“Амьд байгаа зохиолчдоос хамгийн сод нь Японы зохиолч Мүраками Харуки” гэж Английн нэртэй “Guardian” сонин үнэлсэн бол бас өөрөөр “Манай гаригийн хамгийн шилдэг романч” гэх үгс ар араасаа хөвөрнө. Энэ хүний зохиол дэлхийн 5О гаруй оронд орчуулагдаж нэр алдар нь харьцангуй амархан түгсэн нь сонирхол татаж байгаа учраас зориуд сонирхов. Харин яагаад ч юм, тэрхүү Муракамийн ид шид биш, монгол эх хэл дээр минь орчуулсан орчуулга нь илүүтэй шимтэй санагдаад явчихав. Ер нь гадаадын зохиолчдын бүтээл орчуулагчийн билэг авъяастай холбоотой. Сайн орчуулагч тааруухан зохиолчийн номын хуудас бүрийг гэрэлтүүлж чаддаг бол, муухан хөрвүүлэгч нь ямар ч сонгодог зохиолчийн хуудас бүрт үхээнц үгийн сүүдрээ тусгаж чаддаг байна. Тиймээс Б.Ринчен абугай “Марк Твений минь махыг идсэн нь” хэмээх орчуулгын хэлний талаар шүүмж цагтаа шуугиан тарьж байв. Орчуулагч хүн өөрийн бүтээлийг хийж байгаа мэт сэтгэл гаргаж, үг сэтгэлгээний хувьд хариг харамч биш, хамгийн өөриймсөг хандах нь чухал. Иймээс зарим нь “Энэхүү зохиолын орчуулга бол миний хамгийн сайн зохиолын дайтай миний бүтээл юм” гэж хэлдэгийг орчуулгын түүх тэмдэглэж үлдээжээ.
Орчуулагчийн хөдөлмөрийн онцгой нэг тал нь сонголт...
“Орчуулагч зохиолчийн хэл найруулга, үгийн баялаг, дүрийн хэллэгийн талаар өрсөлдөгч” гэдэг нь эх хэл дээрээ зохиолчоос нь илүү хийсэн тохиолдол бий, энэ бол үнэхээрийн агуу дуун хөрвүүлэгчийн нарийн мэдрэмж, ур чадвар, мэдлэг боловсролтой холбоотой. Олон улсын хэмжээнд алдаршаад байгаа Муракамийг монголчууд хэдийнээс мэддэг болсон бэ? гэвэл түүний “1О84”, “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” романыг “Монсудар” хэвлэлийн газраас захиалан орчуулснаас хойш таашаан сонирхогчид бий болж, Монголд танигдав. Цаад зохиол хэдий сайн ч гэлээ, тэр болгон япон хэл мэдэхгүй учраас чухам хэн гээч орчуулж олонд хүргэвээ” гэхлээр үл үзэгдэгч шиг өөрийгөө таниулалгүй, олноос нуусан мэтээр иржээ. “Очирхүүгийн Жаргалсайхан гэдэг ямар хүн байнаа, тэр хүнийг таних уу?” гэвэл танинаа, мэднээ гээд хэлчих хүн тэр болгон тааралдсангүй. Харин ном бичгийн хүрээлэнгийнхэн “Японы уран зохиолыг япон хэлнээс орчуулж байгаа эдүгээ цагийн хамгийн сортоотой мундаг нь шүү дээ, бүр эмэгтэй хүн байдаг гээч” гэсэн үг дууллаа. Орчуулагчийн хөдөлмөрийн онцгой нэг тал нь сонголт...хаанахын, хэний ямар зохиолыг эх хэлнээ буулгавал олон түмэнд нөлөөтэй, ач тустай, хэрэгцээтэй вэ? хэн хүний оюуны ертөнцийг өөрчлөн хувьсгагч вэ? гэдгийг юун түрүү бодолцох ёстой. Маш сайн орчуулагч маш муу зохиолыг барьж орчуулсаар өөрийгөө дуусдаг тал ч бий.
Тэгвэл О.Жаргалсайхан Японы хэдэн зуун жилийн өмнөхөөс авахуулаад өнөө үеийн хэдэн зуун мянган зохиолчоос сонгосоор шигшигдэж үлдсэнийг л барьж авдагаараа өвөрмөц сайн талтай юм. Японы олон номыг сонгож орчуулж, оюун санааны үнэт зүйлсийг бүтээчихээд хэл чимээгүй, үл үзэгдэгч юм шиг явж болдог юмуу? ч асуумаар санагдав.
Сайн орчуулагч гэгч сайхан зохиолчоос ялгарахгүй алдартан юм.
Миний бие тэрхүү Мүракамийн романыг монгол эх хэлнээ буулгасан орчуулагчийн хэл сэтгэлгээний илэрхийллийг бахдахаас аргагүйд хүрэв. Орчуулагчийн нандин нарийн мэдрэмжтэй, эх хэлний үгийн баялаг сангийн илэрхийллээрээ хүр хорхойн шүлсээр торго нэхэж байгаа дундад зууны дорнын үйлчид шиг нямбай сэрэмжтэй, үнэхээрийн зөөлөн нугарамхай хэл найруулгаар хийдэг хэнсэн байдгийг сонирхтол, монголчуудад аль эрт хүрч, сайн мэддэг болсон 15 ном бүтээлийг чинээнд нь шахаж орчуулсан хүн ердөөсөө өөрийгөө дөвийлгөн гайхуулалгүй, тун даруухан явж иржээ. Чухам хэн орчуулсныг гойд анхаарч харалгүй Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл” түүний дотор дэлхийд цууд гарсан “Гэнжийн туульс” романыг мөнөөх О.Жаргалсайхан орчуулсан гэдгийг мэдээд өмнөх үеийнхэн шиг хоймороо эзлэх зиндааны орчуулагч гарч иржээ гэдгийг мэдрэв. Сайн орчуулагч гэгч сайхан зохиолчоос ялгарахгүй алдартан юм. “Гэнжийн туульс” романыг “Дэлхийн хамгийн анхны роман” гэж үздэг утгаараа ч, эртний японы хэл сэтгэлгээгээр бичсэнийг яаж ийм монголын уншигчдад энгийн нийламжтэй атлаа сэтгэлд нэн ойр ойлгомжтойгоор яруу сайхнаар орчуулаа вэ? гэж бодож байсансан.
Япон хэлийг улс төр, эдийн засаг, гадаад харилцааны түвшинд чадварлаг эзэмшсэн хүмүүс бишгүй бий, басчиг ном түүхийг сайн орчуулдаг мэр сэр хүмүүс бий. Тэднээс О.Жаргалсайхан юугаараа онцлогтой вэ? гэвэл уран зохиолын дүрслэлийн хэл найруулгыг чадамгай эзэмшсэнд хамаг нандин үр нь оршиж байна. Ерөөс гадаад хэл сайтай нь монгол хэлдээ тааруу, монгол хэлдээ сайн нь гадаад хэлдээ тааруу ийм сөөлжсөн зовлон байдаг. Харин Жаргалсайхан хоёуланд нь энэ тэнцүү чадварлаг нь бүтээл бүрээс нь илэрхий харагдлаа. Түүнийг жаахан судлав. Жаргалсайхан МУИС-ийн япон хэлний орчуулагч багшаар төгсөөд, наяад оны томхон профессоруудын бичиг номын элдүүрийг үзэхээрээ нэг болж, бас болоогүй сургуулиа төгсөөд дөрвөн жил Хөвсгөл аймгийнхаа дунд сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр ажиллажээ. Ингэж байж хөдөөх ардын өвөрмөц содон яруу хэлц, хэллэгийг өөрийн төрөлхийн авьяас билгийн шүүлтүүрээр дамжуулан хүртжээ. Бас Японд арваад жил янз бүрийн сургууль, дамжааг төгсгөж, япон хэлний уран яруугаар илэрхийлдэг арга, түүний далд гүн бүтэцэд нэвтэрч чадсан бололтой. Тухайн орны хэлийг чадварлаг эзэмшсэн ч гэлээ бичгээр сайтар хөрвүүлэн буулгаж, сайн орчуулагч болж тэр бүр чадахгүй л дээ. Өөрийн орны төрөлх эх хэл, гадаад хэл хоёр ижил тэнцүү өндөр түвшинд суурилан сууж байж бас дээр нь орчуулагчийн хөдөлмөр, авьяас нийлж байж олонд үнэлэгддэг онцгой мэргэжил юм.
Мэдрэмж гэдэг бол энгийн ажиглах чадвараас тусдаа зүйл.
Ерөөс их авъяас билэг их даруугийн цаана нуугдаж байдаг, ийм хэл чимээгүй мэт, үл анзаарагдам нууцын дунд гайхалтай эрч хүч, гайхалтай хүмүүс ерөөс мэдэгдэхгүйгээр зөвхөн өмнөхөө туурвин суудагийг бид мэдэрч, далдаас ил гаргаж ирэх нь мэргэжилтэн, эрдэмтэд, шүүмжлэгч судлаачийн үүрэг байх ёстой гэж боддогоо хэлье. Хамгийн даруу ийм эгэл зан чанарыг өнөөгийн нийгмийн шороо тоос дарж, харин оронд нь онгирч хашгирсан, даварч хөөрцөглөсөн ааш араншинг энэ цаг үе түлхүү үнэлдэг болчихоод байгаа учраас бушидо хэмээх япон араншин адил, япон ёсзүй, суртахуун адил угийн даруу О.Жаргалсайхан ёстой л үл үзэгдэгч шиг явж иржээ. Муракамийн онцлог бол дүрийн сэтгэлзүй, үгийн нарийн хийц, зохиолчийн өдөлт тоглолт, зохиомжийн байгууламжийн нарийн сэрэл мэдрэмжтэй зохиолч юм байна. Мэдрэмж гэдэг бол энгийн ажиглах чадвараас тусдаа зүйл. Үг бүр нь зөвшөөрч болохоор санаа, баатрын адармаат сэтгэлгээ, үг хэллэг юм байна гэдгийг түүний орчуулга тодорхой харуулж байна.
Япон өгүүллэг туужийг японы өөрийнх нь энэ өнгө аясыг мэдрэлгүй, өрнөдийнхэн шиг бадарч дүрэлзсэн байдлаар чанга хашгирч, хатуу үгээр буулгаж болмооргүй аж.
Өрнөдийн зохиол хурц үйл явдалтай, хурц шийдэлтэй, баатрын эрс тэс сэтгэлзүйн ялгаралттай, нууж далдалсан зүйл төдий л харагддаггүй бол японы зохиолчийн онцлог дүрийн шууд илрэн гарах зан араншин нууцгайдуу, сэтгэлийн дотоод шаналан бодролыг маш нарийн дүрсэлж, үг бүрийг ихээхэн чилээж учиртай гаргадаг, дотоод сэтгэлийн хэм хэмжээний гүн ухаан гэж болохоор тэрхүү чанарыг илт гарган орчуулсан “Япон өгүүллэг, тууж” номоос мэдэрлээ. Япон ухаан, япон донж маяг, япон хийц маягийг гайхалтай гаргаж орчуулснаараа далд санаа болгоныг гүнжүүлдэг өвөрмөц урлангаар аль болох хэвээр хадгалахыг хичээсэн нь орчуулагчийн ур чадвар онцгой мэдрэгдэж байна. Япон өгүүллэг туужийг японы өөрийнх нь энэ өнгө аясыг мэдрэлгүй, өрнөдийнхэн шиг бадарч дүрэлзсэн байдлаар чанга хашгирч, хатуу үгээр буулгаж болмооргүй аж. Япон донжийг, япон намбыг монгол үг, монгол сэтгэлгээгээр зөөлөн зөөлөн нямбайгаар намбатайгаар буулгаснаараа О.Жаргалсайханы орчуулагчийн урлал үнэхээр өвөрмөц содон аж. Өгүүллэгчид нь гэтэж мярайсан муур шиг, төөлүүр хорхой мэт болгоомжтой явах бололтой, учиг нь тайлагдах ч үгүй, сайн муу нь мэдэгдэх ч үгүй. Ийм ховор араншин, чанарыг орчуулагчийн билгийн нүд, хэл нийлж байж л бүтээнэ. Ерөнхийдөө зохиолчид нь голдуу дотоод сэтгэлийн төрөгдөл хэлбэртэйгээр нэгдүгээр биеэс хүүрнэн өгүүлдэгээрээ өвөрмөц онцлог талтай санагдав. Шигүү шугуй дундуур мөчрийг шүргүүлэлгүй болгоомжтой бэдрэх мэт их хянамгай, цэвэр гүн мэдрэмжийн маш өвөрмөц ургуулан бодохуйтай Муракамийг манай уншигчид сайтар мэдэрч мэдсэн, шохоорхож биширсэн тул орхиж, сүүлд орчуулсан Японы сод бүтээл болох “Япон өгүүллэг, тууж” хэмээх номонд илүүтэй анхаарал хандуулснаа толилуулья.
“Голын усыг үнсэн нитгэл шимэлдэгийг хутгаж орхисон мэт” гэж буулгах хүртэл орчуулагч шаггүй шанална байх.
Японы богино өгүүллэгийн дүрслэлийн хэл хэллэг, тодорхой бус далд түншүүр, шүүрс алдалт, нуугдмал сэтгэхүй, ёж ёгтлол, хуучин үг хэллэг, гүн санаа буюу “сэтгэхүйн урыг” таарч тохирсон монгол үг хэллэгээр дүйцүүлэн буулгана гэдэг их чимхлүүр, хэцүү төвөгтэй байсан нь тодорхой. Ерөөс япон хүний харилцан яриаг жаахан хурцатгах юмуу, хэт огшуулж орчуулахад л алтлаг өнгө нь зэс болж хувирах осолтой нь мэдрэгдэж байна. Шийдэлгүй уймраа ч юм шиг, тэр дороо үглээ ч юм шиг, хөдөлгөөн нь тогтуун, аяс намуун байх япон хүний ертөнцийг яг өнгөө барьж буулгасаныг сайшаахаас аргагүй. Монгол сэтгэлгээнээс огт өөр юунаас үүдээд ч байгаа юм бэ? гэмээр сэтгэлийн хямрал, үхэл хагацал, амиа егүүтгэхүй, нийгэм орчны эерэг бус нөлөөлөл, эс зохицох байр байдал зэрэг нь өгүүлбэр бүрээс мэдрэгдэх эмзэглэлийг сонгодог зургаар дүрслэх шиг эвлэгхээн буулгасаныг хэн ч анзаарах бизээ. Жишээлбэл, “Нүдний булан гил хар өнгөтэй агаад чийг хурсан том алаг нүд нь урт сормуусаар халхлагджээ. Тэрхүү хар нүдний цэцгий дотор миний дүрс хөвж яваа нь тодоос тод. Би тэгтлээ үхчихмээргүй гэмээр энэхүү хар нүдийг ажих зуур үхэх л юм байх даа гэж бодож байлаа. Гэйша гэдэг бол олон зориулалт бүхий эвхмэл хутга шиг байх ёстой юм даа. Маниусын хийж ирсэн зүйл яг л дэнлүүг асааж, унтраах мэт дүлий дүмбэ оргисон амьдрал байлаа” гэх нь намуун аяст дотогшоо нургисан өгүүлэмж юм. Бас арай өөрөөр нэлээд хурц хэлбэрээр бичигдсэн Нацүмэ Соосэкегийн “Лондон цамхаг” өгүүллэгт “Хүмүүсийн цус, мах, нүгэл, хилэнц талст болоод морь, машин, галт тэрэг дотор үлдэж хоцрохыг завдаж буй нь Лондон цамхаг юм. Энэхүү Лондонгийн цамхгийг, цамхагт гүүрэн дээрээс, Темза голыг цаанаас эгц харахад, би өөрийгөө одоогийн хүн үү? аль эсвэл эрт цагийн хүн үү гэж бодтолоо самуурч, ухаан жолоогүй нүд алдаж байлаа. Өвлийн эхэн үе боловч анир чимээгүй дүнсгэр өдөр байсан. Тэнгэр үнсэн нитгэл шимэлдэгийг хутгаж орхисон мэт өнгөөр цамхагийн дээрээс нөмрөн бүрхжээ. Шавар хайлуулаад цутгасан юм шиг харагдах Темза голын урсгал давалгаа ч үгүй, дуу шуу ч үгүй нүүгэлтэн хөдлөх аядаж буй мэт бодогдоно” гэх зэргээр бичсэн ганцхан өгүүлбэрт л дүрслэлийн хурц тод хэлбэрийн үгс орж ирж байна. “Голын усыг үнсэн нитгэл шимэлдэгийг хутгаж орхисон мэт” гэж буулгах хүртэл орчуулагч шаггүй шанална байх.
Урлана гэдэг санаанд оршгүйг л бүтээнэ гэсэн үг.
Дазай Осамү гэх гуч, дөчөөд оны үед бичиж алдаршиж байсан зохиолчийн “Сакура мод навчилах цаг хийгээд увдист исгэрээ” өгүүллэг Японы сонгодог өгүүллэгийн мөн чанар, чинжүү санаа, адал явдалт хийгээд өрөвдөм, үзэн ядам санаатай нь манай өгүүллэгчдэд “Ийм л байна шүү дээ, ингэж няхал бодмоор байна даа” гэсэн нь ур хийцээ ингэж л сайжруулмаар байна гэсэн сургамж бодогдов. Урлана гэдэг санаанд оршгүйг л бүтээнэ гэсэн үг. Өгүүллэгийн өгүүлэмж нь ерөөсөө л эгч, дүү харилцаа юм. Өгүүллэгийн агуулга ердөө ийм. Охин дүү нь нэн үзэсгэлэнтэй хөөрхөн ч гэлээ бурхны шийтгэлээр гэмээр бөөрний сүрьеэтэй учраас үргэлжийн хэвтэрт оржээ. Эмч түүнийг 1ОО хоног ч тэсэж чадахгүй гэж шулуухан хэлжээ. Эгч нь хайртай дүүгээ хэд хоног ч амьдруулахыг чармайна. Түүнд хайртай гэх М.Т гэх залуугаас захидал ирдэгийг эгч нь мэджээ. Тэр эр нь хайртыгаа сэхэшгүй өвчтэй гэдгийг мэдээд эвгүй үг бичиж, салж хагацъя гэсэн утгатай захидлыг эгч нь шуудангийн хайрцагаас олж үзжээ. Эгч нь ийм жигшүүрт үгтэй захидлыг өвчтэй дүү нь аваад яаж хэрхэн тамлагдан зовж, тэгээд шууд үхэлд хүргэнэ гэдгийг төсөөлөөд тэрхүү М.Т гэдэг залуугийн өмнөөс сайн сайхан үгтэй захидал бичээд шуудангийн хайрцаганд хийдэг болжээ. Гэтэл юу болсон гэж санана. “Эгч минь дээ, та тэр М.Т гэдэг хайртай залуугийн өмнөөс бичжээ. Түүнийг би өөрөө бичээд шуудангийн хайрцаганд хийдэг байсан юм шүү дээ. Ганцаараа өөртөө хаягласан захидал бичиж сууна гэдэг утгагүй. Зэвүү хүрч ичмээр. Тэнэг хэрэг, би үнэндээ эр хүнтэй зоригтой үерхсэн бол дээр байжээ. Нэг удаа ч болов чанга тэврүүлж үзсэн болоосой. Эгчээ, өдий хүртэл ганц алдаа болов хайртай хүнд ч юмуу, өөр ямар ч эр хүнтэй хэдэн үг ч сольж үзсэн удаагүй. Хэтэрхий хэрсүү байж...Аяа үхнэ гэдэг муухай байна... муухай байна” гэж хариулж байна. Байшгүй санааг олж, байшгүй нандин, байшгүй мэдрэмжит үгээр сэтгэж бичнэ гэдэг энэ аж.
Энэчилэнгээр О.Жаргалсайхан аль шимтэйг сонгон орчуулсан 3ОО жилийн өмнөх Шотландын Самуэл Смайлсын “Өөртөө туслах ухаан”, Фүкүзава Юкичийн” Эрдмийг эрхэмлэх ухаан” номыг олж авсан бол та азтай хэрэг ээ. Хуудас бүрт өөрийгөө олох, өөрийгөө ялах, өөрийгөө мандуулах ухааны суралцах бичиг гэмээр. Өгүүлбэр бүрт онч гүн ухаан, гүн сэтгэхүй, түүнийгээ гайхам жишээгээр хослуулан зөвхөн чиний зүрх сэтгэл рүү урсан орох ухааныг сургажээ. Сайн орчуулагч тухайн орны зохиолчийн туурвилын шимийг хүртээгээд зогсдоггүй, оюун бодлыг өөрчлөх бүхэл бүтэн ертөнцийг атгуулж чаддагаараа соён гэгээрүүлэх үйлийг бүтээдэг. Самуэлийн “Өөртөө туслах ухаан” ном нь уншигчийгаа элгэндээ наалдуулан зогсох мэт хайрыг бэлэглээд зогсоогүй, ухааны далайгаасаа уудлан өөрт чинь туслах гайхамшигтай ухааныг хайрласнаараа хүүхэд, залуучуудад ширээний ном болгомоор аж. Энэ номонд “Сүм барихад хад чулуу, элс шороо барьж очих хэрэггүй, харин сэтгэлээ, өөрөө өөрийгөө тэвэрч очвол болох нь тэр” гэсэн сургамжит онч мэргэн үг буй. Яг үүн шигээр төсөөлөн хэлбэл, хэрвээ та гадаадын хамгийн алдартай зохиолыг орчуулья гэвэл алдар нэр, ашиг орлого бодож хийх хэрэггүй харин сэтгэлээ, өөрөө өөрийгөө тэвэрч хийвэл болох нь тэр” гэдгийг ер бусын хөдөлмөрч, ажигч гярхай, цэлмүүн билэг ухаантай, эх хэл, энтээд хэлийг гүнзгийн эзэмшсэн, билэг авьяастай, эгэл энгийн даруу, машид цэгцэрч, илүү дутуугүй болтолоо гэгээрсэн Очирхүүгийн Жаргалсайхан гэгч энэ эмэгтэйн шидийг түүний орчуулсан номуудаас харж болно гэсэн бодлыг өвөрлөж үүнийг үзэглэвэй.
Соёлын Гавьяат Зүтгэлтэн, зохиолч До.ЦЭНДЖАВ
Сэтгэгдэл0
Uneheer orchuulagch shig orchuulagch, shuumjlegch shig shuumjlegch nar bn. Murakamig angliar unshihad ch saihan, gehdee mongoloor iim chanartai orchuulgatai garchihsan ym bol eh heleeree unshihaas iluu saihan ym haa baihav.
Чамтай санал нэг байна.Орчуулагч,шүүмжлэгч нарын тэр хэрэглэсэн үгнүүдийгээ,"аймаар",тэр япон хүний сэтгэл зүйг мэдэж байгаа,хэлж байгаа нь " гайхамшигтай"....ад зэтгэрийн ч гэмээр,нөгөө ертөнцийн ч гэмээр,жихүүдэс хүргэсэн,эмзэг,нүдээ таглаад уншмаарч юм шиг сонин сэтгэхүйтэй ард түмэн,зохиолчид,зохиол шүү
Za za olj uzie baiz
,,,,та гадаадын хамгийн алдартай зохиолыг орчуулья гэвэл алдар нэр, ашиг орлого бодож хийх хэрэггүй харин сэтгэлээ, өөрөө өөрийгөө тэвэрч хийвэл болох нь тэр” гэдгийг ер бусын хөдөлмөрч, ажигч гярхай, цэлмүүн билэг ухаантай, эх хэл, энтээд хэлийг гүнзгийн эзэмшсэн, билэг авьяастай, эгэл энгийн даруу, машид цэгцэрч, илүү дутуугүй болтолоо гэгээрсэн Очирхүүгийн Жаргалсайхан гэгч энэ эмэгтэйн шидийг түүний орчуулсан номуудаас харж болно гэсэн бодлыг өвөрлөж үүнийг үзэглэвэй" зохиолч До.Цэнджав түүний авьяас билэгийг төгс үнэн тунгалаг хэлжээ. О.Жаргалсайханы орчуулга бол Монголын бас нэгэн бахархал мөн шүү. Найздаа баярлалаа.
Мүракамиг англиар уншихад хамаагүй гоё юм билээ. Жаргалсайханы орчуулга хаана нь ч хүрэхгүй, түг таг гээд явж өгөхгүй харагдсан. Япон хэлгүй бол англи орчуулгыг нь уншвал дээр шүү. Мүраками өөрөө ч зарим номоо англиар бичдэг.