sonin.mn
ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос шинийн нэгний өглөө болох жагсаал цуглаанаа цуцалж буй тухайгаа мэдэгдлээ. 
 
Энэ үеэр ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны УЗ-ийн гишүүн н.Отгонбаяр: 
 
"БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 2023 оны 2-р сарын 14-ы өдөр ТҮЦ-үүдийг хоморголон ачих шийдвэрээ хүчингүй болгосон. Тиймээс бид жагсаалаа цуцалж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. ТҮЦ-үүдийг цэгцлэх нь зөв. Гэхдээ шүүлтүүртэй байх хэрэгтэй. Нэг буудал дээр смарт карт цэнэглэгчтэй нэгээс хоёр ТҮЦ байх ёстой. Зөв. 
 
Мөн та бүхэн CU, GS25 дэлгүүрүүдийг ТҮЦ-тэй андуурч холбоод байна. Монголд 8 болон 6 нэрийн хүнсний дэлгүүрүүд 00 цагт бүгд  хаадаг. Гэтэл эдгээр гадны сүлжээ дэлгүүрүүд 24 цагаар архи, пиво, согтууруулах ундаа зарж байгаа нь шударга бус байна.
 
Түүнээс ТҮЦ-тэй барьцаад байх юм байхгүй. Бид бас алийн болгон ТҮЦ ажиллуулах вэ, үндэсний үйлдвэрлэгч, экспортлогч больё гээд янз бүрийн хөтөлбөрүүд дээр төсөл бичиж өгч байсан. Гэтэл бидэнд тэр төсөл, зээл нь олддоггүй. ТҮЦ-ний эргэн тойронд заваан байна гэж шүүмжилдэг. Иргэдийн маань ухамсар бас байгаа шүү. Нийслэлийн хот тохижилтын газраас хогийн сав тавиулдаггүй шүү. Бид бас эргэн тойрноо тохижуулья гэхээр хийлгэдэггүй.
 
Чанаргүй бараа зардаг гэж байна. ТҮЦ-ний бараанууд бүгд адилхан том дэлгүүрүүдээр байдаг. Ганц онцлог нь ТҮЦ-энд ширхэгээр л зардаг. Чанаргүй бараа зарж байгаа бол энд хэн хамааралтай юм. Гааль, хяналтын байгууллага. "Али Баба", цагаан самар хориотой гээд байгаа юм бол гааль яах гэж оруулж ирсэн юм.
 
Дэлгүүр, ТҮЦ бүгд л зарж байна. Өнөөдөр ТҮЦ-нээс хордлого авч, хавдар туссан ямар хүн байна. Нотлох хэрэгтэй. Монгол хүн Монголдоо ажил хөдөлмөр эрхэлж байна. Та бүхний ах дүү, хамаатан садан ТҮЦ ажиллуулдаг байсан бол шүүмжлээд байгаа хүмүүс яаж хандах байсан бэ” гэсэн бол
 
ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны УЗ-ийн гишүүн н.Пунсалдулам:
 
“Биднийг жагсаал хийнэ гэсэн чинь шийдвэрээ маш хурдан цуцалсан. Цагдаа нар нь кофе, цайтай, БГД-ийн Засаг дарга нь ажлын цаг дууссан байхад хүлээж авч уулзсан шүү. Өөрсдийнхөө төлөө болохоор шийдвэрийг маш хурдан гаргадаг. Ө.Сумъяабаатараа, дахиад ийм үйлдэл гаргавал бид өшөө илүү хатуу тэмцэнэ шүү. 
 
За бидэн лүү маш их дайралт ирж байна. БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч П.Өлзийнаран гэдэг нөхөр байна. Тэр нөхөр биднийг лайваар байнга доромжилдог.
 
ТҮЦ гэж юу юм, арваас хорин ТҮЦ түрээсэлдэг, заваан, саятан авгай нар гэдэг.
 
Мөн CU, GS25 дэлгүүрийг өмөөрч "Парламент" телевизийн захирал Ж.Отгонбаяр гэж нөхөр бас дайрч байна. Тэр хүн хэвлэл мэдээллийн хүн юм бол хоёр талыг барих хэрэгтэй. Аль нэг талд нь орж болохгүй. Гэтэл ард иргэдийг талцуулж байна. ТҮЦ заваан, баадаг, шээдэг гэж хэлсэн. Энэ хоёр хүнийг би захиргааны хэргийн шүүхэд өгнө. Би ажил эрхэлж, үр хүүхдээ тэжээж байгаа газраа тэгж суухгүй ээ.
 
Иргэдийн ухамсар яагаад ТҮЦ дээр наалдаад, нялагдаад байгаа юм.
 
Ганц ТҮЦ-тэй хүн нэг өөр, олон ТҮЦ түрээсэлдэг хүн, ТҮЦ ажиллуулдаг төрийн албан хаагч бас нэг өөр шүү.
 
Бид бол шар махтайгаа хатталаа явж байна. Бид нэг ТҮЦ-тэй иргэдийн эрх ашгийг хамгаалж заавал үлдэнэ.
 
1000 гаран ТҮЦ-нээс шүүлтүүр хийхэд 300 ТҮЦ үлдэхгүй шүү. Буудал дээр нэгээс хоёр л ТҮЦ үлдэнэ. Бусад нь бүгд түрээсийн ТҮЦ-нүүд. 10, 20 ТҮЦ тавиад баяжиж байгаа хүмүүсийнх.
 
Бүх судалгааг нь гаргаж өгсөн. Сошиалаар биднийг шүүмжлээд байгаа хүмүүс зүгээр л урдах ажлаа хийгээд яв. Битгий ядарсан ТҮЦ эрхлэгчид рүү дайраад бай гэж хэлмээр байна. ТҮЦ гэхээрээ л заваан, замбараагүй байж байх ёстой юм уу. Хэн ч ажиллаж буй орчиндоо цэвэр цэмцгэр байхыг хичээнэ. 
 
Монголчууд хоёр алхахдаа залхуурдаг улсууд.
 
Автобусны буудлаас смарт карт цэнэглэгч ТҮЦ-нүүдийг ачвал нийтийн тээвэр алдагдалд орно шүү. Нийтийн тээврийн алдагдлыг бид нөхөж байгаа шүү, шударга хэлэхэд. 
 
Өнөөдөр эдийн засаг хүнд байна. CU, GS25 ширхэгийн бохь, чихэр зарах уу. Үгүй. Гэтэл хүүхдүүд ТҮЦ-нээс нэг ширхэг бохь, чихрээ аваад явдаг юм шүү дээ. Стандартыг нь батлаад өгчих. Бид чинь бас дотроо өөрсдийн ариутгалын компанитай. ТҮЦ-нүүдээ ариутгаж, угаадаг.
 
Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэг.
 
Би төрд байгаа хүмүүст байнга гомдож явдаг. Тэд ард иргэдийнхээ амьдралын төлөө бага ч гэсэн юм хийгээд, хулгайлсан мөнгөнөөсөө жаахныг ч гэсэн бидний төлөө зориулсан бол өнөөдөр бид ТҮЦ гээд маргалдаад суухгүй, өшөө дээд шатны юм ярина шүү дээ.
 
Даанч тийм боломж байхгүй байна. Бид хоёр, гурваараа нийлээд CU, GS25 шиг дэлгүүр ажиллуулж чадна. Гэвч бидэнд зөвшөөрөл, мөнгө, зээл нь олдохгүй шүү дээ" гэв. 
 
Ч.Бүргэд