sonin.mn
Дэлхийн Худалдааны Байгууллагын (ДХБ)  хоёрдугаар сарын 27-ны өдрийн Маргаан таслах ээлжит хурал дээр Давж заалдах байгууллагын шинэ шүүгч сонгон шалгаруулах үйл явцыг эхлүүлэх саналд АНУ хориг тавив. Тус байгууллагын 127 гишүүний хамтран дэвшүүлсэн санал 63 дахь удаагаа ийнхүү гацаанд орж байна.
Гватемалын тал  төлөөлөгчийн хувиар хэлсэн үгэндээ:  “Шинэ шүүгчийн сонгон шалгаруулалтад саад учруулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ үйлдэл нь олон гишүүн орны эрхийг хохироож байна” гэжээ.
 
Маргаан шийдвэрлэх механизмд эхний шатанд гишүүн орнууд зөвшилцдөг. Зөвшилд хүрч чадахгүй нөхцөлд мэргэжилтнүүдийн түвшинд асуудлыг оруулж, шийдвэрлэдэг.
 
Асуудал тэнд шийдэгдэхгүй бол Давж заалдах шатанд очно. Иймээс Давж заалдах шатны байгууллагыг ДХБ-ын "Дээд шүүх" гэж хэлж болох юм. Эндээс гарсан шийдвэр "эцсийн шийдвэр" болдог. Давж заалдах шатны байгууллага байнгын ажиллагаатай 7 шүүгчтэй байдаг. Үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд дор хаяж гурван шүүгч ажиллаж байх ёстой боловч 2019 оны сүүлчээс ганцхан шүүгч үлдэж, ажил нь бараг зогсоод байна. Энэ зогсонги байдал нь Дэлхийн Худалдааны  Байгууллагын түүхэн дэхь хамгийн том хямрал болоод байгаа юм. Гэвч шинэ шүүгч томилоход АНУ ахин дахин саад учруулсаар байна. Америк бол тус байгууллага, мөн үүний өмнөх ижил байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг. 
 
Гэвч яагаад сүүлийн үед Америк байнга шахам ингэж ДХБ-ын үйл ажиллагаанд саад тотгор үзүүлэх болов  Шалтгаан нь маш энгийн. Хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн өсөлт юм. Дэлхийн Худалдааны Байгууллагын дүрэм нь Америкчуудын ашиг сонирхолд нийцэхгүй болж, худалдааны бодлого хэрэгжүүлэх эрх чөлөөг нь хязгаарлаж байна гэж тэд үзсэн хэмээн шинжээчид дүгнэжээ. 
 
АНУ сүүлийн жилүүдэд худалдааны шинэ бодлого хэрэгжүүлж Хятад, Европын холбоо, бусад орны эсрэг худалдааны дайн эхлүүлсэн. Хэрэв Дэлхийн Худалдааны Байгууллагыг хэрэгцээндээ зориулан шинэчлэхгүй юм бол маргаан шийдвэрлэх механизмыг саатуулах, наад зах нь өөрт нь ашиггүй шийдвэр гаргахаас зайлсхийх ёстой гэж АНУ-ын тал үзэж байна. Дэлхийн Худалдааны Байгууллагын хэвийн ажиллах нөхцлийг Америк алдагдуулж, хувийн тоглолт хийж байгаа нь нууц биш юм. “Тоглоомын дүрэмд хүндэтгэлтэй хандъя” гэдэг нь Вашингтоны улс төрчдийн тарни боловч үнэн хэрэгтээ өөрийн ашиг сонирхолд нь нийцвэл дүрмийг мөрдөж, нийцэхгүй бол хөсөр орхидог. Олон улсын дүрэм зөвхөн  АНУ-ын эрх ашигт нийцэж, үйлчилж байх боломжгүй. Даяаршсан, олон туйлт өнөөгийн ертөнцөд АНУ хүссэн бүхнээ хийж, дэлхий дахин Америкийн жанжлалын төлөө зүтгэх шаардлагагүй гэдгийг ухаарах хэрэгтэй.
 
Наянтайн Далантай