sonin.mn

Хүн гэгч амьтан ер юуны төлөө амьдардагаа бодохуй мөнгөний төлөө юмсан уу гэсэн бодол сэтгэлд зурсхийгээд болдоггүй ээ. Арга ч үгүй биз хэмээн өөрийгөө өмөөрөн жишээ хайлаа. Төр засаг, дээр дооргүй мөнгө, эрх мэдлийн төлөө амь хайргүй тэрсэлдэн тэмцэлдэж байгаа энэ хар өдрүүдийн сүүдэр жирийн иргэд тэр тусмаа өрх толгойлсон ажилгүй эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж буйг доорх ярилцлага батлах шиг. Эрчүүд нь харь оронд ажиллахаар яваад тэндээ сураг алдарч, хүүгээ тэвэрч үлдсэн турь муутай бүсгүй хүн талхны мөнгөнөөс биеэ үнэлж байгаа бодит амьдралтай нүүр туллаа. Үнэн гэдэг юутай хатуу байдгийг эрхэм уншигч та тунгаана биз ээ.Хэзээ хэзээнээс ч юм бүү мэд "Улаанбаатарын" хэмээн нэрлэгдэх болсон хэсэг бүлэг бүсгүйчүүд Улаанбаатар зочид буудлын урд талын талбайд "амьдарсаар" бид тэднээс дөлж зайгаа барьж хааяахан сэмхэн нүд гүйлгэн харж хажуугаар нь зөрсөөр хэн хэнээсээ "үргэхээ" больжээ. Бидний гэртээ харих замд үргэлж таарч байдаг эдгээр бүсгүйчүүдийн нэг Х-тэй цөөн хором ярилцлаа. Түүний хүсэлтээр нэрийг нь нууцаллаа.

-Ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа. Хэдэн настай вэ. Энд хэзээнээс зогсож эхлэв?


-Би 27 настай. Энд зогсдог болоод найман cap болж байна.

-Яагаад энэ замыг сонгох болов. Хэн нэгний ятгалгаар ирэв үү, өөрөө сонгов уу?


-Яах юу байхав дээ, амьдралын боломж бололцоо байхгүй, ажил олдохгүй, олдлоо ч цалин мөнгө нь юунд ч хүрэхгүй байна шүү дээ. Хотын захын гэр хороололд хүүтэйгээ амьдардаг. Энэ нийгэмд ажилгүй, ганц бие эмэгтэй хүн өөрийгөө, хүүхдээ тэжээхэд хэцүү байна. Хажуу айлын минь эгч намайг анх энэ замд хөтөлсөн. Гэхдээ одоо бол би харамсдаггүй. Хэзээ нэгэн цагт төр засаг ард иргэдээ харж үзээд амьдрал сайхан болбол тэр үед ажил хийгээд хүүтэйгээ хамт сайхан амьдрана гэж бодож явдаг.

-Хүүгээ хаана, хэнд орхидог юм бэ. Хүү нь хэдэн настай вэ?


-Хүүгээ таньдаг айлдаа гуйгаад үлдээчихдэг. Миний хүү одоо дөрвөн настай. Эцэг нь хүүг минь хоёр настай байхад нь нас барсан. Тэр үеэс хүүгээ өсгөх гэж ганцаараа янз бүрийн ажил хийсэн. Ер нь тэгээд хүний амьдралд ямар ч хэцүү зүйл боллоо ч үргэлж ачааг нь эмэгтэй хүн үүрч байдаг юм байна гэдгийг л маш их ойлгодог. Элэг бүтэн, ахуй амьдрал нь сайхан байгаа хүмүүс бол биднийг нийгмийн хог шаар гэж л хардаг. Гэтэл бидний ард өнчирч хоцорсон хүүхэд, тэтгэврийн эмээ, өвөө, эсвэл тахир дутуу, хэвтрийн өвчтэй гэх мэт янз бүрийн асуудалтай хүмүүс амьдарч байдаг. Бид тийм л хүмүүсийнхээ төлөө ингэж амьдардаг.



-Гэртээ хэзээ харьдаг вэ. Энд байгаа хүүхнүүдийг 24 цаг зогсдог гэх юм билээ. Хүүдээ цаг гаргадаг уу?


-Би чинь амьдралын эрхээр ингэж яваа болохоос эх хүн шүү дээ. Би өдөр болгон энд ирдэггүй, заримдаа гэртээ хүүтэйгээ хамт өнжинө. Тэр үедээ л бүх зовлонгоо мартаж хүүтэйгээ аз жаргалтай байдаг. Намраас хүүгээ цэцэрлэгт оруулахаар болсон. Бид бол хүүхэдтэй учраас өдрийн цагаар л зогсдог. Ардаа санаа зовох зүйлгүй охидууд бол шөнө өдөргүй зогсдог. Өглөө, оройны хүүхнүүд гээд бид хуваагдчихсан байдаг юм. Би бол өдөр 11-18 цагийн хооронд зогсоод харьчихдаг. Ер нь тэгээд орой гарснаас өдөр гарах нь харьцангуй аюул багатай. Ядаж л эрүүл хүмүүс биднийг авна. Орой бол согтуу хөлчүү хүмүүстэй их таарна.

-Та нарын дунд тогтсон ханш байх уу?


-Нас залуу бол цагийн 30-40 мянган төгрөгийн үнэтэй. Арай ахимаг настай нь 25-30 мянган төгрөгөөр явна.



-Энд хэчнээн бүсгүйчүүд зогсдог вэ?


-Яг тоог нь хэлж мэдэхгүй байна. Ямарч байсан оройдоо бол 60, 70 хүн цуглана. Миний мэдэж байгаагаар хамгийн бага нь 16 настай охид байдаг. Ахмад нь 40-50 настай хүн ч бий.



-Эдгээр бүсгүйчүүд ихэвчлэн дээрээ эзэнтэй байдаг гэж сонссон. Яагаад хүний эрхэнд орчихдог юм бол оо?


-Тийм. Тэр боссууд нь баян, жийп машинтай. Олон жил биеэ үнэлж байгаад хөл дээрээ босчихсон хүмүүс байдаг юм гэсэн. Бүр эрэгтэй ч хүн байдаг. Нэг удаа надтай эзэнтэй нэг жаахан охин таараад анх эзэнтэйгээ танилцсан тухайгаа хэл байсан. Бааранд орчихоод тооцоогоо хийж чадахгүй сууж байхдаа анх эзэнтэйгээ таарсан гэж ярьж байсан. Ихэвчлэн жаахан охид л дээрээ эзэнтэй байдаг. Дээрээ эзэнтэй охид хүний наймаанд өртсөн тухай яриа ч бий.



-Чи өдөрт хэдэн төгрөгийн орлоготой байдаг вэ?


-Өө би тэгж нэг их шунаад байдаггүй ээ. 50-60 мянган төгрөгтэй болоод л буудаг. Тэгээд хүү рүүгээ яарна шүү дээ.



-Найман cap ийм замаар явна гэдэг багагүй хугацаа. Энэ хугацаанд янз бүрийн л юм үзсэн байх даа?


-Тэгэлгүй яах вэ дээ. Ядаж л бидэнтэй хүний ёсоор харьцах хүн тэр бүр байдаггүй. Гэхдээ сайн ч хүн байна. Муу ч хүн бий. Намайг нэг ах авч байсан юм. Ахиад миний дүү энэ замаар битгий яваарай, хүүдээ гутал, хувцас авч өгөөрэй гээд 100 мянган төгрөг өгч байсан шүү. Буруу юм хийж яваагүй болохоор бурхан намайг харж үздэг байх гэж боддог. Аз болоход надтай тийм гаж, муу хүн таарч байсангүй. Энд зөвхөн архины төлөө ирдэг арчаагаа алдсан хүн ч байхад, аргагүй эрхэнд зогсдог хүн ч байна. Жирэмсэн эмэгтэй ч байдаг гээд бод л доо. Тэгэхлээр ард түмний амьдрал ямар байгаа нь ойлгомжтой байгаа биз дээ. Тэр тусмаа ажил, мэргэжилгүй, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд амьдрал үнэхээр хүнд байгааг хэлмээр байна.



-Шөнийн гэгддэг бүсгүйчүүдэд аюул их ойрхон байдаг байх гэж бодож байна?


-Анх намайг энд ирээгүй байхад л Болдмаа гэгч эмэгтэйн тухай сонсогддог байлаа. Улаанбаатарын өмнө зогсдог хүүхнүүдээс өдөр болгон 50 мянган төгрөг авдаг, тэднийг зардаг, өөрөө олон жил энэ замаар явсан, эмэгтэйчүүдийн шоронд олон жил суусан гээд зөндөө гуншинтай хүүхэн байдаг гэж сонсч байлаа. Одоо их баян хүүхэн байдаг гэсэн. Хэзээ билээ дээ дөрвөн сарын сүүлээр шөнө явдаг хүүхэн биеэ үнэлж байгаад нэгдүгээр хороололд алуулсан гэж сонсчихоод их эмзэглэсэн. Зарим нь мөнгөө өгөхгүй зодох ч тохиолдол байна.



-Үйлчлүүлэгчид чинь ихэвчлэн тогтсон ажил амьдралтай хүмүүс байдаг гэх юм билээ?


-Бүх л зиндааны хүн ирнэ. Том жийптэй, дээгүүр ажил албатай ч хүн ирнэ. Гадаад хүн ч байна.

-Эмчийн үзлэгт хамрагддаг уу. Эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн хүртдэг вэ?


-Бидний ихэнх нь Халдвар судлалын үндэсний төвд карт нээлгэчихсэн байдаг. Сардаа нэг очоод кодоороо шинжилгээ өгчихдөг. Хариугаа гурав хоногийн дараа очоод авчихдаг. Би хүүдээ хэдэн жил ч гэсэн амьд харагдахын тулд байнга эрсдлээс өөрийгөө сэргийлдэг.

-Ажил хийгээд хөдөлмөрлөж мөнгө олъё гэж бодож үзсэн үү?


-Энэ тухай үргэлж боддог. Би ирэх есдүгээр сараас хүүгээ цэцэрлэгт өгөхөөр хөөцөлдөөд бараг бүтчихсэн. Хүүгээ цэцэрлэгт өгчихөөд л ажилд орох бодолтой байна. Уг нь би чинь төмөр замын коллеж төгссөн мэргэжилтэй хүн шүү дээ.

-Гэр бүлийнхээ талаар танилцуулаач?


-Би багаасаа ээжгүй өссөн. Ээжийгээ огт мэдэхгүй. Аавыгаа ч гэсэн алдсан.
Ийнхүү бидний яриа өндөрлөв. "Нөгөө 16-туудын чинь нэг тэр ирж явна. Одоо наад юмаа унтраа" гэснээр бид түүнээс холдсон юм аа.
Нэг л их харамсал цээж давчдуулаад яагаад тэр вэ...гэх бодол хэнээс ч юм хариулт нэхнэ. Хэн нэгний халаасаас гарах хэдэн халтар цаасанд итгэсээр нас, биеэ элээж дуусах эдгээр охидыг хэрхэх вэ. Яагаад, яагаад тэр вэ...

Б.Энхчимэг
О.Отгончимэг

Эх сурвалж: "Нийгмийн толь"