sonin.mn
Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 560 өдөр хоног тасрахгүй үргэлжилж, 19 дэх сардаа байлдаж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, оросын улс төрч Леонид Гозман, хүний эрхийг хамгаалагч Владимир Осечкин, оросын Санкт-Петербург дэх Европын их сургуулийн профессор Дмитрий Травин, украины цэргийн шинжээч Иван Ступак, Александр Мусиенко нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
 
Украин дахь дайн оросуудын хувьд хүндхэн шоглоом болж, энэ 9 дүгээр сараас эхлэн фронт Оросын нутаг дэвсгэр рүү шилжиж, дайн шинэ шатандаа гарчээ. Хоёр талаасаа дрон ба нисгэгчгүй нисдэг биет хэрэглэн байлдах нь ердийн үзэгдэл болжээ.
 
Хүн төрөлхтөний дайны түүх шинэ агуулгаар баяжиж, дронуудын анхны дайныг амсаж байна. Оросын ялагдлын нэг үндсэн шалтгаан нь Украины батлан хамгаалахын аж үйлдвэрийн гэнэтийн үсрэлт, хурд юм. Баруунаас авсан зэвсгүүдийг ОХУ-ын нутагт хэрэглэж болохгүй гэсэн хатуу заалттай тул тэр үүргээ мөрдөх гэж украинчууд цэргийн аж үйлдвэрийн салбартаа маш их хүч хаяж байна. Фронтын шугамаас маш хол, бүр хэдэн зуун км-ийн цаана Оросын нутагт цохилт өгөх цохилтын беспилотник, тэнгисийн дрон, алсын тусгалт пуужин оптоороо үйлдвэрийн цехээс украины зэвсэгт хүчний мэдэлд шилжсээр. Удахгүй ОХУ-ын нутагт тэсрэлт дэлбэрэлт, гал түймэр тогтмолжино. Оросын ард түмний сэтгэл зүйд том цохилт болно. Нэг хэсэг нь Кремлийг буруутгана, нэг хэсэг нь Украиныг зүхнэ. Зүхэгчдийг Кремлийн суртал нэвтрүүлэгчид толгойлно, Украин ба Прибалтикийг цөмийн зэвсгээр газрын хөрснөөс арчаач гэж Владимир Соловьев хашгачина.
 
 
 
Наймдугаар сарын 29-30-ны шөнө Оросын 7 муж нисгэгчгүй нисдэг биетийн хүндхэн цохилт амслаа. Украины хилээс 600 км-т орших Псковын агаарын ба сансрын цэргийн баазад цэргийн тээврийн “Ил-76” хүнд тээвэрлэгч онгоц 4-5-ыг жагсаалаас гаргажээ. Иранаас дрон тээвэрлэдэг байсан онгоцууд, хоёр нь бүр үнс болтлоо шатсан, бусад нь эргэж нисэх аргагүй. Брянск мужид пуужингийн электроник хийдэг үйлдвэрийг нь довтлоод галдчихав. Орлов, Рязань, Калуга, Москва, Севастополь цохилт амсав.
 
Москва руу өдөр бүр дрон нисгээд байхаар болж, оросын агаараас эсэргүүцэх зенитийн пуужинд баригдахгүй, кардон цаасаар урласан, 30 метрийн өндөрт нисдэг цаасан дрон хэдэн мянгаар нь хэвлээд гаргачихсан гэж байна.
 
Оросын түүхт ПВО орчин үеийн ийм дайнд даан ч бэлтгэгдээгүй, дэлхийд өөр байхгүй (“аналоговнет”), хосгүй зэвсэг гээд байсан С-300, С-400 нь Украинд сөнөөгдөөд дуусч байгаа, ерөөсөө зориулалт нь тэнгэрээс нисч ирэх дайсны онгоц, пуужинг харваж сөнөөx зориулалттай, гэтэл тохойн чинээ дрон, алдын чинээ нисгэгчгүй нисэх төхөөргийг бардаггүй ээ.
 
Украин нь Оросын Хар далайн флотыг ойрын үед төрөл бүрийн зэвсгээр довтлохоор төлөвлөж байгаа ба үр дүнд нь Орос шүдгүй арслан шиг болж, Хар тэнгис ч үгүй болох дээрээ тулах юм байна.  
 
Энэ бүхнийг нэгтгэн дүгнээд гадаадын цэргийн шинжээчид дайн Оросын нутаг руу шилжлээ, шинэ шатанд гарлаа гэсэн дүгнэлт хийжээ. Одоо Украины довтолгооны бай нь оросын аэродромууд, ПВО, далайн тээвэр байх магадлалтай. Крымын гүүр сөнөх магадлалтай хамгийн эхний бай болжээ. 
 
2022 оны хоёрдугаар сарын 24-ний үүрээр Украиныг нисэх хүчингүй, флотгүй болгосон, үлдэх хэдхэн явган цэргийг нь 3-7 өдөрт бутцохиод байхгүй болгоно гэсэн оросын стратегийн зорилт яг эсрэгээрээ эргэжээ. Украин нь барууны орчин үеийн шинэ зэвсгээр зэвсэглэж байна. Нисэх хүчнээ цоо шинээр босгож байна. Америкийн F-16-д найдаад суух биш, Шведийн бахархал болсон “Gripen” хэмээх онгоц оросын онгоцнуудаас хамаагүй илүү хүч чадалтай, удахгүй фронтын авиацад нэмэгдэж очно.
 
Оросууд “аналоговнет”-ээрээ Путинээ хөөргөж мэхлэж хуурч байх хооронд Европын дундаж хөгжилтэй жижигхэн Швед гэхэд л “аналоговнет” гэж цэргийн мэргэжилтнүүд үнэлэн буй “Gripen” онгоцоороо Украиныг зэвсэглэх болчихсон байдаг. Оросууд боож үхээд нэмэргүй.
 
Ядаж байхад Украины зэвсэгт хүчинтэй зэрэгцээд “Русский добровольческий корпус” нь Оросын нутагт ороод бэхжчихсэн. Курск дэх цэргийн аэродром руу амжилттай атаклав гэсэн мэдээ түгээв. Мөн л  беспилотник оросууд руугаа илгээжээ. Мужийн засгийн ордон, оросын ПВО-г довтолж, Украин руу нисэхээр бэлтгэж байсан байлдааны хэд хэдэн нисэх онгоцыг гэмтээж, үүрэг гүйцэтгэх аргагүй болгожээ. Оросын нисэх хүчин Украины тэнгэрт ноёлно гэж байхгүй болсон, анхнаасаа ч ноёлж чадаагүй, одоо аэродромууд нь халдлагад өртөөд эхлэхлээр агаарын байлдаанд хожил буруу тийшээ эргэнэ гэсэн үг. Каспийн тэнгисээс хөөргөөд Киевийн хорооллууд руу пуужин харвадаг алсын зайн хүнд бөмбөгдөгчийн баазыг нэг өдөр украины дрон, беспилотник сөнөөв гэж мэдээлэхэд гайхахааргүй болсон. Оросын ялагдлын үндсэн шалтгаан нь Оросын технологи, эдийн засаг, улс төрийн хоцрогдол хэмээн оросын нэртэй эрдэмтэн Дмитрий Травин ТВ-ийн “Археология” программын зочноор орохдоо ярьж байгаа харагдав. Зөвлөлт гүрэн тарж бутраад 30 жил өнгөрч байхад Орос нь нийгмээ, эдийн засгаа, техник, технологио шинэчлэх ганц ч модернизац тууштай хийгээгүй, Орос дахь реформууд уухилж байгаад унтарчихдаг, энэ бүхэн нь Оросын хоцрогдлын гол шалтгаан гэж ярив. Хөгжлийн “русский путь” гэж онцгой зүйл байдаг юм шиг Путин ойлгодог. Тэгээд тэр оросын зам гэдгийнх нь байж байгаа царай одоо фронт дээр харагдаж байна гэж тэр эрдэмтэн яриад “Почему Россия отстала” (Орос яагаад хоцрогдсон бэ) гэх номоо харуулж байв. 
 
Иван Ступакийн ярьснаар Оросын хоцрогдол зэвсгийн аж үйлдвэртээ бүр ч хүндээр тусчээ. Цэрэг-аж үйлдвэрийн хамслын хөгжлийн хурдыг харьцуулбал Украинаасаа бүр дордоод бараагүй хаягдав. Танкийн үйлдвэрлэлээр жишээ татжээ. ОХУ нь жилдээ 300 танк үйлдвэрлэн гаргах хүч чадалтай, гэтэл Украины фронт дээр гурван сард 600 танкаа устгуулчихсан, “Уралвагонмаш” завод нь гурван ээлжээр өдөр шөнөгүй ажиллаад 300 ширхэг Т-90 гаргах биш, харин сөнөсөн, шатсан, гэмтсэн, эвдэрсэн танкуудаа арай ядан сэлбэж, фронт руу чадан ядан илгээж байна. Залгуулаад Оросын их бууны үйлдвэрлэл маш хүнд дефициттэй тулгарлаа. 
 
“Дайны бурхан бол их буу” гэж Наполеоны эсрэг дайнд оросын цэргүүд зохиосон мэргэн үгс юм гэсэн. Гэтэл Александр Коваленкогийн ярьснаар, өнгөрсөн 8 дугаар сард Украины зэвсэгт хүчин оросыг демилитаризац болгох шинэ рекорд тогтоож, оросын 691 артиллерыг устгажээ. Хуягт машин ч сөнөсөн, шатсан тоогоороо оросуудын сэтгэлд сэв суулгахаар болжээ. Их буу байхгүй бол фронт дээр хичнээн мянган явган цэрэг татаж аваачаад нэмэргүй. Хойд Солонгосоос их буу авах нууц хэлэлцээ явагдаж байна. 
 
Оросын ялагдлын бүр үндсэн нэг шалтгаан нь оросын ард түмэндээ итгэдэггүй, тэднийгээ ямагт доош нь хийж, дээр нь сандайлж ирсэн явдал. Орост оросуудаа, бусад цөөн тоот үндэстэн ястнуудаа барьж байх хоёрхон том зэвсэг бий. Тэр нь чекистийн дэглэм ба оросын ертөнц. Тусгай албад нь гадаадын гэхээсээ өөрийн иргэд дээрээ шувтан чекистлэнэ.  “Свободная Бурятия” фондын зүтгэлтэн Владимир Будаевын ярьснаар, ард түмэндээ эрх чөлөөг нь эдлүүлэх нь ч дүүрчээ, ямагт ядуурал гуйланчлалын байдалд барьж, нэг бол ядуурч үхэх, нэг бол фронтод явж үхэх хоёрхон сонголтыг тулгаж байгаа ажээ.
 
Одоо Оросын бүх бүс нутгууд ядуурлын ачаалалд дарагдаад байна. Эрчүүд нь армид явж ар гэрээ ядуурлаас салгах хэд гурван рубль олохоос өөр замгүй болж байна. 
 
Леонид Гозманы ярьж байгаагаар, Оросын хүн амын 15-20% нь Украин дахь дайнаа “гэмт хэрэг”-т тооцдог, тэдэн дээр одоо оросын чекистийн дэглэм нь эрүүгийн хэрэг үүсгээд Оросын Ерөнхий прокуратур тун завгүй ажиллаж байна. Бүгдийг нь “иноагент” (гадаадын тагнуулч) гэсэн ялаар яллана, шоронгууд “иноагент”-аар дүүрнэ. Путин өөрөө буруугүй, өөрөөс нь бусад нь бүгд буруутай гэдэгт Путин сүсэглээд итгэчихсэн. Гэвч оросууддаа далдуур маш ихээр үзэн ядагдсан, түүнийг Хаагын олон улсын шүүх рүү аваачихад өмөөрч босч тэмцэх орос хүн гарахгүй дээ гэж Гозман ярина.
 
“Иноагент”-аас гадна Пригожины маягийн шинэ зэвсэгт үймээн, магадгүй бослого дахин дэгдэж, түүнд Оросын арми оролцоно гэх таамгийг Владимир Осечкин дэвшүүлэв. Оросын арми удахгүй Москва руу “шударга ёсны марш аян” өрнүүлэх сэжиг ил болсон, иймд РОСГВАРДИ гэдгээ Путин бэлэн байдалд шилжүүлж, дотоодын цэргээ бэхжүүлэн Москва руу татаж байна гэв. Владимир Путин эргэн тойрныхоо хэнд ч итгэхээ больсон гэж Осечкин батлан ярина.
 
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь