sonin.mn
Олон улсын багш нарын өдрийг тохиолдуулан “Залуус” булангийнхаа энэ удаагийн зочин хойморт ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ерөнхий цэргийн тэнхимийн багш ахлах дэслэгч Г.Амгаланг урьж ярилцлаа. 
 
Юуны өмнө Танд нийт уншигчдынхаа нэрийн өмнөөс Олон улсын багш нарын өдрийн мэндийг хүргэе. 
 
-Баярлалаа, ҮБХИС-ийн эрхэм багш нар, эрдмийн хамт олондоо болон Монголын нийт багш сурган хүмүүжүүлэгчдэдээ Олон улсын багш нарын өдрийн мэндийг хүргэе. 
 
Эхлээд уншигчдадаа таныг танилцуулъя... 
 
-Би Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрж, өссөн. 1999-2009 онд Нийслэлийн тэргүүний 105 дугаар сургууль, 2011-2017 онд ОХУ-ын Москва хотын Цэргийн их сургуулийг цэргийн сэтгэл зүйч мэргэжлээр дүүргэсэн.   
 
Ажлын гараагаа хаанаас, хэрхэн эхэлж байв? 
 
-2017 онд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Сонсогчийн батальонд салааны захирагч албан тушаалаас ажлын гараагаа эхэлж байлаа.  Анх томилогдож очсон өдрөө шууд л батальоныхоо дээврийн засварын ажилд оролцож билээ. Ажил, амьдралынхаа гарааг эхлүүлэх гэж байгаа шинэхэн офицер чинь дүрэмт хувцсаа толийтол индүүдээд өмсчихсөн, жигтэйхэн цэмцгэр амьтан байна биз дээ. Хэдий тийм ч шууд л ногоон хувцастайгаа засварын ажилд ханцуй шамлан орж байв. Тэгээд төд удалгүй 41 сонсогчийг хариуцаад бүхээгтэй ногоон тэрэг хөлөглөн Төв аймгийн Жаргалант сум руу намрын ургац хураалтын ажилд оролцохоор жолоо залж байсан маань маш гоё дурсамж юм даа. 
 
Таныг ингээд ярьсан чинь намар цагийн, тэр тусмаа “Оюутны намар”-ын жинхэнэ утга учир, оргил үеийн нэгээхэн хэсэг нь яалт ч үгүй л ургацын талбай юм даа гэж эрхгүй бодогдож байна. Хөгжилдөн шуугилдаад л, хөдөлмөр бүтээл оргилоод л сайхан биз? 
 
-Тэгэлгүй яах вэ. Маш товчхон хариулахад өвөг дээдсээс минь өвлөгдөн ирсэн, үеийн үед үр өгөөжөө дэлгэсэн энэ л газар шороо би, бид, бидний үр хойчийн минь үнэт өв гэсэн бодол төрж, омогшил бадардаг. Алхам газар, атга шороогоо эрхгүй хайрладаг. 
 
Ер нь яагаад багш хэмээх мэргэжлийг сонгосон юм бэ. Энэ мэргэжлийн сайхан нь юунд оршдогийг өөрийнхөөрөө тодорхойлооч? 
 
-Сайхан асуулт байна. “Тохиолдлын зүйл гэж байдаггүй, зөвхөн хувь тавилан л байдаг” хэмээх үг байдаг даа. Миний эмээ Сэлэнгэ гэж Архангай аймгийн Эрдэнэмандал суманд насаараа бага ангийн багшаар ажилласан сайхан буурай байсан. Эмээгийн минь хамгийн том үнэт зүйл, хамгийн их хөрөнгө бол дүүрэн номтой шүүгээ байв. Миний хувьд эмээгийнхээ тэрхүү номын шүүгээнээс ер холддоггүй, бичиг үсэг мэдэхгүй ч зурагтай ном эргүүлж өссөн. Үндсэндээ би эмээгийнхээ ач буян, үлгэр дуурайл, нөлөөлөл, ажил мэргэжлийнх нь онцлогоор багаасаа номтой нөхөрлөж, номд дурлаж, номын үнэ цэнийг мэдэрч өссөн гэх үү дээ. Ингэж л өссөн орчин нөхцөл минь намайг багш хэмээх эрхэм мэргэжлийг сонгоход, багш мэргэжлийн сүүн замаар замнахад хөтөлсөн. Одоо би залуу багшийн хувьд олон зүйлд суралцан туршлага хуримтлуулж, арван жилийн, их сургуулийн, эрдмийн, амьдралын бүхий л сайхан багш нараасаа алхам тутамдаа суралцсаар л байна. Багш мэргэжлийн хамгийн сайхан нь юунд оршдог вэ гэж үү? Өөдөөс минь харж суугаад, надаас суралцаж байгаа шавь нарынхаа аливааг ухаж ойлгочхоод “Аан нээрээ тийм шүү дээ” гээд нүд нь гялалзаж, нүүр нь гэрэлтэхийг харах хамгийн сайхан. 
 
Нээрээ л багш хүний хамгийн гол бахархал нь сайн яваа шавь нь шүү дээ... 
 
-Тийм ээ, үнэхээр санал нэг байна. Хичээл ном зааж, чиглүүлж байсан шавь, суралцагч нарынхаа сайн, сайхан явааг харахаар мэргэжилдээ улам л дурлаж, ажлын арга барил, үр өгөөжийг илүү дээшлүүлэхийг хичээдэг. 
 
Ингэхэд багш хэмээх эрхэм алдрыг хүртчихээд хамгийн анхны хичээлээ хэрхэн зааж байв. Будаг нь ханхалсан шинэхэн багшид  оюутнуудынхаа өмнө эвгүй байдалд орох, сандарч тэвдэх асуудал бас байсан биз? 
 
-Их сургуулийн багш болоод хамгийн анх хичээл орсон анги маань Аюулгүй байдлын дээд сургуулийн М1-201, М1-202 гэсэн хоёр анги байв. Хичээл заахаар лекцийн танхимд яваад ортол бараг л үе тэнгийн шахуу 80 гаруй залуус шуугилдаад байж байлаа. Чанга дуугаар командлах уу эсвэл чимээгүй бай хичээл орно гэх үү гэж бодож байгаад “Миний хүүхдүүд ээ чимээгүй сууцгаа” гээд хэлчихдэг байгаа. Хэлснийхээ дараа юу гээд хэлчхэв ээ гэж дотроо бодоод өөрийгөө шоолж байснаа санаж байна. Бараг нас чацуу шахуу байж өөрийгөө мундаг том багш л гэж бодсон байхдаа тухайн үедээ /инээв/. Харин офицер хүний хувиар салааныхаа урд зогсоод үүрэг тавих нь анхны хичээлээс өөрцгүй юм даа. Тэр үедээ сандрах, биеэ барих тохиолдол гардаг шүү. Яагаад гэвэл салааны дарга салааныхаа өмнө биеэ хэрхэн зөв авч явна, үүрэг чиглэл өгөхдөө ямар үг хэллэг хэрэглэнэ, хувцас хунараа яаж цэвэр цэмцгэр өмсөнө тэр болгоноос салааныхан маань үлгэр авч суралцана шүү дээ. 
 
Залуу хүний тэр тусмаа багш хүний хувьд баримталдаг зарчим нь юу вэ?
 
-Залхуурч, хойш суухаас хол байхыг хичээдэг. Тэр тусмаа багш хүн чиглүүлэгч байдаг учир тасралтгүй хөгжиж, судалж, суралцах ёстой. Өөрийнхөө хувьд гол зарчим болгож баримталдаг үг бий. Энэ бол “Мэдлэг бол хүч” буюу хүн насан туршдаа суралцаж түүнийхээ үр шимийг хүртдэг гэж ойлгодог.
Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний ирээдүйг авч явах боловсон хүчний гол цөмийг ҮБХИС үеийн үед бэлтгэсээр ирсэн. 
 
Тэгэхээр Та бүхний гараар дамжин бэлтгэгдэж байгаа залуусын хандлага, төлөвшил Та бүхнээс их хамааралтай санагддаг... 
 
-Тийм ээ. Монгол Улсын хэмжээнд Зэвсэгт хүчний ирээдүй болох боловсон хүчний гол цөмийг бэлддэг цор ганц сургууль нь ҮБХИС буюу 101 жилийн түүхтэй, алдар цуугаа мандуулсан эрдмийн их өргөө шүү дээ. Миний хувьд энэ том их айлын нэг эд эс нь болсондоо үргэлж бахархдаг. Зарим офицер, ахлагч нар энэ эрдмийн өргөөнөөс жигүүр дэлгээгүй мэт шүүмжлэлтэй ханддагийг заримдаа гайхдаг юм. ҮБХИС нь таван салбар сургуультай бөгөөд офицер, ахлагчийг бэлтгэдэг Цэргийн нэгдсэн дээд сургууль нь гол цөм нь гэж ойлгож болно. Энэ сургуульд багшилдаг боловсон хүчин нь БХЯ, ЗХЖШ болон бусад энгийн салбаруудын төсөл, захиалгат ажлуудад өргөн хүрээгээр хамрагддаг.
 
Жишээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан “Оюутан цэрэг” сургалт, өсвөр үе, залуучуудын цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх “Дөл” тэмцээн, Зэвсэгт хүчний анги, салбарын бие бүрэлдэхүүнд “Цэргийн алба хаагчийн ёс зүйн төлөвшил, үнэт зүйлс” сэдэвт сургалт гэх мэт олон төрлийн ажил нь салбартаа төдийгүй улс орондоо сайшаалтай үнэлүүлсэн гэж боддог. 
 
Харин одоо бэлтгэгдэж байгаа офицер, ахлагч нарын хандлага, төлөвшил өсөн хөгжиж байгааг онцлон хэлмээр байна. Бид сургалтын арга зүй, хөтөлбөртөө ёс зүйн төлөвшил, хандлагыг улам сайжруулах талаар дөрвөн жилийн хөтөлбөртөө оруулж өгсөн. Түүнчлэн сургалтын хөтөлбөрийг дэмжих дугуйлан, секц хичээллүүлж байна. Ер нь ҮБХИС-ийн удирдлага, багш хамт олон суралцагчдадаа эхлээд хүн байх зарчмыг төлөвшүүлж, суулгах улмаар нийгэмдээ зөв үлгэр дуурайлал болсон иргэнийг бэлтгэх, үүний дараа цэргийн мэргэшсэн боловсон хүчнээ бэлтгэх дэс дарааллаар сургалтаа явуулдаг. Аливаа улсын хөгжил цэрэг армитайгаа уялдаа, холбоотой байдаг. ҮБХИС-ийн төгсөгч, ирээдүйн батлан хамгаалах салбарын төлөөлөл нь улс орны аюулгүй байдлыг батлан хамгаалагч офицер, ахлагч нарын ёс зүй, харилцаа, хандлага нийгмээ түүчээлнэ гэдэгт багш нар нь огт эргэлздэггүй шүү.
 
Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд мөр зэрэгцэн алба хааж буй залуусаа ямар байгаасай гэж боддог вэ?  
 
-Залуу офицерын хувьд энэ салбараараа маш их бахархдаг. Орчин үед цэргийн алба хаагчдад өсөж хөгжих боломж, арга зам маш нээлттэй болсон гэж хардаг. Миний хувьд өнөө жилийн “Восток-2022” олон улсын хамтарсан Стратегийн команд штабын сургуульд оролцоод ирсэн. ОХУ-д сонсогч байхдаа суралцсан зүйл, офицер болоод ажлын байранд мэдсэн, сурсан зүйлээ харьцуулж харах том боломж байсан. Мөр зэрэгцэн алба хааж байгаа залуустаа юуг уриалахыг хүсэж байна вэ гэвэл гадаад хэлний мэдлэгээ маш сайн дээшлүүлж эзэмш, багадаа хоёр хэлтэй бол, цэрэг эх оронч үзэл, үнэт зүйлстэй бай, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэл, эзэмшсэн ажил мэргэжилдээ илүү их итгэл үнэмшилтэй бай гэж уриалмаар байна.
 
Ингэхэд гэр бүлээ танилцуулаач... 
 
-Би эхнэр, охины хамт амьдардаг. Хань минь Б.Үржинбадам гэж халамжтай, ухаалаг бүсгүй бий. Хүний их эмч мэргэжилтэй, одоо Мобиком ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Харин охиныг минь Гэрэлтмишээл гэдэг, нийслэлийн 114 дүгээр цэцэрлэгт явдаг. Цэргийн хүний гэр бүл ханийнхаа ажил мэргэжлийн онцлогийг нь ойлгож, үргэлж урамшуулж, хүндэлж, түшиг тулгуур нь болж байвал цэргийн бид чинь гялалзаад л байна шүү дээ. Энэ тухай шавь нартайгаа хааяа хуучлах нь ч бий. Ер нь “Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий” гэдэг шүү дээ. 
 
Г.Амгалан багшийн ойрын болоод хэтийн төлөвлөгөө юу вэ? 
 
-Миний ойрын төлөвлөгөөнд англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, боловсролын зэргээ ахиулах. Харин хэтийн төлөвлөгөө маань цэргийн алба хаагчдын сэтгэл зүйг XIII зууны Чингисийн баатруудын омогшил, сэтгэлийн хат, эр зориг, дайчин чанар шиг төлөвшүүлэх, үнэт зүйлсийг бий болгох. Энэхүү хэтийн төлөвлөгөөгөө би хувьдаа их том төлөвлөгөө гэж бодож явдаг. Тиймээс хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллийнхээ төлөө хичээх л болно. Эзэн богд Чингис хааны алдартай үг байдаг даа, “Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршихуй” гэж. 
 
Ярилцлагынхаа төгсгөлийн асуултыг таны мэдэлд үлдээе...  
 
-Баярлалаа. Хувь хүнээс танд амьдралын үнэт зүйлс байгаа юу? гэж асуувал хүн бүр өөрсдийн үнэт зүйлсийг тодорхойлж хэлнэ. Жишээ нь, гэр бүл, эх орон, эрдэм мэдлэг, хайр, эд хөрөнгө гээд л... Гэвч цэргийн алба хаагч танд ямар үнэт зүйл байна вэ? гэж асуувал дараах таван төрлөөр загварчилж болох юм. Тодруулбал,
 
1. ламжлал, шинэчлэл буюу өнгөрсөн, одоо, ирээдүй-Цэргийн алба хаагч Монголын түүхийг сайн мэддэг байх.
2. Цэрэг, эх оронч үзэл буюу эх орноо хайрлах хайр. Аливаа ажил, хөдөлмөрийг чин сэтгэлээсээ хийх нь эх орноо хайрлах эхний алхам гэж ойлгодог.
3. Эрдэм мэдлэг буюу боловсрол, хүмүүжил. Цэргийн алба хаагч хөгжих ёстой.
4. Нэр төр, ёс зүй буюу эх орон, газар нутаг, эцэг эх, овог нэр, тухайн хүний эзэмшсэн мэргэжил.
5. Нийгмийн хариуцлага. Цэргийн алба хаагчид нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үндсэн үүргийг биелүүлэхээс гадна цэргийн алба хаагчийн үүргийг тус тус биелүүлж нийгэмдээ хариуцлагатай, төлөвшсөн иргэн байх ёстой. 
 
Маш ойлгомжтой загварчлал байна. Олон залуус үүнээс үлгэрлэнэ байх аа. Цаг гарган ярилцсанд баярлалаа.  
 
-Намайг урьж ярилцсанд баярлалаа. Танай сонины хамт олонд ажлын их амжилтыг хүсье. 
 
 
Хошууч Д.Мэндбаяр
"Соёмбо" сонин