sonin.mn
Б. Улс төрийн зорилготой сурталчилгаа ба түүний ил тод байдал
 
Дээр дурдсан хэвлэл мэдээллийн салбарын хатуу хяналттай харьцуулахад судалгаанд хамрагдсан бусад улс оронд нийгмийн сүлжээний платформ дээрх онлайн харилцааны ил тод байдлын янз бүрийн шалгуур түвшнийг тодорхойлсон. Ийм шалгуурууд нь ихэвчлэн улс төрийн сонгуулийн хугацаанаас хамааран өөрчлөгдөж байна.
 
Аргентины улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуульд саяхан оруулсан нэмэлт өөрчлөлтөд “Улс төрийн онлайн сурталчилгааны ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүд” багтаж байгаа бөгөөд улс төрийн намуудын идэвхтэй ашигладаг нийгмийн сүлжээний хаягуудыг бүртгэх, зар сурталчилгааг байршуулагчийн хувийн мэдээллийг бүрэн ил болгохыг шаарддаг.
 
Австрали улс сонгуулийн бүх төлбөртэй сурталчилгаа, тэр дундаа нийгмийн сүлжээгээр цацагдах зар сурталчилгааг тусгай зөвшөөрөлтэй байхыг шаарддаг.
 
Канадын хууль тогтоомжийн дагуу онлайн платформууд холбооны сонгуультай холбоотой бүхий л зар сурталчилгааны бүртгэлээ хөтөлж, тэдгээрийг зөвшөөрч баталсан төлөөлөгчдийн нэрс, сонгуулийн үеэр платформ дээр нийтэлсэн аливаа намын сурталчилгааны материалуудыг зааж өгсөн байхыг шаарддаг. Эдгээр материалууд нь сонгууль дууссанаас хойш хоёр жилийн хугацаанд албан ёсоор хадгалагдах ёстой. Зар сурталчилгааны бүртгэл, бусад мэдээллийг платформын операторууд эсвэл захиалагч тал нэмэлтээр таван жилийн турш хадгалах ёстой.
 
Израилийн Сонгуулийн төв хороо өмнө нь хууль тогтоомжид мөрдөгдөж байсан ил тод байдлын шалгууруудыг хэвлэмэл буюу цаасан суурьтай зар сурталчилгаанаас цахим суурьтай буюу интернетэд байршуулж өргөтгөжээ.
 
Франц улсад улс төрийн агуулга ил тод байх талаар өргөн хүрээтэй шаардлагыг баталсан байдаг. Үүний дагуу сард дор хаяж таван сая гаруй удаа хандалт авдаг онлайн платформууд нь хэрэглэгчдэд Франц улсын үндэсний ашиг сонирхолтой холбоотой сэдэвт төлбөртэй контент худалдаж авсан хүмүүс, байгууллагуудын талаарх мэдээллийг өгөх ёстой болсон. Франц улсын ил тод байдлын тухай хуулийн дагуу контентэд хэр хэмжээний, ямар хэлбэрээр хөрөнгө оруулсан болохыг онлайн платформд олон нийтэд ил тод байх шаардлагыг мөн тавьдаг.
 
Франц, Герман зэрэг улсууд онлайн платформоос шууд анзаарагдахуйц хуурамч мэдээлэл ялгахад зориулагдсан таних тэмдэгтэй байхыг шаардаж байгаа. ХБНГУ-д одоогоор илүү өргөн хүрээнд төөрөгдүүлсэн мэдээлэлтэй тэмцэх талаар хэлэлцэж байгаа бөгөөд энэ нь хэвлэл мэдээллийн оператруудаас онлайн ботуудыг таних, улс төр, үзэл суртал, шашны холбогдолтой зар сурталчилгаа байршуулж буй хүмүүсийг тодорхой болгох үндсэн үүрэг бүхий хяналт нь бүх цахим мэдээллийн хэрэгсэлд тавигдах ёстой болдог.
 
Энэтхэгийн хуулийн дагуу нэр дэвшигчдийн нийгмийн сүлжээний хаягийг тодорхой болгох, олон нийтийн мэдээллийн цахим хуудсуудаар дамжуулж улс төрийн сурталчилгаанд зориулж урьдчилж зөвшөөрөл авах шаардлагатай байдаг.
 
Нийтлэлүүдийг хаах эсвэл устгах
 
Судалгаанд хамрагдсан хэд хэдэн улсын хууль тогтоомжийн дагуу олон нийтэд түгээж буй контентэд хууль бус агуулга орсон мэдээлэл бүрийг “төөрөгдүүлсэн мэдээлэл” гэж үзэх шаардлагагүй гэж зохицуулсан байдаг. Ийм шаардлага нь Австрали дахь “онц ноцтой хүчирхийллийн категори”-д хамаардаг. Данийн хуулийн дагуу, хэрэв контент нь терроризмыг сурталчилсан, ивээн тэтгэсэн гэж үзэх үндэслэл байгаа бол вэбсайтын хандалтыг түр хугацаагаар хааж болно.
 
-Германы хууль суртал ухуулгын материал түгээх, ноцтой хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэхэд түлхэц өгөх, төрд аюул учруулах, эх орноосоо урвасан хуурамч бичиг баримт үйлдэх, бусдаар гэмт хэрэг үйлдүүлэх, үзэн ядалтыг өдөөн турхирахыг дэмжисэн аливаа веб сайт, хуудсуудыг шууд устгах зөвшөөрөлтэй байдаг.
 
-Арабын Нэгдсэн Эмират улсын хууль тогтоомжид үймээн самуун, үзэн ядалт, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, шашны үзлийг сурталчлах, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, хууль зөрчихийг сурталчилсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба үндэсний эв нэгдэл, үндэсний бэлгэ тэмдгийг гутаасан контентыг нийтлэхийг хориглосон.
 
-Энэтхэгийн бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаа, олон нийтийн дэг журмын ашиг сонирхолд үндэслэн төв засгийн газар онлайн хуудас, веб сайтыг устгах, хаах, блоклох, устгахаас гадна хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд аюул учруулах, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах бодит эрсдэл байгаа гэж үзвэл улс орон даяар интернетийг унтраах зөвшөөрөл өгч болно.
 
-Хятадад сүлжээний операторуудад төр засгийн нэр хүнд, эдийн засаг, нийгмийн дэг журам, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх чадвартай, хуурамч агуулгатай гэж үзсэн контентыг хянаж, дээш нь мэдээлж, шаардлагатай бол платформоос нь устгах эрхтэй байдаг.
 
-ОХУ-ын Үндсэн хууль, хууль ёсны эрх бүхий байгууллагыг илт үл хүндэтгэсэн хуурамч мэдээлэл тараах, хүний нэр төр, ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн агуулга бүхий мэдээллийг шууд зогсоохыг ОХУ-ын хуулиар зөвшөөрдөг.
 
Дээр дурдсан улс орнуудын хууль тогтоомжийн дагуу хориглосон агуулгыг хаах, устгах тусгай зөвшөөрөлтэй харьцуулахад Францад энэ нь зөвхөн сонгуулийн хугацаагаар л  хязгаарлагддаг бөгөөд зөвхөн шүүхийн зөвшөөрөл гарсан үед хүчин төгөлдөр болдог.
 
Хуурамч, төөрөгдүүлсэн мэдээллийг цахим орчинд зориудаар, зохиомлоор, их хэмжээгээр тараахыг таслан зогсоохын тулд ийм арга хэмжээ авах нь пропорциональ бөгөөд зайлшгүй шаардлагатай гэсэн тохиолдолд шүүхийн зөвшөөрлийг олгож болно. Нэмж дурдахад Францын радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын гол агентлаг нь сонгуулийн хугацаанд сонгуулийн үр дүнд нөлөөлж болзошгүй худал мэдээлэл цацсан тохиолдолд гадаадын аль нэг улсын хяналтад байдаг эсвэл түүний нөлөөн дор байдаг операторын нэвтрүүлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж болно.
 
Төөрөгдүүлсэн мэдээлэл тарааснаас үүдсэн эрүүгийн хариуцлагууд
 
Судалгаанд хамрагдсан хэд хэдэн улс оронд гүтгэлэг, үзэн ядсан үг хэллэг, терроризм, хүчирхийллийг өдөөн турхирсан, хүчирхийлэлтэй холбоотой суртал ухуулгын шинжтэй материал нийгмийн сүлжээнд нийтлэх зэрэг хууль бус, далд санаатайгаар  төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн гэмт хэрэгт хорих, торгууль оногдуулах хүртэлх эрүүгийн хуулийн шийтгэлүүдтэй байдаг.
 
2019 онд Дани улсад олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийн тулд гадны этгээдэд “туслах буюу боломж олгох” төөрөгдүүлсэн мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцно хэмээн эрүүгийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр Дани эсвэл ЕХ-ны парламентын сонгуультай холбогдуулан үйлдсэн гэмт хэрэгт дээд тал нь 12 жилийн хорих ял оноох тухай заалттай байдаг аж.
 
Нийгмийн сүлжээний платформыг гаднаас үйлдэж буй явуулга гэж үздэггүй тул Facebook болон бусад олон нийтийн платформ дээр нийтлэгдсэн сэтгэгдэл, нийтлэлүүдийг төдийлөн авч үздэггүй. Хэдийгээр гадаадын нөлөөллийн үйл ажиллагааг хориглохтой холбогдуулан бот ашиглах тухай хуулийн төсөлд дурдсан боловч уг нэмэлт өөрчлөлт нь тэдгээрийг ашиглахыг бүрэн хориглох хэмжээнд хүрээгүй юм. Канадын хуулиар улс төрийн сонгуульд нэр дэвшигч этгээд нь өмнө нь ял, шийтгэл эдэлж байсан эсэх, иргэний харьяалал, төрсөн газар, боловсрол, мэргэжлийн ур чадвар, тодорхой бүлгийн гишүүнчлэлийн талаар худал мэдүүлэг өгөх, хэрвээ худал мэдүүлэг өгсөн тохиолдолд сонгуульд нэр дэвшүүлэхийг хориглодог заалттай. Платформын операторууд эсвэл эзэмшигчид нь сонгуулийн сурталчилгааг Канад бус гадаадын иргэнд мэдсээр байж зарсан тохиолдолд уг хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно. Эдгээр гэмт хэрэг нь яллах дүгнэлт үйлдэж байгаа эсэхээс хамаарч торгууль, хорих ял оногдуулдаг холимог гэмт хэрэг юм.
 
Оросын хуулийн дагуу хуурамч мэдээ тараасан, төрийн бэлгэдэл, Үндсэн хууль, ОХУ-ын эрх баригчдыг үл хүндэтгэсэн контентыг онлайнаар нийтэлсэн тохиолдолд шийтгэлийн арга хэмжээ авдаг. Энэ тохиолдолд хувь хүн, хуулийн этгээд, албан тушаалтан оролцсон эсэхээс хамаарч торгууль ногдуулдаг бөгөөд давтан зөрчил гаргасан тохиолдолд 15 хүртэл хоног баривчлах шийтгэл ногдуулдаг.
 
Хятад, Египет, Арабын Нэгдсэн Эмират улсад төрийн эрх ашгийг хөндсөн гэж үзсэн төөрөгдүүлсэн мэдээлэлд хатуу шийтгэл ногдуулдаг. Мэдээллийн сүлжээ болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтийн хэв журмыг ноцтой алдагдуулсан худал мэдээлэл тараах нь Хятадад 7 жил хүртэл хорих ялаар шийтгэдэг гэмт хэрэгт тооцогдоно.
 
Египетэд улс орны дотоод нөхцөл байдлын талаар хилийн чанадад зориудаар худал мэдээлэл, цуурхал тараасан нь тухайн улсын санхүүгийн найдвартай байдлыг сулруулж, үндэсний эрх ашгийг хөндсөн тохиолдолд 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял ногдуулдаг. Үүний нэгэн адил Арабын Нэгдсэн Эмират улсад үндэсний аюулгүй байдал, төрийн дээд ашиг сонирхолд аюул учруулах, нийтийн хэв журмыг алдагдуулах зорилготой контент нийтэлсэн тохиолдолд дээрхтэй адил хорих ял, торгууль ногдуулдаг.
 
Засгийн газруудийн авч хэрэгжүүлдэг арга хэмжээ
 
Аргентин, Австрали, Канад, Дани, Франц, Герман, Израиль, Арабын Нэгдсэн Эмират, Их Британи болон бусад оронд улс сонгуультай холбогдолтой мэдээлэл, цахим орчинд цацагдаж буй сурталчилгаа зэрэгт төрийн албан хаагчид болон олон нийтийг хариуцлагатай, шүүмжлэлтэй хандуулах зорилгоор гарын авлага гаргах, дижитал боловсролын хөтөлбөрүүдийг тасралтгүй хөгжүүлсээр байна. Энэ бол тун оновчтой алхамуудын нэг.  Канадын Засгийн газар төөрөгдүүлсэн мэдээллийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд нэр дэвшигчид, байгууллага, сонгуулийн албан тушаалтнуудын аюулгүй байдлыг хангахын тулд цахим орчинтой холбоотой тусгай дүрэм батлан ажиллаж байна.
 
Европын Холбооны байгууллагууд Европ даяар хэвлэл мэдээллийн олон ургальч үзэлтэй холбоотой эрсдэлийг хянах, зөрчлийг тодорхойлох зорилготой тусгай төслүүдийг санхүүжүүлдэг. Цаашлаад хил дамнасан эрэн сурвалжлах сэтгүүл зүйг санхүүжүүлж, аюулд орсон сэтгүүлчдийн эрхийг хамгаалдаг.
 
Европын Гадаад харилцааны албаны хүрээнд “ОХУ гардан гүйцэтгэж буй төөрөгдүүлсэн мэдээлэл санаатайгаар тараах ажлыг хянах” зорилгыг илэрхийлсэн тусгай байгууллага болох East StratCom Task Force байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь ЕХ-ны хэмжээнд төөрөгдүүлсэн мэдээлэлтэй холбоотой аливаа мэдээллийг бусад улстай хуваалцах мөн хариу арга хэмжээг авдаг “ЕХ v Төөрөгдүүлсэн мэдээлэл” вэб хуудсыг нээсэн байна. Энэхүү систем нь нээлттэй эх сурвалжийн мэдээлэлд суурилдаг бөгөөд академи, баримт шалгагчид, онлайн платформууд болон олон улсын түншүүдээс туршлага судалдаг. Түүнчлэн ЕХ нь ЕХ-ны улсуудын хоорондын  хамтарсан сүлжээ, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, олон ургальч үзлийг дэмжих төслүүдийг санхүүжүүлдэг.
 
Израилийн сонгуулийн төв хорооны вэб сайт нь иргэдэд зориулж сонгууль, санал хураалттай холбоотой бүх санал, гомдол, мэдээллээр үйлчилгээний төвүүдийнхээ холбоо барих хаягуудыг нээлттэй тавьдаг. Хуурамч профайлаар дамжуулан сонгогчдыг урвуулах, сонголтод нь нөлөөлөх аливаа оролдого үйлдсэн гэж тооцвол түүнийг Кибер халдлага, мэдээллийн аюулгүй байдлын үндэсний төв дээр мэдээллэдэг.
 
Египетийн Прокурор хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон хувь хүмүүсээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн худал мэдээний эсрэг гомдол гаргах утас ажиллуулж байгаагаа зарласан. Хятад улс онлайн “цуу яриа”-ны эсрэг тэмцэхийн тулд төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгсэл, намын хяналтад байдаг орон нутгийн сонинууд болон засгийн газрын янз бүрийн агентлагуудаас авсан “үнэн бодит” мэдээг дамжуулах платформыг хөгжүүлж эхлүүлсэн.
 
Хэвлэл мэдээллийн талаарх зохицуулалт ба шинэ санал санаачилгууд
 
Европын холбоо болон судалгаанд хамрагдсан олон улс орон төөрөгдүүлсэн мэдээлэл түгээхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр онлайн хэвлэл мэдээллийн платформуудтай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Ийм гэрээнд улс төрийн зар сурталчилгаанд тэмдэг тавих, баталгаажуулах, удахгүй болох сонгуулийн талаар хэрэглэгчдэд сайн дураар мэдээлэх, сонгуулийн үеэрх сэжигтэй, хууль бус үйлдлүүдийн хяналт, үнэлгээ зэргийг багтааж болно.
 
Австралид Сонгуулийн хороо сонгуулийн сурталчилгааны хууль тогтоомжийг зөрчсөн нийтлэлийг устгах, хаах, эсвэл үүсгэсэн хүмүүсийн дэлгэрэнгүй мэдээллийг Комисст мэдээлэхтэй холбоотой гэрээнүүдийг Facebook, Twitter-тэй байгуулсан байдаг. Фэйсбүүк нь Австралийн холбооны сонгуулийн үеэр гадаадаас санхүүжүүлсэн улс төрийн сурталчилгааг хориглож, хуурамч хаягтай тэмцэх үүрэг хүлээсэн. Твиттер өөрийн талаас Австрали дахь улс төрийн кампанит ажлын маркетеруудыг гэрчилгээтэй байх, профайлын тодорхой шаардлагыг хангах, холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг шаардах болно гэж мэдэгдэв.
 
Facebook, Google, Twitter, Mozilla, түүнчлэн зар сурталчилгаа, худалдааны холбоо Европын Холбооны Худал мэдээлэл түгээхийн эсрэг дүрэмд (CPD) гарын үсэг зурсан. Твиттер нь ЕХ-ны хувьд таних, тодруулах, эрх олгох, тайлагнах гэсэн тусгай шаардлагуудыг багтаасан баталгаажуулах, гэрчилгээжүүлэх үйл явцыг боловсронгуй болгосон бөгөөд  улс төрийн сурталчилгааны доор “төлбөртэй” гэсэн тэмдэг тавьдаг.
 
Нийгмийн сүлжээнд хэд хэдэн компани Их Британи даяар ард иргэд улс төрийн зар сурталчилгааг илүү ил тод, нээлттэй болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. 2018 оны 10 дугаа-р сард Facebook улс төрийн шалтгаанаар Их Британид хилийн чанадаас сурталчилгаа явуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж тэр нь ч амжилттай болсон. Facebook эсвэл instagram хуудсанд улс төрийн холбогдолтой зар сурталчилгаа явуулахын тулд тухайн хүн Их Британид оршин суудгийг батлах үнэмлэх, паспорт гэх мэт бичиг баримтыг ашиглан өөрийгөө нотлох ёстой бөгөөд сурталчилгаанд “төлбөртэй” гэсэн тусгай тэмдэгтийг харуулах журамтай. Канадад улс төрийн агуулгатай сурталчилгааг заавал бүртгэлжүүлэх шаардлагатай байдаг. Хэдийгээр зар сурталчилгааны баг санхүүжүүлэгчээ үнэн зөв, ил тод байх ёстой гэдэгт санал нийлдэг ч нийтлэж буй постууд нь худал гэж мэдээлээгүй бол компани тус мэдээллийг давхар баталгаажуулдаггүй байна.
 
Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Facebook 2019 оны 4 дүгээр сарын 9-нд болсон Кнессетийн сонгуулийн өмнө тодорхой хаяггүй, төлбөртэй улс төрийн зар сурталчилгааг өөрийн сайтаас устгахаа мэдэгджээ.
 
Мексикийн Үндэсний сонгуулийн хүрээлэн нь олон нийтэд үнэн зөв мэдээллийг олж тогтооход туслах зорилгоор холбогдох ажилтнуудыг сургах, цахим орчинд үнэн зөв мэдээлэл түгээх зорилгоор Facebook-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Үндэсний сонгууулийн хүрээлэн мөн Google-тэй 2018 оны Мексикийн сонгуулийн талаарх албан ёсны мэдээллийг түгээх гэрээнд гарын үсэг зуржээ.
 
Шведэд 2018 оны парламентын сонгуулийн үеэр хуурамч мэдээтэй тэмцэх хамтарсан санаачилгыг тус улсын хоёр том сонингийн газар хамтын ажиллагааны үндсэн дээр бий болгосон. Шведийн улс төрийн намууд болон Шведийн үйлдвэрчний эвлэлүүд Европын парламентын сүүлийн сонгуулийн үеэр улс төрийн агуулгатай сурталчилгаа нийтлэхийг зөвшөөрсөн дүрмийг баталжээ.
 
 
Аюулгүй Байдал Судлалын Хүрээлэн бэлтгэв