sonin.mn
ОХУ-ын Халимагийн БНУ-ын нэрт туульч О.Цагаанзамын зочноор нь уригдсан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг саяхан давтаж үзэв. Сонин содон хийгээд сонсголонтой мэдээллүүд шигтгэсэн өгөөжтэй сайхан нэвтрүүлэг юм. Энд өгүүлэгдэх зарим нэгэн зүйлсийг цэргийн хүний хувиар хэрхэн тунгааж сууснаа эргэцүүлэн бичихийг хүслээ.
Халимагууд түүхийнхээ хугацаанд Оросын нэрийн өмнөөс 28 удаагийн их, бага дайн, тулаанд оролцжээ. XIX зууны үед “Төгрөг нуурын хөвөөгөөр түгээлэн хөвөлдөж цавчилцав, цавчихын төлөө цавчсангүй Оросын төлөө цавчилцав”, “Сэмээ хамартай францтай сөргөлдөн байлдаж цавчилцав, цавчихын төлөө цавчилцсангүй амиа аргацааж цавчилцав” гэдэг үгтэй дуунууд ч гарч байж. Эдгээр дайн, тулаанууд оршин тогтнохын, хүлээн зөвшөөрөгдөхийн төлөөх тэмцэл байжээ.
Нэвтрүүлэгт Халимаг монголын түүх бүхэлдээ тэсэж үлдэхийн төлөөх тэмцэл байсан юм хэмээн тодотгон өгүүлдэг. 1810-аад оны Европ тив, тухайн үеийн цэрэг-эдийн засгийн хувьд хамгийн хөгжингүй, дэлхийг хэсэгчлэн колоничилсон улс, орнууд оршиж байлаа. Харин Францын арми тэдгээр улсуудын армийг ялан дийлж, европыг бараг бүхэлд нь шахуу эзлэн Оростой тулсан үе. Энэ хүчирхэг армийн зарим анги, салбаруудтай халимаг монгол дайчид бараг XIII зууны үеийн зэвсэглэл нум сум, цалам буюу бугуйл, уурга, жад, сэлмээр тулалджээ.
 
Франц офицер “Бид буу зэвсгээ агсан жагсаад тулаанд орно, харин тэр зэрлэг дайчид бидний бууны сум үл хүрэх газраас нумаа дээш тэлэн харваж бидний цэргийг хорооно, хажууд давшиж явсан цэргийн толгойг хоромхон зуурт тас татан авч одно” гэж өгүүлжээ.
 
Халимагууд Францын цэргийн бууны ашигтай тусгалын гаднаас нум, сумаар харван байлдах ба ойр зайнаас буюу франц цэргийн гардан тулааны зэвсэг хэрэглэж үл чадах зайнаас (20-30 метр) бугуйл, цалам, уурга ашиглан ихэвчлэн дарга нарын, мөн цэргүүдийн толгойг тас татах, эсвэл гуд татан авч явах зэргээр байлдааны журмыг нь эвдэн бусниулдаг байж. Байлдааны журмаа алдаж сарнисан явган цэргийг цавчин хядах нь морин цэрэгт хялбархан биз.
Үндсэндээ монгол цэрэг (морин цэрэг)-ийн явган цэрэгтэй тулалдах арга, тактик өөрчлөгдөөгүй тухайн үед ирж, ашигтай байрлал эзлэх чадвартай маневрын өндөр боломж бүхий морин цэрэг, хавьтахгүйгээр тулалдах боломжтой зэвсэглэлүүд, түүнийгээ маш чадварлаг хэрэглэдэг дайчид, зохион байгуулалттай, нэгдмэл хөдөлгөөн, галын маневр. Өөрөөр хэлбэл, өөрт байгаа давуу шинж чанартай зэвсэглэлд тулгуурласан тулааны арга тактикийг хэрэглэдэг байж, гэхдээ чадварлаг, үр дүнтэй.
Энэ бол зууралдан байлдахгүй, гэхдээ тасралтгүй хохирол учруулах, туйлдуулах, тэвчээрийг нь алдагдуулах монгол цэргийн өв уламжлалт арга юм.
 
XIII зууны үеийн монгол цэргийн амжилтыг олон хүчин зүйлтэй холбон судалж тайлбарласан эрдэмтэн судлаачдын бүтээл байдаг. Тактикийн ажиллагаа, тэсвэр тэвчээр, маневр, удирдлага, зохион байгуулалт гэх мэт. Гэхдээ юуны түрүүнд хувь хүн, дайчин-цэрэг эр бүрийн тулалдааны ур чадвар буюу байлдааны чадавх маш өндөр байсан, түүний бусад хүчин зүйлд нөлөөх нөлөөлөл өндөр байснаас үр дүн ингэж харагддаг байсан мэт.
Монголчууд цэргийг маш өндөр түвшинд бэлтгэж чаддаг, цэргийн байлдааны чадавх ч өндөр, түүнийгээ дарга нар нь ч мэддэг, тиймээс эрсдэлтэй (хэд дахин давуу хүчний эсрэг) байж болох цэргийн ажиллагааг төлөвлөдөг, амжилттай ч биелүүлдэг байж.
 
Нэгэн эх сурвалжид “Зуун морин цэрэг мянган явган цэргийг хураана, мянган морин цэрэг түмэн явган цэргийг хурааж чадна” гэж гардаг. Тэгэхээр монгол цэрэг өөрөөсөө арав дахин их явган цэрэгтэй төвөггүй тулан байлдаж чаддаг байсны нотолгоо.
Харин XIX зуун бол зэвсэглэлийн болон европын цэргийн урлагийн хөгжлийн тодорхой амжилтын үе. Бид киноноос ч энэ тухайд нэлээд хардаг шүү дээ, артиллерийн бэлтгэл, жагсаалын байлдаан, морин цэргийн сөрөг атак, давшилт гээд л.
 
Халимаг цэрэг мэдээж хэрэг ийм өндөр байлдааны чадавх бүхий дадлагажиж, туршлагажсан армийн нэгтгэл, ангийн эсрэг 10 дахин бага хүчээр довтлоогүй байх, ихдээ л 2-3 дахин их хүчний эсрэг тулсан болов уу.
 
О.Цагаанзам гуай нэгэн түүхийг өгүүлнэ лээ. Тодруулбал, Халимаг нутагт алдар нэр нь түгсэн Учрал хэмээх баатар эр байж. Тэрээр хөвгүүдээ голж, Учралын хүү байтлаа ийм сул эр байх гэж олонд хэлэгдэх вий хэмээн хөвгүүдийнхээ амийг егүүтгэчихдэг байж. Насан өтөлж, доройтон хоёр нүд нь хараагүй болж, хэвтэрт орох үедээ дөнгөж долоо, наймхан нас хүрч буй хүүгээ мөн л голж, миний хүү морио эмээллэн гэрээ нар зөв тойрон давхи, үүдэн тушаа очихын үед “аав минь дээ” гэж хэлэн баруун зүг морины хурдаар давхиарай гэж хэлжээ. Хүү морио эмээллэн зогсох үед нагац асуувал хүү аавынхаа хэлснийг дамжуулжээ. Нагац нь учрыг гадарлан найман тохом давхарлан морийг нь эмээллэн өгч, хүү аавынхаа хэлсэн ёсоор бүхнийг хийж. Учрал тэр даруй нум, ширдгэн дороо нуусан сумыг авч гэрийн хаяагаар араас нь харваж. Сум давхарласан тохмыг нэвт хаван морины шилэн хүзүү рүү тусахад морь харуулдан унажээ. Энэ зуурт нэгэн амьтай зүйл хөдлөх чимээ гарах үед Учрал машид гайхан миний сумнаас амьд гарсан хүн байхгүй юм сан, энэ хүү заяатай хүү байна гэж бодон “Урт насал, хүү минь” хэмээн ерөөсөн гэдэг. Монгол цэрэг морьтой хүний араас харвахдаа эмээлийн хоёр бүүргийг унасан хүний салтаатай нь нэвт сүлбэн морины ар шил рүү сум тусахаар харваж, хүн, морийг эмээлтэй нь жагсаалаас гаргадаг байж, тэр л сурцаараа харваж, харин түүнийг тохмоор хуурч.
Эл түүхээс үзэхэд тэр баатар эр нум, сумыг ямар гайхамшигтай эзэмшээ вэ, сум алдаж үзээгүй, бүр нүд нь хараагүй болсон ч мэдрэмжээрээ харваад онох чадвар суутал эзэмшсэн байх юм. Үүнтэй адилхан түүх нэлээд байдаг. Есүнхэ жанжин 335 алд /500 орчим метр/ газарт байг харван оносон, монгол цэргийн толгойн сэргийлэхийн харваач 500 орчим метрийн зайнаас Легниц хотын хонхчны хоолойг тас харвасан гэх мэт.
Франц цэрэг 100-200 метрийн тусгалтай штуцер карабинтай, харин халимаг цэрэг тэдэнтэй 250-500 метрийн зайнаас тулалдсан байх, тэдний бууны сум хүрэхгүй харин халимаг цэргийн сум хүрнэ, гэхдээ! хэр их хохирол учруулах вэ, тэр зайд харвадаг нь, харваад онодог нь хэд вэ.
 
Дээр тооцсон цэргийн хүчний харьцаагаар харж 200-300 франц цэргийн эсрэг 100 халимаг цэрэг байсан гэж тооцъё. 100 цэргийн арван хувь нь онодог гэхэд гурван удаагийн харвалтаар 30 цэрэг буюу франц цэргийн хохирол 10-15 хувьд хүрнэ, энэ бол давшилт зогсоохоор хохирол биш. Харин 50 ба түүнээс дээш хувь бол асуудал болно. Франц цэрэг дараагийн арга хэмжээг авна. Энэ үед халимаг цэрэг францын явган цэргийн өмнө тулж ирнэ 20-30 метр, халимаг цэрэг цалам (бугуйл), уурга ашиглан довтолно, суга татан авч одно.
 
Цалам, уурга ашигладаг цэргийн хувь, хол, мэргэн харвадаг цэргийн нийт цэрэгт эзлэх хувиас дутахгүй байх ёстой, тэгж байж үр дүн гарна. Үр дүн гарсан, гардаг, явган цэргийн жагсаал сарнина, амь тавин зугтана, халимаг цэрэг зээрийн сүрэгт орсон чоно мэт довтлон орно, цавчина.
Яагаад? Нум сум харвах, цалам, уурга ашиглах бол монгол эр хүний насан багаас хийж сурсан, гаршсан зүйл. Монголчууд эрэгтэй хүүхдэд мэдээ орох үеэс нь хавчаахай нум хийж өгдөг, тарвага зурам агнадаг, богинохон ч гэсэн уурга, бугуйл хийж өгдөг, хонь, ямаа бугуйлдахаас эхлэн, морио сэлгэхийн тулд заавал сурдаг, гаршдаг, монгол эр хүний заавал сурах, хийж чадах ёстой зүйлс, ахуйн шаардлага.
Учрал баатартай адил баатар эрийн түүхийг багадаа нэгэн өгүүллэгээс уншиж билээ. Харамсалтай нь, өгүүллэгийн болоод түүний гол баатрын нэрийг нь мартаж орхиж. Тэр харваач биш гэхдээ сэлэмчин.
 
Тэр эр өнчин өрөөсөн, ядуу зүдүү балчир насыг туулж, өдөр бүр айлын унгас ноосыг саваадан өгч хоногийн хоолоо олж иддэг байжээ. Идэр насанд хүрэхийн цагт хугацаагүй цэргийн албанд мордож, зуутын дарга болон таван замын байлдаанд оролцжээ. Зуун цэргийг тавь тавиар нь хоёр эгнээ жагсаагаад дундуур нь модон сэлмэнд хөө түрхэн морины хар хурдаар давхин өнгөрөхдөө цавчдаг байж, жагсаалд зогссон цэрэг миний хоолойд хүрээгүй гэж илтгэл төгс бодох хэдий ч аль хэдийнээ бүгдийнх нь хоолойг хөөдчихсөн байдаг тийм л хурдтай, ончтой цавчдаг байж. Намхан нуруутай бага зэргийн зүүн хазгар, алхахад сэлэмнийх нь үзүүр газар шүргэдэг.
Маш олон цэргийг хядсанаас болж түүний нэр хятад цэргийн дунд ихэд алдаршиж, түүний зуут гэдгийг мэдмэгц тулалдахгүйгээр зугтдаг болсон байна.
Таван замын байлдааныг зогсоож, цэргийг буцаан татах тушаал авсан үед, тэдний зуутыг хоолоо идэж байхад, гэнэдүүлэн хятадын 400 гаруй цэрэг довтлон тулалдаж, тулаанд хятад цэрэг хоёр хэсэг болон нэг хэсэг нь зөвхөн түүнийг таслан авч бүслэн хааж, шахамдуулан байлдаж, нөгөө хэсэг нь зуутын бусад цэргийг түүнд дэмжлэг үзүүлэх боломжийг хаахад чармайн байлджээ. Түүний зуутын нэгэн цэрэг (ахмад дайчны дурсамж байсан) хамгийн сүүлийн удаа түүнийг харснаа дурсахдаа, “Бид даргадаа туслахыг хичээвч хэдэн арван хятад цэрэг бидэн дээр овоорон байлдаж, түүн рүү дөхөх боломжийг хааж байлаа. Харин түүнийг биднээс аль болох холдуулахыг хичээн тасралтгүй шахан зүүн толгой дээгүүр цавчилцан давсан. Нар хэвийхийн алдад гэнэт хятад цэрэг дохио авсан мэт зугтан одсон. Толгойн наад руу хэдэн арван цэргийн хүүр, толгой дээгүүр, түүний цаад руу ч мөн адил бараг 200 гаруй цэргийн хүүр байсан. Бид даргыгаа хайсан боловч олоогүй, түүний шарил ч олдоогүй, зөвхөн түүнийг амьдаар барих тушаалтай цэргүүд л бидэн рүү гэнэдүүлэн дайрсан байх” хэмээн дурссан байдаг.
Тэрээр олдоогүй, харин хэдэн жилийн дараа Жанчхүүгийн давааны баруун талын уулын энгэр дэх элгэн хадан дээр хоёр гарыг нь тасдаж, нүдийг нь сохолсон нэгэн монгол эрийг цовдлон хүлсэн байдаг, тэр эрийг толгойгоо эргүүлэх төдийд манаанд зогсоо хятад цэргүүд далдичиж байдаг гэсэн яриаг жинчид авчирч ар гэрийнхэнд нь дуулгаж, бодуул түүнийг байх хэмээн таамагласан байдаг.
 
Үлгэрт аадар бороон дор сэлэм эргүүлэн зогсож хуурай гардаг хэмээн өгүүлдэг нь бараг үнэн мэт. Хүний нүдний хараа үл гүйцэх хурдаар сэлэм эргүүлнэ гэдэг, гэхдээ эргүүлсэн, энэ бас л ахуйн сургалт.
 
XX зуунаас өмнө монгол айл бүр ноосоо саваадан эсгийгээ хийдэг байсан. Унгас ноос саваадна гэдэг чамгүй хугацаа, эв дүй шаарддаг ажил. Гэвч хүн бүр эр, эмгүй багаасаа л эл ажилд оролцоно. Мөн нэмж хэлэхэд монгол эрэгтэй хүүхэд бүр багаасаа хаагаа ханзартал барилдана, царцаа үргээж өшиглөнө. Энэ бол хүүхэд наснаас хийсэн ахуйн сургалт.
Цагаанзам гуайн багад ээж нь нэгэн өдөр хөвгүүдээ нааш ир хэмээн дуудаж, гүйн очтол өвсний шороор нэг өмхий хүрнийг хүзүүгээр нь чагтлан хорьж, тэр өмхий хүрэн шорны төмөр сэрээг архиран тачигнатал хэмлэж байхыг харуулан “эр хүн ийм л байх ёстой юм” хэмээжээ. Эр зоригтой, няцашгүй байхын сургалт аж. Халимагууд монгол цэргийн дайн, тулаан, сургалт бэлтгэлийн өв уламжлал, түүхийг атаархмаар өвлөн авч үлджээ. Бидэнд ийм сургамж, түүх маш олон бий шүү хэмээн өгүүлж байна лээ.
Дээрх бүгдээс дүгнэхэд монгол эрс хүүхэд, балчир наснаасаа ахуйн шаардлагаар, тасралтгүй, үр дүнтэй, бүтээлч байдлаар сургагдаж, идэр насанд хүрэх үед хүссэн ч, хүсээгүй ч байлдааны өндөр чадавхтай цэрэг эр болон бэлтгэгддэг байжээ.
Цэрэг хүний байлдааны чадавх өндөр байх тусам түүний тулааны талбарт амьд үлдэх магадлал төдий чинээ өндөр байдаг байх, нэгэн эх сурвалжид XIII зуунд Ойрхи Дорнодод очсон монгол цэргийн хоёр зуутын дарга хоорондоо хэн илүү дарга болох талаар маргаж. Нэг нь би нутгаасаа авч гарсан дайчдаасаа 10 гаруй цэргийг алдсан гэж, харин нөгөө нь тавыг алдаж гэнэ, түүнийг ихэд хүндлэн та надаас илүү дарга ажээ гэж. Бүхэл бүтэн 7-8 мянган километр замыг дайсагнасан ард түмний дундуур туулан, өч төчнөөн дайн, тулаанд орж хэдэн жил аялан байлдаад тийм цөөн тооны цэргийн хохиролтой байна гэдэг гайхалтай юм.
 
Монгол хүн ам цөөтэй, түүний хэрээр цөөн цэрэг гаргах боломжтой, харин түүнийгээ ийнхүү цэргийнхээ сургалт, байлдааны чадавхаар нөхөж чаддаг байсан нь харагдаж байна. Харин орчин үе, техник технологийн тодорхой хөгжилд суурилсан зэвсэглэл, цэргийн техник, тоног төхөөрөмжийн эрин үе, ахуйн сургалтаар цэргийг бэлтгэх боломж хязгаарлагдмал болсон. 
 
Гэхдээ энэ цаг үед явагдаж байгаа дайн, зэвсэгт мөргөлдөөн бидэнд өндөр ур чадвар, дадлагатай, мэргэшсэн төрөл мэргэжлийн цэрэг, буудагчийн хэрэгцээ буураагүйг, мөн бэлтгэх шаардлагатайг харуулсаар байна. Харин хэрхэн бэлтгэх вэ. Бид ОХУ-ын БХЯ-наас жил бүр зохион байгуулдаг “Цэргийн наадам” тэмцээний танкийн биатлоны төрөлд оролцоод нэлээд хэдэн жилийг үдэж, түүний хэрээр танкийн тоот (экипаж)-ыг сургаж бэлтгэх тодорхой хэмжээний арга барил, дадлага, туршлага хуримтлуулжээ.
Хурандаа Ц.Төрмөнх олон жил тус тэмцээнд танкчдыг бэлтгэсэн, тэрээр “Хөдөө өссөн, тарвага, зурамны толгой ширгээж байсан хүүхдийг л олж ирж бууны ард тавихсан, арай өөр юм” гэнэ. Энэ нь багаасаа буутай харьцсан, тарвага, зурамны толгой шагайж сурсан буюу буудагчийн суурь дадлага, мэдрэмж суусан тийм буудагчийг л хайж, суурин дээр нь танкийн буудлага зааж, түүгээрээ буудагч бэлтгэх цаг хугацаа, зардлыг бууруулж, өндөр ур чадвар, мэдрэмжтэй буудагч бэлтгэхийг хүссэн хэрэг. Олон жил хайсан, харин нэгийн зэргээс илүүг олоогүй. Хүний нөөц л бага юм даа.
Сургуульд танкийн буудагчид их буу, түүнд үйлчлэх эд анги, механизмуудын бүтэц зохион байгуулалт, харилцан ажиллагаа, эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээг л заадаг. Мэдээж хэрэг мэргэжлийн буудагчийн мэдвэл зохих зүйлс. Харин буудагчийн ур чадвар, дадлагыг эзэмшүүлдэггүй, түүнийг анги, салбарт сурахаар үлдээдэг.
Танкийн буудагч целийг хараалаад өөрийн танкны хурд, хөдөлгөөний чиглэл, их бууны гадаад, дотоод баллистик, мөн целийн хурд, хөдөлгөөний чиглэлийг богино хугацаанд тооцож хараалаад удирдлагын пультны кнопыг дарах хугацаа бол ур чадвар, харин кноп дарсны дараах тэрхэн агшинд зурсхийх бодол бол мэдрэмж. Мэдрэмж дээр ур чадвар хөгждөг.
 
Тэгэхээр мэдрэмж буюу буудлагын тоо нэмэгдэх тусам буудагчийн ур чадвар харилцан хамааралтайгаар өсөж байдаг. Нэг буудагчийг тэмцээнд орох боломжит түвшинд бэлтгэхэд одоогийн боломжоор хоёроос доошгүй удаагийн бэлтгэл буюу 1-2 жил нөөцөд бэлтгэсний дараа бүрддэг. Ингээд л төрөл бүрийн буудагчдыг бэлтгэх асуудал нөгөө л зардал, хугацаа гэсэн мухардмал байдалд ордог. Гэхдээ одоо үед төрөл мэргэжлийн цэргийн буудагчдын ур чадвар, дадлагын түвшин тулааны үр дүнг тодорхойлж байна. Жишээлбэл, танкийн тулааны талбарт орших чадварын 70-аас дээш хувь нь буудагчийн ур чадвараас шууд хамаардгаас харж болно.
2021 оны танкийн биатлон тэмцээний үед манайхан зарим улсын тамирчдаас бэлтгэлийн хугацаанд хэдэн их бууны сум зарцуулдгийг тандахад, Казакстаны тамирчид 3000 орчим сум, буудлагын үр дүн 60 хувь, харин киргизүүд 80, үр дүн 27,7 хувь, харин манай багийнх их бууны буудлагын үр дүн 66,2 хувь. Манай бэлтгэлд зарцуулсан сум казахстанаас арав дахин бага, гэхдээ үр дүнг нөхсөн боломж дээрх бэлтгэлийн хугацаа байсан.
Бидний цэргийн сургалт, бэлтгэлд алддаг нэг томоохон асуудал бол бэлтгэл хоорондын хугацаа буюу мөчлөг. 30-40 хоног бэлтгэл хийдэг, ур чадвар, мэдрэмж ахидаг, тэмцээнд ордог, дараа нь анги, салбартаа очоод буудлага, жолоодлого хангалттай хийдэггүй, эргээд арван сарын дараа бэлтгэлд гардаг, өмнөх жилийн хүрсэн ур чадвар, мэдрэмжээ сэргээхэд хугацаа, зардал алддаг. Ялангуяа энэ нь буудагч, механик-жолооч нараас илүү харагддаг. Мөчлөгийн хугацаа их байх тусам ур чадвар, мэдрэмж сэргэх хугацаа төдий чинээ уртасдаг.
 
Узбекистаны Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын мэргэжлийн дадлага, ур чадвар сүүлийн гурван жилийн хугацаанд эрс сайжирч, “Цэргийн наадам” тэмцээний төрөл мэргэжлийн цэргийн уралдаан, тэмцээнүүдэд үзүүлэх амжилт илт дээшилсэн. Энэ жил тус улсад зохион байгуулагдсан “Зэвсгийн мастер” тэмцээнд ажиглагчаар оролцсон цэргийн алба хаагчид “Тэд 12 дугаар сард сонгон шалгаруулалтаа хийж, 2 дугаар сараас бэлтгэлдээ гарсан, сарын 30 хоногийн тав хоногт нь гэртээ амарч, үлдсэн 25 хоногт нь байнгын бэлтгэлтэй байсан гэсэн. Тэмцээнд оролцож байгаа цэргүүд нь яг л робот шиг байсан” гэж байлаа. Бид эндээс нэгийг харж, нөгөөг тунгаах л асуудал.
Дээрх туршлага, сургамжаас харахад төрөл мэргэжлийн цэргийн мэргэшсэн бүрэлдэхүүнийг бэлтгэх, бэлтгэлжилтийн түвшнийг тодорхой хэмжээнд ахиулах нь мэдээж хэрэг томоохон хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардах асуудал юм. Гэхдээ бидэнд үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудал тулгамдаж байна.
 
Төрөл мэргэжлийн цэргийн нэгтгэл, ангиудад сайтар бэлтгэж, төхөөрөмжилсөн талбай, өндөр мэргэшсэн дадлагын багш нартай төвүүдийг байгуулж болох юм. Энэ сургалтын төвүүдэд тухайн ангийн мэргэжлийн бие бүрэлдэхүүн болон мотобуудлага, бусад анги, салбаруудын мэргэжлийн бүрэлдэхүүнийг бэлтгэж, өндөр ур чадвар, дадлага эзэмшүүлсний дараа, тодорхой хугацаагаар буюу сургалтын мөчлөгөөр дахин давтан сургах байдлаар мэргэшсэн бүрэлдэхүүний нөөцийг байнга бий болгож болно. Мөн эдгээр төвийн багш нарт Зэвсэгт хүчний бүх мэргэжлийн бие бүрэлдэхүүний бэлтгэлжилтийн түвшнийг нэг өнцгөөс харах, Монгол хүний онцлогт тохирсон богино хугацаанд өндөр ур чадвар эзэмшүүлэх сургалтын арга барил боловсруулах, бусад үнэлгээ, дүгнэлтийг өгөх зэрэг боломжуудыг ч олгох юм.
Мэргэшсэн багшлах бүрэлдэхүүн бол онол, дадлагыг хослуулсан сургагч нар юм. Нэмж хэлэхэд бид онолыг олон жил хаясан, намайг Зэвсэгт хүчинд хөл тавьж байх үед онол гэж нэгийгээ хочилдог ч байсан. Онол хаягдсан, практикыг чухалчлах болсон. Хэрвээ 100 сумны, мөн хугацааны 70 хувийг үргүй заръя гэвэл онолгүй байж болох юм.
 
Мөн төрөл мэргэжлийн цэргийн мэргэшсэн бүрэлдэхүүнээс гадна буудлагын зэвсгээр мэргэн буудах чадвартай буудагч нарын хэрэгцээ мөн л тулгамдаж буй асуудлуудын нэг болсоор байгаа нь Орос-Украйны дайн, Хятад-Тайваны хямралаас харагдаж байна. Тайваний нэг баян этгээд гурван зуун мянган мэргэн буудагч бэлтгэж өгнө гэсэн мэдээ сошиалаар нэлээд цацагдлаа.
 
Харин бид хэчнээн мэргэн буудагчийг хэдий хугацаанд бэлтгэх бол, манай бүрэлдэхүүний хэдэн хувь ямар хувийн магадлалаар онох бол, судалбал сонирхолтой л тоо гарах байх. Энэ мэтчилэн байнгын бие бүрэлдэхүүний буудлагын дадлага, ур чадварыг хэрхэн ахиулах вэ, буудлагын өндөр ур чадвартай нөөц бүрэлдэхүүнийг хэрхэн бэлтгэх вэ гээд бас л тулгамдаж буй асуудлуудын нэг.
Ядаж туршилтын журмаар ч болов нэг, хоёр ангидаа буудлагын болон пайнтболын клуб, тир, талбай зэргийг байгуулъя. Энэ төрлийн спортуудыг Зэвсэгт хүчин санаачилга тавин хөгжүүлбэл, нэг их удахгүй тив, дэлхий, олимпод оролцох тамирчдын дийлэнхийг бүрдүүлэх боломж байна. Цэргийн хүний хамгийн эхний ур чадвар, мэргэн буудах биз дээ? Хэдий болтол улиралдаа ганц, хоёр сумаар буудаж, тэмцээнд оролцдог нь л буудна биз хэмээж явах вэ.
Бүх бүрэлдэхүүнээ Учрал баатар шиг мэргэн болгож чадахгүй ч, ядаж тавин хувийн үзүүлэлттэй болговол хэзээ нэгэн өдөр хэрэг гарвал өөртөө итгэлтэй цэрэг байг л дээ.
Түүнчлэн дайчилгааны нөөц бүрэлдэхүүнийг, энгийн хүүхэд, залуусыг ч сургалтад хамруулж буудлага, бууны эд анги, механизмын талаар мэдлэг, дадлага, эрх олгох сургалтыг ч харгалзан хөнгөлөлттэй үнээр хэрэгжүүлж болно. Мөн марш-тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнийг ч дайчилгааны нөөц бүрэлдэхүүн, хүүхэд, залуусын дунд хүний шунал хөдөлгөхөөр шагналын сантай явуулж болох юм.
 
Цэргийн сургалт, бэлтгэлд байнгын идэвхжүүлэх сэдэл хэрэгтэй. Сургалт, бэлтгэлийн газраас бие бүрэлдэхүүнийг цэргийн мэргэжлийн зэрэгтэн болгох уриалга дэвшүүлж байгаа нь сайшаалтай хэрэг. Гэхдээ мэргэжлийн зэргийг албан тушаалын ур чадвараар үнэлдэг болбол хэр зохилтой вэ. Жишээлбэл, танкийн механик-жолооч албан тушаалд ажиллаж байгаа цэрэг, өөртөө байнгын эрхэмлэж явах ур чадварын дэвтэртэй байвал, тухайн механик-жолооч тэдэн онд “Сэлэнгэ” сургуульд оролцож, танкийг төчнөөн километр жолоодсон гэх мэтчилэнгээр танк жолоодох бүрт километр нь нэмэгдсээр 1000 км болоход нь автоматаар 3 дугаар зэрэг олгодог, шифрчин тийм сургуульд орж тэдэн цаг мэдээ боловсруулалт хийсэн гэх мэтчилэнгээр өөрийн албан тушаалын ур чадварыг ахиулж байгаагаар нь олгоё. Буудагч тэр тэдэн удаа буудлага хийсэн гэх мэтээр байж болох юм. Тэгвэл албан тушаалдаа илүү эзэн болж өөрийнхөө ур чадварыг нэмэгдүүлэхийн төлөө тэмцээн, уралдаан, сургууль, дадлагад оролцох идэвх нь нэмэгдэх болов уу гэж бодох юм.
Хоёр, гурван мэргэжлийн зэрэг эзэмшсэн ч болно шүү дээ. Тэрнийхээ хэрээр цалин мөнгө нь нэмэгдэг, албан тушаалын ур чадвар нь ч дээшлэг.
Байнгын суралцах идэвх төрүүлэх бас нэг арга өнөөгийн ОХУ-ын явуулж байгаа “Цэргийн наадам” тэмцээнтэй ижил төрөл бүрийн тэмцээнийг явуулах, мэдээж хэрэг бас л шагналын сан. Наадам гэснээс гадаадын нэг жуулчин Монголд ирж наадам үзчихээд яасан цэрэгжсэн наадам бэ гэсэн юм гэнэ лээ. Тийм л дээ Монголчуудын түүх тэр чигтээ цэрэг, дайн, тулааны түүх гэдэг. Тэрнийхээ хэрээр Монголчууд цэрэг, дайчдаа идэвхжүүлэх, хөгжөөх, онцгой ур чадварыг хөхиүлэн дэмжих баялаг түүхтэй ард түмэн. Их Монголын түүх эхлэхэд цэргийн наадам хийсэн гэж түүхэнд үлдсэн, жишээ нь энэ, өөр ч байгаа.
 
Гранат шидэлтийн аварга шалгаруулах тэмцээн байж болно, тасаг салаанд нэг бүрийн амжилтаар харин рот, батальонд тасаг, салааны амжилтаар нь дүгнэж болно гэх мэтчилэн. Үлдсэн ганц гранатаа илүү өндөр магадлалтайд нь хэн ч өгнө. Энэ мэтчилэн байнгын бие бүрэлдэхүүнийхээ мэргэжлийн дадлага туршлага, ур чадварыг сургалтын идэвхжүүлсэн хэлбэрээр явуулахаас гадна, дайчилгааны нөөцийн бүрэлдэхүүнээ ч анги, салбартайгаа эргэх холбоо бүхий зарчмаар сургаж, байлдах чадавхыг нь дээшлүүлж болох юм.
Дайн тулаан тэмцээн уралдаан алинд нь ч аз, од гэж хэзээ ч байдаггүй, харин ур чадвар, бэлтгэлийн түвшин л харагддаг.
Өнөөдрийн бидний өдөр бүр сошиалаар харж байгаа орчин үеийн дайн, зэвсэгт мөргөлдөөн цэргийн алба хаагчдаас мэргэжлийн өндөр ур чадварыг шаардаж байна. Харин цэргийн алба хаах хугацаа, эдийн засгийн байдал шаардлагад нийцсэн цэргийг бэлтгэх боломжийг хязгаарлаж байна. Тиймээс хүүхэд нас буюу цэргийн албаны бэлтгэл нас, цэргийн албаны хугацаа, цэргийн албаны дараах бэлтгэл гэсэн сургалтын үе, шатлалаар алгуур, тодорхой хугацаагаар, тасралтгүй бэлтгэх боломжтой цэргийн сургалтыг хөгжүүлэх шаардлагатай мэт харагдаж байна. Мэдээж хэрэг тодорхой насны ангиллаар сургалтын эрчмийг өөр өөр байдлаар зохицуулж болох юм. Гэхдээ нас ахих тусам эрчмийг бууруулахгүй харин нэмэгдүүлж ч болох юм. Нэгдүгээр цувраанд 40-өөс дээш насныхан л явах нь байна.
Ингээд төгсгөлд нь энэхүү бодол, эргэцүүллээ нэгэнт “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс санаа аван эхэлсэн тул нэвтрүүлэгт өгүүлэгдсэн ганц хоёрхон эшлэлээр төгсгөхийг хүслээ.
Та бүхэн тэр олон ард түмний дунд бүхэл бүтэн 400 гаруй жилийн хугацаанд яаж хэл соёл, удам угсаагаа авч үлдэж чадсан юм бэ гэсэн хөтлөгчийн асуултад, бид цөөхөн болохоор тэсэж үлдэхийн төлөө тэмцдэг юм. Манайд нэгэн дуу байдаг, түүнд “Эмээл нь мориндоо тохоотой хонодог, хөвгүүд нь бүстэйгээ хонодог” гэж хариулах. Халимагууд их дайчин, эрэмгий ард түмэн юм аа хэмээхэд “Монгол болохоор л” гэж өгүүлэх юм.
 
Дэд хурандаа Х.САНЧИРДОРЖ
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин