Өндөр хөгжилтэй дэлхийн улс орнуудын хөгжлийн хамгийн чухал нэг хэсэг бол зам. Хотоо тойруулсан болон хотын төв рүүгээ хот суурин мужуудыг холбосон хурдны замуудыг олноор барьж байгуулсан байдаг. Энэ систем нь олон талын үр ашигтай. Хамгийн наад зах нь л замын түгжрэл үүсдэггүй. Манайх шиг хотын төв рүүгээ төвлөрсөн буюу хувийн болон хувьсгалын гээд бүх салбарын төвлөрөл нь хотын төвдөө дээрээс нь зай завсаргүй баригдсан барилга байгууламжаа цэхцэлж авто замаа өргөгтгөх ямар ч боломжгүй нийслэлд замын түгжрэлийг бууруулах нэг гарц бол Улаанбаатарыг тойрсон хотын төв рүүгээ холбосон орох, гарах 3 эгнээтэй хурдны замыг барьснаар нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх юм. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах талаар хувийн тээврийг хязгаарлах, худалдааны төв болон их, дээд сургуульуудийг хотын төвөөс гаргах гм асуудлыг ярьсаар байгаа ч харамсалтай нь шийдэгдэхгүй олон жил болж байна. Өдрийн талыг бүү хэл өдөрт зөвхөн 2-3 цагийг замын түгжрэлд өнгөрөөснөөр ямар их хохирол учирч байгааг дараах судалгаанаас харж болно. Нийслэлийн авто замын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан хугцааны нийт өртөг 2.7 их наяд төгрөг болж байгааг олон улсын мэргэжлийн байгуулага судлан гаргасан байна.
Хүн ам ихтэй дэлхийн томоохон хотуудад (12 сая ба түүнээс дээш) тэр бүр цаг тутам замын хөдөлгөөний түгжрэлийн асуудалтай тулгардаггүй. Гэтэл 1.5 сая орчим хүн амтай манай нийслэлд цаг тутамд зам түгжирч, өдөр ирэх тусам хотын төвлөрөлт нэмэгдсээр...
Дэлхийн улс орнууд эхэлж замаа төлөвлөөд дараа нь нийтийн тээвэр, барилга байгууламжаа төлөвлөдөг. Харамсалтай нь манайд энэ нь эсэргээрээ. Хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг бол нийтийн тээврийн үйлчилгээ юм. Жишээлбэл: Турк улсын замын хөгжил болон нийтийн тээврийн үйлчилгээний талаар жишээ болгон товчхон дурьдая. Бүх аймаг, муж, хот хооронд асфальтин замаар холбогдсон. Томоохон хотууд нь хотоос орох, гарах 2-3 эгнээтэй хотоо тойруулсан түүнийгээ хотын төв рүүгээ холбосон хурдны замтай. Тухайлбал Истанбул хот 16 сая гаруй хүн амтай дэлхийн төвлөрөл ихтэй хотуудын нэг. Энэ ч үүднээс замын хөдөлгөөний түгжрил өглөө, орой ачаалал ихтэй цагаар үүсдэг. Гэхдээ манайх шиг 2,3 цагаар гацаад зогсдоггүй. Өөрөөр хэлбэл хотоо тойруулсан түүнийгээ хотын төв рүүгээ холбосон 2 орох, 2 гарах нийт 4 эгнээтэй (duble yol) давхар замыг барьж байгуулсан тул зорчигчид, жолоочид төвөггүй зорчдог аж.
Тус улсын нийтийн тээвэрийн хөгжлийн тухайд: Нийтийн тээвэр нь хоёр үндсэн системтэй. Төмөр замын тээвэр, дугуйн тээвэр. Туркид нийтийн тээврийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг тээврийн хэрэгсэлүүд нь автобус, микро автобус, метро, метробус, трамвай, далайн онгоц зэрэг юм. Дэлхийн стандартад нийцсэн метроны зам Туркийн 5 хотод буюу Анкара, Истанбул, Измир, Бурса, Адана гэсэн томоохон хотуудад байралдаг. Хамгийн их хөгжсөн метроны зам нь Истанбул хотод байрладаг. Хот дотороо 92 км урттай метроны замтай. Мөн Истанбулын Босфорын доогуур дайран өнгөрдөг “Мармарай” бол Ази, Европ тивийг холбосон дэлхийн цорын ганц метроны шугам юм. Түүнээс гадна зөвхөн Истанбулд "Метробус" гэх тусгай хурдны замтай нийтийн тээвэрийн үйлчилгээ байдаг. Энэ метробусууд нь метроны форматаар үйлчилдэг бөгөөд хотын доторх хурдны замд өөрийн гэсэн эгнээтэй байдаг учир эл эгнээгээр метробус түгжрэлгүй, саадгүй, хурдан тээвэрлэлтийг хангадаг байна. Орчин үеийн өндөр хөгжилтэй хотуудын зайлшгүй нэгэн нийтийн тээврийн хэрэгсэл бол метро. Тэгэхлээр дээр дурьдсан 3 эгнээтэй хурдны замнаас гадна нийслэлийн замын хөдөлгөөнийг бууруулах өөр нэгэн гарц бол нийтийн тээврийн үйлчилгээнд “метро”-ны системыг нэвтрүүлбэл замын түгжрэл хийгээд хотын хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм.
Метроны байгууламж нь олон улсад аюулгүй байдлыг хангасан хамгийн нарийн стандарттай байдаг. Үүнийг дагаад зам тээврийн аваарь осол багасах, газар доогруур худалдаа, үйлчилгээ явуулах гээд олон талын үр ашигтай.
Уг нь 10 жилийн өмнө буюу 2013 онд тухайн үеийн хотын удирддлагууд Улаанбаатар хотыг метротой болгох талаар судалж, төсөл боловсруулж гаргасан байдаг. Гэтэл хэрэгжээгүй явсаар өнөөдөр нийслэлийн замын хөдөлгөөний түгжрил болон агаарын бохирдол гээд олон асуудал дээд цэгтээ хүрсэн нь харамсалтай. Метро барих нь өндөр өртөгтэй гэж үзэж хөрөнгө санхүүгийн асуудлаа шийдэж чадалгүй өнөөдрийг хүрсэн хэдий ч өртөг арай бага тусах, хялбар байдлаар хурдны зам барих саналыг удирдлагуудадаа хүргэх үүднээс энэ удаагийн нийтлэлдээ замын тухай хөндлөө.
Нийслэл цаашлаад монгол улсын хөгжлийг тодорхойлогч хүчин зүйлүүдийн нэг бол зам. Аялал жуулчлалаа хөгжүүлж, эдийн засагаа нэмэгдүүлэхэд хот хоорондыг олон эгнээтэй хурдны авто замаар холбох нь худалдаа, аялал жуулчлалд эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй. Дээр дурьдсан Улаанбаатарыг тойрсон хотын төв рүү орох, гарах 3 эгнээтэй хурдны зам барьснаар хотын замын хөдөлгөөний түгжрэл буурахаас гадна, бусад аймаг, хот руу орох хурдны замын сүлжээний эхлэл болох юм. Зам дагаж хөгжил гэдэг. Хот доторх болон хот хоорондох замаа хөгжүүлснээр гадны хөрөнгө оруулагчидыг татаж эдийн засагаа сайжруулах боломж нээгдэх юм.
Сэтгүүлч Б.Алтантуул
Истанбул хот.
20.08.2023.
Сэтгэгдэл0