Сонгодог парламентын засаглал нь төрийн засаглалын хамгийн ардчилсан хэлбэр юм. Монголд ч сонгодог парламентын засаглалд шилжихээр хэлэлцэж байна.
Хачирхалтай нь, Монголын “сонгодог парламентын засаглал” нь дэлхий нийтийн сонгодог парламентын засаглалд нийцэхгүй байгаад хамаг учир байгаа юм. “Сонгодог парламентын засаглал” бол хоёр танхимтай байдаг гэнэ, хүчтэй ерөнхий сайд бүхий засаглалыг “сонгодог парламентын засаглал” гэдэг гэнэ, “сонгодог парламентын засаглал”-ыг бэхжүүлэхийн тулд парламентын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах ёстой гэнэ. Эдгээр нь сонгодог парламентын засаглалын үндсэн шинж биш юм.
Тэгвэл Монголын “сонгодог парламентын засаглал” нь дэлхий нийтийн сонгодог парламентын засаглалд яагаад нийцэхгүй байна, ямар ялгаа байна?
Төрийн засаглалын хэлбэр нь засаглалыг хэн хэрэгжүүлж байгаагаас хамаардаг. Хэмжээгүй эрхт хаант засаглал болон ерөнхийлөгчийн засаглалыг хувь хүн хэрэгжүүлдэг бол хэмжээт эрхт хаант засаглал болон сонгодог парламентын засаглалыг улс төрийн нам хэрэгжүүлдэг, засаглалын хэлбэрүүдийн гол ялгаа нь энэ. Хүн төрөлхтөний түүх бол нэг хүний засаглалаас хамтын засаглал руу, дарангуйллаас ардчилал руу, хувь хүний оюун ухаанаас хамтын оюун ухаан руу явж ирсэн түүх юм.
Харин Монголын “сонгодог парламентын засаглал” нь хамтын бус, хувь хүний бус, харин хувь хүмүүсийн засаглал руу л яваад байна. Үүнийг холимог засаглал гэж байгаа.
Монголд засаглалыг улс төрийн нам хэрэгжүүлж байгаа гэж ойлгодог ч үнэн хэрэгтээ хувь хүмүүс хэрэгжүүлж байна. Хувь хүмүүс намын нэрээр сонгуульд нэр дэвшдэг ч сонгогдсон хойноо өөр өөрийн санаа бодол, дур зоргоор засаглалд оролцдог нь хамтын засаглалын зарчмыг алдагдуулж байна. Хамтын засаглал байхгүй бол хамтын оюун ухаан, улс орноо хөгжүүлэх хамтын үзэл баримтлал, алсын хараа, нэгдсэн бодлого, нэгдсэн удирдлага гэж байхгүй юм. Энэ нь юунд хүргэдгийг, засгийн эрхэд гарсан хувь хүмүүс юу хийдгийг Монголын өнөөгийн байдал бэлхнээ харуулж байна. Ийм байхад Монгол яаж хөгжиж дэвжих билээ дээ.
Монголд хамтын засаглалыг хэрэгжүүлэх чадвартай нам нэг ч байхгүй. Манай намуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, сонгуулийн тогтолцоо нь хамтын засаглалд огтхон ч нийцдэггүй. Намууд нь хувь хүмүүсийн засаглал, эрх мэдэл, баялагт хүрэх хэрэгсэл төдий болсон байна. Уг нь засгийн эрхийн төлөө тэмцэл нь намууд хоорондын тэмцэл байдаг бол манайд хувь хүмүүс хоорондын тэмцэл, хэрүүл болжээ.
“Сантмарал” сангийн 2022 оны 5, 6 дугаар сарын судалгаагаар судалгаанд оролцогчдын 50.8 хувь нь намуудын хэрэг байхгүй гэж, 84.2 хувь нь намууд олон түмний санал бодлыг илэрхийлдэггүй гэж хариулжээ. Энэ нь намууд нийт сонгогчдын төлөөлөл болж хамтын удирдлагыг хэрэгжүүлэх, гишүүдийнхээ үзэл бодлыг нэгтгэх, улс орны эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах, засаглалыг зохион байгуулах, ардчилсан хариуцлагыг төлөвшүүлэх үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаатай холбоотой.
Монголын “сонгодог парламентын засаглал”-ыг сонгодог парламентын засаглалд нийцүүлье гэвэл улс төрийн намуудыг хамтаар засаглах, хамтын хариуцлага хүлээх, хамтын оюун ухааныг хөгжүүлэх чадвартай болгож төлөвшүүлэх, хувь хүмүүсийг гаргадаг сонгуулийн мажоритар тогтолцоог халж, улс төрийн намыг багаар нь гаргадаг сонгуулийн пропорциональ тогтолцоонд шилжих нь чухал байна. Үүний тулд, Үндсэн хуулиа өөрчилье, сольё гэхээсээ өмнө улс төрийн намын болон сонгуулийн хууль тогтоомжоо цогцоор нь иж бүрэн шинэчлэх шаардлагатай.
Бид хамтын засаглалыг тогтоож чадахгүй бол парламентаа хоёр танхимтай болгоод ч, улам олон гишүүнтэй болгоод ч, ерөнхий сайдыг хүчтэй болгоод ч, сонгуулиа холимог тогтолцоогоор явуулаад ч тусыг эс үзнэ, хувь хүмүүсийн засаглал хэвээр л байх болно. Хамтын засаглалыг тогтоохгүй бол Монголын “сонгодог парламентын засаглал” хэзээ ч сонгодог парламентын засаглал болохгүй.
Хамтын засаглалын талаар дараах нийтлэлээс үзнэ үү: http://www.baabar.mn/article/mongold-khen-zasaglakh-we
Элчин сайд О.ОЧИРЖАВ
Сэтгэгдэл0
Парламентийн засаглалтай улсад "парламент нь улс төрч бус хүнийг ерөнхийлөгчөөр сонгодог" гэжээ! Энэ чинь харин Монголд тохиромжтой юм биш үү??