sonin.mn
“Байлдаан эхэлмэгц хоёр этгээд хутга сэлэм сугалж, алх сүхээ эргэлдүүлэн тун догшин ширүүн тулалдав. Ган сэлэм далайж ганцмөсөн цавчиж орхиход тасарсан толгой бөмбөрч, тасархай гар ч нисэж байлаа” хэмээн Чингис хаан Самарканд хотын дэргэд гардан тулалдаанд орсон тухай 1220 оны түүхэн эх сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Арай ойрмогхон буюу 1912 оны түүхээс сонирхъё.
 
Богд хаант улсын морин цэрэгт Оросын зэвсэг нэвтрэхэд орос цэргийн дарга нар гардан тулалдаанд ороход жадтай буугаар жадлах, мөрлөгчөөр цохих арга техникүүдийг манайханд зааж эхэлсэн гэдэг. Харин одоо нийтлэлийн маань гол санааг тодотгох түүх сөхье. 1955 он... Цэргийн ерөнхий сургуулийн Бага даргын сургуулийн сонсогчдын дунд үндэсний бөхийн барилдаан болоход байлдагч З.Чулуунхүү түрүү булаалдан үзүүрлэжээ.
 
Багаасаа хөдөө малын захад эмнэг сургаж өссөн болоод ч тэр үү барагтайд унахгүй, басхүү тэр барилдаанд үндэсний бөхийн зайлж хөлд орох мэхээр учраануудаа унагасаар үзүүрлэсэн залуу яагаад ч юм ЦЕС-ийн зөвлөх ЗХУ-ын цэргийн мэргэжилтний анхаарлыг татан сонгогдож, улмаар тагнуулын тусгай бэлтгэлд хамрагдаж, “цэргийн нууц” учраас ам алдаж болохгүй гэсэн хатуу даалгаврын дор цэргийн гардан тулааны мэдлэг, ур чадварт суралцжээ. Өдгөөгөөс дал шахам жилийн өмнө болсон тэр явдлаас хойш тэрбээр өнөөг хүртэл Монголын Зэвсэгт хүчинд зэвсэгтэй, зэвсэггүй гардан тулааны төрөл мэргэжлийн сургалт, бэлтгэл, хичээлийг тасралтгүй заасаар явна. АНУ-ын Тэнгисийн явган цэргийн гардан тулалдааны сургалтын бор бүс цолтой, гимнастикийн спортын мастер, ахмад багш, бэлтгэл дэд хурандаа Жанжин овогт Зундуйн Чулуунхүүгийн амьдралын замналын талаар хамтдаа сонирхъё.
 
Орчин цагийн цэргийн гардан тулааны анхдагч
 
Орос зөвлөхийн сонгож авсан байлдагч залуу “Сургуулийн спорт заалыг долоо хоногт хоёр удаа цэвэрлэнэ” гэсэн сургуулийн захиргааны албан бичиг, ротын захирагчийн зөвшөөрлөөр спорт заалыг зорьж, нууцаар гардан тулаан, хүндийн өргөлтөөр хичээллэж, модон морь, дүүжин савлуур зэргээр дасгал бэлтгэлийг шаргуу хийж эхэлжээ. Түүний орос мэргэжилтэнтэй ойлголцох, хэл нэвтрэлцэх орчуулагч хийгээд хамтран бэлтгэл хангагч нь хожмын “Алдар” нийгэмлэгийн тамирчин, спортын мастер н.Сэрээтэр байлаа. Ийнхүү Монголын орчин цагийн Зэвсэгт хүчинд гардан тулалдааны урлаг нэвтэрсэн нь тэр байжээ. Орос мэргэжилтэн түүнд дайсныхаа нүдийг сайн харах, хийх хөдөлгөөнийг нь урьдчилан тооцоолох, авхаалж самбаа, хурдтай байхыг чухалчлан захидаг байлаа. Германтай дайтсан Орос Улс өөрийн туршлага, сургамждаа үндэслэн боловсруулсан сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу түүнийг сургаж дадлагажуулахын зэрэгцээ Азийн орнуудад илгээх тагнуулын журмаар давхар бэлтгэж байсныг харин сүүлд мэдсэн гэдэг. Цэргийн гардан тулааны арга мэх нь зайлшгүй чухал үед цэрэг хүн амь биеэ хамгаалж, дайснаа устгах, ялан дийлэх эрдэм агаад тулааны тактикийн спортоос тэс өөр юм. 
 
Аливаад махруу, нямбай ханддаг залуу ч энэ эрдэмд чамгүй сайн суралцсаныг цэргийн алба хаах хугацаандаа хүртсэн “Хөдөлмөрийг батлан хамгаалахад бэлхэн” буюу ХБХБ-ийн болзлыг бүрэн хангасан, хошой “Онц сурлагатан”, “Онц буудагч” тэмдэг шагналууд илтгэнэ. “Рапорт” Ж.Ёндонгийн удирдлагад Хүндэт харуулын суманд хэсэг хугацаанд алба хааж, Энэтхэг, Вьетнам, Европын орнуудын Ерөнхийлөгч, хүндэт зочдыг угтаж, хүндэтгэл үзүүлж хүртэл явсан  гэдэг. 
 
З.Чулуунхүү 1966 онд Цэргийн ерөнхий дээд сургуульд тусгай бэлтгэл, гимнастикийн багшаар томилогдон арван жил ажиллахдаа ч, 1974 онд Зүүнбаянд Ардын Армийн 126 дугаар дивизэд штабын туслах, Тагнуулын тусгай салбарын тусгай бэлтгэлийн багшаар томилогдохдоо ч, хожим Сургуулийн дивиз буюу өнөөгийн Зэвсэгт хүчний 150 дугаар ангид штабын туслах, биеийн тамирын багшаар уригдан ажиллахдаа ч монгол цэрэг бүр байнгын бэлэн байдалд байх ёстой, монгол цэрэг гэдгээрээ бахархах учиртай, бие бялдар, сэтгэл зүй, сэтгэлгээний хурд, хүч чадал, уян хатан, авхаалж самбаа, эр зориг, тэсвэр хатуужил, амь биеэ хамгаалах ур чадвараа байнга хөгжүүлэн, тусгай бэлтгэлд заавал хамрагдах ёстой хэмээн нэгэн үзүүрт сэтгэл зүтгэлээр хөдөлмөрлөж, бэлтгэл сургуулилтыг биеэр үлгэрлэн удирдаж, алба хаагчдыг хөгжүүлсээр иржээ. "Иракийн эрх чөлөө" ажиллагаанд алан хядагчийг устгаж, гавьяа байгуулсан Г.Аззаяа БХИС-ийн сонсогч байхдаа буурал багшаараа гардан тулааны хичээл заалгаж байснаараа бахархаж, кикбокс суурьтай байсан дээрээ багшаараа багахан хугацаанд гардан тулаан заалгаад тэр жилдээ Зэвсэгт хүчний гардан тулааны тэмцээнд орж, хүрэл медаль хүртэж байснаа дурссан юм. 
 
Ер шахам настай буурал маань өнөөдөр ч цэргийн болон цагдаагийн сургуулийн сонсогч, Зэвсэгт хүчний ангиудад гардан байлдааны арга барил, бие хамгаалах урлагийн ур чадварыг заасаар л байна.
 
Бусад улс орнуудын бие хамгаалах спортын арга техникийг сургалтдаа байнга ашигладаг, олон сурах бичиг, гарын авлага боловсруулж хэвлүүлсэн түүнд "Бие хамгаалах урлагийн холбоо"-ноос бие хамгаалах гардан тулааны бүх төрлөөр сургалт явуулах эрхийг олгосон бол 2006 онд Америкийн Тэнгисийн явган цэргийн гардан тулааны бор бүс хүртсэн нь түүний ур чадварыг гадаадын цэргийн өндөр мэргэжлийн багш нар  ч хүлээн зөвшөөрснийг илтгэнэ.  Ташрамд дурдахад, Ардын Армийн 126 дугаар дивизэд ажиллаж байхдаа цэргийн тусгай сургалтад зориулан 200м агаарын канадан саадтай зурвас, танк эсэргүүцэн гранат шидэх хэрэгсэл, нуувчнаас гранат шидэх тоноглогдсон зурвас, гүйлтийн саадтай зурвасыг буудлагын талбайтай хослуулан байгуулсан нь Армийн хэмжээнд анхных бөгөөд цор ганцад тооцогдож, Армийн ахлах офицеруудын цугларалтаар үзүүлэх сургууль хийж, сайдаас өндөр үнэлэлт авч, хугацаанаасаа өмнө ахмад цолоор шагнуулж байсан төдийгүй бусад ангиудад үлгэр дуурайл болж, бүр тэргүүн туршлага болгон дэлгэрүүлэх сайдын тушаал хүртэл гарч байжээ.  Анхны шигшээ багийн гишүүн, гимнастикийн спортын мастер
 
Хугацаат цэргийн албанаас халагдахын өмнөхөн тэрбээр “Алдар” нийгэмлэгийн зааланд зохион байгуулагдсан Цэрэгжлийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээний дүүжин савлуур, модон морь зэрэг төрөлд амжилттай оролцон тэргүүн байр эзэлжээ. Тэмцээнд түрүүлсэн баяр хөөрөөс илүү нийгэмлэгийн орлогч дарга гавьяат багш дэд хурандаа Б.Даш “Халагдаад нутагтаа сар амарчхаад ир, ахлагч болгоно” хэмээсэн нь түүнийг юу юунаас илүү баярлуулжээ.
 
Аймагтаа очвол Сумын эвлэлийн үүрийн даргаар тавина л гэнэ, Шүүхийн нарийн бичгийн дарга хийлгэнэ л гэнэ. Гэсэн ч сэтгэлийн дуудлагаар, аавынхаа өгсөн хоёр тэмээг борлуулж бэл хийгээд Улаанбаатар хотыг зорьжээ. Ингээд хотын паспорттой болж, “Алдар” нийгэмлэгт гимнастикийн тамирчнаар орсон түүхтэй. 1961 онд Бүх ард түмний анхдугаар спартакиад болж, “Алдар” нийгэмлэг нийлбэр дүнгээрээ тэргүүлж, гимнастикийн тамирчид мөнгөн медаль хүртэж, спорт гимнастикийн анхны шигшээ багийн гишүүн, багш дасгалжуулагч З.Чулуунхүү хос мөнгөн медалийн эзэн болжээ. Дүнгийн хурал хийсний дараа Б.Даш багштайгаа уулзаад сургуульд сурах хүсэлтээ илэрхийлж, удалгүй Багшийн дээд сургуульд элсэн орж, Биеийн тамирын багш-дасгалжуулагчаар төгссөн байна. Сургуулиа дүүргэсэн гимнастикийн спортын мастер залуу маань Цэргийн ерөнхий дээд сургуулийн багшаар томилогдон ажиллахдаа чөлөөт бөх, гимнастик, бокс, самбо, цана, тэшүүр болон цэргийн гурван төрөлтийн секц хичээллүүлж, 1970 он хүртэл жил бүрийн Армийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон тогтмол тэргүүн байр эзэлдэг байв. Анх секц байгуулахаар сонсогч бүртгэхэд гимнастикт муу, биеэ даадаггүй, хэрэглэл дээр ажиллаж чаддаггүй, сул биетэй цөөхөн оюутан курсийн даргын шахалтаар секцэд явж сайжрах, биеийн тамирын шалгалтад муу авахгүй байх үүрэгтэй орж ирсэн гэдэг. 
 
Багш харин сонсогчдод итгэл хайрлахын тулд аливаа дасгалыг биечлэн үзүүлж, сонс эргэж байхыг харсан сонсогчид сонирхож, өдөр бүр нэмэгдсээр заал дүүрэн болсны зэрэгцээ сул биетэй сонсогчид ч сэргээд иржээ. Тэрээр бас сурлага, ур чадвараар хоцрогдож магадгүй сонсогч бүртэй ганцаарчлан ажилладаг арга барилтай байв. Курс курсээс “сонгомол” сонсогчдыг цуглуулж, “сонгодог” хичээл явуулдаг байсан талаар түүний шавь доктор, профессор Ц.Эрдэнээ дурссан байдаг. Модон мориноос айдаг, турник огт давдаггүй, гүйлтээс сугараад үлдчихдэг зэрэг “сонгомол” сонсогчид багшийн ачаар төгсөлтийн шалгалт, уралдаан тэмцээнээс айхааргүй болдог байсан гэнэ. Ганцхан жишээ дурдахад, “сульдаа” хочтой сонсогч А.Баяраа гэхэд л багштайгаа хичээллэж, хичээсээр төгсөх жилээ 208 удаа, дараа жил нь Зэвсэгт хүчний 084 дүгээр ангиас дэслэгч цолтой орж 416 удаа эргэж Армийн сонс эргэлтийн аварга шалгаруулах тэмцээний аваргыг жил дараалан хамгаалж, цэрэгжлийн спортын мастер “сонс Баяраа” гэгдтэлээ алдаршсан юм шүү дээ. 
 
Улс хувьсгалын 25 жилийн ойгоор Гомбосүрэн гэдэг хүн 60 удаа сонс эргээд төр, засгийн удирдлагаас “Алтан гадас” одонгоор шагнуулж байсан гэдэг. Харин Чулуунхүүгийн хичээл зүтгэл, идэвх санаачилгаар явуулсан гимнастикийн секц нь Монголын Ардын Армийн цэрэг, түрүүч, ахлагч, офицеруудыг сонсчин болгосон төдийгүй  А.Баяраа, Ш.Чүлтэм нарын тамирчид 300-416 удаа эргэсэн амжилт гаргасан нь залуудаа сонс эргэх дуртай байсан БХЯ-ны сайд, армийн генерал Б.Доржийн анхаарлыг татаж, 1973 онд офицер бүр сонс эргэж сурах, Армийн салаа бүрд гурваас доошгүй цэрэг, түрүүч сонс эргэдэг байх тухай тушаал гаргаж байжээ.   
 
2012 онд мөн түүний шавь Мөнхболд 451 удаа сонс эргэж, спортын мастер цол хүртсэн амжилтыг өнөөдөр эвдэж чадаагүй байна. Ийнхүү гимнастикийн төрлөөр зохион байгуулдаг тэмцээн уралдаануудад түүний шавь нар л хоорондоо өрсөлдөж, аваргын төлөө тэмцэлддэг ажээ. 1978 оны хавар Армийн марш-тактикийн тэмцээний гол өрсөлдөгч нь Ардын Армийн сургуулийн тусгай батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар анги болон Цэргийн нэгдсэн дээд сургуулийнхан байжээ. Хоёулаа З.Чулуунхүү багшийн дасгалжуулсан шавь нар нь байсан гэдэг. ЦНДС-аас тус ангийн биеийн тамирын даргаар томилогдон ажиллаж байсан тэрбээр бэлтгэлийг өөрөө үлгэрлэн бэлдсээр 150 дугаар анги гурван жил дараалан түрүүлж, Армийн аваргын найман литр сүүний багтаамжтай алтан шаргал домбон цомыг үүрд хадгалсан түүхтэй.
 
Түүнчлэн модон моринд малгай тавьж харайх төрөлд түүний шавь нараас найман алба хаагч 12 малгайн дээгүүр харайж спортын мастерын болзол хангасан бол түүний шавь А.Биндэръяа 2016 онд 13 малгайн дээгүүр харайж шинэ дээд амжилт тогтоожээ. Энэ нь газраас 2 м 86 см өндөр гээд бодоод үзвэл тамирчнаас ямархан ур чадвар, тэсвэр хатуужил гарч буй нь ойлгомжтой болов уу. Сонс 451 удаа эргэж, модон моринд 13 малгайн дээгүүр харайсан энэхүү амжилт Зэвсэгт хүчний хэмжээнд дээд амжилт байсан. Одоо ч эвдэгдээгүй байгаа энэхүү амжилт нь багшийн мэдлэг, туршлага, чадамжийн баталгаа юм.  Тэрбээр мөн спортод амжилт үзүүлэх хүнийг танихдаа гаргуун нэгэн ажээ. Хугацаат цэргийн албанаас олон дайчныг тамирчин болоход хөтөлж, “Алдар” спорт хороонд шалгаруулан өгч байснаас дурдвал, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Монгол Улсын дархан аварга Д.Цэрэнтогтох, улсын заан Б.Ишгэн, чөлөөт бөхийн спортын мастер Ж.Улаанхүү, боксын спортын мастер Б.Чулуунбат, гимнастикийн спортын мастер З.Давааням нарын олон алдартан байдаг ажээ. 
 
Цасан дээр мөртэй,  цаасан дээр НЭРТЭЙ хүн
 
Улсын багшийн дээд сургуульд суралцаж байхдаа тэрбээр Сэтгүүлчийн курст мөн суралцан төгссөн бөгөөд “Улаан од” болон бусад төвийн сонин хэвлэлүүдэд идэвхтэн бичигч хийж олон ч нийтлэл, мэдээлэл хэвлүүлжээ. Мөн Зэвсэгт хүчинд тавь шахам жил ажиллахдаа бие хамгаалах ур чадвар дээшлүүлэх сургалт зохион байгуулж, зааж байсан туршлагадаа тулгуурлан “Бие хамгаалах ур ухаан, тусгай чадамжаа дээшлүүлье” хоёр цуврал сурах бичиг зохиосон нь алба хаагчдад бие даан хөгжих боломж олгож, тулааны үндсэн зогсолтоос эхлээд хөдөлгөөнтэй бүлэг дасгал, амьд хэл барих, нэгжлэг хийх, олсонд авирах, өнгөлөн далдлалт, тээвэрлэлт зэрэг бүхий л мэдээллийг багтаасан ном болсон агаад тухайн үедээ БХЯ-ны оны шилдэг бүтээлийн шалгаруулалтад ч орж байжээ. Гардан тулааны чиглэлээр Орос, Хятад, Солонгос, Герман, Америкийн ном сурах бичгийг шүүрдэн үзэж, Монголын нөхцөлд нутагшуулах боломжтойг нь сонгон авч, сурах бичгээ боловсруулжээ.
 
Мөн эмэгтэй цэргийн алба хаагчдадаа зориулан “Зэвсэгтэй, зэвсэггүй үед амь биеэ хамгаалах арга, мэх сурах бичиг” зохиосныг манай ганц эмэгтэй генерал Г.Болор өндрөөр үнэлж, “Аль ч орны цэрэг ялгаагүй хүнд бэрхийг туулах мэдлэг, дадлага, чадвар эзэмшиж, амь бие, нөхдөө эрсдэлээс хамгаалж чадах сургалт бэлтгэлтэй байдаг. Цэргийн эмэгтэй алба хаагчид зэвсэгтэй, зэвсэггүй үед амь биеэ хамгаалах дадлагад өдөр тутам суралцаж байдаг.
 
Дэлхийн цэргийн сургалт дадлага, амжилтыг өөрийн орны цэргийн үзүүлж байгаа амжилттай харьцуулсан судалгаа дүгнэлт нь багшийн ухааны цар, сэтгэлгээний өндөр чадамжийг илтгэнэ” хэмээсэн байдаг.  Богд хааны морин цэргийн албанд олон жил алба хаасан өвөг эцэгтэй, баруун хязгаарын хилийн цэрэгт таван жилийн албаа нэр төртэй хаасан аавтай, өөрөө байлдагчаас дэд хурандаа хүртлээ тавь шахам жил Зэвсэгт хүчиндээ сэтгэл хоёргүй зүтгэсэн ахмад багш маань өөрийн амьдралын ухаарал, эх орон, элгэн нутгаа хайрлах сэтгэл шингэсэн “Ухаарал хайрлах онч мэргэн үгс” номыг хэвлүүлсэн төдийгүй 10 гаруй дууны шүлгийг тэрлэсэн бичгийн их хүмүүн ажээ. 
 
ҮБХИС, Зэвсэгт хүчний 032, 065, 284 зэрэг ангид гардан тулаан, гимнастикийн сургалт явуулж, Армийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчид бэлтгэдэг. Мөн өрхийн эмнэлэгтэйгээ хамтарч ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дасгал хөдөлгөөн заадгаа “Энэ хавийнхаа гүйгээд оччих газруудаараа яваад заачихна аа” хэмээн өгүүлэх түүний нас сүүдэр наян найм ч гэлээ “цоглог залуу” гэмээр хөнгөн шингэн байдгийнх нь нууцыг сонирхвол өөдөөс өөрийнхөө бичсэн “Саруул ухаан, эрүүл бие” номоо өглөө. 
 
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суудаг, хөдөлгөөн, эрүүл мэнд, цэвэр агаар, зөв зохистой хооллолт, чанартай хүнсний ач холбогдлыг ухаарсан, эрүүл мэндийнхээ төлөө цаг зав гаргадаг, өглөө орой, цастай, нартай хамаагүй цэвэр агаарт алхдаг, урт богино хугацаанд явган аялал, ууланд алхдаг, наранд биеэ шарж чийрэгждэг ахмадууд гэр бүлээрээ эрүүл байдаг. Ялангуяа бэлтгэл, чөлөөнд гарсан ахмад офицеруудын бүлэг өглөө бүр 2-3 км алхдаг тухай “Насан-Урт” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмч номын өмнөтгөлд зориуд бичсэн байсан нь миний асуултын хариултыг тов тодорхой өгөх нь тэр ээ... 
 
 
Д.ГҮНЖИЛМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин