sonin.mn
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийлээ.  
 
Тэрээр:
 
“Засгийн Газрын хуралдаанд БОАЖ яамнаас Монголд зочлох жил 2023, 2024, 2025 үйл ажиллагаатай холбоо бүхий танилцуулгыг албан ёсоор хийлээ. Өчигдөрийн байдлаар Монголд 53 мянган жуулчин ирсэн. 
 
3 дугаар сарын хувьд 40 мянган жуулчин хүлээн авах зорилттой. Эхний 6 өдрийн байдлаар 10 мянган жуулчин иржээ.
 
Аялал жуулчлалын гол цэгүүд дэх нүхэн жорлонгуудыг өөрчилж, боловсон болгоно. Аймгууд маань 100 жилийн ойгоо тэмдэглээд явж байгаа энэ цаг үед хэдий болтол бид энэ байдлаараа явах вэ гэдэг асуудал гарч ирж байна. 
 
5 сараас идэвхжиж эхлэх жуулчдын урсгалд шинэ нисэх буудлын үйл ажиллагааг бэлэн байлгах тал дээр анхаарч байна. 
 
Солонгосын жуулчид воны картаар, Хятадын жуулчид Wechat-аараа төлбөр тооцоогоо хийх боломжтой болсон. 
 
Шинэ нисэх рүү автобус байнга явуулах ажил хийгдээд явж байна.
 
Үүрэн холбооны түрээсийн сим картууд гаргалаа.
 
ОХУ-ын тур компаниудтай форум хийсэн. Хоёр талаасаа 100, 100 гаран компаниуд оролцож, 80 орчим нь хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ онд 250 мянган Орос жуулчин хүлээн авах тооцоо, судалгаа гаргалаа. 
 
4 сарын 15-наас эхлэж Сөүл-Улаанбаатарын чиглэлд хоёр талдаа сая хүрэхгүй төгрөгөөр нисэх боломжийг бүрдүүлхээр ажиллаж байна.
 
6 сараас Japan Airlines нислэг үйлдэж эхлэнэ. Мөн АНУ руу шууд нислэг үйлдэх болсон. Кувейт, Катар руу шууд нислэг үйлдэх яриа явагдаж байна.
За ингээд нэг сая жуулчин хүлээн авахад бид бэлэн гэж хэлье” гэв.
 
Ч.Бүргэд