sonin.mn
Монгол түмний уламжлалт их баяр “Цагаан сар”-ыг тохиолдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдыг аав, ээждээ мэндчилгээ дэвшүүлэх “гүүр” нь болж, баярын сэтгэгдлийг нь хуваалцаж байна. 
 
Бидний эхний онцлох дайчид Зэвсэгт хүчний 340 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, ах дүү байлдагч Даваажавын Лхагвасүрэн, Даваажавын Лхагва-Очир.  Эх орныхоо баруун хязгаарт Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа ах дүү байлдагч Завхан аймгийн Улиастай сумынх.
 
Эхээс зургуулаа. Аав В.Даваажав, ээж А.Ууганбаяр нар нь “Цэцэн хайрхан” уулынхаа өвөрт өвөлжиж байгаа гэнэ. “Завхан аймагт өвөл тэсгим хүйтэн болдог ч нутгийн зон олон дасчихсан, түүрдэггүй. Аав, ээж маань ч насаараа мал дагаж яваа улс болохоор хэрхэн өнтэй сайхан өвөлжихөө мэддэг. Гар, хөлийнх нь үзүүрт хөдлөх хөвгүүд нь байхгүй ч гэсэн тэд маань өнтэй сайхан өвөлжиж, сар шинийнхээ бэлтгэлийг бүрэн базаасныг нь дуулаад баярлаж л байлаа. Бид 14 хоног тутамдаа дүрсээ харан ярилцаж, аав, ээжийнхээ амар мэндийг мэддэг” гэж байлдагч Д.Лхагвасүрэн ярилаа.  Тэрээр Завхан аймаг дахь МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр 2018-2022 онд суралцан төгссөн 22 настай бол түүний дүү байлдагч Д.Лхагва-Очир Ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд л ирсэн, 19 настай.
 
Ах дүү хоёр цэргийн албанд ирснээр эх орноо хайрлах, цэргийн албаар бахархах, өөрийгөө хөгжүүлэх гээд олон зүйлээс суралцсан үнэтэй цаг хугацааг туулж яваагаа онцолно лээ. Хэдий ах дүүс ч гэсэн өмнө цог жавхлантай эр цэрэг болохын тулд нэгэндээ шаардлага тавьдаг, биелүүлэхийг нь биеэрээ заавал шалгадаг гэж байна.
 
Анх цэрэгт ирээд хөлөө ч олохгүй будилж явсан залуус өнөөдөр нөхдийнхөө хамт жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтыг толилуулж, монгол цэргийн цог жавхаа, сүр хүчийг үг, үйлдлээрээ үзүүлж яваа гэнэ.
 
Үүнийгээ нотолсон гэрэл зургийг гэрийнхэндээ илгээхэд аав нь учиргүй их баярлаж “Миний хөвгүүд эр хүн болжээ. Цэргийн алба гэдэг ийм л сайхан газар. Суралцах юу л байна, сурч судалж, олонтойгоо нөхөрлөж, эвтэй яваарай. Хоёр хүүгээ эх орны албанд цугт нь явуулсан нь аавынх нь алсыг харсан ухаан байсан шүү” гэснийг нь байлдагч нар бахдан бахдан ярьж өгнө лээ. 
 
Цэргийн албанаас халагдсаныхаа дараа ах нь орон нутагтаа эдийн засагчаар ажиллах бол дүү нь онцгой байдлын албанд аврагч болохоор төлөвлөжээ. Тэд эх орныхоо өнцөг булан бүрт хугацаат цэргийн алба хааж байгаа нөхдөдөө болон Завхан аймгийнхаа “Цэцэн хайрхан”-ы өвөрт өвөлжиж байгаа аав, ээж, ахан дүүс, найз нөхөд, нутгийн зон олондоо удахгүй болох сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, инээмсэглэсээр зургаа татууллаа.
 
Ахмад Д.БОЛОР
Эх Сурвалж: "Соёмбо" сонин