sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан "Бидний бахархал" төслийн нээлт ҮБХИС-д боллоо. Тус төслийн нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, ЕБС-ийн сурагчид оролцсон юм. Энэ үеэр оюутан, сурагчдын төлөөлөл сэтгэгдлээ хуваалцлаа. 
 
                ЭНЭ ТӨСЛӨӨС МАШ ИХ ЗҮЙЛИЙГ СУРЧ АВЛАА 
 
 
ИЗОУИС-ийн эрх зүйн ангийн оюутан Б.Төмөрбат: -Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй "Бидний бахархал" төслийн арга хэмжээнд зорин ирж оролцож байна. Сая бид Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэн замналыг харуулсан гэрэл зураг болон бусад түүхэн эдлэлүүдийг дэлгэсэн үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Түүхийн шинжлэх ухаанд сонирхолтой, түүхэн олдвор цуглуулахыг хичээдэг над шиг хүнд үнэхээр онцлогтой, ховор үйл ажиллагаанд амжаад ирчихсэн юм шиг санагдлаа. Үнэхээр их мэдлэг, мэдээллийг олж авсандаа баяртай байна. 
 
                Мөн Монгол Улсын тусгаар тогтнол ямар их үнэ цэнтэй вэ гэдгийг харуулсан контентыг үзээд их омогшлоо. Эх орон гэдэг хэдэн үеэрээ тэмцэлдэн байж хамгаалсан, хойч үедээ аминчлан даатгасан зүйл юм шүү гэдгийг бидний үеийн залуус тийм ч сайн ухаараагүй юм шиг санагддаг.
 
Унасан газар, угаасан ус гэдэг бол бидний хамгийн том баялаг гэдгийг ойлгуулах нь энэ төслийн зорилго болов уу. Миний бодлоор өөрийн эх орны түүхийг маш сайн судалж, өөрөөсөө гадна олон хүнд сурталчлан түгээнэ гэдэг хамгийн эх оронч үйлдэл гэж итгэдэг. Тиймдээ ч хожмын нэг өдөр яг л "Бидний бахархал" төсөл  шиг ийм том хэмжээний төсөл, хөтөлбөрийг зохион байгуулна гэсэн нууцхан мөрөөдөл надад байдаг. Өөрийн мэдлэгээ бусдад түгээх сайхан шүү дээ. Би ирээдүйн хуульч хүн. Манай багш нар бидэнд “Хуульч хүн жинхэнэ хүн байх ёстой” гэдгийг үргэлж захидаг. Харин жинхэнэ хүн байхын тулд эх орон гэдэг зүйлийг хамгаас илүү хүндэлдэг байх ёстой гэж ойлгодог. Энэ ташрамд уг төслийг санаачлан хэрэгжүүлж буй Монгол Улсын Ерөнхийлөгчид сургуулийнхаа оюутнуудын өмнөөс баярласан сэтгэгдлээ илэрхийлье.
 
ЕРӨНХИЙЛӨГЧИД БАЯРЛАЛАА ГЭДГИЙГ МИНЬ ДАМЖУУЛААРАЙ 
 
Налайх дүүргийн Политехникийн коллежийн Хүнд машин механизмын нэгдүгээр дамжааны оюутан Г.Дарьсүрэн:     
-Цэргийн алба хаагч ах нарын үзүүлэх тоглолт, буудлагыг үзэхэд үнэхээр сонирхолтой, сайхан байлаа. Тэр ах нар шиг болох юмсан гэж их бодогдсон. Би цэргийн албанд дуртайяа явна. Миний хувьд эх орон гэж наран, саран, цэцэгс навч, уул ус тэгээд миний өсөж төрсөн намуун сайхан Налайх минь, түүн шиг түшигтэй аав ээж минь, анд найзууд минь. Эх орон бол эгэл амьдрал минь юм. Цэргийн албыг нэр төртэйгөөр хааж, эр хүний эрхэм үүргээ заавал биелүүлнэ гэж боддог. Тэр үед ээж минь надаар бахархаад л, аав минь адуунаасаа яаран ирж намайг үнсэнэ гээд л төсөөлдөг дөө. Өглөө бүр хичээлдээ явах замдаа цэргийн ангийн танктай хөшөөний хажуугаар явж өнгөрдөг. Цэрэгт очоод яг тийм танканд сууж үзэхийг нууцхан мөрөөддөг. Хурдхан хоёр жил улирч, би цэргийн албанд явахыг хүсэж байна. Өнөөдрийн буудлагын сүрлэг чимээ намайг улам зоригжуулах шиг боллоо. Энэ үйл ажиллагааг зохион байгуулсан цэргийн ах, эгч нартаа, Монгол Улсын Ерөнхийлөгчдөө баярлалаа гэдгээ уламжилъя.
 
 
ИРЭЭДҮЙН НӨХӨР МААНЬ ЦЭРГИЙН АЛБА ХААСАН БАЙХ ЁСТОЙ
 
Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн есдүгээр ангийн сурагч Л.Энхсайхан:
 
-Миний хувьд анх удаагаа цэргийн үйл ажиллагааг илтгэсэн танилцах өдөрлөгийн үйл ажиллагаанд хамрагдаж байна. Сэтгэгдэл маш гоё байна. Цэргийн дуу хөгжим, дүрэмт хувцас, хоорондоо ёсолж мэндлэх, мэдлээ, гүйцэтгэе гэж хэлэх нь сүрлэг сайхан санагдлаа. Миний аав гурван жилийн цэргийн алба хаасан эгэл жирийн эр хүн бий. Ирээдүйн нөхрөө цэргийн алба хаасан хүн байгаасай гэж боддог. Тийм шаардлагаар ч сонгох болно. (инээв) Монгол бахархал, бидний бахархал гэдэг миний хувьд монгол хэлний хичээлдээ онц сайн байхыг хэлнэ. Бас айл гэр бүлийн өрхийн тэргүүн нөхрүүд нь цэргийн албанд яваад ирсэн байхыг хэлнэ.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин