sonin.mn
Ёндонжамцын БАЛДАН. Найруулагч. УБДС-ийн кино-драмын ангийг 1967 онд төгсч Сэлэнгэ аймгийн Соёлын ордонд найруулагчаар томилогдон очсоноос хойш буйр сэлгээгүй уран бүтээлч. Харин сүүлийн жилүүдэд “Тайзны орон зайн хөдөлгөөн” (2017), “Тайзны хөдөлгөөнөөр дүрслэх арга ба жүжигчний дасгал” (2020) зэрэг онол арга зүйн ном бичсэн. Одоо ч бас “Биеийн хөдөлгөөний дүрслэлийн зохицол” гэдэг номоо бичиж бэлэн болгочихоод байгаа ийм нэгэн зүгээр суудаггүй ахмад найруулагчтай хүүрнэснээ толилуулж байна.
 
-Сүүлд “Тамгагүй төр”-ийг үзэх гэсэн үзэгчдийн хөл театрт тасарсангүй. Бүр театр зохиолтойгоо, жүжигчидтэйгээ дэлхийд гарахаар боллоо гэж байна. Мэргэжлийн хүний нүдэнд юу харагдаж байна вэ? 
 
-Театргүйгээр хүн сайхан амьдарч болно. Гэхдээ нэг зүйлээр дутна. Тэр нь юу вэ гэвэл энэ амьдралыг гэрэлтүүлж, томруулж харуулдаг зүйл хэрэгтэй. Үүнийг мэдрэхийн тулд театрт үзэгч түмэн очоод байгаа юм. Харин зорьж очсон хүнийг гомдоож болохгүй. Амьдралын мөн чанарыг л харуулаад гаргах ёстой. Жишээлбэл, “Анна Каренина” жүжиг ерөөсөө л жолоогүй хүсэл сэтгэлийг харуулдаг. Тэр их хүсэл сэтгэлийн хөрсөнд ургасан цэцэг үхсэнийг л театр харуулах учиртай юм. Энэ мөн чанарыг үзүүлж чадаагүй бол театр биш. Ямар нэг утга санааны туйлын зорилгыг үзүүлээгүй бол тэр тайз, жүжигчин, найруулга биш болно.
 
“Тамгагүй төр”-ийг хүмүүс мундаг боллоо гэж магтаад байна. Тэгсэн хэрнээ яагаад гэдгийг хэлэхгүй байх шиг байна. Тайзны хөдөлгөөн, яриа, жүжиглэх урлаг гурваар жүжигчний уран чадвар, жүжиг бүхэлдээ ямар болсон тухай ярих ёстой. Энэ бүхний холбоо хамаарал ямар болсон тухай ярих ёстой. Энэ гурав нийлж байж л “юм” болно.
 
Найруулга бол өөр. Аристотелийн уламжлалт найруулга гэж бий. Мөн Фауст, Брехтээс гадна утга санааны найруулга гэж бий. Үйл явдлыг ингэж олон талаас нь авч үзэх болсоноор театрын зүгээс нийгэмд гүйцэтгэх үүрэгтэй, хэлэх юмтай байх болсон юм. Театрын тоглолтыг олон улсад гаргана гэж Соёлын сайд хэлж байгаа байна билээ. Театрын үзүүлбэр бол дүр, дүрээр дамжуулж хэлэх гэсэн санаа болохоос биш музейн үзвэр биш. Олон улсын театрын талбарт гарахын тулд тогтсон мэргэжлийн жишигт театр тэнцэж байх ёстой.
 
-Москвагийн театр тэгвэл яаж дэлхийд гарсан юм бэ? 
 
-Тайзны ямар ч өөрчлөлтгүй. Өөрсдөө гараад тоглочихдог. Гоё хувцас өмсч, гэрэл чийдэн тавиад театр гарч ирдэггүй. Бодит мэдрэмжээр гарч ирж байна. Горькийн “Эх” жүжгийн алхаа, дүрийг яаж гаргаж байна. Ямар ч гоё сайхан хувцасгүй алхаа, гишгээ тайзны хуваагдлыг л харуулчихаж байгаа юм. Жишиж хэлэхэд, найруулагч Г.Доржсамбуугийн “Найрын ширээний ууц” бол магадгүй театр. Дүр, тайз, хөгжим нь үзэл санаанаасаа ургасан цогц бүтээл болсон. Түүнээс биш нэг зохиол барьчихаад ийшээ хар, тэгж хашгир гэснээр театр болдог юм биш. Нэг ёсондоо бүх зүйлийг эмхэлж цэгцлэж үзэгчдэд харуулахыг театр гэдэг.
 
 -Гурван театр нэг байранд үйл ажиллагаа явуулж байна. Мөн хөшиг буулгахаас эхлээд техник, технологийн хувьд үнэхээр хоцрогдсон гэж театрынхан шүүмжилж байна л даа?
 
-Нэг бодлын үнэн. Гэхдээ шалтгаан биш. Театр оршин тогтнох шалтгаан нь байшин савтай огт хамаагүй. Хөшиг нь автоматаар хаагдаж байна уу, үгүй юу гэдэг сонин биш. Харин ч гараар хаагдвал гоё. Тэр гараар хаагдаж байгаа хөшигийг урлаг болгож чадвал хүн амьд мэдрэмж авна. Хөшиг хаахгүй театр олон бий. Үзэгчид нь орж суугаад, хүмүүс нь ажлаа хийж л байдаг. Амьдрал ердөө ийм л биз дээ. Гурван театр нэг байшинд байгаа гэдэг нь хөгжихгүй байх шалтгаан биш. Театр ямар ч байшинд байсан хүн нь өөрийгөө хөгжүүлэхгүй бол мөхнө. Театрууд тайзаа булаацалдаад хөгжихгүй байна гэвэл хүн үнэмших үү. Нэг нь өдөр нөгөөх нь шөнө ажиллаж болно биз дээ.
 
Монголын театр социализмын үед ганцхан хүний арга барилаар явсан. Түүнээс хойш юу болов. Монгол Улс ардчилсан нийгэм байгууллаа гэж ярьдаг. Тэгвэл энэ нийгэмд ямар театрт юу тоглох нь тодорхойгүй байна. Театрын хөгжил ярихаар байшингаа голдог. Үгүй дээ. Театр бол шалан дээрээс босч ирдэг. Хаана ч тоглож болно. Хүсвэл автобусанд, тариан талбайд, ширээн дээр ч тоглож байх ёстой.
 
Театр хөгжихөд байшин сав биш жүжигчний уран чадвар л хэрэгтэй. Хамгийн гол нь театр гэж юу вэ гэдгээ ойлгосон, тоглолтын уран чадварыг яаж буй болгохоо мэддэг найруулагч, жүжигчид л шийддэг. Гэтэл өнөөдөр ямар ч шийдэлгүй явж байна. Театр хүнээр юм хийдэг. Жишээ нь, нүүдэлчний амьдралыг хүн хийж, олон жүжигчин тоглох ёстой. Нүүж байгаа үхэр тэрэгний зовлонг хүн үзүүлж болно. Нүүдлийг дүр болгохоос биш үхэр тэрэг гаргаад хүнд юу хэлэх юм. Үхэр тэрэг, тэмээ ердөө театрт хэрэггүй. Театр хувцасны загвар харуулдаг, түүх ярьдаг газар биш. Амьдралыг, хүний амьдралын мөнхийн сэдвийн тухай л хүүрнэдэг газар. Гадны театрууд дандаа хүнээр, хөдөлгөөний эрчмээр үзүүлж байна.
 
-Тэгвэл жүжигчдийн чадварын бэлтгэж эхлэх үеэс нь л эхэлж ярих ёстой биз дээ. Театрын жүжигчдийг хэрхэн бэлтгэж байна вэ гэдгийг салбарынхан ч ил тод шүүмжилж байгаа?
 
-Багш, шавь хоёулаа “юм” унших ёстой. Зүгээр л “Шавартай гутлаа театрын үүдэнд тавь” гэсэн шүү гэж заагаад театр болохгүй. Достоевский, Мейерхольд, Брехт, Питер Брук, Ё.Гротовский  бүгдийг нь заах ёстой. Эхлээд хүн шиг бай, мэдэр. Хараагүй байж дурлаж, бүр би чамд хайртай гэж хэлж болохгүй биз дээ. Амтлаагүй хэрнээ амталсан гэж тоглож болохгүй. Эхлээд мэдрээд, тэр мэдрэмжээ өөрөө тоглож байж сая үнэн болох ёстой. Сургууль үүнийг л заах ёстой.
 
Уран чадварын хувьд муруй хазгай олон замаар явж байж өөрийгөө олно. Би ингэж тоглох ёстой юм байна гэдгээ олсон хүн босч ирдэг. Түүнээс ганцхан хүний онол заагаад байхаар юу ч олохгүй. Ленин багш хэлсэн гэдэгтэй л адилхан болно. Хөдөлгөөн маш олон зүйлийн үр дүнд гардаг.
 
Мейерхольдын, Брехтийн хөдөлгөөн огт өөр байх жишээтэй. Хөдөлгөөн бүрийн утга санааг мэдэх хэрэгтэй. Уран чадвар бол өөрт нь байгаа юмыг, бас байхгүйг ч ярьдаг. Байхгүйг нь ойлгуулах ёстой. Манай “Анхны алхам” кинонд хэдэн өвгөчүүд тоглодог доо. Тэд амьдралын туйлын үнэн мэдрэмжийг гаргадаг. Ямар ч хиймэл зүйл байхгүй. Харьцуулаад харвал үнэн мэдрэмж, хиймэл дүр хоёр ондоо. Амьдрал дээр харснаа л тогло. Үнэртсэн бол тэр мэдрэмжээ л илэрхийл. Тэгээд л болоо. Амьд мэдрэмж бол үнэн. Энэ үнэнийг хэн ч өөрчилж чадахгүй. Өнөөдөр хамгийн энгийн зүйлс болох энэ үнэнийг л хаячихаад байгаа юм. Уг нь хамгийн энгийн зүйлд хамаг сайхан нь оршдог. Зурагтаар гарч байгаа хөтлөгч, нэвтрүүлэгчид их гоё царай зүс, хувцастай байна. Гэтэл үнэнийг, энгийнийг мэдрээгүй бол хүнд хүрэхгүй. Эхлээд үнэний мэдрэмжид ойртох ёстой. Тэр мэдрэмжийг олж чадвал аяндаа бий болдог. Хүнийг дотроос нь ямар нэг зүйл хөдөлгөж байдаг. Түүнийг л олох ёстой.
 
-Тэгвэл өнөөдөр жүжигчний уран чадварыг юугаар хэмжих вэ? 
 
-Монголын жүжигчдийн ур чадварыг хошин шогоор, дуулаачдыг нийтийн дуугаар хэмжиж байна. Өөрөөр хэлбэл, уран чадварын хэмжүүр алга. Хошин шог бол өөрсдийгөө элэглэж байгаа болохоос жүжиг биш. Дүр гэж алга. Театрын жүжигчид бол юуг ч хараад хийдэг. Түүнийгээ яг үнэнээр нь хэлдэг агуу амьтад байх ёстой. Ямар ч маяггүйгээр нүдэнд харагдаж, сэтгэлд ортол хэлдэг хүмүүс бол театрын жүжигчин байх ёстой. “Шавартай хутгалдаж театр бүтдэг” гэдэг үг зүгээр нэг зүйл биш. Жинхэнэ хүн байж чадвал тэр цагт жүжигчин болно.
 
Учраа олж үнэний хөрсөн дээр буух ёстой. Театр бол амьдралыг үнэний хөрсөн дээр буулгахын нэр. Гэтэл одоо зохиол нь ч, жүжигчид нь ч амьдралын хөрсөн дээр буухаа больсон байна. Театрын жүжигчний сэтгэлд үргэлж амьдралын үнэн явж байх ёстой атал хөндийрчихсөн. Тэр бүү хэл театрын жүжигчинд таргалах турахаас эхлээд хөдөлгөөний соёл байх ёстой.
 
-Сургууль шинэ төгссөн жүжигчдэд монгол ахуйн мэдлэг дутаж байна гэж найруулагч нар хэлж байх олон сонсогддог. Гэтэл одоо хүн бүхэн монгол ахуйг мэдэрч, сурч өсөх боломжгүй цаг болоод байна шүү дээ?
 
-Чи надаас эрх биш театрын хүн гэж асууж байгаа учраас би ийм юм хэлж байна шүү, ойлгоорой. Монголын театр, монголын жүжигчид нүүдлийн соёл иргэншлээрээ гоёхгүй, суурин газрынхныг дагаад шавар тагзанд шигдээд байж болно гэж үү?
 
Гал түлэх, морь унах гээд монгол ахуй, монгол орчин бол жүжгийн маш том дасгал. Морь уургалж булгиулах, аян жин тээх, аргаль яаж түүдгийг мэдэрч байж монгол ахуйг бүтээнэ. Өөрөөр яагаад ч бүтэхгүй. Тэгж байж л үнэн мэдрэмжийг харуулж чадна. Түүнээс машин жолоодож, байшин сав хэсч, тамхи татахаас өөр хөдөлгөөн хийдэггүй бол юу харуулах юм бэ. Дэлхийн бусад улсаас яаж ялгарах юм? Солонгосчууд байшин доторхийг тоглож байгаа бол Монголчууд нар, сар, газар шороо, мал хуйтай нь дэлхийг мэдэрдэг гэдгээрээ агуу. Энэ мэдрэмжийг дасгалаар дамжуулж суулгана. Дасгал хийхгүйгээр театрт очно гэж хэзээ ч байхгүй. Дэлхийн театруудын дасгалд нь хоргодож очдог. СУИС, театр хоёулаа дасгалтай байх ёстой. Дээр нь жүжиг өөрөө дасгалтай. Сайн дүр дасгалыг холбож байж дүр болдог.
 
-Театрыг зорих үзэгчдийн тоо төдийлөн нэмэгдэхгүй байна. Тэднийг хэрхэн татах вэ?
 
-Маш адармаатай асуулт байна. Тийм ээ, УДЭТ-ын тайзан дээр сүүлийн үед тоглогдоод байгаа Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, Л.Толстой-Н.Пүрэвдагвын “Анна Каренина” гэсэн хоёр жүжгээр бол үзэгч дүүрэн байгаа бололтой. Би сүүлийн жүжгийн зохиолч гэж хоёр хүний нэр хэллээ. Лев Толстойн романаас жүжиг хэмээх бие даасан шинэ уран бүтээл болгосон гэдгийг хэлж байгаа санаатай юм. Энэ хоёрыг хүмүүс үзэж байна аа. Харин энд яагаад гэдгийг бодох хэрэгтэй юм шиг байна. Хүмүүс янз бүрээр л ярьж байна. Ковидод ээрэгдэж уйдаад гэж нэг хэсэг ярьсан. Уйдаа нь гарвал гарах болсон, үзээд л байх шиг байна. Харин “Тамгагүй төр” тоглоод бас нэлээн болж байна. Үзээд л байх шиг байна.
 
Театрыг цаг үе, нийгмийн явдлыг харуулдаг толь гэдэг. Тэр толинд юу тусаж байгааг үзэх гэж хүмүүс ирж байна уу?
 
Аль эсвэл нэг хэсэг нь нөгөөгөө даган шуурч ховсдогдон ирж үзэж байна уу? Театр үзэгчдийг яаж татах вэ гэдгээ олох ёстой. Театрын уран бүтээлчид үзэгчидтэй харилцах эвээ олохгүй бол хүн ирэхгүй. Хүн ирэхгүй бол мөхөж байгаа нь тэр. Яагаад Москвагийн том театруудад үзэгч тасрахгүй байна, хэв маягаа л олсонд байгаа юм. Театр нь нэгдүгээрт, хүний сэтгэлийг цэнгүүлнэ. Хоёрдугаарт, амьдралыг ойлгуулж таньж мэдүүлнэ. Гуравт аливаа явдлыг олон талаас нь харах арга хэлбэрийн тухай сэдэл хүнд өгдөг. Тиймээс театр уйдаахгүй цэнгүүлэхээс гадна амьдралын мөн чанарыг өгөх ёстой. Энэ зарчмаа алдаж болохгүй. Театрт ороод дагаж уйлж, инээгээд байвал тэр театр биш. Харин сэтгэлд тань юм өгч, бодуулж байгаа бол театр. Ингэж болохгүй юм байна, би алджээ гэдгийг бодуулж байвал театр. Энэ хоёр зүйлийн аль нэг байхгүй болчихвол театр биш.
 
-Та Монголын театр, тайзны урлагийн ирээдүйн талаар...
 
-Манай үеийнхэн ХХ зуунд үзэл сурталд хөөгдөж, норм төлөвлөгөөнд шахуулан хот, хөдөөд мэргэжлийн урлагийн байгууллагын суурийг тавьсан. Соёл, урлагийн олон газар, сургууль номын газартай ч болсон. Одоо цаг сайхан болж. Хуучин нэрийг нь чанга хэлж болдоггүй байсан агуу уран бүтээлчдийн зохиол бүтээл, онол, арга зүйн ном судар монгол хэлээр гараад ирлээ шүү дээ. Одоо өөрсдөө уншиж, бодол эрэгцүүллийнхээ хүрээг л тэлэх ёстой болж. Өөр хэнээс юу дутна гэх билээ! Манай залууст лав л ухаан, зориг дутна гэж үгүй гэдэгт би огт эргэлздэггүй.   
 
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин