sonin.mn
"Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Энэ удаад МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч, зураач М.Амархүүг урьж, ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн онд Эгшиглэнт эх Янжинлхамын хишигт яруу найрагч болсон  билээ.
 
 
 
“БОЛОР ЦОМ” НААДАМД 21 ЖИЛ ОРОЛЦСОН
 
 
 
-“Болор цом” наадамд түрүүлсэн “Ургийн мод” шүлэг хүмүүст их таалагдсан.  Энэ шүлэгт есөн үеийн тухай өгүүлсэн юм билээ? 
 
-Би “Ургийн мод” шүлгээрээ уншигчдад хүн бүр есөн үеэ мэддэг байх ёстой гэдгийг ойлгуулахыг зорьсон. 
 
Тиймээс миний шүлгийг сонссон бол өвөг дээдсээ шүтэж, дээдэлж явах нь ямар утга учиртай гэдгийг ойлгох байх. Анх шүлэг бичихээс өмнө надад доош харсан пирамид хэлбэртэй суварга, дээшээ салаалсан модны мөчиртэй зүйрлэмээр санаа буусан юм. Энэ санаагаа шүлэг болгоё гэж бодоход шууд угийн бичиг л төсөөлөлд орж ирсэн. Тиймээс угийн бичиг гэж ямар утга учиртайгаас эхлээд түүхийг нь судалж эхэлсэн.
Бидний удам угсаа нь өвөг дээдэс өндөр өвөг, холбоо өвөг, хулан өвөг, элэн өвөг, хуланц өвөг, элэнц өвөг, өвөг эцэг, эцэг, би өөрөө гэсэн дарааллаар явдаг. Тэгэхээр “Ургийн мод” шүлэг намайг бодолд оруулж,  их судалгаа хийлгэж, хөдөлмөр шаардсан бүтээл. Би нэг бичвэл утга агуулгатай, чанар чансаатай бүтээл хийхийг зорьдог. Уран бүтээлдээ сайн бүтээл хэлэх гэсэн санаа, бодох зүйлтэй байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Тиймээс “Ургийн мод” шүлгийг багагүй хүн мэддэг болсон байна. Найрагч хүн тухайн шүлгээрээ сонсогчдод бодох, тунгаах орон зайг нь үлдээх ёстой.    Харин өөрийн үзэл бодлоо тулгах нь буруу.  Ер нь удам судар, есөн үеийн тухай шүлэг байдаггүй юм билээ. Тиймээс хүмүүст таалагдсан байх. Дорно дахин болон  монголчуудын есөн үе дотроо бол төрөл гэж явдаг. Харин 10 дахь үеэсээ төрөл салдаг. Энэ есөн үе дотор барагцаагаар 300 жилийн амьдрал, 512 хүний амьдрал өрнөдөг юм. Уран бүтээл сонсогчдын хүртээл болсноор нийтийн өмч болдог. Тиймээс дараа нь тэгж бичих байж гэж харамсахгүйгээр анхнаасаа л сайн бүтээл гаргах нь  чухал. Тэгэхээр “Ургийн мод” шүлэг “төрсөнөөр” бусдад есөн үеийнх нь тухай ойлгуулах тулгуур  болсон гэж бодож байна. Намайг “Болор цом”-д түрүүлсний дараа Монголын үндэсний радиогийн н.Наранбаатар хэмээх залуу хүлээж авч уулзаад. “Таны шүлгийг сонсоод Өвөрхангай аймгийн Хархорин сумын сийлбирчин бүтээл хийсэн байна” гэсэн мэдээ дуулгасан. Тус сийлбэрчин ч надтай холбогдож ярьсан. Гарын уртай, мод тарьдаг хүн юм билээ. 
 
-Шүлэг бүр харилцан адилгүй хугацаанд бүтдэг.  Харин “Ургийн мод” шүлэг таныг нэлээд удаан хугацаанд чилээж, дуншиж бүтсэн юм шиг санагдлаа?
 
-Өнгөрсөн намар бичсэн шүлэг. Анх бичихдээ номондоо л оруулна гэж бодож байлаа. Жил бүрийн “Болор цом” наадам арванхоёр болон нэгдүгээр сард л болдог байсан юм. Гэтэл өнгөрсөн жилийн наадам гэнэт урагшлаад арваннэгдүгээр сард болох тов гарсан. Тиймээс шинэхэн бичсэн шүлгээ сойсон юм.
 
 
-“Ургийн мод” шүлгээс гадна таны хоёрдугаар шатанд уншсан шүлэг их философилог мөртлөө харьцуулсан өнгө аястай санагдсан? 
 
-Би хоёрдугаар шатанд “Шидэт хашаа эрээн хорвоо” гэсэн шүлэг уншсан. Энэ шүлгэндээ ч их найдвар тавьж байлаа. Уг нь сэтгэлгээний шүлэг л дээ. Хэдий сонсож буй хүнд хашааны тухай бичсэн мэт санагдав ч цаад утга нь эх орныхоо тухай өгүүлж байгаа юм. 
 
-Та 1993 оноос хойш “Болор цом” наадамд шүлгээ сойсон. Анх ямар шүлгээр оролцож байв? 
 
-Би энэ наадамд чамгүй олон жил оролцсон байна. Зарим жил нь өнжсөн удаа бий. Одоогоор “Болор цом”-ын хадгалсан 15  мандат бий. Тоолоод үзэхээр  21 жил энэ наадамд оролцсон байна. Зарим жилийн мандатаа хадгалаагүй байж мэднэ. Анх 1993 онд “Дэмид жанжны гэргий” шүлгээ уншиж байлаа. Тухайн үед их хэлмэгдүүлэлтийн тухай ид яригдаж байсан үе л дээ. Жишээлбэл, улс төрийн хэрэгт хэлмэгдсэн лам болон бусад хүмүүсийг цагаатгаж байлаа. Мөн энэ үед цагаатгалын улсын комисс анх байгуулагдсан байдаг. Г.Дэмид хэмээх жанжин нь манай Архангай аймгийн Ихтамир сумын хүн.  Монгол Улсын анхны өрлөг жанжин, улсын маршил, цэргийн яамны сайд, ерөнхий сайдын орлогч байсан гэдэг. Тэрбээр 1937 онд цаг бусаар хэлмэгдэж нас барсан. Харин түүний эхнэр ОХУ-ын Буриад улсын  иргэншилтэй н.Навчаа хэмээх эмэгтэй байсан гэдэг. Мөн л цаг бусаар цаазлуулсан байдаг. Энэ эмэгтэйн түүхээс сэдэвлэж н.Навчаа агсны гэгээн дурсгалд зориулсан шүлгээ уншиж байсан юм. 
 
-Тухайн жил та ямар найрагчидтай өрсөлдөж байв. Тэдний шүлэг найраг ямар сэдвийн хүрээнд байсныг санаж байна уу? 
 
-1990-ээд он бол Монголын утга зохиол, яруу найргийн ертөнцийн бас нэгэн сэргэн мандалтын үе байсан. Тэр жил “Болор цом”-д Д.Урианхай ах, Д.Галсансүх хоёр  сэтгэлгээний яруу найргаар өрсөлдөж байсныг тод санаж байна. Харин бусад яруу найрагчдын хувьд ихэвчлэн уламжлалт шүлэг л уншсан даа. 
 
-Жил бүрийн “Болор цом” наадам өөр өөрийн  онцлогтой болдог. Өнгөрсөн жилийн наадмын гол онцлог нь юу байв?
 
-Нэгдүгээрт 40 дэх удаагийн буюу тэгш тоотой наадам байлаа. Мөн эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиосноороо  онцлог. Үүнээс гадны залуу, шинэ үеийн төлөөлөл их оролцсон. Монголын яруу найргийн ертөнцөд нэгэн шинэ үеийн давлагаа гарч ирлээ гэж дүгнэсэн шүү. 
 
 
 
“МИНИЙ БАГЫН МӨРӨӨДӨЛ ХҮҮХДИЙН ЗОХИОЛЧ БОЛОХ”
 
 
 
-Наадам өндөрлөсний дараа хэл ам гардаг. Ялангуяа түрүүлсэн найрагчийг танил тал, мөнгө, үзэмжээр тодорсон гээд л. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? 
 
-Сүүлийн жилүүдэд иймэрхүү хэл ам их гарах болсон. Сонсоод байхад энэ салбарын, худал хэлэхээргүй хүмүүсээс энэ яриаг гарсан байдаг. Тэгэхээр үнэний магадлал байж болох юм. Ер нь энэ олон жилийн туршлагаас харахад “Болор цом” наадам зарим жил шударга бус шүүлттэй явагддаг нь нууц биш. Уг нь энэ наадамд хамгийн сайн шүлгүүд л уншигдах ёстой. Харин өнгөрсөн жилийн наадам харьцангуй шударга шүүлттэй болсон гэж би бодож байна. Учир нь урьдчилсан шалгаруулалтаар яруу найрагчдын бүтээлийг аваад, нэрийг нь нууцалсан. Тиймээс 40 дэх удаагийн “Болор цом”-д оролцсон найрагчдын шүлэг бүгд сайн байсан. Энэ жилийн таван шүүгчийн дөрөв нь мэргэжлийн утга зохиол судлаач. Нэг нь МЗЭ-ийн яруу найргийн үндэсний төвийн тэргүүн хүн байсан.  Үүнийг л би үнэн шүүлт гэж харна. Мөн  утга зохиолын нэртэй судлаач, зохиолч хүмүүс дүгнэхдээ тус наадмыг шударга боллоо гэсэн нь бий. 
 
-“Болор цом”-ын дараа таныг сэтгэл хөдлөлгүй, тэргүүн найрагч болсондоо баярлаагүй гэсэн яриа гарсан. Та энэ олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлсэн мөртлөө тухайн үед яагаад сэтгэл хөдлөлөө нуусан юм бэ? 
 
-Би харьцангуй сэтгэл хөдлөл багатай хүн. Тэгээд ч энэ жил миний гурван шүлэг их сайн байсан. Тиймээс өөртөө итгэлтэй байлаа. Би чинь 1990-ээд оноос утга зохиолын ертөнцтэй холбогдож, 20 гаруй жил энэ наадамд оролцсон учир сэтгэл зүйн хувьд хэдийнэ бэлтгэгдчихсэн. Мөн энэ хугацаанд олон наадамд оролцож, түрүүлж, туршлага хуримтлуулсан. Надад ганцхан “Болор цом” наадмын цом л дутуу байсан юм. 
 
-“Болор цом”-ын цом нэмэгдсэнээр та яруу найргийн наадмын есөн цомтой болсон гэсэн үү? 
 
-Тийм ээ. Тухайлбал, Монголын зохиолчдын холбоотой хамтарч зохион байгуулсан улсын чанартай тэмцээнүүдийн цом бий. Мөн  байгууллага, дээд сургууль, соёлын газруудын ойд зориулсан наадмын цом ч байдаг. “Болор цом” нь миний ес дэх цом болж өргөө гэрт маань залагдсан. Үүний дараа мөн  хоёр цомоор бүл нэмсэн. “Болор цом”-д түрүүлсэн яруу найрагчид Д.Нацагдоржийн нэрэмжит цомыг олгодог.  Үүнийг Багануур дүүргийн засаг дарга надад гардуулсан. Мөн миний төрсөн нутаг Архангай аймгийн Хотонт сумаас  “Оны  шилдэг уран бүтээлч”-ээр өргөмжилж цомоор шагнасан шүү. Ингээд 11 цомтой боллоо. Үүнээс гадна медаль өргөмжлөл гэвэл тоймгүй олон байдаг. Хэдий наадам боловч эдгээр нь өөрийгөө дүгнэж, урам авах боломжийг олгодог. Үүнээс сэтгэлд хамгийн сайхан дурсамж үлдээсэн нь Зэвсэгт хүчний жанжин штабаас зарласан “Эх орны цэрэг” наадам юм уу даа. Энэ наадамд би  хоёр удаа түрүүлсэн байдаг. Яруу найргийн тэмцээнүүд чинь л бидний ажлын тайлан шүү дээ. Мөн уншигч зохиолч хоёрын уулзалт хийх их гоё. 
 
 
-Бага байхдаа ном их уншдаг хүүхэд байсан гэж сонссон. Хэзээнээс шүлэг бичиж эхлэв?  
 
-Би Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. Таван настай байхад аав маань аймагтаа жолоочоор ажиллахаар болоод бид аймгийн төв рүү шилжсэн. Аав ч Усны удирдах газар жолоочоор ажилд орсон. Ингээд би Цэцэрлэг хотын бага сургуульд суралцах болсон юм. Удаа ч үгүй хоёрдугаар дунд сургууль руу шилжсэн. Тэнд наймдугаар анги төгсөтлөө сурсан. 
 
 
Хүүхэд байхдаа спортод их  сонирхолтой байлаа.  Мөн дөрвөн настай байхаасаа зураг зурж эхэлсэн. Тухайн үед сургууль, аймагтаа болж буй зургийн уралдаанд тогтмол оролцдог байсан юм. Сургуулийн ханын сонинг их хийнэ. Харин тавдугаар ангиасаа шүлэг бичиж эхэлсэн. 1978 онд “Пионерын үнэн” сонинд анхны “Нутаг” шүлгээ хэвлүүлсэн. Тэр үед “Сур сур бас дахин сур” сэдэвт зохион бичлэгийн тэмцээнд байр эзэлж, үүнээсээ их урам авсан. Зураг зурах, шүлэг бичих үйлсэд ер нь багаасаа л шамдсан гэхэд болно. 
 
 
 
 
-Таны удамд бурхан зурдаг хүн байсан гэдэг. Хүний ген гэдэг үе дамжиж ирдэг гайхалтай шүү?
 
-Манай аавын талд VI Зава гэгээн Жамбацэрэнгийн бурхан зураач Равдан гэж лам хүн байсан юм билээ. Энэхүү лам нь манай эмээгийн талын удам бөгөөд зураач, бурхан бүтээдэг хүн байж. Би багадаа эмээтэйгээ багагүй хугацааг өнгөрүүлсэн юм.  Эмээ минь  байнга “Чи зураг их зурах юм. Манай удмын ламын сүнс байх” гэж хэлдэг байж билээ. Харин эмээгийн маань ээж буюу миний эмэг эх  их цэцэн мэргэн, хуучны үлгэр домог мэддэг хүн байсан гэдэг. Ээж нь эмээд үлгэр их ярьж өгдөг байж. Харин эмээ маань тэр үлгэрүүдийг нь надад ярьж өгдөгсөн. Тэр үеэс л би ном унших хүсэлтэй болсон. Миний ээж ч ном их уншдаг хүн бий. Тэгэхээр би багаасаа л уран зураг, утга зохиолын ертөнцтэй ойр өссөн байгаа биз. Миний багын мөрөөдөл хүүхдийн зохиолч, зураач болох шүү дээ. Анхны уншигчид минь гэр бүлийнхэн байсан. Мөн багаасаа л номын сангаас ном авч уншихаас гадна хамаг мөнгөө ном авахад зориулдаг хүүхэд байсан. Ингэж л номын амтад дурласан даа. Мөн уран зохиолын  сурах бичгээ  зуны амралтаараа түрүүлээд уншчихдаг байлаа. Энэ нь намар хичээл ороход дөхөм санагддаг байсан. Мөн аав, ээж маань “Хөдөлмөр” сонинг их захиалдаг байсан. Харин надад  “Залгамж” сэтгүүлийг захиалж уншуулна.  Би ч сонин, сэтгүүл унших их сонирхолтой хүүхэд байсан.  Энэ бүхэн намайг утга зохиол руу уруу татаж, өдий зэрэгтэй болгосон гэж боддог. 
 
 
-Хүүхэд бүхэн багадаа ээж аав, цэцэг навчны тухай шүлэг бичсэн байдаг. Харин та эх орны сэдвээр илүү бичих юм? 
 
-Уран бүтээлч хүний хамгийн гол сэдэв бол эх орон. Хүний бүхий л эрхэм, нандин зүйл эх оронд л багтана шүү дээ. Тиймээс эх орныхоо тухайн шүлэг бичээгүй яруу найрагч ховор. Илэрхийлэх хэлбэр нь л өөр болохоос энэ бол мөнхийн сэдэв. Би чинь 1980-аад оны дунд үед Зэвсэгт хүчний 016 дугаар ангид цэргийн алба хаасан.  Мөн “Улаан өд” сонинд цэргийн сэдэвтэй шүлэг бичиж нийтлүүлсэн удаатай. Тиймээс цэргийн сэдэвтэй шүлэгтэй ойр байдаг юм уу даа. Мөн Батлан хамгаалахын яам, Жанжин штабтай хамтарч шүлгийн номоо хэвлүүлсэн юм. Тус ном зэвсэгт хүчний салбар номын сангуудад бий. Цэрэгт байхдаа Б.Лхагвасүрэн, Д.Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо, Д.Урианхай ах нарынхаа шүлгийн номыг шимтэн уншдаг байлаа. 
 
 
 
ХӨНГӨН ЁГТЛОЛЫГ МОНГОЛЫН ЯРУУ НАЙРАГТ ОРУУЛЖ ИРСЭН
 
 
 
-Анх шүлэг бичиж эхэлсэн үетэйгээ харьцуулахад таны бичлэгийн өнгө аяс, утга санаа цаг хугацааны эргэлтэд хэрхэн өөрчлөгдсөн бол? 
 
-“Болор цом” наадмын дараа баяр хүргэсэн хүмүүс, тэдний чин сэтгэлийн үг, ерөөлөөс харахад өөрийгөө өөрийн гэсэн тодорхой хэмжээний уншигчидтай болж дээ гэж харж байна. Намайг анх бичиж эхэлж байх үед цөөн тооны найрагчид л сайн шүлэгтэй байсан. Тэднээс Б.Лхагвасүрэн, Д.Урианхай ах нарыг онцолж болохоор.  Харин 1990-ээд оны эхнээс манай үеийнхэн утга зохиолын ертөнцөд орж ирснээр сэтгэлгээний яруу найраг илүү хөгжиж, давамгайлах болсон.  Энэ чиг хандлага өдгөө ч эрчимтэй хүрээгээ тэлж байна. Ер нь манай үеийнхнийг Монголын утга зохиолын гурав дахь үеийнхэн гэж онцолж болно. Миний хувьд анх бичиж эхлэхдээ зөвхөн  өөртөө зориулж бичдэг байсан. Харин цаг хугацаа өнгөрөх тусам туршлагаар шүлэг бичдэггүй гэдгийг ойлгож байна. Харин шинэ соргог мэдрэмжээр л бичдэг юм байна. Мөн яруу найраг бол цэвэр мэдрэмж шаарддаг. Тиймээс ном бүр өөр утга санаа, өгүүлэмжтэй байх ёстой. Утга зохиол судлаачид намайг “Аливааг шогч байдлаар хардаг, хөнгөн ёгтлолыг Монголын яруу найрагт оруулж ирсэн” гэж дүгнэдэг. 
 
 
-Урлаг бүхэн өөрийн үүрэгтэй. Харин энэ цагийн утга зохиол, яруу найраг  нийгэмд гүйцэтгэх үүргээ нэр төртэй биелүүлж чадаж байна гэж та боддог уу? 
 
-Яруу найраг нь соён гэгээрүүлэх үүрэгтэй. Мөн монгол түмний түүх, ёс заншил, өв уламжлалыг хадгалж түгээн дэлгэрүүлэхэд нөлөөтэй гэж хүмүүс ойлгодог. Харин би бодохдоо яруу найраг нь  эхлээд утга зохиолын хүрээнд хөгжих ёстой гэж харж байна.  Илүү хөгжих тусам уншигчдад өгөх өгөөж нь илүү байх болов уу. Мөн яруу найргийг мэргэжлийн түвшинд бичих, олон урсгал чиглэлийг тусгасан сайн бүтээл олноор туурвих хэрэгтэй. Энэ нь манай зохиолч, яруу найрагчдын өмнө тулгараад буй гол асуудал юм. Энэ нь оюуны даяаршил, цаг үетэй шууд холбоотой. Тиймээс оюун сэтгэлгээний даяаршлалын энэ үед Монголын уран зохиол энэ дүрмээр л хөгжих ёстой. Гэхдээ гадны уран зохиолыг дуурайж, давтах биш. Өөрийн сэтгэлгээ болоод үнэт зүйл болсон уламжлалыг хослуулж авч явах ёстой. Монгол найрагчийн гол сэдэв нь ард түмний зан заншил, түүх соёл, эх орон, байгаль, ертөнцийн мөн чанар, хүний амьдралын утга учир шүү дээ. Энэ сэдвүүд өнөөдрийн Монголын утга зохиолын тогоонд зайлшгүй байх ёстой. Гэхдээ үүнийг илэрхийлэх арга нь олон өнцөгтэй. Тиймээс зохиолчид бид сэтгэлгээний арга хэлбэрээр бичиж, энэ ертөнцөд өөрсдийгөө сорьж, утга зохиолынхоо хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй байна. 
 
 
-Үүнийг бодлогын хувьд өөрчлөхөд утга зохиол хариуцсан байгууллага холбоод их чухал нөлөөтэй байх даа? 
 
-Утга зохиолыг хөгжүүлэх нь ганц байгууллагын ажил биш. Хувь уран бүтээлчийн хүсэл зорилгоос их хамаарна. Мөн уран бүтээлчийн авьяас, мөн чанар, хүч хөдөлмөрөөс олон зүйл шалтгаалдаг. МЗЭ-ийг манай өмнөх үеийн авьяастай, чадварлаг уран бүтээлчид байгуулсан. Тэдний гаргасан зам мөрөөр бид үйл хэргийг нь үргэлжлүүдээд явж байна.   
 
 
-Яруу  найраг, найрагчид байгаагүй бол энэ цаг үе ямар байх байсан бол? 
 
-Яруу найраг байхгүй бол нийгэм хөгжихгүй гэсэн зүйл байхгүй. Гэхдээ соён гэгээрүүлэх үүргээ гүйцэтгэх ёстой. Өнөөдөр нэг уран бүтээлч сайн бүтээл туурвилаа гэхэд Монголын уран зохиолын өнгө төрхийг илэрхийлнэ. Мөн гадны орнуудад эх орноо сурталчилна. Үүгээр манай уран зохиолын чиг хандлагыг дэлхий нийт харна шүү дээ. Энэ нь манай утга зохиолын  чиг баримжаа, гартаа барих зэвсэг юм. Бусад улсад өрнийн урсгал илүү хөгжсөн нь бий. Харин бид гаднаас жишээ авахын оронд өөрсдийн өвөг дээдсийн бүтээсэн уран зохиолыг уншиж, суралцах хэрэгтэй. Харин бусад орны уран бүтээлчдийн арга барилаас  бүтээлдээ тусгаж болно. Гэхдээ үндэсний онцлогоо шингээснээр Монголын уран зохиол илүү үнэ цэнтэй байна. Дан өрнийн орчуулгын шүлэг, романыг хуулаад байж болохгүй. 
 
 
-Та монгол зохиолчдынхоо бүтээлийг түлхүү уншиж байна уу. Эсвэл гадны зохиолчдыг уу? 
 
-Би ихэвчлэн гадны уран зохиолын бүтээлүүдийг уншдаг. Тухайлбал, Оросын зохиолчдын өгүүллэг, Хятадын орчин үеийн зохиолч нарын бүтээл, яруу найраг гэх мэт. Харин Монголоосоо өөрийн үеийнхэн болоод залуу уран найрагчдын бүтээлийг түлхүү уншиж байна. 
 
 
-Та шүүмж, магтаал хоёрын тунг нь хэрхэн тааруулдаг вэ. Магтаалд оодорч, хөөрч явсан үе бий юу? 
 
-Уран бүтээлч хүн сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Шүүмж, магтаалыг ч ялгаж салгах нь чухал. Хүний хоосон магтаал  их хэцүү. Харин зохиолч хүнд мэргэжлийн шүүмж их тус болдог. Мөн миний бодлоор уран бүтээлч хүн магтаалыг 30 хувь, шүүмжийг 70 хувь хүлээж авах ёстой гэж бодогддог юм. Энэ харьцуулалтын үр дүнд л сайн уран бүтээл төрнө. Харин шүүмж, магтаалын байр солигдвол хийсэн зүйлдээ ханаад цааш хөгжихгүй. Мөн ханаж цадсан зан уран бүтээлч хүнд байх ёсгүй. Мөнхийн л хийж бүтээх хүсэлтэй байх хэрэгтэй. Өдөр бүхэн шинэ зүйл хийхийн төлөө зорих нь зөв. 
 
 
-Та яруу найргийн 15 ном хэвлүүлсэн. Үүн дотор утга санаа, агуулга давхацсан тохиолдол бий юу. Эсвэл бүр хувьсан өөрчлөгдөж, шинийг эрэлхийлсээр ирэв үү?
 
-Миний ном бүр өөр, өөр утга санааг илэрхийлсэн. Бүх ном нэгэн хэвийн байвал утгагүй биз дээ. Тиймээс бүгд шинэлэг байх хэрэгтэй гэж боддог. Цаашид бүтээлээ сэтгэлгээ тал руу түлхүү хөгжүүлнэ. Гэхдээ хүн ойлгохын эцэсгүй юм хийхгүй. Миний зургийг харсан, шүлгийг уншсан хүн энэ ямар сонин илэрхийлэмж вэ, ийм зүйл хийж болох юм байна гэсэн сэдлийг аваасай гэж боддог. Анхны ном маань зохиолчдын эвлэлээс зарладаг залуу яруу найрагчдын бүтээл шалгаруулдаг уралдаанд шалгарч байлаа.  Дараа нь “Янаг гашуун”, “Тунгалаг галбир” номуудаараа Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэн. Мөн “Хөх зөн” гээд бүтээлээ Англи хэл дээр орчуулж гаргасан удаатай. 
 
 
Монголд зохион байгуулагдсан дэлхийн яруу найргийн их хурлын үеэр Тайванийн соёл яруу найргийн академийн “Тогоруут уул” гэх тэмцээнээс алтан медаль хүртсэн. Энэ мэт би уран бүтээлээ тодорхой хэмжээнд үнэлүүлж байна. Манай улсад яруу найргийн ном мэргэжлийн хүрээнд л уншигддаг. Харин үргэлжилсэн үгийн зохиолууд борлуулалт сайтай байдаг нь үнэн. Гэтэл яруу найрагчид бид хичээгээд л сайн ном хийхийг зориод л байгаа. 
 
 
 
ЮНЕСКО-ГООС ЗАРЛАДАГ УРАЛДААНААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН ЗУРААЧ 
 
 
 
-Таны хүүхдэд зориулсан бүтээлүүд их  сонирхолтой санагддаг. Жишээлбэл “Харандаахан хүү” цувралыг нэрлэж болохоор байна? 
 
-Би хүүхдийн зохиолч болохыг мөрөөддөг байсан гэж дээр ярьсан даа. Тэгэхээр энэ бол миний уран бүтээлийн хамгийн том, гол сэдвийн нэг. Тиймээс аль алийг нь тодорхой түвшинд тэнцүү авч явахыг илүүд үздэг. Би БШУЯ-ны улсын уралдаанд түрүүлж байсан. Хүүхдийн зохиолын сэдэвтэй үргэлжилсэн үгийн 21, яруу найргийн хоёр ном байна. Харин үлгэр бичиж байсангүй. Их сонирхолтой сэдэвтэй бүтээлүүд бий. Тухайлбал, таны онцолсноор “Харандаахан хүү”, “Баллуурхан хүү”, “Аянчин байшин” гээд сүүлийн гурван ном цувралаар нэрлэж болно. Энэхүү цувралд харандаан хүүгийн зурсан бүхэн биелээд их аз жаргалтай байдаг. Харин баллуурхан хүү шүргээд л бүхнийг арилгачихна. Эдгээр цувралын зургийг өнгөтөөр зурсан болохоор хүүхдийн анхаарал их татдаг байх.   
 
 
-Та зураасан зураг зурдаг мэргэжлийн уран бүтээлч. Шог зургаас гадна өөр ямар сэдвээр бүтээл туурвиж байна? 
 
-Зураасан зургийг хүн харахад балаар зурсан мэт харагддаг ч энэ нь хэвлэмэл зураг. Холимог техник ашигласан болохоор урлагийн бүтээл болж байгаа юм.  Би одоогоор зураасан зураг зурахын зэрэгцээ шог зураг зурж байна. Мөн номын зураг зурна. Өнгөрсөн хугацаанд 480 гаруй уран бүтээлчийн номын зургийг зуржээ. Номын зургийн  ажилбар нь тухайн зохиолчынхоо бүтээлийг уншаад ямар зохиомж, санаа дэвшүүлэх зэргийг бодож, бүтээлтэйгээ уялдаж гаргадаг. Би зураачийнхаа хувьд зохиолчийн хэлэх гэсэн санааг зургаар илэрхийлж, бүрэн дүүрэн гаргахыг боддог. Зарим нэг бэрхшээлтэй асуудал гарахад зохиолчоос асууж, ерөнхий санааг нь тусгахыг хичээнэ. 2000 оны үед би номын чимэг зургаараа ЮНЕСКО-гоос зарладаг дэлхийн хэмжээний уралдаанаас хүрэл медаль хүртэж байлаа. 
 
 
-Яруу найрагчид өөрсдийн мэдрэмжээ энгийнээр илэрхийлсэн нь бий. Харин зураг, шүлэг хоёрыг хослуулсан мэдрэмж ямар байдаг бол? 
 
-Зураг, шүлэг хоёр хоёулаа мэдрэмж болон онгодоор бүтдэг. Гэхдээ үлэг гүрвэлийн зураг зурдаг байхад энэ амьтны тухай шүлэг байхгүй. “Шидэт хашаа эрээн хорвоо” шүлэг байгаа боловч тийм утга санааг илтгэх зураг байхгүй байх жишээтэй. Миний дотор тасралтгүй уран бүтээлийн тухай бодол оршдог. Зурвас орж ирсэн санааг тухайн үедээ хурдхан тэмдэглээд авдаг. Дараа нь үүнийгээ бодож байгаад дүрсэлж санаагаа баяжуулна. Яруу найрагч үүнтэй ижил. Санаа хаана ч байсан төрнө. Яруу найрагч Д.Нямсүрэн ах  “Шүлэг гэдэг сонин. Хаалга онголзуулах төдийд л үүдээр гараад ниснэ” гэж хэлсэн нь их үнэн санагддаг. Мөн Б.Лхагвасүрэн ах “Бодол ханасан цагт л онгод ордог юм” гэсэн байдаг. Харин Ш.Сүрэнжав ах “Би онгодын цагтаа тэнгэрийн харьяат” гэсэн нь бий. Тиймээс суурь урлагийг бүтээж буй зураач, зохиолч, хөгжмийн зохиолч бүгд мэдрэмжээр л бүтээлээ туурвидаг юм даа. 
 
 
-Яруу найрагч мөртлөө зураач байна гэдэг ховор хувь тавилан. Их л мэдрэмжтэй уран бүтээлч энэ хоёрыг хослуулдаг байх даа?   
 
-Утга зохиол нь дүрслэх урлагаас ялгаатай. Үүнийг дагаад илэрхийлэх арга нь өөр, өөр байдаг. Утга зохиол орчуулгаар гадагшаа хүрч болно. Харин дүрслэх урлаг орчуулгагүй бодит байдлаараа хүмүүст хүрдэг. Хөгжим бас үүнтэй ижил. Хөгжмийн зохиолч найз нар маань ая орж ирлээ гээд дэвтэр дээрээ тэмдэглэж авах жишээтэй. Дараа нь нөгөө санаа нь ийм аялгуу, бүтээл болсон гэж ярьдаг. Тэгэхээр уран бүтээлч бүхэн өөрийн арга барилтай. Түүнийгээ хөгжүүлж, өөрийн онцлогтоо тааруулж уран бүтээл болгодог. 
 
 
-Бүхий л мэргэжил өөрийн үнэ цэнтэй. Ялангуяа зохиолч хүн өөрийн өвөрмөц ертөнц, содон дүртэй байдаг бололтой? 
 
-Мэргэжлийнхээ онцлогоос шалтгаалаад бүгд харилцан адилгүй байдаг байх. Харин миний хувьд хамгийн мундаг, чухал мэргэжил багш гэж боддог. Хэдий сайн инжинер байлаа ч багштай. Бүхий л мэргэжлийн боловсон хүчин багштай байдаг шүү дээ. Багш хэмээх мэргэжил  хүн төрөлхтний хамгийн уугуул мэргэжил. Мөн эмчийн мэргэжил их чухал. Хүн эрүүл байж л амжилтад хүрнэ. Миний амьдрал, уран бүтээлийн замналаас гарахад ном надад багшилсан нь бий. Би ном уншсанаар их олон зүйлийг ойлгож, мэдэрч ухаарсан. Мөн алдартай зураач нарын бүтээлийг үзэж, таашаасан нь зураачийн замналд минь эерэгээр нөлөөлсөн гэж боддог.
 
 
 
"Болор цом-40" наадмын тэргүүн шүлэг.
 
"УРГИЙН МОД" хэмээх тоон хэлхээс
 
Есөн үед гурван зуун жил ургасан энэ ургийн мод
Ертөнцийн хатан хэвлийд өнө удаан цэцэглэсэн юм
Алтан нар, мөнгөн сар хүрэл мичидийг чамд л харуулах гэж
Анхилхан мөчрөн биеийг чинь нахиалуулж ирсэн юм
Таван зуун арван хоёр мөчиртэй энэ аварга модны орой одоо
Таашгүй өндөрт тэнгэрийн цэцэрлэгт цэцэглэж байдаг юм
Өндөр өвөг эмэг чинь болох хоёр зуун тавин зургаан зэсэн мөчир
Өдгөө диваажингийн төгөлд мөнх навчсаа салхилуулж байдаг юм
Гарьд начингийн өвөг шувууд салаа бүр дээр нь суугаад
Гал улаахан жимснүүдийг нь цацруулан тоншиж байдаг юм
Холбоо өвөг эмэг чинь болох зуун хорин найман гуулин мөчир
Хойд насны ойд ангаахайн үүрийг бүүвэйлж байдаг юм
Хангарьдын өвөг луун шувууд далавчаараа сэвээд
Хан боргоцойг нь унагалгүй эрхлүүлж байдаг юм
Хулан өвөг эмэг чинь болох жаран дөрвөн оюу мөчир
Хурмаст тэнгэрийн хаалгыг сахин энх навчсаа будруулж байдаг юм
Арслан заануудын өвөг сүнсэн биетнүүд нааш цааш холхин
Агаар гэрэлтсэн биесээрээ шөргөөж байдаг юм
Элэн өвөг эмэг чинь болох гучин хоёр номин мөчир
Эдүгээ Шамбалын цэцэрлэгт сувдан бороонд гэрэлтэж байдаг юм
Үлэг гүрвэлүүдийн өвөг хийн биетнүүд урагш хойш гүйлдэн
Үнэр түгээсэн биеэсээрээ шүргэж байдаг юм
Элэнц хуланц өвөг эмэг чинь болох хорин дөрвөн танан мөчир
Энхжин Шамбалын хүрээлэнд галбирваасан модонд салаалаад
Хувилгаан орчлонд үлдээсэн дөрвөн салаа мөчрөө
Хугарч унахыг нь чагнаж зуун жилээр хүлээнэ
Ээж аав чинь гэх хоёр мөчрийг салаалуулсан
Эмээ өвөө чинь гэх дөрвөн салаа буурал мөчрүүд
Үр ач нь гэх залуу ногоон мөчир чамайг улам улам
Үзэсгэлэнтэйеэ ургахад чинь уярч баясаж жаргаад
Үлдсэн нас нь уртсаж цэнгэлийн манлайг эдлэнэ ээ
Энэ таван зуун арван хоёр мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь
Энх орчлонд чамайг л төрүүлэх гэж эсэн мэнд амь зуухдаа
Эртний болор бороонд хэдэн удаа мөр нь нороо бол
Ээмэг зүүлт, малгайн залаанаас нь хэчнээн дусал ус дусаа бол
Тэр хоёр зуун тавин зургаан мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь
Тэргэл хорвоод чамайг л мэндлүүлэх гэж энх тунх аж төрөхдөө
Тэсгим хүйтэн жаварт хэдэн удаа хацраа хайруулж даараа бол
Тэрбум тэрбум цасан ширхэгийн хэчнээн нь толгойг бууралтуулж лавсаа бол
Мөнөөх л зуун хорин найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь
Мөнгөн ертөнцөд чамайг л эрхлүүлэх гэж хавар намаргүй нүүж суухдаа Модон тэрэгнийх нь дугуй хэдэн удаа эргэж, хэчнээн өвс налуулаа бол
Морин шоргоолж шүргэж хэчнээн олныг түйвээгээ бол
Өнөөх л жаран дөрвөн мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь
Өргөн замбуулинд чамайг л тарвалзуулах гэж өвөл, зунгүй өвөлжиж, зусахдаа
Өвөр хоорондоо хэдэн удаа шивнэлдэж, хэчнээн зул чимхээ бол
Өчнөөн арслан чимээг нь чагнаж авдрынхаа нүүрэнд хулмайгаа бол
Гучин хоёр, арван зургаа, найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь
Гурван зуун жилийн өдөр шөнөөс өнөөдөр чамайг л авчрах гэж
Гуниг баярын орчлонд зүрхнүүд нь хэдэн удаа цохилж, хэчнээн жил гэрэлтээ бол
Гутал, оймсоо элээж, хэдэн удаа гүйж, хэчнээн жил алхаа бол доо
Элэнц, хуланц, элэн хулан өндөр өвөг эмгийн үргэлжлэл үр минь
Энэ тоонуудын нийлбэр бөөм чиний л цусаар гүйж байгаа
Энэ тоонуудын залгамж тавилан чиний л зүсээр гэрэлтэж байгаа.
 
Баатарын НЯМСҮРЭН
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин