрөлдөж, тэр нь хагарч бутрах эхлэлийг тавьсан юм.
 
Монголчууд бид нэг үндэстэн, нэгдмэл ард түмэн. Эх орон нэгтэй. Эвтэй найртай байх хэрэгтэй юм. Том зорилго дээрээ нэгдэж чаддаг байх ёстой. Монголчууд 2020-2021 онд дэлхий дахиныг, түүний дотор Монголд нүүрлэсэн цар тахлын аюулын эсрэг бүгдээрээ нийлж нэгдэж чадсан.
 
-Тэгээд одоо өөрч­лөгдсөн юм байна уу?
 
-Байна аа, олж харахыг хүсвэл олон зүйл байна. МАНАН гэдэг мангас үнэхээр байжээ. Түүнийг арилгаж устгах хэрэгтэй юм байна гэдэг дээр хүний өөрийнгүй санал нэгдлээ. Гүйцэд биш ч тодорхой алхмууд хийгдлээ. Шүүх засаглал ажиллаагүй биш ажилласан шүү. Нэг биш буруутнууд шоронд сууж, ялаа эдэлж байна. Энэ бол МАНАН-тай хийж буй тэмцлийн нэг хэсэг нь мөн. Тэр үед МАНАН байгааг үгүйсгэдэг, зөвшөөрдөггүй хүн олон байсан юм шүү. Одоо өөр болж байна.
 
Оюутолгойн гэрээний нөхцлийг сайжруулъя гэдэг дээр тогтлоо. Улсын Их Хурал 2020 оны арваннэгдүгээр сарын 21-нд 92 дугаар тогтоол гаргаж тодорхой чиглэл өгөв. Ажлын хэсэг байгуулагдлаа. С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун,  Б.Бат-Эрдэнэ гэсэн шударга гишүүд бүрэлдэхүүнд нь орлоо. Хоёр хоногийн өмнө Т.Аюурсайхан ахлагчтай Ажлын хэсэг хуралдаж уг асуудлыг нухацтай ярилцсан байна лээ. Нийгэмд найдвар төрж, итгэлийн гэрэл гэгээ асч эхэллээ. Айлын тал ч хэлэлцээрийн ширээний ард сууя гэсэн байна.
 
Дубайн гэрээг цуцлая гэдэг дээр бүгд санал нэгдлээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас гаргасан дүгнэлтэд Монгол Улс өмнөх байдлаар цааш үргэлжилбэл 2051 он хүртэл Оюутолгойгоос ямар ч ногдол ашиг хүртэхгүй юм байна. 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх юм байна гэсэн байна лээ. Ойлгоцгоож буйн нэг баримт энэ.
Эрдэнэтийн 49 хувийг ямар ч байсан улс гартаа авлаа. Эргэж буцахгүй байлгүй дээ. Ц.Нямдоржийг Хэрэг эрхлэх газрын даргаар тохоон томилсон нэг үндэслэлээ шинэ Ерөнхий сайд ингэж тайлбарласан болохоор итгэж байна.
Ухнаагийн Хүрэлсүх шударга бусын хонгилыг нураана, тэр бодлогыг нь Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ үргэлжлүүлнэ гэсэн. Банкны зээлийн хүүг бууруулах, хүн амаа орон сууцжуулах гээд олон зорилтыг МАХН-ынхан шинэ Дээд Үндсэн хуулийн төсөлдөө оруулсныг олж уншсан. Тэр санаанууд өнөөгийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ямар нэг байдлаар тусгалаа олоод явж байна. Ирэх гурван жилд “Залуус 1, 2, 3 хороолол” барьж байгуулна гэжээ. Англи хэлийг хүртэл албан ёсны хоёр дахь хэл болгоно гээд Л.Оюун-Эрдэнэ хэлчихлээ. Наад захын жишээ энэ.
Улс эх орны хөгжил дэвшил, ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн хэрэгтэй санааг эрх баригчид тэр энэ нам гэж хажиглахгүйгээр ингэж авч ашиглаж, хийж хэрэгжүүлж байх ёстой гэж би боддог. Ичиж нэрэлхэх хэрэггүй.
Монголчууд бид нэг үндэстэн, нэгдмэл ард түмэн. Эх орон нэгтэй. Эвтэй найртай байх хэрэгтэй юм. Том зорилго дээрээ нэгдэж чаддаг байх ёстой. Монголчууд 2020-2021 онд дэлхий дахиныг, түүний дотор Монголд нүүрлэсэн цар тахлын аюулын эсрэг бүгдээрээ нийлж нэгдэж чадаж байгаа биз дээ. Энэ бол том сургамж мөн.
Өнгөрсөн 30 жилд багагүй тохиолдолд буруу замаар будаа тээснийг Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн өнгөрсөн жил “Зууны мэдээ” сонинд нийтлүүлсэн “Монгол төрийн гучин жилийн ээдрээтэй замнал” өгүүлэлдээ нэн тодорхой нээж үзүүлсэн. 30 жил явсан энэ замаасаа сургамж аваад сайн сайхан зүйлсээ бататгаж, муу муухайгаа арилгаад урагшлан хөгжих шаардлагатай.
Угтан айсуй 30 жилд улам ихийг бид хийж бүтээх учиртай. Монголчуудад зайлшгүй шийдвэрлэвэл зохилтой олон асуудал байна.
 
-Та их өөдрөг бадрангуйгаар ярьж байна. Таны мэт хүмүүсийн санаа бодлыг намуудын дарга нар чинь сонсох уу даа. Ухнаагийн Хүрэлсүх, Намбарын Энхбаяр хоёр чинь эмээлийн бүүрэг шиг хоёр тийшээ хараад суучихсан улс биш юм уу, бие биеэ шүүмжлээд л гал, ус шиг тэрсэлдээд байдаг шүү дээ?
 
-Бүрэн Эрхэт Бүгд Найрамдах Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг улам бэхжүүлж, урагш цэцэглүүлэн хөгжүүлэх, ард түмнийхээ аж амьдралын түвшингээр дэлхийн тэргүүлэх 30 орны эгнээнд хүргэх явдал ойрын 30 жилийн хамгийн том зорилго мөн биз ээ. Үүний тулд миний бодлоор:
 
-Монгол Улс хоёр шатлалтай парламентын тогтолцоонд шилжин хууль тогтоох эрх бүхий Улсын бага хуралдай, хууль батлах эрх бүхий Үндэсний их хуралдайтай байх;
-Бүх ард түмний саналаар сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газраа тэргүүлж ажиллан хөгжлийн бодлогоо гартаа зангидан залж чиглүүлэх;
-Хээл хахууль, идэж уух ил далд хуйвалдааныг таслан зогсоож төсөв санхүүгийн гүйцэтгэл, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө мөнгөний зарцуулалт, нягтлан бодох бүртгэл, төрийн болон нийтийн өмч, ард түмний дундын өмчийг зөв зохистой захиран зарцуулж байгаа эсэхийг шалгаж тогтоон хууль дүрмийг ягштал мөрдүүлж нийгмийн бүх салаа мөчирт сахилга, хариуцлагыг дээшлүүлэх бүрэн эрх, үүрэг бүхий Ардын хянан шалгах хороог байгуулж ажиллуулах;
-Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлж, хамгаалан хянах эрх, үүрэгтэй Хүний эрхийн үндэсний хороог байгуулж жинхэнэ утгаар нь ажиллуулах;
-Хэнээс ч хараат бус шүүх засаглалыг хөгжүүлж зөвхөн Үндсэн хуульд үнэнчээр захирагддаг бүх шатны шүүгчдийг ард түмнээс сонгодог болох;
-“Мянганы зам”-ыг байгуулсан бүтээн байгуулалтын өмнөх туршлага дээрээ тулгуурлаж Ховд аймгийг Дорнод аймагтай холбосон “Мянганы төмөр зам” байгуулах;
-Хотын төвлөрлийг багасгаж Монгол Улс тус бүр нь 100 мянган хүн амтай “Жаргалын 8 хот”-той болох;
-Замбараагүй уул уурхай, ашигт малтмал олборлолтыг хязгаарлаж байгаль орчинд халгүй, ээлтэй үйлдвэрлэлийг хөхиүлэн дэмжих;
-Монгол хүнийг төрийн хамгаалалтад байлгаж, Монголын төр, засаг иргэддээ:
 
а. Үнэ төлбөргүй дээд боловсрол олгох,
 
б. Үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх,
 
в. Үнэ төлбөргүй орон сууцаар хангах,
 
г. Баталгаатай ажлын байртай байх;
 
 д. Аж амьдралд хүрэлцэхүйц цалин хөлс авдаг болох гэсэн үйлчилгээг үзүүлдэг байх гэсэн олон том ажил бидний өмнө байна. Энэ том зорилго дээрээ бид нийлж нэгдэх ёстой. Хүчээ нэгтгэх хэрэгтэй юм. Нийлж нэгдэхийн учир энэ.
 
Намын хоёр дарга хоёр тийшээ хардаг гэж өөрөө хэллээ. Энэ бол ингэж хэлэх өө сэв байж болох ч энэ хоёр хүний тухай нийгэмд тархсан хэтэрхий туйлширсан буруу ойлголт. Намбарын Энхбаяр, Ухнаагийн Хүрэлсүх хоёрыг залуу зандан байхад нь би намд хамт ажиллаж байлаа. Нэг нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга, нөгөө нь намын дэргэдэх Залуучуудын байгууллагын удирдагчаар ажиллаж байв.
 
Бусдын зөв үгийг үнэлж цэгнэх чадвар аль алинд нь хангалттай бий. Намын гишүүд, дэмжигчдийнхээ үгийг сонсоно. Үхэр шиг зүтгэлээд байдаг удирдагчид огт биш. Намын дарга нар бол хаан биш, эзэн биш. Хамт олныхоо үг яриа, үзэл бодол, хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэгчид. Намын жирийн гишүүд, дэмжигчид нийлж нэгдэхийг хүсч байвал түүнд захирагдах учиртай. Нэгдэл нь дээрээс биш дороосоо өрнөх нь илүү зөв чиг хандлага юм.
Тэднийг ялгаж салгаж байсан, тэр нь бөөгнөрч хуралдсаар байгаад намыг хагарч бутаргахад нөлөө үзүүлсэн цөөнгүй хүчин зүйлс өнгөрсөн 10 жилд аажим боловч арилж цөөрч буйн зах зухаас дээр би нэрлэлээ шүү дээ. Зайлшгүй харгалзан үзэх ёстой үндэслэл бол яах ч аргагүй энэ мөн.
Нөгөө нэг гашуун үнэнийг бас мартаж болохгүй. МАН ба  МАХН салж салаа замаар сажилсан өнгөрсөн 10 жилд хожсоноосоо алдсан нь илүү байж мэднэ. Лав л Монгол Улсын Ерөнхийлөгчийн сүүлийн гурван удаагийн сонгуульд далаараа цэвэр тавиуллаа. Ахиад давтагдахыг ч үгүйсгэхгүй.
Гол мөрөн газар нутгийн өөд уруу байрлал байршлаас шалтгаалаад салаалж урсах нь бишгүйдээ л байдаг. Тэгэвч эргэж нийлээд их мөрөн болж цэлэлзэн гадаад далай тэнгист цутгадаг жамтай. Байгаль дэлхийн энэ хуулиас гажих нь хэзээ ч үгүй.
Түүн лүгээ адил улс нийгмээ хөгжүүлэх нэгэн зорилго, нэгэн үзэл баримтлалтай МАН, МАХН хоёр нийлж нэгдэхэд гайхах зүйл үгүй. Тэгэх ч ёстой гэж би бодож байна. Гагцхүү цаг хугацааны л асуудал юм. Тэрхүү тэнгэрийн цаг хугацаа нь Монголд улс төрийн нам хүчин үүсэн буй болсны 100 жилийн ойн жил буюу 2021 он байж тун болзошгүй.
 
Н.Дөл
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин