sonin.mn
Цаг он сарын шинийн нэгний баяр нь Дунд орны дээдсээс үүх түүхтэй баяр уу, Хүн үндэстэн өнөөгийн монголчуудын дээдсээс үүх түүхтэй баяр уу? Үүнийг энэ нийтлэлээр цэглэнэ.
Цагаан сар нь Хятадын (Дунд орны) баяр гэх хандлага өнөөгийн залуусын дунд олширж байна. Энэ нь манай үндэсний ой санамж бохирдож буйгын илрэл. Ингээд мал аж ахуйтны цаг оны баярын тухай доорхи нэгэн эх сурвалжийг сөхөцгөөе!
“Он болгоны анхны сараар ахлагч нар Шаньюгийн өргөөнд бага чуулганд ирж тахил өргөдөг. Таван сард Лүн хотод их чуулганд ирэн өвөг дээдэс, Тэнгэр газар, хүний болон Тэнгэрийн сүнс-гүйшнд тахил өргөдөг. Намар адуу таргалахаар дахин Их чуулганыг Дайлинд хийж, хүн малын тоог нягталдаг”. Сыма Цянь “Түүхэн тэмдэглэл” НТӨ I зуун.
 
Уг эх сурвалжинд Хүннү нар Цаг оны эхний сард тахилга хийдэг байсан тухай цагаан дээр хараар бичжээ. Энэ бол факт.
 
Хүн үндэстний Цаг оны баяр буюу Цаг оны зан үйл нь Дунд орны өвөг дээдсийн баяр мөн эсэхийг эх сурвалжаар тогтооход Сэргэлэн Интернашионал Экспедишины хамт олонд бэрхшээл үгүй. Учир нь бид харийхны конспект цээжилдэггүй, эх сурвалж судалдагт оршино. Ингээд Хүн гүрнээс урьд Дунд оронд оршиж байсан Домогт Таван их эзний үед зан үйл нь ямар байсан, Чжоу төрийн
үед (түрүү тооллын 1046-500 он) мөн Хүн гүрний үед оршиж байсан Цинь төрийн үед (түрүү тооллын 221-207 он) зан үйл нь ямар байсныг эх сурвалжаар нотолцгооё.
Таван их эзний үе /цаг хугаа нь тодорхоогүй/
Оны хоёр сард Шүнь их эзэн дорно зүгт орших Тайшан ууланд гал өрдөж уул мөрөндөө тахил өргөдөг. Дорно булангийн (зүгийн) ахлагч нартай чуулж төрийн хэргийг хэлэлцдэг. Оны таван сард Шүнь их эзэн өмнө булангийн (зүгийн) Хуашань өндөрлөгт гарна. Оны арван нэгдүгээр сард Шүнь умард Хэншань өндөрлөгт гарна. Таван жил болгоно энэ үйлийг тэр заншиж (давтаж) байжээ.
Их эзний (Хуанди) үеийн зан үйл нь Хүн гүрний зан үйлтэй таарахгүй байна. Зан үйл хийх сар нь зөрж байна. Таван жилд нэг удаа зан үйл хийж байхад Хүн гүрэн он болгоны анхны сард удирдагчид Шаньюгийн өргөөнд бага чуулганд ирж тахил өргөдөг байжээ.
Чжоу төр НТӨ 1046-500 он
“Чжоу түшмэд” бичигт өвөл нар хамгийн нам мандах үед өмнөшөө очиж Тэнгэрт тахил өргөнө, зун нар хамгийн урт (өндөр) мандах үед газарт тахил өргөнө. Тахил өргөх үеэр дуу бүжгээр сүнсийг аргадана. Орон нутгын ахлахгч нар гол усандаа тахил өргөнө. Тэнгэрт ганц ван (хаан) тахил өргөнө. бусад ахлагч нар газар усанд тахил өргөнө.
Чжоу их улсын тахилга манай Хүн гүрний бага тахилгатай цаг хугацааны хувьд таарахгүй байна.
 
Цинь төр НТӨ 221-207
 
Цинь ши хуанди он тооллын эхлэлийг арван сараас буюу өвлөөс болгов. Тэр найман тахилыг сэрээжээ. Эхний сүнс нь Тэнгэрийн эзэн, хоёр дахь сүнс нь газрын эзэн бөгөөд Тэнгэр арганд (инь) дуртай тул түүнд өндөр уулын бэлд эсвэл багахан уулын орой дээрээс тахил өргөнө. Газар билгэнд (ян) дуртай учир намаг тодорхи толгой дээрээс тахил өргөнө. Гурав дахь нь дайны сүнс тул хориг газраас (оршуулгын газраас) тахил өргөнө. Дөрөв дэх нь аргын сүнс. Тав дахь нь билгэ-ийн сүнс. Зургаа дахь нь сарны сүнс. Долоо дахь нь нарны сүнс. Найм дахь нь дөрвөн улирлын сүнс. Бүх сүнсэнд нэг мал, хас чулуу болон тахилын давуу өргөдөг байжээ. Эдгээр найман сүнсний тахилыг Цинь төрийн үед сэрээжээ. Цинь төр Шар мөрний урьд оршиж байсан мал аж ахуйтан угшлын хүмүүсийх болно.
Цинь төрийн найман сүнсний тахилга-д манайтай таарах зүйл олон байна. Гэвч Хүн гүрний үед баримтжуулагдсан гурван тахилгатай таарахгүй байна. Цинь төрийн Цинь ши хуандитэй Модун жангарын аав Түмэн жангар Шар мөрний өмнө хэсгийн газраа буцааж авах гэж тулалдаад дийлсэнгүй тухай Түүхэн тэмдэглэл номны 110-р хэсэгт өгүүлжээ.
Дүгнэлт: Хүннү гэдэг үг Түүхэн тэмдэглэл номонд Түрүү Тооллын 318 оны үйлийг бичихэд анх тэмдэглэгджээ. Тэгэхээр Түрүү Тооллын IV зуунд Хүн төр байжээ. Түрүү Тооллын I зуунд Сыма Цяни Хүннүгийн гурван баярыг Түүхэн тэмдэглэл номондоо баримтжуулан үлдээжээ. Цаг он сарын баяр нь баримтжуулагдсан нь Хүн төрийн үед болохоос тэмдэглэж ирсэн нь Хүн төрөөс мянган (олон гэдэг утгаар) жилийн урьд гэдгийг ман нотолж чадахгүй ч үүнд эргэлзэх нэгэн нь үгүй биз ээ. Шар мөрний өмнө орших Дунд орны үе үеийн төрийн тахилга манай Хүн төрийн тахилгатай цаг хугацаа, утга учирын хувьд таарахгүй байна. Иймд Цаг оны эхний сарын тахилга буюу цаг оны баяр нь Дунд орны соёлоос ангид байна. Дунд оронд Хүн төрөөс өмнө цаг оны эхний сарыг эс тэмдэглэж байжээ. Энэ бол факт.
 
Цаг оны баяр нь манай Хүн төрийн баяр болохыг хөдлөшгүйгээр баталж буй дахин нэгэн баримтыг сөхье!
 
“Хүннүгийн заншилаар жилд гурван удаа тахилга хийнэ. Үргэлжид цаг оны сар, таван сар, есөн сарын нохой өдөр тэнгэр сахиусаа тахина. Өмнөд жангур (шанью) дотогшоо дагаснаас хойш Дунд орны Ди-г хамтатган тахих болов. Олон аймгууд хурж төрийн хэргийг зөвлөлдөн морь болон тэмээ уралдуулан цэнгэнэ” гэж Өмнөд төрийн Сун улсын түүхч Фан.Э-гийн V зууны эхэнд “Хожуу Хан төрийн бичиг”-тээ бичжээ. Сыма Цяни-аас 600 жилийн хойно оршиж байсан Сүн төрийн түүхч Фан.Э хүннүгийн заншил гэж тодотгон цагаан дээр хараар бичжээ.
 
Цаг оны баяр нь Буддын шашны баяр мөн үү?
 
Цаг оны баяр нь Буддын шашинтай огт хамаагүй гэдгийг баталцгая.
Буддын шашныг үндэслэгч энэтхэг Сиддхарта Гаутма буюу хожим Будда Шакьямун хэмээгч нь НЭӨ VI-IV зуунд төрсөн нэгэн нь. Будда-г төрөхөд манай өвөг дээдэс Цаг оныхоо тахилгыг хийж байжээ. Буддын шашинг брахми үсэгтэйн Өтүгэнд 573 онд Түрэг Табэн хаан Чи улсаас залжээ. Үүнээс өмнөх манай түүхэнд Буддын шашны ул мөр байхгүй. Будда-гийн үеийн Энэтхэг он тоолол манай он тоололтой зөрнө. Энэ тухай өгүүлсэн болно. Буддын шашинд өөрт нь тахилгын зан үйл байхгүй. Сүүн тахилга гэж мөн байхгүй. Цаг оны баярын үүх түүх нь Буддын шашинтай огт хамаагүй бөгөөд Будда Шакьямунаас хамаагүй урт түүхтэй баяр болно. Цаг оны баяр маань Буддын шашинд хамаарахгүйн ижил мөн Христ болон Исламын шашинд хамаарахгүй. Үүх түүхэндээ халх, ойрд, баргу ахан дүүс шашин сольж байсан болохоос өвгө дээдэс, Өтүгэн нутаг, зан үйлээ сольж байсангүй. Ямарч шашингаас өвөг дээдэс, Өтүгэн нутаг, зан үйл нандин.
 
НТӨ 202 оноос НТ 2020 он хүртэл Дунд орон 2222 жилийн турш хэдэн мал аж ахуйтны төртэй байсныг сөхөцгөөе. Цинь (МЭӨ 221-207), Вэй (386-535) Тан (НТ 618-907), Юань төр (НТ1271-1368), Манж Чин (1644-1912) гэх мал ахуйтан төрүүд нь тариалан ахуйн дунд оронд 803 жилийн турш төр барьжээ. Цинь төрийн үед Цаг оны баяр байсангүйг бид эх сурвалжаар мэднэ. Тэгэхээр Юань төрийн үед Цаг оны баяр Бээжинд очсон байх магадал их гэж өнөөдрийн өндөрлөгөөс, энэ тухай одоогоор судалгаагүй ман баримжаалж байна. Цаг оны баярыг Дунд орон хожим тэмдэглэж эхэлжээ гэдэг нь эх сурвалжаар ийнхүү нотлогдож байна.
Цаг оны баяр нь мал аж ахуйтны баяр. Бээжинд Юань төрөөс эхэлж тэмдэглэх болжээ.
 
Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн