sonin.mn

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нийслэлийн хэмжээн дэхь барилга, газар олголтын асуудлыг цэгцлэх үүднээс зарим хууль зөрчин олгогдсон газрын зөвшөөрлийг хүчингүй болгосон билээ.


Нийтийн эзэмшлийн талбай, цэвэр усны ундрага дээр газрын зөвшөөрөл авсан нөхдүүдийн дийлэнхи нь барилгын ажлаа эхэлсэн байсан ч хууль бол хууль л байх ёстой учраас уг шийдвэрийг гаргаж буйгаа хотын дарга тайлбарласан юм.


Энэ дунд  нэр бүхий 30 гаруй аж ахуйн нэгжүүд байгаа аж.


Тэгвэл зөвшөөрөлгүй барилгуудын хамгийн томоохон нь болох "Дүнжингарав" худалдааны төв гэгч өчигдөр нээлтийн ажиллагаагаа хийж, 1000 сэтгүүлчийг хүлээн аван, гарын бэлэг гардуулж, Хятадад аялуулах эрхийн бичиг гэгчийг гардуулсан байна.


Уг нээлтийн ажиллагаанд мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар, Р.Бурмаа тэргүүтэй АН-ын угшилтай "томчууд" оролцож, нам нэгт Э.Бат-Үүлийн шийдвэрт хэрхэн хандаж буйгаа албан бусаар илэрхийлсэн аж.
Ийнхүү хотын дарга Э.Бат-Үүлийн шийдвэрийг юман чинээ тоогоогүй "Дүнжингарав" худалдааны төв гэгч нь Улаанбаатар хотын цэвэр усны ундарга дээр байрладаг бөгөөд энэ нь цаашид Туул голын хөрсийг бохирдуулах сөрөг нөлөө үзүүлэх тухай эрдэмтэн, судлаачид өгүүлдэг юм.

Э.Мягмардорж