сонин mn
ОХУ, Украин улс хоорондын мөргөлдөөнөөс үүдэж дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж томоохон цохилт болж, үнэ нэмэгдэхийн зэрэгцээ дэлхийн эдийн засгийн өсөлт бүхэлдээ удааширч, инфляц хурдацтай өсөв. Ингэснээр хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүч зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ өсч инфляцыг улам хөөргөж орлогын үнэ цэнийг бууруулж, эрэлтийг нэмэгдүүлэх зэргээр сөрөг нөлөөгөө үзүүлсээр байна.Түүнчлэн хөрш зэргэлдээ орнуудын эдийн засагт тухайлбал худалдаа, нийлүүлэлтийн сүлжээ, мөнгөн гуйвуулга тасалдах, эмх замбараагүй байдал үүсч, дүрвэгсдийн урсгал түүхэнд байгаагүй их хэмжээгээр нэмэгдэх зэрэг бэрхшээл үүсээд байна. Мөн бизнесийн боломж буурч, хөрөнгө оруулагчид тодорхойгүй байдалтай тулгарах нь хөрөнгийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж, санхүүгийн нөхцөл байдал чангарч, хөгжиж буй зах зээлээс хөрөнгийн урсгал гадагшлах явцыг өдөөж болзошгүй байна.
 
 
Орос, Украин бол түүхий эдийн гол үйлдвэрлэгч орнууд бөгөөд дэлхийн зах зээл дээр, ялангуяа газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт тасалдсанаар үнэ өсөхөд хүргэв. Дэлхийн улаан буудайн экспортын 30 хувийг бүрдүүлдэг тус улсад улаан буудайн нийлүүлэлттэй зэрэгцэн хүнсний үнийг өсгөөд байна.
 
 
 
Евро бүсийн гуравдугаар сарын инфляц жилийн дүнгээр 7.5 хувьд хүрсэн нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт болов. Тус бүсэд нэг жилийн өмнөх инфляци 1.3 хувь байв.Европын Төвбанкнаас 2020 онд инфляцын түвшинг хоёр хувиас доогуур байна гэж үзэж байсан. Гуравдугаар сарын энэхүү мэдээлэл нь ОХУ, Украин хоорондын мөргөлдөөний үр дагаврыг тооцсон “Евростат”-аас гаргасан анхны мэдээ юм.
 
Мөн Хятадын Үндэсний статистикийн газраас энэ сарын 11-ний өдөр гаргасан мэдээлэлд тус улсын хэрэглээний үнийн индексийг /ХҮИ/ өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өссөн гэжээ.Үүний дотор хүнсний бүтээгдэхүүний үнэ 1.5 хувиар буурч, хүнсний бус бүтээгдэхүүний үнэ 2.2 хувиар өсөөд байгааг онцлов. Ялангуяа гахайн махны үнэ 41.4 хувиар буурсан бол , харин шинэ хүнсний ногооны үнэ 17.2 хувиар өсөж, үр тарианы үнэ хоёр хувиар өсөж, хэрэглээний үнийн индексийн дундаж өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
 
АНУ улсад 2021 онд инфляц долоон хувь байсан бол 2022 оны эхний саруудад инфляцын түвшин 7.9 хувьд хүрч сүүлийн 40 жил байгаагүй өндөр түвшинд хүрэв. Инфляцын түвшин ийнхүү нэмэгдэхэд эрэлт, нийлүүлэлтийн харьцаа алдагдсанаас үүдэлтэй. Нийлүүлэлт талдаа эрчим хүч, газрын тосны үнэ нь ОХУ-ын эсрэг авч буй хориг арга хэмжээний улмаас их хэмжээгээр нэмэгджээ. Инфляцын түвшинг тогтоон барихын тулд Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүг 0.25 хувиар нэмэгдүүлэх хүлээлттэй байна. Улмаар зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэх нь эдийн засагт өсөөд буй халалтыг тодорхой хувиар бууруулах алхам болох юм. ОХУ-Украины байдал цаашид хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байдал үүсгээд байна.
 
АНУ-ын үнийн өсөлтийн эсрэг инфляцын өсөлтийг хязгаарлаж, ард иргэдийн амьжиргаанд учирч буй дарамтыг багасгахын тулд дараах хэд хэдэн алхмуудыг авч хэрэгжүүлж байна. Үүнд Холбооны нөөц сангийн шатахууны стратегийн нөөцөөс 60 сая баррель бүтээгдэхүүнийг гаргаж, зах зээлд шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэв. Ерөнхийлөгч Ж.Байдены Засаг захиргаанаас газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд урьд өмнө нь эдийн засгийн хоригт хамрагдсан Венесуэл, Иран зэрэг нефть экспортлогч оронтой харилцаагаа сайжруулж, газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх яриа хэлэлцээг эхлүүлээд байна. АНУ-ын зах зээлд нийлүүлж буй шатахууны үнийн 14 хувийг холбооны болон мужийн татвар бүрдүүлдэг. Холбооны улсын хувьд татварын хэмжээг харьцангуй тогтвортой түвшинд барьдаг бол муж тус бүр мужийн татварын хувь хэмжээг харилцан адилгүй ногдуулж, шатахууны үнийг тогтоодог. Тухайлбал, 2022 оны гурав дугаар сарын байдлаар Калифорни мужид нэг галлон шатахуун 5.86 ам.доллар байгаа бол Канзас мужид 3.77 ам.доллар байна. Мужийн татварын хэмжээ галлон тус бүрд 8-57 цент буюу харилцан адилгүй байдаг нь АНУ-ын төвлөрлийг сааруулах бодлоготой уялдаатай. Өөрөөр хэлбэл, төвийн бүсийн хүн бага суурьшсан мужуудад татварын хэмжээ бага учраас үнэ бага байгаа бол захын мужуудад үнэ өндөр байна. Зарим муж шатахууны үнийн өсөлтийг зохицуулахын тулд мужийн татварын хувь хэмжээг 0 болгон бууруулж байна.
 
 
Ц.Баяр
Эх сурвалж: "Зууны мэдээ"сонин