sonin.mn

           Даланзадгад цэргийн хүрээний ахмадын зөвлөлүүд ЗХ-ний 93 жилийн ойг угтаж,   эх  орныхоо өмнөт хилээр аялж, Зэвсэгт хүчин сурталчлах,хилчин дайчидтай уулзах, Монгол орныхоо хамгийн өмнөт хилийн цэг-Орвог гашууны овоонд хүндэтгэл үзүүлэх ахмадуудын аялал хийх санаачлага гаргасныг хүчний байгууллагуудын удирдлагууд хүлээн авч дэмжин унаа тэрэг, санхүүгийн дэмжлэг үзүүлснээр  ЗХ-ний 167 дугаар ангийн бэлтгэл хошууч И.Баттулга даргатай зөвлөл, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн бэлтгэл дэд хурандаа Ц.Зургаанжин даргатай хороо, Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын  бэлтгэл хошууч Н.Цогт-Очир даргатай зөвлөлүүдийн ахмадуудын төлөөлөл 30-аад хүний бүрэлдэхүүнтэй аялалын баг  тус аймгийн Номгон, Хүрмэн сумын нутаг  дээр байрладаг хилийн  сумангуудын  ажил амьдралтай танилцаж, хилчин дайчидтай уулзаад ирлээ.
 
        Аялалын багийг хоёрдугаар сарын 25-ны өглөө ЗХ-ний 167 дугаар ангийн захирагч, Даланзадгад цэргийн хүрээний дарга хурандаа Д.Жигжидсүрэн, Цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа Х.Отгонбат, ХЦ-ийн  0131 дүгээо ангийн штабын дарга дэд хурандаа Б.Батмөнх, Захирагчийн орлогч дэд хурандаа У.Батсайхан нар тэргүүтэй   хүчний байгууллагын улирдлагууд хүндэтгэн үдэж өглөө. Ахмадуудаа аялалын алтан харгуйд үдэж гаргах бяцхан цуглаан хийж, ахмад үеэ  хүндэтгэж алдаршуулах, залуу хойч үедээ эх оронч үзэл төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болж байгааг хурандаа Д.Жигжидсүрэн, Х.Отгонбат нар  онцлон тэмдэглэ.ж байсан бол  тус аймагт байрлаж байсан барилгын цэргийн 223 дугаар ангийн ахмадуудын төлөөлөл дэд хурандаа Б.Цоодол энэ анги  тус аймгийн төв, хөдөөд 260 гаруй барилга барьж бүтээн байгуулалтанд их хувь нэмэр оруулж байсныг дурдаж, тэд ахмадуудынхаа аяны дөрөөг сүүн цацлаар мялааж, уудам Монгол орныг минь илч гэрлээрээ гийгүүлэгч ургахын улаан наран хөөрөх үеэр аялалын замдаа гарлаа. Ахмадууд цэргийн андууд хачир нэмрээр чимсэн хөгжил, наргиантай шог яриагаар урт замыг зугаатай туулж явлаа. Нэгдэл нийгмийн олон малыг хариулж маллах хүчин мөхөсдсөн цэцэн үгтэй өвгөн баг, сумын удирдлагуудаа шүүмжлэн :

Энэ олон тэмээг чинь
үр төлийг  нь үхүүлээд
Үс ноосыг нь дутаагаад
үйлдвэрлэлийн төлөвлөгөөг нь таслаад
өт батгананд идүүлээд
өрх шаварт унагаагаад
маллаж дийлэхээ байлаа гэж хэлээд байхад
 хөгшин миний үгийг тоодоггүй
хөлдүү толгойтой дарга нар энэ сууж байна гэж толгой холбон ярьж байсан, хуучин цагт холбоо харилцааг төмөр утсан шугамаар залгуулдаг байхад боронзон шугам хэмээх тэр хүнд шугамыг засварлаж, шонгийн модны оройд дөрөөгөөр гардаг засварчид уралдан гарах, модны оройд  боронзон шугамын утасны хоёр үзүүрийг асар богино хугацаанд татаж чангалан бэхлэх,боронзон шугамын утасны үзүүрийг  тулган гагнаж тогтоодог тусгай очлуураараа тамхиа асаан мэргэжлийн ур чавараараа гайхуулдаг байсан тухай гэх мэт олон яриаг эцэс төгсгөлгүй мэт хөврүүлсээр явтал болзоот газар, цаг ч болж Номгон сумын ахмадын хорооны дарга бэлтгэл дэд хурандаа А.Цээсодном  тавагтай идээ , цай сүүнийхээ дээжийг барьж зам тосож, хүндэтгэн угтаж  авлаа.

       Номгоны ахмадууд  сумынхаа ойг өндөр амжилтаар угтана

                  Номгон  сум байгуулагдсаны 90 жилийн ойгоо ажил хөдөлмөрийн их амжилтаар угтахаар энэ сумын ахмадууд шамдан хөдөлмөрлөж, их зүйл хийж байгаагаа бахархан ярьж өнгөрсөн онд шинэ барьсан ахмадын өргөөгөө тохижуулж ,100 гаруй хүнд нэг ээлжээр цай, хоолоор үйлчилж элбэг хүрэлцэх гал тогооны сав хэрэглэлээр хангаж, төрөл бүрийн тоглоом наадгай, ном сонин  зурагт, ширээ сандал, самбар үзүүлэн,гээд дутуу зүйлгүй болсноо, мөн ахмадуудынхаа гар урлалын бүтээлээр үзэсгэлэн гаргаснаа үзүүлж ,аяны замын биднийг халуун хоол цайгаар дайллаа.Тэд мөн сумынхаа түүхийн номыг шинэчлэн гаргахад болон БНМАУ-ын хөдөлмөрийн баатар тэмээчин Х.Гомбосүрэн агсны дурсгалд зориулсан хөшөө босгоход санаачлага гарган, хандив дэмжлэг үзүүлж байгаа юм байна.
       Тэдний гар сэтгэлээ гарган хийсэн амтат цай хоолоор дайлуулж суух зуураа тус сумын хашир малчин, ахмадуудтай цөөн хором хуучилснаа уншигчиддаа толилуулья.


 
     Эмгэнбулаг багийн малчин ахмад .Д.Хүү:

       Энэ сумандаа 35 жил мал маллахдаа янз бүрийн л мал хариулж явлаа. 15 жилд нь  нэгдэл нийгмийн 1000 хүртэл хонь хариулж,жилдээ дунджаар 400-500 төл бойжуулж, сүү, ноос үйлдвэрлэлийн бүхий л төлөвлөгөөт даалгаварыг 100 хувь биелүүлж, жилдээ 12-оос доошгүй удаа отор нүүдэл хийж мал сүргээ тарга хүч авахуулж онд бүрэн мэнд  оруулж явлаа.Тэр үед одооных шиг машин тэргээр нүүнэ гэж байх биш.гэрээ тэмээндээ ачаад л малаа туугаад явдаг байлаа шүү-дээ. Нийгмийнхээ хөгжилд  хүч хөдөлмөрөө зориулж явсных хамт олныхоо хүндэтгэлийг хүлээж, хоёр таван жилийн гавшгайч цол тэмдэг, ардын хувьсгалын ойн медалиудаар шагнуулсан. Сурсан ажил,  дассан нутаг сайхан болохоор өндөр насны тэтгэвэртээ гараад бас хэдэн жил малаа маллаж  байгаад одоо сумынхаа төвд хүүхдүүд, ач зээ нартайгаа сууж байна.  Энэ жил манай сумын 90 жилийн ой болно. Сумынхаа ой угтсан ажилд жаахан ч гэсэн нэмэр болохыг хичээж явна. Сумынхаа ойн баярыг ажил хөдөлмөрийн өндөр их амжилтаар угтахыг нутгийн олон түмэн ах дүүс, хүүхэд  дүү нартаа  хүсэн ерөөж байна.

       Эмгэнбулаг багийн  ахмад малчин С.Цэрэнхүү:

 “Сангийн далай” нэгдэл 1956 онд үүсэн байгуулагдсан цагаас хойш тэмээ,  хонь, ямаа гээд төрөл бүрийн мал маллаж, жил бүр 100  эх дутмаас 80-аас дээш төл бойжуулж байлаа.Гурван жилийн өмнөөс сумын төвд суух боллоо. 12 хүүхэд төрүүлж өсгөсөн. Хүүхдүүд Улаанбаатар хот, аймгийн төв, хөдөө газар газар л амьдарч ажиллаж байна. Өнгөрсөн жил манай сум ахмадын шинэ сайхан өргөөтэй болсон. Олон сайхан ажил явуулдаг , тоглож наадаад цуглаж бужигнаад сайхан байна. Манай ахмадын хорооны дарга чинь ажил сайнтай, сайн хүн шүү-дээ. Хүүхдүүд хот, аймагт ирж амьдар л гэдэг  төрсөн нутаг, сумандаа сэтгэл хоргодоод, таньдаг мэддэг, олон ахмадуудтайгаа байх сайхан. 70 гаруй нас сүүдэр зооглоод сайн сайхан амьдарч байна.Одоо малчид машин мотоциклиор малаа хариулаад морь тэмээгээ унаж эдэлж, сааль сүү, ачилга уналганд эмнэг догшноо сургах нь багасаад байна. Мал сүрэг өсөөд сайхан байна, малчин л цөөрөөд байх юм.
    Сумынхаа ойг ажлын өндөр амжилтаар угтаж, ой баяраа сайхан тэмдэглэхийг сумынхаа нийт иргэдэд хүсэн ерөөе.

   Хармагтай багийн ахмад малчин С.Батцэрэн:

      Энэ сумандаа 32 жил малчинаар ажиллахдаа ямаа голдуу маллаж байсан.500-гаас дээш мал хариулж төлөө жил бүр бүрэн бойжуулж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавараа бүрэн биелүүлж, зарим жилд давуулан биелүүлж байлаа. Ажил хөдөлмөрийн амжилт бүтээлийг үнэлж сумын таван удаагийн аварга малчнаар шалгаруулж, хэд хэдэн удаагийн таван жилийн гавшгайч цол, тэмдэг, ойн медалиуд, аймаг, сумын шагналыг олон удаа хүртээсэн.Социалист хөдөлмөрийн гавшгайч цол мандат ч авсан.Одоо 76 нас хүрч сумынхаа төвд сууж байна. Ахмадын шинэ сайхан өргөөтэй болоод төрөл бүрийн уралдаан тэмцээн зохиож, сайн өдрүүдээр цуглаж тоглож наадаж, ном сонингоо уншиж ахмадуудтайгаа ярьж суух ч сайхан. Манай ахмадын хорооны дарга бидний төлөө санаа тавьж, сайн ажилладаг.

         Залуучууддаа хандаж хэлэхэд мал маллавал малаа хайрлаж, сайн маллах, ажил мэргэжил эзэмшвэл сайн сурч, сайн ажиллах л чухал.Сумын ой болох гэж байгаа тул ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар ойгоо угтахыг нутаг усны олон ах дүүстээ ерөөе.

   Номгон сумын ахмадууд  сумынхаа 90 жилийн ойд бага ч гэсэн ажил хийж нэмэр тус болох сэтгэлээр хандаж, сумынхаа төвд мод бут тарьж арчлан ургуулж, “Сангийн далай” хийд орчмоо цэвэрлэж, булаг шандаа арчилж, бурхан шүтээндээ залбирч ,”Лүй ван жалбуу” бурхнаа бүтээн залсан ач ивээлээр өвлийг өнтэй сайхан давж, одоо сайхан хаваржиж байна гэж билэгшээн сэтгэл санаа амар амгалан сууна.Тэд аян замын биднийг ч хийдээрээ оруулан адис авахуулж, мөргөл үйлдүүлэн, “Сангийн далай” булгийнхаа цэнгэг ариун усаар магнайгаа шавшин,  дээжлэн хүртэх боломж олгон дараа баяртай уулзан золгохын ерөөл тавин үдэн гаргаж өглөө.

   “Хар морьтын”  хардлага дагуулсан уурхай

                    Биднийг Даланзадгадаас гарахаас өмнө хариуцлагатай алба хашиж явсан хашир нэгэн ахмад ирж  уулзан нэгэн зүйлийг тодруулан сурвалжилж, сониндоо нийтлэн олны сонорт хүргэж өгөхийг аминчлан хүссэн юм. Номгон сумын нутгийн урд захад  “Булган хорго” уулын ард орших “Хар морьт” хэмээх газар Хятадын хөрөнгө оруулалттай уурхай ажиллаж, чухам ямар баялаг олборлоод байгаа нь тодорхойгүй, олон Хятад ажилчид ажиллаж, олборлосон зүйлээ үе үе шөнийн цагаар  урд хөрш рүү зөөгөөд байгаа юм. Энэ уурхайг анх 1952,53 оны үед Оросууд нээж ашиглаж байсан. Уурхайд ашигладаг ус нь хүрэлцэхээ байснаас орхисон гэж нутгийн хүмүүс ярьдаг байсан. Би залуу байхдаа 1963 онд очиж үзэж байхад нэг овоон доогуур 20-иод метр хонгил ухаад орхисон, хонгилд ороод харахад эргэн тойронд шүр сувд шиг гялалзаж, гялтганаж байсан, нутгийн хүмүүс үүнээс ч илүү өнгөлөг байсан, одоо харин өнгө нь буурчихаад байгаа юм гэж ярьж байсан.Сүүлийн гурав дөрвөн жилд 100-гаад Хятад ирж хар тугалга гэж ухаж зөөгөөд байгаа сурагтай. Хар тугалга ингэж гялалзаж гялтганах уу?

                   Энэ оны хоёрдугаар сард тэндээс олборлосон дандаа том уутанд хийж лацдаж ломбодсон баялгийг “Зайрмагтай”-н уурхайгаар дайруулан  шөнийн цагаар арав гаруй хорь шахам том даацын машинаар тээвэрлэж, “Гашуун сухайт”-ын боомтоор манай гаалийнханд огт шалгуулахгүйгээр гаргасан байгаа юм. Эдгээр зүйлийн хүндийн жин, овор хэмжээг бодоход хар тугалга байх магадлал тун бага байгаа юм. Энэ уурхайг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хэд хэдэн удаа очиж үзсэн боловч юу ч хэлдэггүй, ямар ч мэдээлэл өгдөггүй.”Ууттай баялгийг урагш нь гаргахдаа энэ замаар тээвэрлэхийг нутгийнг иргэд, малчид зөвшөөрөхгүй, тийм учир шөнө тээвэрлэ гэсэн зааврыг дээрээс өгсөн”  гэж байсан нь хардлага төрүүлж байна гэсэн мэдээлэл өгч, дам сонсвол энэ нь УИХ-ын эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэтэй холбоотой, тэдний ах дүүс, ойрын холбоотон хүмүүс ажилладаг, энэ хэний баялгийг, хэний зөвшөөрлөөр зөөгөөд байна вэ?  МУ-ын Засгийн газар, аймгийн удирдлагууд мэдэж байна уу? Улсад оруулдаг татвар шимтгэл гэж байна уу? Та орон нутгийн сонины ажилтан хүн тийшээ явж байгаа учир газар дээрээс нь сурвалжилж, олны сонорт хүргэж өгнө үү. Би хэлсэн бүхнээ баримтжуулж чадна гэсэн хүсэлт тавьсны дагуу Номгон сумын ахмадуудтай энэ сэдвээр товч ярилцаж тодруулга авсан юм.

                     Тэдний надад өгсөн мэдээлэлээр: “Энэ газрыг Германууд ч ирж шинжлэн судалж байса н.  Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Дун юан” гэдэг компани олборлолт явуулаад гурван жил хүдэр урагш нь зөөж байна. Хар тугалга, гянт болд, молибден, вольфрам, зэс алт ч байдаг гэж ярьдаг. Аймагт татвар төлдөг үгүйг мэдэхгүй, манай суманд лав төлдөггүй, суманд ямар нэг туслалцаа, дэмжлэг үзүүлнэ үү гэхэд танай аймаг чинь мэднэ гэдэг, Б.Бадраа даргад хэлэхээр “Би мэдэхгүй” гэж хариулдаг. Хайгуул олборлолтын зөвшөөрлийг нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хятадуудад худалдсан гэж яригддаг. Ухаж авч байгаа хүдрийг нь газар дээр нь ч, гаргаж байгаа баялгийг нь ч шалгаж, олонд ил тод болгох зайлшгүй шаардлдага байгаа гэж нутгийн иргэд бид үзэж шаардаж байна” гэсэн юм. Энэхүү мэдээлэлийг өгсөн хүмүүст ил далд дарамт шахалт ирэхээс болгоомжилж нэр усыг нь дурдсангүй. Бичигч миний бие энэ нутгийн хүн биш, тэр газар очиж үзээ ч үгүй. Нутгийн иргэдийн дуу хоолойг  “дээдэст” хүргэж, энэ уурхай хууль ёсоор ажилладаг юм бол иргэдэд ил тод болгож, үгүй юм бол хууль ёсны болгож,  “тунгалаг төр” гэж тунхаглаад байгаа уриагаа хэрэгжүүлээд  харуулаад өгөөч гэдэг үүднээс түмэнд  сонордуулав.   

                                          Дархан хилийн овоо

                           Хилчин дайчид болоод ахмадын хороо,зөвлөлийн дарга нар ,ахмадуудынхаа дунд “Жин дарга” гэж хүндлэгдсэн ХЦ-ийн 0131 дүгээр ангийн ахмадын хорооны  дарга бэлтгэл дэд хурандаа Ц.Зургаанжин Сэлэнгийн Сүхбаатар, Баян-Өлгийн Цагааннуурын шалган нэвтрүүлэх боомт, Ховдын Байтаг богд. Баянхонгорын Сэгсцагаан богд, Дорноговийн Ханги, Өмнөговийн Овоот, Жаалшандын суман гээд ажиллаагүй маналцаагүй хил ховор МУ-ын “Хүндэт хилчин” , “Онц хилчин “ хүн билээ. Нэг ховор учрал тохиосон нь “Жин дарга”-ыг сумангийн улс төрийн орлогчийн тушаалтай, ахмад цолтой ид залуухан гялалзаж явахад суманд нь 48 жилийн өмнө хилчин байлдагчаар алба хааж байсан О.Цагаандүү өвгөн даргыгаа ирсэн сургаар учран золгож хуучилсан явдал цэрэг эрсийн дайчин нөхөрлөл хэзээ ч мартагддаггүйн илэрхийлэл байлаа.

                            Хашир хилчин Ц.Зургаанжин, З.Лхагвасүрэн, Д.Адьяа, Ц.Цэнд нарын түүчээлсэн ахмадуудын аялалын цуваа Хөрхийн уулын баруун үзүүр Устын амаар давж ирэхэд алдарт Борзонгийн говь, нүдний өмнө цэлийж эх орны минь хил орчмын үзэсгэлэнт байгаль хаврын наран доор зэрэглээтэн мяралзан угтлаа.Замын дэргэдэх бяцхан чулуун овоог олон жил өмнөт хилээ манаж, энэ нутагтаа танил , олон олон явган шогийн баатар болж явсан Завхан аймгийн Сонгино сумын харьяат ахмад хилчин бэлтгэл ахмад  Ваанчигийн нэрээр нэрлэсэн нь тэр Шүүлэнгийн сумангийн даргаар ажиллаж байхдаа хойшоо урагшаа дайран өнгөрөхдөө энэ овоон дээр үдэлж, урагшаа эх орныхоо цэнхэр хаяаг, баруун хойшоо төрж өссөн нутгийнхаа зүг хараачлан сууж туулсан жирийн хилчний амьдралаа тунгаан бодож суудаг байсных гэнэ. Эндээс торгон хилийн шугам 200 орчим км, энэ нутагт 70 гаруй булаг шанд оргилж байсан гэх боловч 10 гаруйг нь л бид мэдэх юм гэж ахмад хилчид хуучиллаа.Үүнээс урагш дэрстэй хоолой, элстэй сондуул, нүд алдам их тал, нүдэн булгийн цэнгэг  хужирлаг ус, хайлаас, загтай хуурай сайр, хадархаг намхан бор толгод, хужир мараатай шал тойром, тохиолдох нь манай орны өмнөт бүсийн байгаль, хөрс ургамалын өвөрмөц нэгэн дүр төрхийг илтгэнэ. Монгол орны минь ховор ургамалын нэг мөнх харгана гэж мөнх ногооноороо сүглийх үзэсгэлэнт сайхан модлог ургамал энд элбэг тааралдах юм.

                        Шүүлэнгийн буюу ХЦ-ийн 0153 дугаар салбарт хүрэлцэн очиход салбарын залуухан захирагч ахлах дэслэгч Э.Ганбаяр удирдах бүрэлдэхүүнээ жагсааж хүндэтгэн угтаж, зочид буудлынхаа танхимд оруулан ажил албаа танилцууллаа. Ахлдах дэслэгч Э.Ганбаяр Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, Улаанбаатар хотод Хилийн цэргийн дээд сургуулийг 2008 онд дүүргэж, энэ ангийнхаа Улаан хошууны салбарт хоёр жил орлогчоор ажиллаж, Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирээд энэ салбарын захирагчаар томилогджээ. Зургаан жил хилээ манаж туршлагажиж яваа, мэргэжлийн сургуулийг нь дүүргэсэн, гадаадад үүрэг гүйцэтгэж “дарийн утаа үнэрлэсэн” хийж бүтээхийн хүсэл сэтгэлээр жигүүрлэн яваа ийм сайхан залуустаа эх орныхоо торгон хилийн зурвасыг итгэж хариуцуулан даатгахаас ч яахав.


 
                 Энэ салбар 1971 онд байгуулагдсан “Хилчний алдар” алтан медальтай, анхны даргаар нь дээр өгүүлсэн бэлтгэл ахмад н.Ваанчиг ажиллаж, суурийг нь тавин байгуулалцаж явсан, жагсаалд  нь ХЦЕГ-ын штабын дарга асан генерал П.Даш алба хааж байснаар бахархдаг, Дуут манхан, Далан уул гэх мэтийн дурсгалт болон үзэсгэлэнт газрууд, аргаль, хар сүүлт зэрэг ховор ан амьтадтай манай салбарын хариуцдаг хэсэг сайхан газар гэж танилцуулсан. Сонирхож тодруулан асуувал Далан уулын хадны бичээс гэж түүхэнд тэмдэглэгдсэн боловч бид олж үзэж амжаагүй, харин манай хариуцсан хэсэг дэхь аргалийн тоо тогтвортой өсөж үржиж байгаа гэж бахархангуй хариуллаа. Хилчдийн авсаархан хөнгөн унаа болж ус түлээ зөөхөөс эхлээд  хилийн манаагаа эргэх, харуулын байр руу хоол унд зөөх зэрэг хамаг ажлаа амжуулдаг мотоциклио “Японы жинхинэ “Хондо” фирмийн эдэлгээ даадаг сайхан эд дээ” гэж хажууд нь байсан ахлагч нар нь магтаад амжсан.

Хилчдийн авсаархан соёлын төвд  цөөн хором ярилцаж, кино үзүүлж,манай ахмадууд ая дуугаа өргөж,  салбарын хамт олон өөрийн бахархал болсон “Шүүлэн булгийн застав” дуугаараа хариу барьж, ахмадууд ч “ганзагалаагаа “ тайлж, хилийн салбарын цомхон хамт олонд, тэр дундаа хайртай ханьдаа халамж үзүүлж, дархан хилээ маналцаж суугаа “хилийн заставын хар нүдэн бүсгүй”-чүүд. төрлөхийн хилчин хөөрхөн багачууддаа орон нутгийн шинэхэн мэдээтэй бүх аймгийн сонин, чихэр жимсээр “гар цайлгаж “ аяны замдаа шуудрахад салбарын захирагч ахлах дэслэгч Э.Ганбаяр  ойр орчмын сонин хачин тогтоцтой байгалийг сонирхуулж газарчлан үзүүлээд, нөгөөх “эдэлгээ даадаг сайхан эд”-ээрээ хөрш салбарын замд ортол үдэж өгөөд гар далласаар хоцорсон.
 
                                       Эндээс цаашлах дутам сонин хачин байгалийн сайханд нүд хужирлаж, онгон дагшин  уул ус, хөрс ургамал,эрүүл цэнгэг агаар гэж ийм л газрыг хэлдэг юм байна гэж бахдан шагшиж явлаа.Хар цагаан өнгөний хослол уул толгод, цагаан цэцэгтэйгээ хатаж үр буурцгаа ч гүвээгүй хадгалан байгаа унаган бага насны минь даахин хонгор сэвлэг шиг таанын бутыг хараад нүдний хараа хүрэх газарт  бутны толгойд гялгар уут шинэ жилийн гацуурын чимэглэл мэт молцоглож, ундаа шар айрагны хуванцар сав хөглөрч байдаг орчинд нүд дассан бид энэ сайхан хөрсөн дээр ширхэг шүдэнзний мод, чихрийн цаас унагачих вий гэхээс  зүрхшээж явсныг нуух юун.
                              Биднийг нэлээд оройтож Цагаан дэрсний суман, ХЦ-ийн 0247 дугаар салбарт хүрэхэд  салбарын захирагч дэд хурандаа Ц.Энхбаяр  өнжин хонон хүлээснээ хошигнон ярьж,”Монголын түүхэнд Батмөнх даян хаан “ 70 түмэн цэргийг минь хаацайлан нуусан Далан уул тандаа баярлалаа, бууж мордож явсан Булган хорго минь “ гэж тэмдэглэгдсэн нутаг чинь энэ шүү-дээ гэж яриа хөөрөө дэлгэсээр мөн л удирдах бүрэлдэхүүнтэйгээ хамт угтлаа. Энэ сумангийн хариуцсан хэсэгт Монгол орны хамгийн өмнөт цэг буюу МУ-ын хилийн 652 дугаар багана байдаг тул сүүлийн үед  дотоодын аялал жуулчлал хөгжиж байгаатай холбоотойгоор хилийн овоондоо хүндэтгэл үзүүлэх зочин гийчний хөл тасардаггүй  гэнэ.

Хамгийн өмнөт цэг гэдэг чинь хөршийн нутаг руу хамгийн их цөмөрч орсон газар гэдгээрээ манайхан очиж бахархах дуртай, харин тэд дурамжхан байдаг  гэнэ.Эднийх 1980 онд байгуулагдсан хуучин салбаруудын тоонд ордог, байраа засаж сайжруулж тохижуулах янз бүрийн арга сүвэгчилж,Номгон сумаас боломжийн дэмжлэг авахаар тохирсон, ажлаа аваад гурван сар болж байгаа энэ хавраас л тохижуулалтын ажилдаа орно гэж ярилаа.
 
                      Дэд хурандаа Ц.Энхбаяр Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, газар зохион байгуулагчийн мэргэжилтэй, орон нутагт мэргэжлээрээ ажиллаж байгаад хилчин болж цэргийн сэтгэл судлалаар мэргэшсэн, баруун дөрвөн салбарт орлогч, захирагчаар 15 дахь жилээ дархан хилээ манаж яваад,   хилийн хорооны төвд  техникийн албаны даргаар томилогдон багахан хугацаанд ажилласан ч дасаж сурсан хилийн сумангаа санаад, миний байх ёстой эх орондоо хэрэгтэй зүйл бүтээх газар тэр л байна гэсэн дотоод сэтгэлийн дуудлагаа дагаад “гүйгээд” иржээ.
 
 
                   Манай ахмад дайчид ёслолын хувцсаа өмсөж, алдар гавьяаны одон медалиудаа энгэр дүүрэн ярайлгаад, хилчин залуучуудтайгаа шөнө дүл болтол дуулж, бүжиглэн хөгжилдөж байгааг харахад “хуучин цагийн дайчин алдарт гурван үеийн чуулга уулзалт “ санаанд бууж байлаа.

                Хилийн бяцхан суурингийн өглөө эхэлллээ. Юм бүхэн нэг л өвөрмөц амар амгалан, хилийн авсаархан суурингийн орчин аль нь ч гэсэн цэвэр цэмцгэр, цаанаа л нэг эрхэмсэг. Харуулын өндөр цамхагт цагийн манаа хилч нохойн хамт алсын бараа харуулдана. Шөнөжин үүгээр, түүгээр гүйж, мэдээлэгч дохиологчийн үүрэг гүйцэтгэсэн муур, нохой хоёр эв найртайгаар зэрэгцэн өөр өөрийн сууринд тухлан нарлана.

                               Хилийн баганат овоо зорих замдаа Баянголын хилийн харуулын байртай танилцаж, хилчидтэй ярилцлаа. Хилийн харуулын түүхийг өгүүлэх мэт газар гэр, бяцхан тоосгон байр, одоо цагийн тохилог байр ойролцоохон оршино. Харуулын байранд хоол бэлтгэх хооллох өрөө, амрах байр, ойрын хэрэгцээт зүйлсээр бүрэн тоноглогдсноос гадна гадаа биеийн тамирын талбай, зуны сэрүүн хооллох тасалгаа, агуулах цөм бүрэн. Мөн л харуулын өндөрлөгт цагийн манаа, хилч нохой үүргээ гүйцэтгэнэ.
                                 Харуулын байранд  хилийн манаанаас бууж ирээд амарч буй  хилчин байлдпагч С.Баасанжаргалтай цөөн үг  солилоо.Тэр Өвөрхангай аймгийн Сант сумаас өнгөрсөн оны 10  дугаар сард цэрэгт ирээд төвд цэргийн бэлтгэл хийж, 12 дугаар сараас энэ суманд хувиарлагдан хилийн манаанд гарч байгаа гэнэ. Манааны ахлагчтайгаа хоёул тэмээгээр хилийн хайч эргүүлд гардаг, одоо газар орноо сайн мэддэг болж, албандаа дасаад  сайхан байна, Өвөрхангай аймгийн Сант сум Цэрэг багт малчин ээж Б.Сарантуяадаа хүү нь дархан хилээ манаад хийморь золбоотой сайн явна.  Мөдхөн халагдаад хайртай ээждээ очно гэж манай сонины хуудсаар дамжуулан мэндчилгээ илгээсэн юм Ахлагч Д.Дэмчиг даргатай хилийн харуулын дайчдын зургийг татаад цааш замдаа гарлаа.

                    Энэ харуулын байрнаас баруун урдхан 1937 онд манай эрэлхэг дөрвөн хилчин Хятад гоминданы бүрэн зэвсэгтэй 120 гаруй цэргүүд хил зөрчин орж ирэхэд нь уран нарийн аргаар буулган авч байсан түүхт газар ахмад хилчдийн дурсгалын хөшөө, цогцолбор байгуулах газар сонгохыг хилийн хорооны удирдлагаас ахмад хилчид болон сумангийн удирдлагад өгсний дагуу газраа сонгож саналаа удирдлагадаа танилцуулахаар тохироод домогт овооны зүг дөтөлж явтал хаврын цэнхэр зэрэглээ мяралзан наадах их талын дундаас хоёр тэмээтэн гарч ганган улаан тэмээдийн зогдор дэвсэх тэшилтээр биднийг угтан тосож ирсэн нь ахлах байлдагч Б.Загарзүсэм ахлагчтай хилийн манаа байлаа.

                    Тэднийг хилийн сумангийн захирагч дэд хурандаа Ц.Энхбаярт Монгол улсын дархан хил тайван амгалан байгааг илтгэсний дараа ахмад дайчид эх орныхоо өмнөд цэгийн дархан овоог манаж яваа хоёр хүүдээ баяр хүргэж амрыг нь эрэхээр тойрон бүчиж авлаа. Манай золбоот залуу хилчдийн унаа тэмээнийх нь өвдөг зогдорт хээрийн салхи наадаж, өмссөн цэрэг хувцаснаас нь онгон цэнхэр талын эрүүл цэнгэг агаар ханхалж, хөрслөг бор царайд нь идэр залуугийн цог золбоо бадрах нь үнэхээр баярлаж бахархмаар.           

Манааны ахлагч ахлах байлдагч Б.Загарзүсэм Өвөрхангай аймгийн Баруун баян-Улаан сумаас цэргийн албанд ирсэн, хилийн энэ зурвасынхаа газар орныг сайн мэддэг болсноор манаа ахлан гардаг болсноо бахархан ярьж, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд суугаа аав А.Бунд, ээж Д.Должинсүрэн нартаа , хилчин байлдагч Г.Нямдаваа Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд суугаа аав Д.Мягмар, ээж Гэрэлсүрэн нартаа мэнд дамжуулаад “атан тэмээдээ  уначихаад эх орныхоо алтан босгыг эргэж явахад энэ сайхан нутаг орныг өвлүүлэн үлдээсэн эцэг дээдэстээ ч баярламаар, хилийнхээ баганаас адис аваад мордоход сэтгэл сэргээд сайхан шүү.

Манай сумангийн  хамгаалдаг зурваст Монгол орны минь өмнө захын овоо оршдогоор бахархдаг” гэж ярьсан. ЗХ-ний 167 дугаар ангийн ахмадын зөвлөлийн дарга бэлтгэл хошууч И.Баттулга хилчдэд ЗХ-ний”Онц сурлагатны” тэмдэг, үнэмлэхийг гардуулан баяр  хүргэхдээ баярлаж бахархсан сэтгэлээ барьж дийлэхгүй хоолой зангируулахад ахмад дайчид бидний ч нүдэнд баяр, бахархалын нулимс цийлж байв.

                Эх Монгол орны минь хамгийн өмнө цэг Орвог гашууны овоо. Уламжилж тогтсон заншил ёсоор Монгол улсын дархан хилийн 652 дугаар сүлдэт багана таны амрыг эрж ёслоод өвдөг сөгдөн хүндэтгэл илэрхийлж,”Номхон” зогсоход цэрэг эрсийн зүрхэнд уудам дэлгэр орны минь уул, тал, хангай, говь  бүхлээрээ багтаж, халуун сэтгэл оргилно.
                      Хилийн дээснээс чинагш хараа сунгавал хүний нутгийн хөх уулсын зүгээс хүйтэн салхи үе үе үлээж, эрүүн доороос эхэлсэн засмал зам нутгийнхаа гүн рүү зурайх нь урсаж орж ирэх их баялгийг угтан авч, уусган шингээхэд бэлэн гэх шиг нэг л эвгүйцэх сэтгэл төрүүлнэ.

                Овооны ар руу бууж эх нутгийнхаа торгон элсэн дээр суугаад хөөрөлдөж байхад “Улсын хил шинэчлэн тогтооход жинхинэ Орвог гашууны овоо хилийн цаана үлдсэн,энэ газрыг Дугших бор хошуу гэдэг байсан юм даа” гэж нутгийн буурлууд тэртээ олон жилийн өмнө ярьсан хууч яриа чих дэлсэж, “Алтан хилийнхээ овооноос алдчихлаа гэвэл амиа өгөхөд ч бэлэн “ ахмад дайчдын маань “цөс хөөрч” “Тамтаггүй дайсан дахиад халдаж гэмээнэ таягаа хаяад мордоход бэлэн”-ээ илэрхийлж байлаа.
                 Баруун, зүүн, өмнөт талд харагдах өндөрлөгүүдэд Хятадын хилийн харуулын байр байрладаг бөгөөд бүгд хянах болон дүрс бичлэгийн дурангаар тоноглогдсон гэж манай хилчид танилцуулахыг сонсоод, алтан соёмботой мөрдэс зүүчихээд Африкийн Өмнөд Суданд “даналзаж” явдаг Ерөнхийлөгч, Ерөнхий командлагч маань  жил бүр хогийн уут хийж хаядаг, асаж гэрэлтүүлж болоод байгаа талбайн гэрэлтүүлгийг ахин дахин сольж, үр ашиггүй зарж байдаг тэр бум, тэр бум төгрөгөөрөө хилийн харуулын байраа орчин үеийн техник хэрэгсэлээр тоноглоод,  хөнгөн хурдан унаагаар хилчдээ хангаад өгчихөж болдоггүй л юм байх даа гэсэн харуусах сэтгэл төрж,шүүмжлэн ярилцаж явлаа. Асга хад, хөвч тайга, намаг ,элс бартаатай хилдээ морь, тэмээгээ уналгүй яахав, харин энэ сайхан тал нутагт “үндэсний онцлог, бахархал”-аа заавал гайхуулаад байх хэрэг байна уу гэж асуумаар.

               Энэ нутгийн Гомбосүрэн тайжийн Сайн-Эр гэдэг хүн олон жилийн өмнө нутагтаа нэгэн сайн үйл бүтээж үлдээе гэж санаачлан атан тэмээгээр ачиж ирэн,тоорой мод тарьсан нь одоо тэр хавьдаа л хөвч хангайн ширэнгэ мэт төгөл болон үржиж байна. Баг мод гэдэг газар нэлээд өргөн талбай хамарсан эртний хүмүүсийн үлдээсэн хадны сүг зураг байх нь түүхийн чухал дурсгал болох нь гарцаагүй. Энэ орчим нутаг явуулын хүний нүдээр харах юм бол онцлох зүйлгүй намхан бор толгод  үргэлжлэх боловч  эх орноо хайрлах халуун элгэн сэтгэлээр бодоход үүдэн босгыг минь хаацайлан орших үүлэн сүмбэр хайрханууд билээ.

                                   Жаалшандын суман буюу Хил хамгаалах 0121 дүгээр салбар 1966 онд байгуулагдсан удахгүй 50 жилийн ой нь болох ууган салбаруудын нэг. Байр танхимуудаа сайхан засаж тохижуулжээ. Харин дарга нарын орон сууц ихэд хуучирч засаж сэлбэх шаардлагатай  болсон ч төрийн төсвийн хүрэлцээгүй байдал, бэрхшээл учруулдаг, хилийн салбарууд бүгд олон сувгийн антен, интернет сүлжээтэй нь хилчдийг тив дэлхий, улс орныхоо сонинг тогтмол үзэж сонсох боломжоор хангасан байна. Салбарын орлогч дэслэгч Б.Бат-Эрдэнэ 2012 онд Улаанбаатар хотод Хилийн цэргийн дээд сургууль төгсөөд хоёр дахь жилдээ хил дээр ажиллаж туршлага хуримтлуулж яваа шижигнэсэн залуу дарга .

Энэ салбарын хилчин дайчдын төлөөлөл дэд түрүүч Э.Доржзовдтой уулзлаа.Өвөрхангай аймгийн Тарагт суманд ЕБС төгсөөд цэргийн албанд ирсэн энэ залуу гэрээт хилчнээр ажиллах, цаашдаа сургуульд суралцаж, эх орныхоо торгон хилийг манах офицер болох сэтгэлийн дуудлагадаа хөтлөгдөн эргэлт буцалтгүй шийдсэнээ ярьж байв.Тарагт сумын Туяа багт малчин аав Б.Эрдэнэбат, ээж А.Гэрэлсүрэн нартаа хүү нь сайн явна, энэ нутагт ирсэн даруйдаа халуун дулаан уур амьсгалд нь дасах жаахан хэцүү санагдаж байсан боловч хилийн албандаа үнэнч үлдэхээр шийдлээ, сүлдэт баганаа эргээд явж байх эр хүний сэтгэл сэргээсэн сайхан алба шүү гэж үг дайсныг дамжуулья.
 
                Ахмадууд бидний “сахалт зурагчин” хэмээн өхөөрддөг энэ салбарын захирагчаар 1980-82 онд ажиллаж байсан, хилчин бэлтгэл ахмад Д.Адьяа, ХЦ-ийн 0131 дүгээр ангийн ахмадын хорооны дарга Ц.Зургаанжин нар очсон газар бүртээ хил хамгаалж явсан арвин баялаг туршлагаа ярьж, одоо цагийн шаардлага, онцлогтой холбон залуу хилчдэд үнэтэй сургамж зөвлөгөө өгсөөр явсан юм.

                               Хилийн зурвасаас тав хүртэл км хориотой, 30 хүртэл хилийн, 150 хүртэл км газрыг хил орчмын бүс нутаг гэж бидэнд зааж, аж ахуйн аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглодог сон,одоо ч хамаагүй болсон юм байх даа.  Хатан суудал, Талын бэлтэс гээд яах аргагүй л хилийн бусэд хамаарах газруудыг тусгай хамгаалалтаас нь гаргаад л алт баялгийг нь ухах шийдвэр гаогаад байгаа нь зүйд нийцэмгүй.  Цагаан- Уул-Өлзийтийн хилийн боомт нээх шийдвэр гарлаа, манай хил ч шүүрэн шанага шиг боллоо, энэ олон боомтоор манай баялаг л гадагшаа урсаж байгаагаас бидэнд хэрэгтэй юу орж ирж байгааг бид л олж харахгүй юм гэж ахмад хилчид харуусангуй өнгөөр ярьж явсныг ч олны сонорт хүргэх нь зүй гэж бодлоо.

                  Эх орны өмнөт хилийн аялал маань өндөрлөх тийшээ хандаж, эргэхэд Жаалшандын сумангийн бүрэлдэхүүн гараараа даллаж, дараа эргэн уулзахын ерөөл тавьсаар үдлээ.

                  Эргийн харуулын өвчүүн завь их далайдаа уусан шингэж далд орохын адил хилийн харуулдаа яаран зэрэглээ жирвэлзэн наадах уудам талдаа алслан алсалсаар бараа алдрах хилийн манааны араас харуулдан зогсоход ч ,  цэмцгэрхэн суурингийнхаа гадна эргэн уулзахын ерөөл тавьж, элсэн манханд ургасан тооройн төгөл мэт бөртийтөл үлдэх хилийн сумангийн жижигхэн хамт олноос холдон одоход ч эргээд гүйгээд очмоор ч, эгнэгт та нартайгаа хамт шүү гэж  хашгиран хэлмээр ч шиг хайрлах бахархахын халуун бодол оргилж, уяхан сэтгэлийн эмзэгхэн утас чичирхийлэн доргиж, самсаа шархирна.
                 Эх орон ард түмэн чинь хилчин эрс та нартаа итгэдэг, бахархдаг, хайрладаг шүү.

                   Хилийн тэнгэр цэлмэг , хилчин эрсийн хараа хурц, сонор соргог, хийморь золбоо өөдрөг байг.  
        

                               Монгол зан төрх

                 Ахмадуудын аялалын баг буцах замдаа үдийн цайгаа ууцгааж, хаалтын үйл ажиллагаагаа хийхээр Чулуут шандны хэцийн Адаг шандад хаваржиж байгаа Хүрмэн сумын Жанжин багийн малчин Ч.Ганбатынхтай саахалт буудаллаа. Гэрийн эзэн эмчилгээ сувилгаа хийлгэхээр аймаг явсан учир хүү Г.Ариун-Эрдэнэ, охин Г.Сарантуяа зээ охин С.Алтанзул нар гэр малаа хариуцан “ар дааж” байгаа гэнэ. Аян замын биднийг буунгуут залуус галав шалав хөдөлж, сүүтэй хонгор цайгаа буцалгаж, цай идээгээр дайлж, “хэт нутаг, хэрэг зоригтой” танилцаж, алсаас яваа ахмад хүмүүс гэж хүндэтгэн, яриа хөөрөө өрнүүлж, “ижий ахай” болцгоолоо.

Бид явах замаа дутуу тооцоолсноос аймаг хүрэх шатахуун дутаж магадгүй гэсэн яриа цухуйлгавал Г.Ариун-Эрдэнэ хүү “Хүрмэн сум 70-аад км, би зардал багатай хөнгөн унаагаар хурдан давхиад шатахуун залгуулаад өгье “ гэж уриалгахан нь аргагүй хөдөлж төдхөн 20 литрийн хоёр савтай шатахуун ганзагалаад давхиад ирэв. Хорь, гучуулаа яваа биднийг “холын хүмүүс хөл дарав” гэж тээршаах нь байтугай хол ойрын сонин хачин сонсож, хөгжим .наргиантай яваа хойно “жаахан бужигнанаа” гээд хөөр баяр болж байгааг харахад холын хүмүүст найрсаг зочиломтгой, туслахад хэзээд бэлэн байдаг өвгөд дээдсээс уламжлан ирсэн “жинхинэ монгол зан” хөдөөгийн малчин залууст маань хадгалагдан үлдсэнд бид ихэд олзуурхан ярилцаж суув.
 
                 Ахмадууд үдлэх зууртаа аян зам өлзийтэй байж, зорьсон хэрэг сэтгэлчлэн бүтсэнд сэтгэл тэнүүн байгаагаа холын аянд “ганзага нийлж “ сайн явж ирсэнд харилцан биендээ талархал илэрхийлж,  ХЦ-ийн 0131 дүгээр  ангийн захирагчийн тушаалаар бэлтгэл хошууч И.Баттулга, Н.Цогт-Очир нарыг ангийн “Хүндэт тэмдгээр”, бэлтгэл дэд харандаа Б.Гаваа нарын таван ахмадыг 80 жилийн ойн дурсгалын тэмдгээр шагнасныг гардуулж, авхаалж самбаа, хүч чадлаа сорьж “Цэрэг –Эх орон” сэдэвт цогцолбор тэмцээн явуулж, ЗХ-ний 167 дугаар ангийн ахмадуудын баг түрүүлсэнд талархал, дурсгалын зүйл гардуулж, энэ аялал үр дүнтэй, өгөөжтэй болсныг тэмдэглэж, цаашид ийм дорвитой ажил зохиож , хүчний байгууллагын ахмадын хороо , зөвлөлүүд нэгдсэн холбоо байгуулж хамтран ажиллаж байх нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрч, галын наадам, тойрон бүжиг хийцгээж, аялалаа өндөрлөв.

“Монгол говь” сонины сурвалжлагч, редактор бэлтгэл ахмад З.Пүрвээ